Танилц: Энэ өвөл цаг агаар ямар байх вэ
2026 оны 12-р сараас 2027 оны хоёрдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.
12, 1, 2-р саруудын уур амьсгалын тойм:
Агаарын температур: Арванхоёрдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22...-30 хэм, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16 хэм, бусад нутгаар -16...-22 хэм
Нэгдүгээр сард: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Их нууруудын хотгороор -26...-32 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, тэрэлж голын хөндийгөөр -22...-26 хэм, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -12...-16 хэм, бусад нутгаар -18...-22 хэм.
Хоёрдугаар сард: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -22...-28 хэм, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -6...-12 хэм, бусад нутгаар -13...-21 хэм.
Хур тунадас: 12-р сард Увс нуурын хотгор болон Орхон, Сэлэнгийн сав газраар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм. Нэгдүгээр сард Увс нуурын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм. Нэгдүгээр сард Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог
-Улирлын урьдчилсан төлөв-
Арванхоёрдугаар сар: Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2026 оны 12-р сарын агаарын температурын урьдчилсан төлөв: Нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Нэгдүгээр сар: Агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутаг, Булганы зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна
Хоёрдугаар сар: Агаарын дундаж температур Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгэ, Төвийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна
Зөвлөмж: 12-р сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Харин 1 болон 2 дугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас 1 дүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, 2 дугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж, малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.