Венец жуулчдаас хураамж авч эхэлсэн анхны хот боллоо

Пүрэв гарагт /2024.04.25/ Италийн Венец жуулчдаас төлбөр авдаг тогтолцоог нэвтрүүлсэн дэлхийн анхны хот боллоо. Аяллын улирлын оргил үед жуулчид тус хотод хөл тавих зайгүй болгодог тул эрх баригчид ийм арга хэмжээ авч байгаа юм.
Хот руу өдөртөө ороод эргээд гарахаар төлөвлөж буй хүмүүс 5 евро төлөх шаардлагатайг бичсэн самбаруудыг галт тэрэгний буудлуудад мөн хот руу орох гүүрний ойролцоо байрлуулжээ.
Пүрэв гарагаас эхлэн жуулчид 29 хоногийн турш Венец хот руу 08:30-16:30 минутын хооронд нэвтрэхийг хүсвэл хураамж төлөх юм.
Хотын гарц дээр хүмүүсийг нэвтрэх эрхээ баталгаажуулахад зориулсан хүрдэн хаалга байхгүй. Харин оронд нь хяналтынхан санамсаргүйгээр шалгалт явуулж, хураамжаа төлөөгүй хүнд 50-300 еврогийн торгууль оногдуулна.

Зочид буудалд захиалга өгсөн хүмүүс, 14-өөс доош насныхан, оршин суугчид, оюутан болон ажилчид энэхүү хураамжийг төлөх шаардлагагүй.
Венецийн амбан захирагч Луижи Бругнаро “Өмнө нь хаана ч ийм арга хэмжээ авсан удаа байхгүй. Бид хотыг хаагаагүй, харин амьдрахад таатай болгохыг хичээж байна” хэмээжээ.
Тус хотын албан тушаалтан мэдээлснээр Венец өнгөрсөн жил 20 сая жуулчин хүлээн авсан байна. Тэдний тал гаруй хувь нь зочид буудал эсвэл амралтын газарт нэг хоноод буцсан юм.
Жил бүр ийм олон тооны жуулчин хүлээн авдаг хэр нь Венецэд49 мянган хүн л оршин суудаг байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.