АМЬДРАЛЫН НОМВИДЕО КОНТЕНТЯрилцлага

АМЬДРАЛЫН НОМ | Төмөртогтохын Соёл-Эрдэнэ: Ном уран бүтээлч сэрэхүйг минь сэрээж, хань болдог

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа зураач Төмөртогтохын Соёл-Эрдэнийг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Хүүхэд байхдаа зурагтай, зураггүй гээд олон ном сонирхож, хуудсыг нь эргүүлдэг байлаа. Мөн  ах эгч, эмээ өвөөгөөрөө уншуулдаг байсан. Тухайн үед уншиж байсан номуудаас “Лёля Минька хоёр” гэж ном одоог хүртэл ой тойнд үлдсэн. Маш хөөрхөн сургамжтай ном.

Харин их сургуулийн оюутан болж Улаанбаатарт хөл тавьснаар ижил сонирхолтой хүмүүстэй уулзан найз нөхөд болж, олон сайхан номтой танилцсан. Оюутан ахуй цагаас минь зүрх сэтгэлийг минь шимширтэл татаж, өнөөдрийн бие хүнийг минь бүтээлцсэн хэд хэдэн номыг онцолмоор байна.

Уран зохиол хэмээх сонголтдоо хэзээ ч харамсдаггүй. Уншсан зохиол болгоноосоо ямагт сайныг нь, сөрөг байсан ч дуртайяа хүлээн авдаг.

НЭГ.

СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн уран зургийн ангид элсэж ороод гоё багш нартай учирсан. Тэдний нэг бол А.Ганбаатар багш. Манай ангид философийн хичээл ордог байсан юм. Их гоё ярьдаг, хөгжилтэй. Залуу насандаа уншихгүй, хайхрамжгүй аль болох зураг зураад суухыг илүүд үзэж явахад унших яагаад чухлыг чөлөөтэй ярьж, ойлгуулж, өгсөн ачтан бол А.Ганбаатар багш. Түүний бичсэн “XX зууны өрнөдийн философи” номонд философичдын талаар, тэдний үзэл санааг ойлгомжтой, цэгцтэй байдлаар бичсэн байдаг. Тиймдээ ч энэ номыг онцолмоор байна.

ХОЁР.

Оюутан болоод орон хотод ирсэн анхны жил. Манай ангийн Б.Баярцэнгэл танилцаад удаагүй байсан хэрнээ төрсөн өдрөөр минь яруу найрагч Б.Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө” номыг бэлэглэсэн. Одоо бодох нь ээ, найз минь намайг надаас илүү таньчихсан байсан юм шиг санагддаг. Хэзээ нэгэн цагт уншихыг минь мэддэг байсан мэт л бэлэглэсэн. Би хэчнээн хувьсаж өөрчлөгдсөн ч энэ ном хэзээ ч өөрчлөгдөөгүй. Дуртай үедээ аль нэг хуудсыг нь нээгээд үзэхэд үг үсэг нь яг хэвээрээ байж л байдаг.

Ер нь ном гэдэг хэзээ ч хүнээс урвахгүй, тавиур дээр хүлээгээд л сууж байдаг. Аваад уншихад нэг өөр юм хэлж өгдөг. Тэр утгаараа ном гэдэг хүнд хамгийн сайн хань болдог. Тийм учраас Б.Галсансүх ахынх яруу найргийн номыг онцолж байна.

ГУРАВ.

Оюутан байхдаа Жан Пол Сартрын “Үг” намтарчилсан туужийг өөртөө зориулан худалдаж авч байсан. Тухайн үедээ уншаад ойлгохгүй. Эхний хэдэн өгүүлбэрийг нь уншчихаад хаачихсан. Харин ээж болчихоод 26 настайдаа шинэ хэвлэлийг нь уншсан. Надаад маш их хань болж байсан. Сартр энэ номонд хүүхэд насаа ил цагаан бичсэн нь сайхан. Түүний “Хэчнээн бурхан гэж байлаа ч хүнийг өөрөөс нь өөр хэн ч аварч чадахгүй” гэсэн үзэл санаа надад маш том нөлөө үзүүлсэн. Мөн түүний бүтээлд эрх чөлөө ба хариуцлагын тухай: Эрх чөлөө гэдэг бол дураараа дургих хүссэнээ авах биш юм. Эрх чөлөө гэдэг чинь хүссэндээ хүрэхийг хэлэхгүй. Чи зүгээр хүсэж чаддаг л бай. Хүсэж чаддаг байхад хэзээ нэгэн цагт хүрнэ. Тэгэхээр эрх чөлөө гэдэг чинь амжилтын хэмжүүр биш. Амжилт гэдэг хүн, хүний хувьд өөр. Зөвхөн цаг хугацаандаа л ирнэ гэсэн санаа нэвт шингэсэн байдаг. Энэ санаагаараа намайг аргагүй татсан.

ДӨРӨВ.

Миний дараагийн ярих ном бол У.Бямбанямын “Цаг хугацаа хэлнэ” хэмээх уран зохиолын эсээний ном. Ер нь бол ном сонгохдоо ямар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буйг нь хардаг. “Монсудар”-ын орчуулгын номуудтай хэн ч санал зөрөлдөхгүй байх. Алийг нь ч аваад уншсан цагаа дэмий үрсэн санагдахгүй. Мөн “Тагтаа” хэвлэлийн газраас гаргаж байгаа номуудад эргэлздэггүй. Ямар нэгэн зүйлийг заавал өгдөг. “Тагтаа”-гийн олон номыг онцолж болох ч У.Бямбанямын номыг онцолж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Уншихын өмнө мэргэжлийн хэллэг ихтэй байх гэж бодож байсан ч тун энгийнээр бичсэн нь дотно санагдсан. Огт танихгүй зохиолчийн ном хэвлэгдсэн бол “Цаг хугацаа хэлнэ” номыг нээгээд үзэхэд тухайн зохиолчийн намтар, уран бүтээл, үзэл санаа бий. Тэр утгаараа маш гоё гарын авлага болдог.

ТАВ, ЗУРГАА.

Харуки Муракамиг ярихгүй өнгөрч болохгүй. Би түүний монгол хэлээр орчуулагдсан бүх номыг нь уншсан. Хамгийн түрүүнд О.Жаргалсайхан эгчийн орчуулгаар “Торгон цэргийн хороон даргын аллага”, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” номыг уншиж байсан. “Торгон цэргийн хороон даргын аллага” номыг уншаад сэтгэл татагдаж, бусад номыг нь судалж байгаад уншиж эхэлсэн. Хамгийн сүүлд “Хилийн дээснээс урагшхан, Алтан нарнаас баруунтаа”-г уншсан. “Торгон цэргийн хороон даргын аллага” үйл явдлаараа татаж байсан бол “Хилийн дээснээс урагшхан, Алтан нарнаас баруунтаа” ном үгээрээ зүрх сэтгэлийг минь ховстон татаж байсан. Яруу найраг шиг л.

-Амдралд тань хүчтэй нөлөөлсөн эдгээр номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ?

-Эдгээр номтой учран уулзсан тохиол бүр өөр. Гэхдээ би уншихыг хүссэн номоо ихэвчлэн өөрөө худалдаад авчихдаг юм. Оюуны бүтээл учир хүндэтгэлтэй хандах хэрэгтэй шүү дээ. Дээр нэрлэсэн номуудаас “Бурханд хэлэх зөвлөгөө”-г л хүнээс бэлэг болгож авч байсан. Харин бусдыг нь өөрөө худалдаж авч байсан.

“Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй номуудыг хар зөнгөөрөө худалдаж авдаг. Тийм тохиолоор л У.Бямбанямын “Цаг хугацаа хэлнэ” номтой танилцаж байсан. Харин “Торгон цэргийн хороон даргын аллага” номын хавтсыг нь хараад сэтгэл татагдаж, худалдан авсан.

Жан Пол Сартрын “Үг” туужийг анх оюутан байхдаа хуримтлал үүсгэж байж худалдаж авч байсан. Мөн сүүлд ээж болсныхоо дараа шинэ хэвлэлийг худалдаж авч байсан. Ер нь залуу насандаа ном худалдаж авна гэдэг өөрийгөө олсон хүний хийх үйлдэл юм болов уу гэж боддог. Учир нь гоёж, гангараад алхахыг илүүд үзэлгүй, ном уншихыг нэгт тавьсан байна шүү дээ.

-Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Сүүлийн хоёр жил би номтой ихэнх цагийг өнгөрүүлдэг болсон. Уран бүтээлдээ зарцуулж байгаагаас илүүтэйгээр. Ном уншаад бодно, мөрөөднө, төсөөлнө. Тэгээд бодол санаа минь ханаад ирэхээр зургаа зурахаар суудаг. Тэгэхээр арай богино хугацаанд үр дүнтэй сууж байгаа нь мэдрэгдэж байна. Ер нь бол уран бүтээлд минь нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл ном уран бүтээлч сэрэхүйг минь сэрээж өгдөг.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-Яруу найрагч Б.Галсансүхын номоос нэгэн шүлэг онцолмоор байна.


Тархи минь тасалгаатай. Тасалгаа болгонд

Таримал ухаан, төрмөл ухаанууд ургаад ургацаа

Усанд урсгачихгүй, наранд гандаачихгүй ургуулах

Ухааныг хүртэл нарийн урлах хэрэгтэй болоод

Өөр өөр өнгөтэй өнөөх тасалгаануудаараа өдөр бүр

Өөр өөр хүмүүсийг дагуулан хэсэж хэлэх үг

Хийх үйлийг нь хэмжиж хэрэггүй үгийг хэлэлцэж

Хийх үйлийг товлож хэрэгтэй үгийг хадгалаад

Зүрх рүүгээ дамжуулж зөндөө гаргалгаа гаргаад

Зүүдэн дотроо боловсруулж, зөв онолыг олоод

Бодолдоо байлгаж боловсруулж дахин шинжлээд

Боловсорсон тариа шиг үгийг бусдад тарааж хүргэхдээ

Санаагүй гэнэн явсан цаг хугацаагаа санаж санаашрахуй

Санаагаа илэрхийлэхэд минь саадгүй цаг хугацаа

Алгуур, аажуу ирэхийг ухаанаасаа ухаж мэдээд

Амиа тавьж тэмцэлгүйгээр тайвнаар тархиа хөгжүүлнэм.

Сүүлийн хоёр мөр бидэнд яарч адгаад, цаг нь болоогүй байхад хүчлээд, тэмцээд хэрэггүй, алгуур аажуу ирнэ гэж хэлж байна. Яахав хүн болгон өөр, өөрөөр хүлээж авах байх. Зарим нь энэ юу вэ уншихгүй орхиж мэднэ.

 -Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Уртнасангийн Бямбанямыг урьж байна. Түүний бичсэн “Цаг хугацаа хэлнэ” уран зохиолын эсээний ном ЕБС-ийн сурагчид, оюутнууд гээд маш олон хүнд хэрэгтэй. Олон зохиолчдын намтар, танилцуулгыг эмхтгээд уран сайхны эсээ бичсэн хүн ямар ном нэрлэж, юу ярих бол гэдэг сонин байна.


ӨМНӨХ КОНТЕНТ: Оргилын Золбоотөгөлдөр

Энд дарж уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Наранцэцэг
Наранцэцэг
2021-08-21 15:02

Энэ их хөөрхөн контент. Манай хүүхэд үзээд, номын дэлгүүр орохдоо заав�##� нэг номыг нь авдаг. Танай хамт олонд баярл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button