НИЙГЭМНийгэм мэдээ

Ипотекийн зээл: Өндөр барилгад умгар дөрвөн хана худалдан авах бус хашаандаа орон сууц барих боломжтой

Өвөл хаяанд ирэхээр утаа Улаанбаатарчуудын толгойны өвчин, дарга нарын амнаас байнга гардаг үг болдог. Үе үеийн Засгийн газар "Утааг багасгана. Утаатай тэмцэнэ. Гэр хорооллыг орон сууцжуулна, яндангийн тоог бууруулна" гэж ярьдаг. Гэвч өвчлөлийн эх үүсвэр болдог утаа өнөө хэр нь багсаагүй хэвээр.

Тэгвэл Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт "Ипотекийн зээлд гэр хорооллын иргэд хамрагдах боломжтой боллоо" хэмээн мэдэгдлээ. Тэрбээр "Ирэх оноос өндөр барилгад асар үнэтэй дөрвөн хана худалдан авахын оронд өөрийн хашаандаа утаа гаргах яндангүй, хөрс бохирдуулах жорлонгүй, халаалт, халуун хүйтэн ус нь шийдэгдсэн тохилог амины орон сууцаа иргэд өөрсдөө хямд үнээр барих боломжтой боллоо.

Монгол айл бүр өөрийн хашаандаа дулаахан, тохилог, тав тухтай, эрүүл орчинд амьдрах боломжтой байх учиртай. Утаа, түгжрэл, агаар, хөрсний бохирдлоос ангижрах амьдралын хувьсгал гэр хорооллоос эхэлнэ" хэмээн мэдэгдэв.

Монголын улсын гурван өрхийн нэг нь орон сууцад харин ихэнх буюу 64 хувь нь гэр хороололд амьдарч буй юм. Үүнээс хашаандаа дэд бүтэц шийдсэн тохилог амины орон сууцтай айл өрх ердөө нэг хувийг эзэлж байгаа аж. 2013 оноос нийтийн орон сууцны ипотекийн зээлд ₮20.9 их наядын олгосон байна. Харин 2020 оноос одоог хүртэл орон сууцад 72 мянган айл оржээ. Түүнчлэн Улсын хэмжээнд 643 мянган өрх гэр хороололд амьдарч байгаа юм.

Одоогоор 55 мянган айл ипотекийн зээл хүлээж 2-3 жил болж буй. Үүнээс гадна нь орон нутагт амьдарч буй иргэд ипотекийн зургаан хувийн зээлд хамрагдаж чаддаггүй. Тэгвэл ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 10 хувийг нийслэлд, 10 хувийг аймаг, сумдад бие даасан болон хэсэгчилсэн дэд бүтэц бүхий амины орон сууцны зээлд зориулахаар УИХ-ын мөнгөний бодлогын тогтоолд тусгажээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button