Б.Янжинлхам: Урьд насандаа эдэлж хэрэглэж байсан бүхнээ энэ насандаа өөрөө хийж бүтээж байгаа

Сэтгэл нь тогтсон хүн үйл урладаг юм. Үйл урлана гэдэг зүгээр нэг утас зүү сүвлэж, даавуу арьс оёж, эдлэл бүтээхийг хэлдэггүй. Энэ бол сэтгэлээ тогтоож, бодлоо цэгцлэн, өөртэйгөө ярилцах нэгэн төрлийн бясалгал. Монголчууд “Хөх зүү хөндлөн барьдаггүй” хэмээн ярьдаг нь ч учиртай. Аливаад нямбай, тэвчээртэй, ухаалаг хандахыг сануулсан энэ үгэнд үйл урлахын цаана орших ухаан шингэжээ.
Зүү ороож, хээ угалз урлан суухдаа хүн зөвхөн эдлэл бүтээдэггүй. Амьдралаа эргэцүүлж, бодлоо цэгцэлж, сэтгэлээ засаж суудаг. Тиймээс үйл урлах нь гарын ур төдийгүй, сэтгэлийн ур юм.
Б.Янжинлхам ч энэ ухааныг өөрийн амьдралаар үргэлжлүүлж яваа нэгэн. Тэрбээр багаасаа монгол ахуй, өв соёлтойгоо ойр өсөж, өнөөдөр монгол гутал, бүс, даалин, хөөрөгний хавтага зэрэг уламжлалт эдлэлээ өөрийн гараар урлаж байна. Түүний хувьд энэ бүхэн зүгээр нэг хобби биш. Өвөг дээдсээс уламжилсан өв соёлоо өөрийн амьдралд шингээж, өөрийн гараар бүтээсэн зүйлээ өмсөж эдлэх хүсэл юм.
“Би урьд насандаа эдэлж хэрэглэж байсан бүхнээ энэ насандаа өөрөө хийж бүтээж байгаа юм шиг санагддаг” хэмээн ярина.
Б.Янжинлхам цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд энэ жил сургуулиа төгсөнө. Харин хичээл, ажлынхаа хажуугаар зүү ороож, арьсан дээр хээ урлан, монгол гутал оёдог. Сүүлийн гурван жил энэ ажилдаа илүү шамдаж, амьдралынхаа нэг хэсэг болгожээ.
Тэрбээр голдуу гутал, бүс хийж, тодорхой хэмжээний захиалга авдаг. “Ийм юм оёулмаар байна” гэж хүссэн хүнд аль болох сэтгэлээ шингээж, хамгийн сайнаараа урлахыг хичээдэг. Өөрийнхөө өмсөж, хэрэглэдэг эдлэл хэрэглэлээ ч өөрийн гараар бүтээх хүсэл түүнд багаас нь төржээ.

Түүний хамгийн анхны бүтээл бол зургаан жилийн өмнө өөртөө зориулан оёсон хөөрөгний хавтага. Одоо ч хэрэглэдэг эдлэл нь нэлээд элэгдэж, хуучирсан байна. Зүү ороосон эдлэлийг тэр бүр угааж болдоггүй учраас бага зэрэг халтарсан ч ойр ойрхон угаадаггүй гэнэ.
Өөрийн гараар бүтээсэн эдлэлээ өмсөж, эдэлнэ гэдэг түүний хувьд сэтгэлд өег сайхан мэдрэмж. Хэн нэгний хийж өгсөн зүйлээс илүүтэй өөрийнхөө хөдөлмөр, сэтгэл шингэсэн бүтээлээ хэрэглэж явахыг эрхэмлэдэг гэнэ.
-45 хоногт зүү ороож урласан 32 угалзтай монгол гутал-
Б.Янжинлхам энэ жилийн “Талын түмэн адуу” наадамд зориулан 32 угалзтай монгол гутал өөрийн гараар урлажээ. Есдүгээр сарын 1-ний өдөр сайн цаг харж, үйлээ эхлүүлсэн тэрбээр гутлаа 45 хоногийн хугацаанд оёж дуусгасан байна.
Хичээл, ажлынхаа хажуугаар оёдлоо хийдэг тул наадам дөхөх тусам хугацаа улам тулжээ. Эхэндээ өдөрт найман цаг унтдаг байсан бол сүүлийн өдрүүдэд нойроо хугаслан, дөрвөн цаг унтаж байж гутлаа гүйцээсэн гэнэ.
Наадам болохоос нэг, хоёр хоногийн өмнө гутлаа дуусгаад, тэр чигээр нь авч явжээ. Шинэхэн гутлаа өмсөөд наадамд оролцох мөч түүнд онцгой байв.
“Өөрийнхөө гараар оёсон гутлаа цоо шинээр нь өмсөөд наадамд гарсан. Их сайхан байсан” хэмээн тэр инээмсэглэн ярьлаа.

Б.Янжинлхам “Талын түмэн адуу” наадамд өнгөрсөн жил анх удаа оролцож, “Ганган морьтон” төрөлд хүч сорьжээ. Энэ жил хоёр дахь жилдээ оролцсон байна. Багаасаа морь унаж өссөн түүнд морь, адуу гэдэг хэзээнээс ойр дотно зүйл. Өвөө, эмээгийнхээ туслах болж, хөдөө хонь малд явж өссөн тэрбээр сүүлийн долоон жил хотод амьдарснаар мориноосоо хөндийрсөн байжээ. Харин өнгөрсөн жилийн наадмаас хойш морь унаж, адуутай ойр байх болсон гэнэ.
“Маш сайхан наадам болдог. Жилдээ нэг, хоёр өдөр цаг гаргаад очиход өөртэйгөө ижил хоббитой хүмүүсийн дунд байна гэдэг аягүй гоё шүү дээ” хэмээн тэр хэлэв.
“Ганган юм чинь, морь малд дуртай юм чинь…”
Б.Янжинлхамын урласан эдлэлүүд зөвхөн өөрийнх нь хэрэглээ төдийгүй, бусдын хүсэл сонирхлыг ч татдаг. Захиалгаар гутал хийлгэхээр ирсэн хүмүүс түүнтэй үнэ, төлбөрийн талаар ярилцахдаа мал, морь оролцуулан төлөх санал хүртэл тавьдаг байна.
“Ахаа, би энэ гутлыг таван саяар л оёж өгнө шүү” гэхээр “За тэг, ах нь урьдчилгааг нь шилжүүлчихье. Үлдсэнийг нь мал оролцуулан төлж болох уу, миний дүү. Ганган юм чинь, морь малд дуртай юм чинь ах нь чамд гангарааны морь өгье” гэдэг.
Түүний хувьд монгол хувцас, эдлэл хэрэглэл нь зүгээр нэг гоёл чимэглэл биш. Монголчууд эрт дээр үеэс тансаг хэрэглээтэй, агуу өв соёлтой ард түмэн байсан гэж тэр үздэг.
“Монголчууд хэзээ ч ядуу зүдүү байж үзээгүй гэдэг. Хятадууд Торгоны замаар монголчуудад зориулж шинэ торго үйлдвэрлэж, авчирч зардаг байсан гэсэн. Гэхдээ монголчууд эрт дээр үеэсээ ийм гоё, тансаг хэрэглээтэй байсан” хэмээн ярив.
Түүнийг зарим хүн “хэтэрхий тансаг хэрэглээ байна”, “хэтэрхий хатан шиг гоёчихсон” гэх мэтээр хэлдэг аж. Гэвч тэр ийм үгэнд нэг их эмзэглэдэггүй.
“Би урьд насандаа хийсэн буянаараа өнөөдөр ийм гоё зүйл хийж байгаа байх гэж бодож явдаг” гэсэн нь түүний бүтээлдээ хандах сэтгэл, өөрийнхөө сонгосон замд итгэх итгэлийг илтгэнэ.
Б.Янжинлхам өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөөдөө даалин өөрийн гараар зүү ороож сэтгэлээл шингээн урлаж өгсөн нь хэн хэнийх сэтгэлд үлдсэн нандин дурсамж аж. Эмээ нь түүний үсийг өдөр бүр хар цайгаар шавшиж, сүлжээд сургуульд явуулдаг байжээ. Хотод орж ирээд үсээ задгай тавьж эхэлсэн ч хожим буцаад сүлждэг болсон гэнэ.
“Үсээ тайруулъя гэхээр эмээ маань үсээ тайруулбал би чамайг танихгүй шүү. Чи миний хүүхэд биш шүү гэдэг байсан” хэмээн тэр инээв.
Түүний ярианаас өвөө, эмээгийнхээ дэргэд өнгөрүүлсэн бага нас, хөдөө өссөн амьдрал, монгол ахуйтайгаа холбоотой дурсамжууд нь өнөөдрийнх нь сонголттой салшгүй холбоотой нь анзаарагдана. Өөрийн гараар урлах дуртай болсон нь ч тэднийхээ дэргэд өссөнтэй холбоотой байж мэднэ.
Б.Янжинлхамын хувьд монгол хувцас, эдлэл хэрэглэлээ өөрөө урлана гэдэг өнгөрсөн үеэ санахын нэр биш. Харин өв соёлоо өнөөдөр амьд байлгаж, өөрийнхөө амьдралд үргэлжлүүлж буй хэрэг юм.
Сүүлийн жилүүдэд адуучин, хүлэгч эрсийн наадамд оролцох залуус монгол хувцас, эдлэл хэрэглэлээ бүрэн өмсөж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийг зорих болжээ. Б.Янжинлхам ч энэ сонирхол, хандлага нэмэгдэж байгааг анзаарсан байна.
Түүний хэлснээр, эрт цагт монгол эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ байсан эдлэл хэрэглэл өнөөдөр наадам, тэмцээнд оролцохдоо бүрдүүлдэг гоёл, өндөр шалгуурын нэг болжээ.
“Морин дээр жинс өмсөж хэзээ ч болохгүй. Эмэгтэй хүн гэхэд бүсэндээ хавтага, аяганы уут зүүнэ” хэмээн тэр ярив.
-Өөрийн гараар хийсэн бүтээлээ өмсөхөд сэтгэлд өег байдаг-
Монгол гутал, бүс, даалин, хөөрөгний хавтага гээд түүний урласан эдлэл бүрд өөрийнх нь цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл шингэсэн. Зүү ороож, хээ угалз урлахдаа тэр зөвхөн эдлэл бүтээж байгаа биш, өв соёлоо үргэлжлүүлж байна.
“Өмсөж зүүсэн бүх л эдлэл хэрэглэл, хувцас хунараа өөрийн гараар урлаж бүтээх хүсэлтэй байдаг. Өөрийн гараар хийсэн бүтээлээ өмсөхөд сэтгэлд өег байдаг хэмээн Б.Янжинлхам хэлсэн юм.
Түүний хувьд урьд насандаа эдэлж хэрэглэж байсан бүхнээ энэ насандаа өөрөө хийж бүтээж байгаа мэт санагддаг. Харин өнөөдөр өөрийн гараар урласан монгол гутлаа өмсөж, адууны тоосонд морин дээр давхихдаа тэр хүсэл нь биелж буй биз ээ.


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.