УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сонгож чадахгүй байгаа бол эмэгтэйчүүддээ боломж олгооч

33 жилд ганц эмэгтэй нэр дэвшигч байсан нь жижиг намаас "санал хуваах зорилготой" түлхсэн Н.Удвал байв

УИХ-ын арваннэгдүгээр сарын 19-ний чуулганаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлснөөс хойш улс төрийн намууд "Дараагийн Ерөнхийлөгчид хэнийгээ нэр дэвшүүлэх вэ" гэдэг өдрийн бодол, шөнийн зүүд болсон асуулттай тулгарав. "Юмыг яаж мэдэх вэ, би ч байх боломжтой" гэсэн чанадын санаа бодлоо өөрөөсөө ч нуудаг байснаа сая сонгуулийн хугацаа гэнэт наашлах болонгуут дэргэдэх нөхрөөсөө ч нуухаа өнгөрч ил цагаандаа гарцгаах шинжтэй.

Ерөнхий сайд Н.Учрал сонгуулийн товыг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө тогтооно гэчхээр хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2027 оны хоёрдугаар сараас цаад тал нь гуравдугаар сарын 19-ний хооронд болохоор байна. Юу юугүй сонгуулийн дохио хангинангуут эрх баригч МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Сангийн сайд асан Б.Жавхлан, Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр гурав хамгийн их магадлалтайд яригдахтай зэрэгцээд хэвлэлүүдээр гарсан мэдээлэл бүрийг бүртгэн, өөрсдийнх нь нэр орсон пост болгоныг шүүлгэж, түүгээр ч үл барам сэтгэгдэл, эможи нэг бүрийг ширхэгчлэн судалж бараг л "барометр" болгох нь холгүй сууна лээ. АН-аас Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, Д.Ганбат нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, намынхаа сонгон шалгаруулалтад оролцохоо мэдэгдсэн бол Намын дарга О.Цогтгэрэлийн нэр ч яригдаж буй.

Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийг үдэн гаргасны араас манай "Эгүүр ньюс" мэдээллийн агентлаг "Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшвэл дэмжих вэ" гэсэн санал асуулга явуулахад МАН, АН-гүй нэр дэвших боломжит хүмүүс нь багаа хэрхэн ажиллуулж, өөрсдийг нь дэмжсэн коммент бүр дээр эрхий гозойлгуулснаас харахад бэсрэг сунгаа шахуу юм болоотохсон.

National Opinion-ы судалгаагаар хамгийн өндөр рейтингтэй явж буй АН-ын Н.Алтанхуяг, МАН-ын Г.Занданшатар хоёр бусдыгаа "тоосоороо" даран хол тасарч, ард нь яваа Б.Жавхлан С.Амарсайхан нараас 4000 гаруй саналаар илүүрхэж байхад намын дарга О.Цогтгэрэл харин Лу.Гантөмөртэйгөө "баян ходоод"-д сүүл мушгиж, дундуур нь Д.Ганбат пөг пөг шогшуулсаар орж ирнэ лээ.

2016 оноос хойших МАН-ын засаглалын эрх мэдлийн хэт төвлөрөлд хил хязгаар болж, хяналт тэнцвэр нь болж, ард түмний дуу хоолойг төрд хүргэх учиртай сөрөг хүчин АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдоос МЭК-ийн судалгаагаар ч рейтинг өндөр байгаа Н.Алтанхуягийгаа чухам дэмжих юм уу, бусдаас нь сонгох уу харж л байя.

Парламентад суудалтай ХҮН нам Т.Доржхандыгаа дэвшүүлэх төлөвтэй ч өчигдөрхөн нэг нь "Манайх бол ард түмний санал асуулгаар нэр дэвшигчээ шийддэг нам" гэсэн бол ИЗНН-аас намын дарга Б.Батбаатар, Я.Санжмятав, Д.Одхүү нар горилж буй сурагтай. Тус намаас нэр дэвшихээ илэрхийлсэн философич С.Молор-Эрдэнийг үндэсний эсрэг үзэлтэн гэж цоллоод цагдан хорьсон бол намын дарга Б.Батбаатарыгаа дэд дарга нь саяхан АТГ-т шалгуулах ёстой гэж мэдээлэл хийгээд буй. Харин Үндэсний эвслээс МАК компанийн Б.Нямтайширын нэр дуулдаж буй ч Н.Номтойбаяр "Бид ярилцаж байгаад болно" гэсхийгээд өнгөрүүлсэн. Ингэхэд яагаад эмэгтэй нэр дэвшигчийн тухай аль ч нам, эвсэл дурдахгүй байгаа юм бол.

1993 оноос хойш Ерөнхийлөгчийн найман сонгуульд 20 гаруй хүн нэр дэвшсэний дунд ганцхан эмэгтэй байсан нь 2013 онд МАХН-аас өрсөлдсөн Н.Удвал. Түүнээс хойш дахиад 14 жилийн дараа ч Монголын улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо төрийн гурван өндөрлөгийн түвшинд яригдталаа сайжраагүй л байна.

126 гишүүний 32 нь эмэгтэй болсон сайн үзүүлэлт хэдий ч чанарт ахиц гарсангүй

Монголчууд бид хатан ухаан гэж ярьдаг хэрнээ төрийн бодлого, жолоог залуурдахад хүйсийн ялгааг чухалчилж үздэг хэвээрээ. 2024 оны сонгуулиар УИХ-ын 126 гишүүний 32 нь буюу 25.4 хувь нь эмэгтэй болсон. Өмнөх парламентад энэ үзүүлэлт 17.1 хувь байсныг бодоход дээрдсэн үзүүлэлэлт. 2024 оны сонгуульд 1336 хүн нэр дэвшсэний 519 нь эмэгтэй байв. Сонгогдсон 32 эмэгтэйн 24 нь намын жагсаалтаар, ердөө найм нь тойргоос УИХ-д орж ирсэн. Өөрөөр хэлбэл, жагсаалтын 48 суудлын тал нь эмэгтэйчүүдэд очсон бол сонгогчийн саналаар шийддэг 78 тойргийн суудлын арав орчим хувийг л авсан гэсэн үг.

МУБИС-ийн судлаач Н.Үүрийнтуяа 1992 оноос хойших сонгуулиудыг судлаад эмэгтэйчүүдийн оролцоог сонгуулийн тогтолцоо шийддэг гэж дүгнэсэн нь дээрх тойрог, жагсаалтын зөрүүнээс ч харагдахаар.

Угтаа квотын хэмжээ ч намуудын сайн дурын шийдвэр биш, хуульд тэгж өөрчлөлт орсон учраас л "албадлагаар" хийсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь 2023 онд чуулганы анхны хэлэлцүүлгээр олонх гишүүн 40 хувийн квотыг дэмжсэн ч эрх баригч МАН-ын бүлэг үүнийг 30 хувь болгож бууруулсан. Тухайн үед Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Эмэгтэйчүүд уг асуудлыг өөрсдөө дэмжээгүй. Гэхдээ бүлэг олонхоороо шийдэж" хэмээн тайлбарлаж байв.

Орон нутгийн сонгуулийн эмэгтэйчүүдийн квот 2012 оноос хойш өнөөг хүртэл 20 хувьдаа гацсан, хэрэгжилтийг нь хангах механизм сул байгааг үе үехэн л шүүмжилдэг. Улс төрийн намын тухай хуулиар намын удирдах байгууллагад аль нэг хүйс 40-өөс доошгүй хувьтай байх ёстой гэх хэдий ч өдгөө УИХ-д суудалтай таван нам, эвслийн тэргүүний нэг ч эмэгтэй биш л байна.

Эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох гуравхан удаагийн "оролдлого"

Монгол Улсад эмэгтэй хүн Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажилласан түүх үгүй. Төрийн тэргүүний сонгуульд ганц удаа эмэгтэй хүн нэр дэвшүүлсэн тохиолдол нь ч ердөө наймаа, тохирооны зорилготой байсан нь нууц биш.

2013 онд Эрүүл мэндийн сайд Н.Удвал МАХН-аас нэр дэвшиж 6.5 хувийн санал авсан бол тэр жил Ц.Элбэгдорж 50.23 хувийн саналаар дахин сонгогдож санасандаа хүрсэн түүхтэй. Учир нь МАН-аас нэр дэвшигч, дархан аварга Б.Бат-Эрдэнийн саналыг хуваах зорилгоор Н.Удвалыг "өгөөшинд" хаяж өгсөн байдаг болохоос эмэгтэй хүн Төрийн тэргүүн болж чадахгүйн нотолгоо энэ биш. Хэдийгээр жижиг намаас өрсөлдсөн ч гэлээ түүхэн үйл явдлын чухал оролцогч мөн бөгөөд МАН, АН хэмээх "ах намууд" өнөөг хүртэл эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх зориг зүрх нь хүрэхгүй яваа.

Тэгвэл 2021 оны нэгдүгээр сард ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, дотоод өрсөлдөөнд оролцохоо зарласан нь хоёр дахь оролдлого байв. Гэвч түүний хүсэл талаар болсон тул тавдугаар сард нь 29 жил хамт явсан АН-аасаа гарсан билээ. Одоо Ц.Оюунгэрэл УИХ-д суудалгүй Иргэдийн Оролцооны Нэгдэл намыг тэргүүлдэг.

Энэ оны хоёрдугаар сард ИЗНН-ын дарга Б.Батбаатар намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Гадаад харилцааны сайд асан С.Оюунд хоёр ч удаа тавьсан гэдгийг тус намыг байгуулагч нь өөрөө хэлсэн юм. Ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсны дүү С.Оюун Төрийн ордонд болсон нэгэн арга хэмжээний үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Би өөрийгөө нэр дэвшүүлэхгүй. Гэхдээ эмэгтэй хүн өрсөлдөхийг бол дэмжинэ" хэмээн ярьсан нь бий. Ямартай ч "Эмэгтэй хүн Төрийн тэргүүн байж яагаад болохгүй гэж" гэдэг үзэл санаа УИХ-д суудалтай жижиг намуудаас гардаг дуу хоолой тасраагүй байгаа нь сайн хэрэг.

Б.Батцэцэг, С.Одонтуяа, А.Ундраагаас эхлээд Төрийн тэргүүнд өрсөлдөх боломжтой кадрууд аль ч намд нь байна

"Чадвартай эмэгтэй нэр дэвшигч алга" гэсэн тайлбар бол одоо итгэл төрүүлэхээ больсон цаг шүү. Ерөнхийлөгчид нэр дэвших хүн 50 нас хүрсэн, сүүлийн таван жил эх орондоо байнга оршин суусан уугуул иргэн байх ёстой. Энэ болзлыг хангах эмэгтэй улстөрчид парламентад суудалтай намуудад бий.

МАН-д гэхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АН-д УИХ-ын дэд дарга асан, Байгаль орчны сайд асан С.Одонтуяа байна. Үндэсний эвсэлд физикийн ухааны доктор, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраа хэмээх кадр бий. Хэн энэ бүсгүйчүүдийг Ерөнхийлөгчид нэр дэвшиж болохгүй, Төрийн тэргүүний ажлыг хийж чадахгүй гээд байгаа билээ.

Эвслийн А.Ундраа гэхэд Монголын Ногоон намыг тэргүүлдэг бөгөөд УИХ-д суудалтай хүчний доторх цорын ганц эмэгтэй намын дарга бөгөөд Үндэсний эвсэл, ИЗНН хоёр "ногоон" чиглэлээрээ нэгдэж түүнийг дэвшүүлэхэд болохгүй гэх газаргүй. ХҮН намд эдийн засагч, стратеги судлаач Б.Мөнхсоёл нь, зохиолч Ч.Лодойдамбын зээ охин Л.Энхнасан нар ч насны болзол хангана. Гэвч тэдний хэн нь ч нэр дэвших сонирхлоо зарласангүй, улс төрийн намууд ч эрэгтэйчүүдийнхээ рейтингийг л судлуулаад байхаас эмэгтэй хүн байж болох тухай огт яриа үүсгэсэнгүй. Яагаад?

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За больж үз. Наад УИХГ авгай нар дунд чинь Еөк хийчих хүн нэг ч байхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button