Гадаад мэдээДЭЛХИЙ

Шэньжэньд дипломат нөлөөг харуулсан БНХАУ COP-д АНУ-ын үлдээсэн зайг нөхөхөөс татгалзлаа

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шэньжэнь хотод зохион байгуулсан Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) чуулга уулзалтаар улсынхаа дипломат нөлөөг дэлхий дахинд харуулсан.

Харин Шэньжэнь хотоос алс хол зайд, Туркийн Анталяа хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 31 дэх бага хурлын (COP31) үеэр Бээжин огт өөр байр суурь илэрхийллээ. Тус бага хурлалар БНХАУ “Та бүхний хайж буй манлайлагч бид биш” гэсэн мессежийг илэрхийлэв.

Өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцоос Вашингтоныг гаргасан. Тэр цагаас хойш COP-д манлайллын томоохон хоосон орон зай үүсээд байгаа юм. Үүнийг БНХАУ нөхөж, манлайллыг гартаа авна гэж олон улс найдаж байв. Бээжин 2028 онд болох COP33 бага хурлыг зохион байгуулах талаар судалж байгаа гэх мэдээлэл гарсан нь ийм хүлээлтийг нэмэгдүүлсэн юм.

Гэвч БНХАУ-ы COP33-ыг зохион байгуулахгүй байхаар шийдсэн гэж хоёр эх сурвалж энэ долоо хоногт хэлжээ. Мөн COP31-д оролцож буй Хятадын төлөөлөгчид өмнөх хурлуудын адил олны анхаарлаас хол, даруухан байр суурь баримталж байгааг хэлэлцээнд оролцсон дипломатууд болон ажиглагчид онцолжээ.

Зургийн эх сурвалж: CGTN

Хуралд оролцсон Вануатугийн Уур амьсгалын асуудал эрхэлсэн сайд Ральф Регенвану “Өмнө нь энэ чиглэлээр манлайлж байсан улс орнууд үүргээ биелүүлэхээ больсон одоо үед БНХАУ олон улсын дэг журам, хууль дээдлэх зарчмыг хамгаалагч болж байна. Тиймээс бид Хятадыг илүү идэвхтэй үүрэг гүйцэтгээсэй гэж хүсэж байгаа нь үнэн” гэж хэлсэн юм.

Талууд тохиролцоонд хүрч чадаагүй учраас хугацааг сунгаж явагдсан тус хуралд Хятадын төлөөлөгч нар олон нийтэд нээлттэй арга хэмжээнд бараг оролцоогүй байна.

Харин хаалттай хэлэлцээний үеэр БНХАУ-ын төлөөлөгчид хөгжиж буй орнуудын байр суурийг уламжлал ёсоор дэмжжээ. Тодруулбал, чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулж буй санхүүжилтээ нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлаа илүү хурдан бууруулах ёстой гэсэн шаардлагыг дэмжсэн байна. Гэхдээ чулуужмал түлшнийг үе шаттайгаар халах тодорхой зорилт тогтоохыг эсэргүүцсэн гэжээ.

Түүхийн хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтын ихэнх хувийг барууны орнууд ялгаруулж ирсэн. Харин өнөөдөр БНХАУ дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч орон болоод байна.

Гэхдээ нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад шаардлагатай нарны хавтан, салхин сэнс, цахилгаан машины үйлдвэрлэл, экспортын хэмжээгээрээ БНХАУ дэлхийд тэргүүлдэг.

Ногоон технологийн салбарт эзэлж буй энэ байр сууриа уур амьсгалын дипломат ажиллагаанд гүйцэтгэх үүргээ нэмэгдүүлэх хөшүүрэг болгох сонирхол Бээжинд бага байна. Шинжээчдийн үзэж буйгаар, БНХАУ-ын удирдлагууд ийм алхам хийх нь хүсээгүй үр дагаварт хүргэж магадгүй гэж бодож байгаа аж.

Тухайлбал COP буюу талуудын бага хурлыг зохион байгуулах нь Бээжин уур амьсгалын зорилтоо илүү өндөр түвшинд гаргах дарамт учруулна. Ийм алхам хийхийг Хятад дахь нүүрсний салбарынхан эсэргүүцдэг.

Мөн илүү том үүрэг хүлээснээр БНХАУ бусад оронд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тусалж өгдөг санхүүжилтээ нэмэгдүүлэх дарамт үүсэж магадгүй юм. Мөн Хятадыг хөгжиж буй орнуудтай ижил ангилалд авч үзэх нь зөв эсэх тухай маргаан дахин олны анхаарлын төвд орж магадгүй аж.

БНХАУ-ын засгийн газрын байр суурийг мэдэх нэгэн эх сурвалж хэлэхдээ, уур амьсгалын асуудлаар олон улсад манлайлагчийн үүргийг хүлээх нь ямар нэг давуу тал авчрахгүй гэж эрх баригчид үзэж байгаа гэжээ. Тэр эх сурвалж “Сэргээгдэх эрчим хүчний технологийн салбарт бид аль хэдийн дэлхийд тэргүүлж байна. Тэгвэл яагаад заавал энэ COP-ыг зохион байгуулах ёстой гэж. Төв засгийн газар ийм байр суурьтай байгаа” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button