Нийгмийн

АМЬДРАЛЫН НОМ | Уртнасангийн Бямбаням: Ном гэдэг чинь хувцас биш

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа утга зохиол судлаач, сэтгүүлч Уртнасангийн Бямбанямыг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.


-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Багадаа уншиж байсан, амьдралыг өөр тийш нь чиглүүлж нөлөөлсөн, уран зохиолд дурлуулсан номуудынхаа тухай товчлон хуваалцъя.

НЭГ.

Нэгдүгээр ангид ороогүй, үсэглэж уншдаг байхад гэрийн маань номын санд тийм ч олон ном байгаагүй. Авдрын ёроолд хавтас нь урагдчихсан хэдэн ном л байсан. Тэдгээрийн дотроос би нэг монгол өгүүллэгийн түүвэр олж авсан. Тэр түүвэрт Ч.Лодойдамба гуайгаас Д.Батбаяр хүртэлх уран бүтээлчдийн өгүүллэгүүд багтсан байсан. Би ч тэдгээрийг баруун, солгойгүй уншсан. Тэр өгүүллэгийн түүврээс л урам зориг авч, уран зохиол гэж ийм “юм” байдаг гэдгийг ойлгож авсан. Тухайн өгүүллэгийн түүврээс надад  хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн нь Д.Батбаяр гуайн “Гашууны хэдэн тагтаа” өгүүллэг. Тэр ч утгаараа  хүмүүст зүгээр санаа өгөх үүднээс Д.Батбаяр гуайн “Саахалтын нууранд ангир дуугарна” хэмээх тууж, өгүүллэгийн түүврийг онцолмоор байна. Энэ номонд миний ярьсан “Гашууны хэдэн тагтаа” тэргүүтэй богино өгүүллэгүүд бий. Мөн алдарт “Цахилж яваа гөрөөс” гэж тууж бий.

ХОЁР.

Дөрөвдүгээр ангид байхдаа Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал”-ыг уншаад юу ч ойлгоогүй. Анх уншихад илбэ шидийн юм нь л онцгой санагдаж байсан. Бусдаар бол утгагүй санагдаж байсан. Түүнээс хойш хоёр, гурван хувилбарыг авч, олон дахин уншсан. Тэдгээрийн дотроос Г.Аким гуайн 1986 онд гаргасан хувилбартай хамгийн анх танилцаж байсан.  Одоо ч надад бий. Нандигнан хадгалдаг.

Ер нь аливаа ном бүтээл нас, насанд өөрөөр уншигддаг. Хүн өөрөө хөгжөөд уншиж, харж байгаа цар хүрээ нь өргөсөх тусам л ном, өөрөөр уншигддаг. Гэхдээ амьдралын мөч бүхэнд уншигддаг ном ховор. Сайн зохиолын агуулга нь яг түүндээ л байдаг байх. “Зуун жилийн ганцаардал” бол сайн роман.

ГУРАВ, ДӨРӨВ.

Би арван жилийн сурагч байхдаа шүлэг бичдэг байсан. Тэр ч утгаараа Д.Нацагдоржоос эхлээд яруу найргийн номуудыг их уншсан. Харин оюутан болоод 1980-1990-ээд оны яруу найрагчдын шүлэг бүтээлийг уншиж, эхэлсэн. Тэр утгаараа арван жилд болон оюутан байхдаа уншиж байсан шүлгийн түүврээсээ хоёр ном онцолмоор байна. Нэг нь Тогоонтөмөрийн Содномнамжилын “Огторгуйн очир” түүвэр. Олдоц муутай болохоор залуучууд харьцангуй мэдэхгүй байх шиг байна. Маш сайн шүлгийн түүвэр. Т.Содномнамжил лам бас сайн яруу найрагч байсан. Яруу найргийн хэлийг номын хэлээр, ялангуяа дорно дахины хуучин уламжлалт сонгодог хэлээр яруу найраг яаж бичиж болохыг ойлгуулсан. Удаах яруу найрагч маань бас л лам хүн. Батжаргалын Одгэрэл ахыг залуучууд сайн мэдэж байгаа байх. “Үл таних зочин” гээд яруу найргийн түүврийг нь би онцолж байна. Энэ түүвэр жинхэнэ яруу найраг гэж юу болохыг, ямар шүлэг хүний сэтгэлд хүрч, онцгой байдгийг мэдрүүлсэн.  

ТАВ.

Арван жилийн сурагч байхдаа Японы найруулагч Акира Күросавагийн нэг киног үзсэн юм. Тэр киноноос шалтгаалж, Хорхе Луис Борхесийн “Хоёр хаан, хоёр хонгил” өгүүлллэгийн түүврийг олж авч байсан. Түүний 23 өгүүллэгтэй анхных нь түүвэр маш их алдарт хүрсэн. Европын утга зохиолд тэсрэлт болсон. Асар их шоконд оруулсан. Тэр ч утгаараа Монголд энэ түүвэр хэвлэгдэж гарсан нь уншигчдад асар том зүйлийг өгсөн байх. Хувь уншигчийн зүгээс хэлэхэд, Борхес бол хүн төрөлхтний утга зохиолд Хомерын дараа явуулсан хамгийн том бэлэг. Жинхэнэ уран зохиол ямар байдаг. Түүний амт шимт нь ямар байдгийг ойлгуулсан. Зохиолын доторх эргэлт, хууралтууд…Хэрвээ Борхес байгаагүй бол бид Маркесыг унших байсан уу. Салман Рушди гэж төрөх байсан уу гэсэн асар олон асуудал гарч ирнэ.

ЗУРГАА.

Утга зохиолын ангийн оюутан болсон тул урлагийн тухай ойлголтоо нэмэх шаардлага гарч ирсэн. Надад урлагийн тухай ойлголтыг хамгийн цэгцтэйгээр өгсөн ном гэвэл Ц.Уранчимэг багшийн “XX зууны өрнөдийн урлаг”. Энэ ном бол товч удиртгалууд, модернизм, постмодернизм, кубизм гэж юу юм гэдгийг зураг, бүтээлийн жишээн дээр тайлбарласан. Тэр утгаараа надад маш сайн чиг болсон. Энэ номоор дамжуулан уран бүтээлчдийн тухай хөрөг бичиж байлаа. Ер нь дамжиж орох үүд хаалгыг нь нээж өгөх ном гэдэг хамгийн чухал байдаг юм шиг санагддаг. Энэ номыг уншсанаар урлаг гэж юу юм, урлагийн чиг хандлага хаашаа явж байгаа юм гэдгийг мэдэж, чиг баримжаатай болсон.

ДОЛОО.

Роберт Хассын “What light can do” гэж номыг онцолмоор байна. Энэ бол эсээний ном. Уран зохиолын эсээний ном гаргах үндсийг минь тавьсан гэхэд болно. Эндээс хамгийн онцолууштай нь, Мишима Юкиогийн хөрөг зургийн тухай бичсэн эсээ.

НАЙМ.

Хамгийн гэгээтэй, хэл найруулгатай, уран сэтгэмжтэй, егөөтэй, бичдэг сэтгүүлч бол Ж.Гангаа агсан. Энэ номыг би сүүлд  олж авсан л даа. Гэхдээ энэ номонд багтсан бүтээлүүдийг бүгдийг нь уншчихсан байсан болохоор надад нөлөөлсөн гэж ярихад буруудахгүй байх. Ж.Гангаа агсны нийтлэлийнхээ бүтцийг гаргаж байгаа, уншигчийг уран зохиол шиг нийтлэл дотроо авч орж байгаа, тэгээд үйл явдлаа өрнүүлж байгаа нь сонирхолтой. Дүрслэлийн хэл маш сайтай. Тэр ч утгаараа түүний “Цагаан гэгээ”  номыг онцолж байна.

ЕС.

“Тагтаа” хэвлэлийн газраас гаргасан Андрей Тарковскийн “Хугацаан доторх хугацаа” номыг онцолмоор байна. Би “Найрагчийн мөрөөр” төслийн аялалд гарахдаа энэ номыг авч явсан. Миний аялж явсан өдөр Тарковский ямар тэмдэглэл бичсэн байна гэдгийг уншиж, тэмдэглэсэн. Уран бүтээлчдэд энэ ном асар их урам зориг өгнө. Өөртөө гутрах, өөрийгөө чамлах, эсвэл бүх юм утгагүй санагдах үед босож өндийж тулах таяг нь болох ном гэж боддог. Яагаад гэвэл Андрей Тарковскийн амьдрал тэр чигээрээ уналт. Босолт их цөөхөн байсан байх. Тэр уналт дотроос яаж уран бүтээлийнхээ санааг олж, уран бүтээлийнхээ санаанаас зуурч өндийж босож ирсэн гэдэг утгаараа энэ ном асар их хүч тэнхээ өгнө.

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн эдгээр номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ?

- Дээр нэрлэсэн номын ихэнхийг нь найз, нөхөд маань бэлэглэж, дурсгаж байсан юм байна. Яахав өмнөх үеийнхнийхээ номуудыг би хуучны номын худалдаанаас үнэ хаялцаж авдаг байсан. Тэдний нэг нь Д.Батбаяр гуайн “Саахалтын нууранд ангир дуугарна” ном.

“Зуун жилийн ганцаардал”-ыг дөрөвдүгээр ангид байхдаа хамаатныхаа ахынхаас туучихсан юм. Хүүхэд байсан болохоор уншчихаад салмааргүй санагдсан юм шиг байгаа юм. Харин Т.Содномнамжил найрагчийн түүврийг нэг найз маань Сансрын нэг жижигхэн номын мухлагаас надад авч өгч байсан. Би тухайн үед их сургуулиа төгсөөд дөнгөж ажилд орчихсон байсан үе. Авмаар байвч цалин буугаагүй. “Энэ номыг л авчихмаар байна” гэтэл “У.Бямбанямдаа шинэ ажилд орсонд нь дурсгав” гэж бичээд өгсөн. Тэр ч утгаараа их дурсгалтай. Түүнээс өмнө хүнээс гуйгаад уншчихсан байсан юм.

Харин Robert hass-ын “What light can do” гэж номыг амазоноос захиалж авч байсан. Хоёр сар хүлээлгэж байж миний гар дээр ирсэн. Ж.Гангаа асганы номыг бол өөртөө дурсгал болгож худалдаж авсан.

-Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Маш олон зүйл өгсөн. Номын тухай ярихаар яагаад их яриа өрнөдөг гээч. Ном гэдэг хувцас шиг биш. Жишээ нь: Би чамд би оюутан байхдаа тийм гоё цамц авч өмссөн. Тэр гоё цамц байжээ гэж ярихгүй. Мөн би тэнд тийм хоол идээд тийм юм ойлгосон гэж ярихгүй. Ном бол хүний сэтгэл зүрх, амьдралтай холбогддог учраас маш олон дурсамжийг бүтээж байдаг.

Тэр утгаараа Д.Батбаяр гуайн “Гашууны хэдэн тагтаа” өгүүллэг хүний амьдралд хайрлах, дурлах гэж зүйл байдаг юм байна. Хайр дурлал нь бүтэхгүй бол шаналал гэж ирдэг юм байна. Том болохоор амьдрал тийм ч гоё биш юм байна. Том хүмүүст ч гэсэн зовлон байдаг юм байна гэдгийг ойлгуулсан.

Харин “Зуун жилийн ганцаардал” роман зохиол бүтээл гэдэг ямар ч байж болохыг, тогтсон дүрэм журам гэж байхгүйг ойлгуулсан.

Дээр дурдагдсан яруу найргийн хоёр ном шүлэглээд бичсэн бүхэн шүлэг мөн үү биш үү гэдэг асуултыг надад тавьсан.

Харин Ц.Уранчимэг багшийн “XX зууны өрнөдийн урлаг” ном урлаг яг юуны учир байдаг юм. Бид зүгээр идэж уугаад, өмсөж зүүгээд бусад амьд биет шиг амьдарч болдоггүй юм уу. Хүн юугаараа ялгаатай болоод урлаг байгаа юм. Тэр нь юуг илэрхийлдэг юм гэх санааг өгсөн.

Андрей Тарковскийн ном надад урам зориг өгдөг. Ширээн дээр байж л байдаг. Ямар нэгэн зүйл хийж байгаад хиймээргүй санагдаад, эсвэл хийж байгаа юмандаа сэтгэл дундуур байгаа үедээ уншихаар буцаад юмаа хийх сэдэл, хүч өгдөг.

Энэ мэт ном болгон өөрийн гэсэн шинж чанартай. Тийм учраас л хүмүүс амьдралынхаа ямар нэгэн мөчлөгт ямар нэгэн номыг шимтэж уншдаг.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-Д.Батбаяр гуайн номоос богино өгүүллэгүүдийг нь уншаад үзээсэй гэж бодож байна. Туужуудаас нь бол “Цахилж яваа гөрөөс”-ийг уншихгүйгээр Монголын уран зохиолын тухай, туужийн  тухай ярихад хэцүү. Тэгэхээр “Цахилж яваа гөрөөс”-ийг уншчихаасай гэж бодож байна. Энэ номоор дамжуулаад цаана нь Д.Норов, П.Баярсайхан, П.Лувсанцэрэн, Д.Цэнджав, Д.Энхболдын богино өгүүллэг, туужийг уншаасай гэж зөвлөх байна.

“Зуун жилийн ганцаардал”-ыг бол уншчихад гэмгүй романуудын нэг. Ихэнх хүмүүс “Зуун жилийн ганцаардал”-ыг уншаад утгагүй юм гэдэг. Эхний удаа уншихад утгагүй байж болно. Хоёр гурав дахь удаагийн уншилтаас жинхэнэ утга нь нээгдэх байх.

Борхесийн түүврээс “Гудамжны булан эрхшээгч”, “Илдний хэлбэр”, “Бурхны бичээс”, “Бөөгийн толь” өгүүллэгийг санал болгомоор байна. Борхес өгүүллэгийнхээ төгсгөлд маш сонин эргэлтүүдийг хийдэг. Зохиол дундаа, өгүүллэг дундаа цаг хугацааны орхилт хийж бичдэг. Тэр нь төгсгөлийн хэсэг дээр асар сонин тайлал болж уншигддаг.

Харин Robert hass-ын “What light can do” номоос дээр дурдсанчлан Мишима Юкиогийн хөрөг зургийн тухай бичсэн эсээг уншаад үзээрэй гэж зөвлөе.

Ж.Гангаа агсаны аян замын тэмдэглэлүүд нь их амттай. Тэр тусмаа “Алтайн цаад говиор” тэмдэглэл. Мөн төрсөн нутгийнхаа тухай бичсэн нийтлэлүүд, “Төлөв даруу ЛАОС орон”-ыг уншвол зүгээр.

“Хугацаан доторх хугацаа” номоос оноож, онцолж чадашгүй нь. Уран бүтээлч хэн бүхэн олоод уншчихмаар ном.

Хүн бүрийн номын сонголт өөр. Гэхдээ миний хувьд яагаад унших хэрэгтэй юм, юуг нь олоод харчих боломжтой юм гэдгийг товчхон байдлаар хэллээ.

 -Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Орчуулагч Батсайханы Сувддуламыг урьмаар байна. “Тагтаа” хэвлэлийн газраас нэлээн хэдэн ном нь гарсан. Орхон памукын “Станбул”, Франсуаза Саганы “Сайн уу гуниг минь”, Янн Мартелийн “Пигийн амьдрал” номыг орчуулсан. Одоо 52 зохиолч, 52 өгүүллэг гэх онлайн төсөл хэрэгжүүлж байгаа.

Б.Сувддулам сүүлийн үед их олон гаднын зохиолчтой танилцаж байгаа байх. Би түүний хэд, хэдэн номын редактораар ажилласан. Маш сайхан орчуулгын хэлтэй. Сувдаа уран зохиолын чиглэлээр сураагүй. Орчуулагчийн анги төгссөн. Тэгэхээр хэл найруулга өөрт нь тогтоход юу нөлөөлсөн юм, ямар ном бүтээл нөлөөлсөн гэдэг сонин байна байх. Орчуулагчид, шинээр уран зохиолын ном орчуулж байгаа залуус “Яавал монгол хэлэндээ сайн орчуулагч болох уу” гэж асуудаг. Тэгэхээр Б.Сувддуламын зөвлөгөө сонин байна байх. Өмнө нь Монголын уран зохиолыг сайн уншсан юм уу, хуучны сайн орчуулгуудыг харьцуулж харсан уу гэдэг нь сонин учир урьж байна. Сонирхолтой яриа өрнүүлэх байх.


ӨМНӨХ КОНТЕНТ: Төмөртогтохын Соёл-Эрдэнэ

Энд дарж уншаарай...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-28 09:57

????

уншигч
уншигч
2021-08-28 10:19

Сайн багш, сайхан ч з�##�уу. Харин энэ зураг нь жаахан тиймхэн юм ...

Холбоотой мэдээ

Back to top button