АМЬДРАЛЫН НОМНийгмийн

АМЬДРАЛЫН НОМ | Батсайханы Сувддулам: Амийг минь аварсан, уран зохиол руу хөтөлсөн номууд бол...

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа орчуулагч Батсайханы Сувддуламыг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.


-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Ганц, хоёр ном нэрлэх боломжгүй. Миний амьдралд нөлөөлсөн, үзэл бодол, үнэт зүйл минь төлөвшихөд нөлөөлсөн ном маш олон байдаг. Тэдгээрээс хамгийн чухал гэж бодсон 15 ном нэрлэмээр байна.

I

Шагдайн Цэнд-Аюуш гуайн “Хүлээх өрөөний эзэгтэй” гээд бэсрэг роман. Энэ номыг би нэлээн багадаа уншиж байсан. Тухайн үед хавтасгүй ном байсан. Ямар зохиолч, юу гэдэг ном уншсанаа мэдээгүй. Зохиолын гол баатрыг өрөвдөөд нүдээ хавтал уйлж байснаа санадаг. Хожим оюутан болоод сэтгэлээс гардаггүй байсан ном маань Ш.Цэнд-Аюуш гуайн “Хүлээх өрөөний эзэгтэй” байсныг мэдээд дахин уншиж байсан.

Энэ номоос надад ямар сургамж үлдсэн бэ гэхээр, бид авьяастай, эрдэм чадалтай хүмүүсийг хайрлаж, тэднийг зальхай хүмүүсээс ялгадаг байх хэрэгтэйг ойлгосон. Орчин цагт худал хуурмаг хүмүүс нь илүү сайн сайхан амьдарч, илүү баялаг эзэмшээд, жинхэнэ авьяас чадвартай хүмүүс нь дарагдаад байгааг харах халагламаар, харамсмаар, гашуун байдаг. Тэр ч утгаараа чадалтай, эрдэмтэй, хүмүүсийг хайрлах сэтгэлийг өгсөн. Мөн зальхай дүр эсгэдэг хүмүүсийг жигших сэтгэлийг багад минь суулгаж өгсөн. Үндсэндээ бол амьдралын үзэл баримтлал, үнэт зүйлийг маань багад маань тамгалж өгсөн ном.

II, III, IV

Миний хүүхэд насанд нөлөөлсөн гурван ном байдаг. Чарльз Диккенсийн Оливер Твист, Фёдор Михайлович Достоевскийн “Дорд үзэгсэд”, Виктор Хюгогийн “Шоовдор хүмүүс”. Энэ гурван ном миний амийг аварсан.

Би зургаан нас хүртлээ эмээ дээрээ өссөн. Зургаан настайдаа хойд аавтай болсон. Их хатуу, чанга хүн байсан. Миний амьдралын 6-17 нас хүртэлх үе бол миний амьдралын хамгийн хар бараан үе байсан. Гэрэл гэгээтэй гэхээс илүү хар бараан дурсамж байдаг. Тэр үед надад амьдрах итгэл өгч, аварч байсан зүйл бол ном, уран зохиол. Тэр дундаа энэ гурван ном байсан. Зохиолын баатрууд нь надтай адил хүүхэд байсан учир дурлаж, уншдаг байсан байх. Тэгээд зохиолын баатруудтай өөрийгөө харьцуулж бодоод, би нэг их зовоогүй юм байна гэх бодол өгч, амьдрах итгэл төрүүлсэн. Хойд аавтай, амьдралын хүнд хэцүүг туулаад явж байгаа хүүхэд байтугай, хайр энэрлээр бялхаж буй хүүхдүүд амьдралд хөл алдах гээд байдаг, эгзэгтэй үетэй нүүр тулдаг. Тэр үед намайг буруу зам руу халтируулаагүй,дотор минь байгаа гэгээн сайхан бүхнийг алдагдуулаагүй, амьд байлгаж байгаа зүйл бол энэ гурван ном.

V

Хойд эцэгтэй өссөн болохоор эрэгтэй хүнийг үзэн яддаг байсан. Ээжийнхээ зовж байгааг хараад ер нь бол хүнтэй суухгүй гэж боддог байсан. Ер нь бол хүнд итгэх итгэл нэлээн алдарсан үед учирсан хоёр ном байдаг. Нэг нь, С.Пүрэв гуайн “Цаг цагийн урсгал” роман. Өнөөх нь, П.Баярсайхан гуайн “Гэрэл гэгээг хүснэ” туужийн ном. Хорвоогийн хүн болгон адилгүй, муугаасаа сайн хүн олон бий гэдгийг ойлгуулсан. Харах өнцгийг маань өөрчилсөн.

VI

“Tuesday with Morrie” буюу Морритой өнгөрүүлсэн мягмар гарагууд гээд Mitch Albom-н ном бий. Анх удаа англи хэлнээс уншиж байсан ном. Намтарчилсан хувь хүний хөгжлийн ном гэж хэлж болохуйц. Гэхдээ яг л уран зохиолын ном шиг уншигддаг. Өсвөр залуу үеийнхэн уншвал маш сургамжтай. Би оюутан байхдаа уншиж байсан. Эрт уншсандаа олзуурхдаг.

VII

Франц Кафкагийн “Хувирал”-ыг анх блогоос уншиж байсан. Тэгээд хожим нь Тагтаа хэвлэлийн газраас орчуулагч Ж.Тэгшзаяа эгчийн орчуулгаар гарсан Кафкагийн өгүүллэг, туужийн номыг уншсан. “Хувирал” миний өмнө нь уншиж байсан зохиолуудаас тэс өөр байсан учраас гүн, гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Хүний гадаад үзэмжээс илүү дотоод сэтгэл хувирна гэдэг ямар аймшигтай юм бэ гэж бодогдож байсан. Тэр утгаараа амьдралд их нөлөөлсөн. Ямар ч үед хүн дотоод сэтгэлээ аль болох хувиргахгүй, муу, муухай болгочихгүй, гэрэл гэгээгээ авч үлдэх ёстой юм гэдгийг ойлгуулсан.

VIII

Мишэль де Монтэнийн “Сонгомол эсээ” номыг онцолж байна. Г.Аюурзанын орчуулсан энэ ном миний амьдралд эерэгээр нөлөөлсөн. Одоо ч гэсэн байнга уншдаг. Ширээний ном гэж хэлж болохуйц ном. Ялангуяа энэ номын “Уй гунигийн тухайд” эсээ миний амьдралыг аварч байсан гэж хэлж болно. Амьдралын ямар, ямар нөхцөл байдалд орж байгаагаас шалтгаалаад нээгээд харахад хэзээд нэг хариулт өгдөг ном.

IX

Д.Баятбаяр гуайн “Ингаа миний хээр тал” миний уншсан хамгийн гэгээлэг ном. Үе, үе амьдралаас гэрэл гэгээг түрүүлж харах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгэхгүй бол өдөр тутмын аар, саар асуудалдаа живээд, түүндээ бухимдаад байх юм бол өөрийгөө л зовохын нэмэр. Тийм үедээ энэ номыг уншчихбал, бараг бясалгал болно.

X

Их сургуулиа төгсчхөөд Долгормаа багштайгаа цуг СЭЗИС-д дөрвөн жил ажилласан. Багш маань надад “Чи насан туршдаа энд ажиллахгүй. Өөрийнхөө хүсэл мөрөөдөл, дуртай зүйлээ хайж олох хэрэгтэй. Өөрийгөө алхам тутамдаа хөгжүүлж байх хэрэгтэй” гэж хэлж, хувь хүний хөгжил талаас маань маш их юм заасан. Тухайн үед би яг юу хийвэл жаргалтай амьдрах юм, юуг би хэзээ ч зовлон болголгүйгээр хийж чадах юм, миний чадал юунд хүрэх юм гээд бодсон. Миний хувьд багаасаа л унших дуртай, ном уншаад цалин авдаг бол гоё доо гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлөө амьдрал дээр бодит болгож болох уу гэж өөрөө асуугаад хариултыг нь олж чадахгүй байсан. Гэтэл ирээд хайгаад үзэхээр тийм ажил маш олон байдаг юм билээ. Яг тийм ажлаа би олж чадсан. Одоо хийж байна. Тэр ч утгаараа орчуулгын салбар руу хөл тавихад багшаас минь гадна эрч, хүч урам зориг өгсөн Д.Батбаяр гуайн “Бүтээхүйн зүй тогтол” номыг онцолмоор байна. Намайг уран зохиолын ертөнцөд зориглоод хөл тавихад хөтөлсөн ном мөнөөс, мөн. Энэ номоос бүтээгч хүн ямар байх ёстойг, бүтээлийг яаж урлах ёстойг ойлгосон. Уран бүтээлчид уншаасай гэж боддог.

XI

“Мял Богдын гэгээрсэн түүх” номыг онцолж байна. Энэ номыг хүн бүр уншаасай гэж боддог. Аль болох залуудаа уншчих юм бол амьдралыг харах өнцөг өөрчлөгдөнө.

XII

Орхан Памукийн “Истанбул: Дурсамж ба хот” номыг орчуулж байхдаа Шарлотт Чэндлерийн “Зүүд бол цорын ганц бодит зүйл”-ийг ширээний ном болгож, уншдаг байсан. Италийн төдийгүй хүн төрөлхтний суут найруулагч Федерико Феллинийн намтар, дурсгалын “Зүүд бол цорын ганц бодит зүйл” хэмээх гайхалтай номыг яруу найрагч, орчуулагч Ганбатын Лхагвадулам орчуулсан. Өөртөө шантрах гээд, хойшоо суух гээд байгаа үедээ өөртөө ташуур болгож, цэнэглэж, урам өгч уншдаг байсан.

Федерико Феллинийн амьдралын үнэт зүйл нь миний амьдралын үнэт зүйлтэй нийцдэг. Хэзээ ч өнгө мөнгө, нэр алдар хөөж бүтээлээ хийдэггүй. Сайн бүтээл үлдээх л хамгийн чухал байсан. Сайн бүтээлийн төлөө л бүх амьдралаа зориулсан хүн.

XIII, XIV

Арван жилдээ Б.Явуухулан, Д.Нямсүрэн, Б.Лхагвасүрэн гуайгаар яруу найргийг төсөөлж явж байгаад 17 насандаа Л.Өлзийтөгс гэдэг ертөнцтэй танилцсан. Л.Өлзийтөгс найрагчийн “Миний гунигийн түүх” номыг нь хамгийн анх уншиж байсан. Түүнээс хойш бүх номыг нь худалдаж, авч уншсан. Үнэнч хайртай фен нь. Л.Өлзийтөгс эгч шүлэг, яруу найраг гээд тэс өөр ертөнц рүү оруулчихсан. Тэр утгаараа Л.Өлзийтөгс эгчийн “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”-ыг онцолж байна. Л.Өлзийтөгс эгчид уран бүтээлч болон хувь хүн талаас нь маш их хайртай. Яагаад хайрладаг вэ гэж шалгуур тавихыг хүсдэггүй. Байгаагаар нь л хайрладаг.

Л.Өлзийтөгс эгчийн дараа надад маш их таалагдсан яруу найрагч бол Г.Лхагвадулам. Ялангуяа “Дотно алс” яруу найргийн түүвэрт нь дуртай.

XV

Хамгийн сүүлд танилцуулах ном бол орчуулагч, яруу найрагч Б.Баясгалангийн “Дур булаам”. Гурван жилийн нөр их хөдөлмөөр бүтсэн ном.

Уран зохиолын салбарын 1980-1990-ээд оныхон бараг бүгд Г.Аюурзанын гаргасан “Шинэ үеийн номын сан” цувралыг уншсан байх. Тэдгээрт энэ ном тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Түүнтэй адил уран зохиолд дурлаж буй залууст Б.Баясгалан эгчийн энэ өгүүллэгийн түүвэр нэлээн өгөөжөө өгч байгаа болов уу гэж боддог.

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн эдгээр номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ?

-Ихэнх номоо худалдаад авчихдаг. Онцолсон эдгээр номоос гурвыг нь хүн бэлэглэж байсан юм байна. “Дур булаам”-ыг Б.Баясгалан эгч өөрөө, “Ийнгаа миний хээр тал”-ыг номоор дамжуулж танилцаж байсан хуурай эгч маань бэлэглэж байсан.

Харин Д.Батбаяр гуайн “Бүтээхүйн зүй тогтол”-ыг ээж маань бэлэглэж байсан. Өөрийгөө олох гээд явж байхад ээж маань мэдэрсэн ч юм шиг зуныхаа амралтаар очиход энэ номыг аваад тавьчихсан байсан. Уншаад уран зохиолын ертөнц рүү орохоор шууд шийдсэн. Цагаа олж ирсэн ном.

Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

–Густав Флоберын “Зугаацах гэж, сургамж авах гэж, мундаг болох гэж бүү унш. Амьдрах гэж унш” гэж үг бий. Энэ үгийг хожуу уншиад би бага байхаасаа амьдрах гэж, гэрэл гэгээ хайгаад л уншдаг байснаас ойлгосон. Ямар нэгэн зорилт тавьж уншаагүй ч гэсэн амьдрах итгэл, гэрэл гэгээ, амьдралыг, хүмүүсийг ойлгох өнцөгийг өгч байсан. Ялангуяа уран зохиолын ном гэдэг хүн чанарын сургалт ордог гэж ойлгодог. Түүнд би итгэдэг. Уран зохиолын ном уншсан хүн муу хүн байх нь ховор байдаг.

Мөн ном надад мөрөөдлийг амьдралыг маань өгсөн. Ном уншаад цалин авдаг ажилтай болсон. Түүнээс гадна номоор дамжуулж маш олон сайхан хүнтэй уулзаж, нөхөрлөсөн.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-“Ийнгаа миний хээр тал”-ын төгсгөлийн хэсгийг эшлэмээр байна.

“Нэгэн цагт би гайхамшиг бүтээхийг хүсэхдээ салхийг хүсдэг болж билээ. Салхи хөдөлбөл бүх юм хөдөлнө. Тэгсэн цагт тэр юм ч бас хөдөлнө гэж боддогсон. Одоо бол тэгж бодох хэрэггүй болсон. Салхи хөдөлсөн. Өвс ногоо найган ганхаж, жигүүртэн шувуу элэн халин нисэж, хүлэг морь дэлээ хийсгэн жавхлантайяа давхиж байна. Би Ийнгаагийн төлөө амьдралаа зориулахаар зориг шулуудсан. Энэ бол бурханд тус болох гэсэн хүсэл минь. Бурханд тус болно гэдэг чинь гэгээн тунгалаг, чин үнэн ариун элийг бүтээх үйлс. Буй бүх л бие сэтгэл, ухаан хүчээ ариун сэтгэл болгочих юмсан. Ингэхийн тулд чин үнэн сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Асар их хүсэх хэрэгтэй. Хүснэ гэдэг чинь ямар сайхан бэ. Гайхамшиг гэдэг хүслээс эхэлдэг бол юутай гайхамшиг”.

Бид өвдсөн, зовсон үедээ бурхнаас дандаа юм гуйдаг. Хэн ч бурханд өгөхсөн гэж хүсдэггүй. Зохиолын гол дүрийн баатар бурханд туслах чин хүсэлтэй. Тэгээд бурханд туслах арга замаа олдог. Бурханд туслахын тулд хүн хайрыг л хүмүүст түгээх хэрэгтэй гэсэн тайлал нь маш их таалагддаг.

“Мял Богдын гэгээрсэн түүх” номоос мөн өөрт таалагддаг үгээ онцолмоор байна.

“Өнгө мөнгө хөөсөөр бол

Өр зүрхээ өнгийх завгүй

Өрөөлийг гоочилж явсаар бол

Өөрийгөө таних чөлөө үгүй”.

Дөрөвхөн мөрөнд багтаагаад хүн яаж амьдарвал аз жаргалтай, утга учиртай байхыг хэлчхэж байгаа юм. Энэ сургаалыг санаж явууштай.

Л.Өлзийтөгс эгчийн мөн нэг шүлгийг онцолмоор санагдлаа.

Өөрийнхөө зурсан ертөнцөд

Өөрийнхөө босгосон байшин дотор

Өөрийнхөө л зохиосон дууг дуулаад

Өөрийнхөөрөө би амьдарч байна…

Эгшин хором нь миний тоололтой

Эвлэсэн бүхэн нь хурууны минь ортой

Энэ л ертөнцийн мөч бүхэнд

Эрх чөлөөний минь амь цохилоостой

Өвчин, шаналал, хайр, тэмүүлэл

Өөрийн гэсэн юм бүхэн минь…

Гагцхүү үнэнээр бүтсэн амьд халуун төрхтэй

Газар дээрх диваажинд би амьдарч байна

Зүрх сэтгэлийг минь эзэгнэн байдаг

Зүйргүй их нам гүмийн дунд

Хэнээс ч хамааралгүй ганцхан амьдралынхаа

Хэмжээлшгүй жаргалыг урлаж сууна

Миний сэтгэлд ойр шүлэг. Ном болгоноос эшлээд байвал цаг маш их орно. Тиймээс одоо Г.Лхагвадуламын “Дотно алс” түүврээс нэг шүлэг эшлэе.

Аниатай нүднээс хараатай нулимс…

Ард минь ээж, урд минь хүү.

Хаашаа ч эргэсэн би инээмсэглэх ёстой,

Амьдрах хэрэгтэй, амьдрах л хэрэгтэй…

Дөрөвхөн мөртөд их санааг хурааж, чадаж байгаа учраас хайрлахгүй байхын аргагүй. Г.Лхагвадулам эгчийг хувь хүн талаас нь уран бүтээлч талаас нь ч хүндэлж, хайрлаж явдаг.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадуламыг урьж байна. Г.Лхагвадулам эгч Америкийн яруу найрагч Эмили Дикинсоны шүлгийн түүврийн “Орчлонд илгээх захидал” нэрээр, Альбер Камюгийн “Хөндлөнгийн хүн”, Эрнст Ханс Гомбрихын “Дэлхийн бяцхан түүх, Федерико Феллинигийн намтар, дурсамжийн “Зүүд бол цорын ганц бодит зүйл”, Даниил Хармсын өгүүллэгийн “Оршихуй №2”, түүврийг уран яруу, эх хэлнээ орчуулсан. Мөн “Дотно алс”, “Борооны зүрх”, “Эрвээхэйн зүүд”, зэрэг яруу найргийн номтой, жинтэй яруу найрагч. Тэр утгаараа өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн номуудыг мэдэж авмаар байна. Урилгыг минь хүлээж авна гэдэгт найдаж байна.


Өнгөрсөн дугаарт оролцсон утга зохиол судлаач, сэтгүүлч Уртнасангийн Бямбаням Б.Сувддуламыг "Маш сайхан орчуулгын хэлтэй. Энэ хэл найруулга өөрт нь тогтоход юу нөлөөлсөн юм, ямар ном бүтээл нөлөөлсөн бол. Өмнө нь Монголын уран зохиолыг сайн уншсан юм уу, хуучны сайн орчуулгуудыг харьцуулж харсан уу гэдэг нь сонин байнахэмээсэн юм. Түүний асуултад Б.Сувддулам йин хариуллаа.

Тэрбээр “Надад гурван зүйл нөлөөлсөн юм шиг санагддаг. Эмээ минь надад өдөр болгон үлгэр, домог маш их ярьж өгдөг байсан. Хөдөөгийн хөгшчүүлийн зэмлэх нь хүртэл сургаал байдаг. Дандаа зүйр цэцэн үгээр зэмлэнэ. Тэр ч утгаараа нутгийнхаа буурлуудын үгийг, сургаалыг сонсож, цэвэр монгол ахуйд өссөн маань маш том давуу тал болсон байна.

Хоёрдугаарт, уншсан номууд маань нөлөөлсөн байх. Уншиж сурснаасаа хойш өгүүллэг, тууж их уншдаг байсан. Ч.Лодойдамба, Д.Намдаг, С.Эрдэнэ, Д.Нацагдорж, Д.Батбаяр, Д.Норов, П.Баярсайхан, Г.Нямдорж нарын ном бүтээлийг уншдаг байсан. Зорилго тавьж уншаагүй ч гэсэн надад монгол хэлний сургалт болоод байж.

Гуравдугаарт, би маш их шүлэг цээжилдэг хүүхэд байсан. Тэгээд хуулж бичдэг. Мөн найраглалууд их цээжилдэг байсан. Энэ маань бас тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх.

Тиймээс орчуулга хийж буй, хийх хүсэлтэй залууст хандаж зөвлөхөд,

  • Хамгийн гол нь унших хэрэгтэй. Шүлэг цээжилбэл үгийн эрэлд хатах нь арай бага байна байх.
  • Болж өгвөл настай хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Тэднээс хэрэглээнээс гарсан хуучны ховор үгийг мэдэх боломжтой” гэсэн юм.

ӨМНӨХ КОНТЕНТ: Уртнасангийн Бямбаням

Энд дарж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-04 13:03

Хайртай даа????

b
b
2021-09-04 19:45

haltaisan yu ve mongoldo l yum da chaavas harsan uzsen unshsan medsen hiisen buteesengui hydla hiirhegch

Эхэхэ
Эхэхэ
2021-09-04 23:27
Reply to  b

Чамаас л дор байв гэж дээ. Чам шиг амьтанд сэтгэгдлийн буланд шүлсээ үсэргэх за л олдох юм даа.

Ахах
Ахах
2021-09-04 23:25
Reply to  b

Ишшш, чамаас л дор байв гэж дээ.

Зочин
Зочин
2021-09-04 23:25
Reply to  b

Ишшш, чамаас л дор байв гэж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button