Залуучуудын дэлхийн аварга Т.Ариунзаяа: Аавынхаа дэвжээ дээр гаргаж чадаагүй амжилтыг охин нь гаргах болно
Найман настай охин жүдо бөхийн татами дээр хөл тавьж, 16 настай өсвөрийн дэлхийн аварга, 18 настай Залуучуудын дэлхийн аварга болов. 17 настай Монгол Улсын үндэсний шигшээ багийн босго алхаж, өсвөр болон залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдочин бол ОУХМ Тэрбишийн Ариунзаяа. Түүнд энэ амжилт амар ирээгүй, 10 жилийн турш заалнаас салалгүй бэлтгэл хийсний үр дүн.
Түүний аав Д.Тэрбиш чөлөөт бөхийн тамирчин байсан бөгөөд найман настай охиноо хөтлөн жүдо бөхийн замнал руу оруулжээ. Аавынхаа дэвжээ дээр гаргаж чадаагүй амжилтыг үзүүлж, 18 настай охин насанд хүрэгчдийн дэлхийн чансааны 11-р байрт бичигдэж хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпын аварга болох хүсэл өвөртлөн бэлтгэлээ хангаж байна. 15 настайгаасаа олон улсын тэмцээнүүдэд оролцож өдгөө 20 гаруй медаль хүртээд буй Монголын жүдо бөхийн ирээдүй Т.Ариунзаяатай ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Тэмцээн ахих тусам л илүү их зүйл сурч, сайжирч байна-

-Саяхан залуучуудын дэлхийн аваргад түрүүллээ. Ингэснээр өсвөр, залуучуудын дэлхийн аваргад хоёуланд нь түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо. Баярын сэтгэгдэл хуучраагүй "халуун" байгаа байх?
-Залуучуудын дэлхийн аварга болсондоо маш их баяртай байгаа. Өсвөрийн дэлхийн аваргаасаа ч илүү баярласан. Энэ ялалтаас олон юм сурч байна. Хурдан л гэртээ очиж аав ээждээ медалиа үзүүлмээр санагдсан. Өмнө тийм хүнд медаль авч байгаагүй болоод ч тэр үү. Дэлхийн дэвжээнд эх орныхоо тугийг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх тамирчин хүн бүрийн л хүсэл мөрөөдөл. Зорьсондоо бага ч атугай хүрээд л явж байна.
-Алтан медалийн төлөөх барилдаан үнэхээр огшоосон. Мэхний хурд, гүйцэтгэл, мэдрэмж үнэхээр гайхалтай. Бэлдсэн мэх байсан уу даа гэж харсан?
-Финалын барилдаанд Киргиз улсын бөхтэй таарсан. Өмнө нь бид хоёр хэд хэдэн удаа барилдаж байсан болохоор хэн хэнийхээ барилдааныг ерөнхийд нь мэднэ. Би хутгаж оноо авчхаад оноогоо хамгаалсан барилдаан хийсэн. Оноо алдсан, ялагдаж яваа учраас Киргизийн бөх дайрч ирнэ шүү дээ. Дайрч ирэхийг нь мэдэж байсан болохоор жаахан доошоо сууж байгаад яг дайрах агшинд нь таарч, тонгорсон. Мэх ч бодсоноор орсон.
-Та найман настайгаасаа жүдогоор хичээллэсэн юм байна лээ. Мэдээж хэн нэгэн чиглүүлсэн байж таарна?
-Намайг анх аав маань жүдо бөхийн босго алхуулсан. Миний аав чөлөөт бөхөөр барилддаг тамирчин хүн байсан. Тэгээд чөлөөт бөхийн дугуйланд оруулах гэсэн чинь нас арай болоогүй байсан учир жүдо бөхийг сонгосон. Анх олон улсын хэмжээний шүүгч Т.Энхцэцэг багш дээрээ ирж байсан. Багш маань надад хөдөлмөрч байхыг заасан. Одоо 10 дахь жилээ энэ спортоор хичээллэж байна. Би жүддоо маш их хайртай. Хүн дуртай зүйлээ хийхээрээ огт залхдаггүй юм байна. Улам л урам зориг аваад, бэлтгэл хийх хүсэл нэмэгдээд байдаг.
-17 настай Т.Ариунзаяа Монгол Улсын үндэсний шигшээ багийн босго алхсан. Чамлахааргүй амжилт шүү дээ. Түүнийгээ дагаад том хариуцлага байсан байх?
-Том болох тусам, өдөр хоног өнгөрсөн бүрд л бэлтгэл хийх цаг нэмэгддэг. Тэгэхээр хичээлдээ, гэр бүлдээ цаг гаргах, чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийх цаг багассан. Хичээл, бэлтгэл хоёрыг зэрэг авч явах жаахан бэрх. Аль алийг нь хоршуулаад, бүгдийг нь хийхийг хичээж байгаа. Миний амжилтаар Монгол Улсын нэр яригдах учраас мэдээж хариуцлага ирнэ.
-Боловсрол мэдээж чухал шүү дээ. Т.Ариунзаяа Их сургуульд оюутан болж орсон уу?
-Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийг төгссөн. Одоо Их Засаг их сургуулийн эрх зүйн, сэтгэлзүйч хосолсон ангийн нэгдүгээр дамжааны оюутан. Тэмцээн ихтэй үед хичээлдээ бүрэн сууж чадахгүй үе байна. Үүнийг манай сургууль сайн ойлгож, чөлөө өгч дэмждэг. Аль алийг нь хослуулаад орхилгүй явна.
-Залуучуудын Дэлхийн аварга болохын өмнө та насанд хүрэгчдийн чансааны 14-р байрт байсан. Одоо чансааны хэддүгээр байрт байна?
-Насанд хүрэгчдийн дэлхийн чансааны 11-р байрт бичигдэж байгаа. Залуучуудын тэмцээнүүдээс зөвхөн дэлхийн аварга дээр л насанд хүрэгчдийн чансааны оноо өгдөг. Сая түрүүлээд оноо нэмэгдэж, 14-р байраас 11-р байрт орсон.
-Эхний аравт бараг орж ирлээ. Та үеийнхнээсээ арай эрт дэлхийн дэвжээнд гарч байна шүү дээ. Маш том урам, ташуур авсан байх?
-Үеийнхнээсээ арай эрт дэлхийн томчуудтай барилдаж туршлага сууж байгаатай олзуурхаж байна. Багаасаа олон тэмцээн үзсэн. Олон улсын тэмцээнүүдэд ч цөөнгүй ордог байсан маань том туршлага болсон. Цаашдаа дэлхийн хэмжээний барилдаануудад илүү туршлагатай барилдана. Тэмцээн ахих тусам л илүү их зүйл сурч, сайжирч байгаа.
-Та найман настайгаасаа барилдаж эхэлсэн. 10 дахь жилээ барилдаж байна гэхэд хилсдэхгүй биз. Өдий хүртэл Т.Ариунзаяагийн ард аав нь байсан?
-Мэдээж аав, ээж, өвөө, эмээ, гэр бүлийнхэн маань. Аавын найзууд, ээжийн найзууд гээд ойр дотны бүх хүн дэмжиж тусалдаг. Би Хилийн цэргийн 0208 дугаар ангийн "Хилчин" спорт хороонд харьяалагддаг. Манай хилчид, клубийн багш нар гээд маш олон хүний хөдөлмөр бий. Тэднээсээ урам зориг авдаг учраас итгэлийг нь алдахгүйн тулд илүү их хичээж, бэлтгэлээ тууштай хийж байгаа. 18 настай Т.Ариунзаяаг Дэлхийн аварга болоход ард нь асар олон хүний хайр, хүч хөдөлмөр байсан.
-Таны аав чөлөөт бөхийн тамирчин хүн байсан. Аавынхаа дэвжээ дээр гаргаагүй амжилтыг охин нь гаргахад маш их баяртай байгаа байх?
-Манай аав чөлөөт бөхийн тамирчин хүн байсан. Миний гараас хөтөлж анх жүдо бөх рүү оруулсан. Мэдээж тамирчин байх хугацаандаа олимп, дэлхийн медаль авахыг, өсвөр, залуучуудын дэлхийн аварга болохыг хүсдэг байсан байх. Тэгж чадаагүй ч гэсэн охин нь өсвөр, залуучуудын дэлхийн аварга боллоо. Цаашлаад насанд хүрэгчдийн дэлхийн аварга болох зорилготой. Тэрнээс ч том зорилго өөд явна. Аав "Миний охин сайн байгаа, чи чадна" гэж үргэлж дэмждэг. Аав минь "тамирчин хүнд хамгийн чухал нь сахилга бат" гэж хэлдэг. Идэж байгаа хоол, унтаж байгаа цаг гээд өдөр тутмын жижигхэн зүйлээс л сахилга бат эхэлнэ.
-Зарим хожигдол хүнийг илүү хурцалж өгдөг. Ялагдаж үзэх хэрэгтэй санагдсан-

-Хүмүүс 18 настай охин гэнэт гарч ирээд л дэлхийн аварга болчихлоо гэж харж байгаа байх. Гэтэл цаана нь найман настайгаас эхэлсэн 10 жилийн хөдөлмөр бий шүү дээ?
-Жаахан байхдаа бэлтгэл хийхийг зүгээр л байдаг юм шиг хүлээж авдаг байсан. Одоо бодоход их багадаа бэлтгэл хийж эхэлсэн юм байна. Спортоор багаасаа хичээллэхээр хатуужилтай болж эрт биеэ даадаг. Спортоос авах зүйл маш их. Хүүхдүүд спортоор хичээллэснээрээ хэзээ ч харамсахгүй. Жүдо бөхөөр хичээллээрэй гэж хэлье.
-2025, 2026 онуудын ААШТ, энэ оны их дуулга, Азийн наадмуудаас мөнгөн медаль хүртсэн. Алтан медалийн төлөө маш ойрхон барилдаж ялагдал хүлээсэн. Хэдий мөнгөн медаль хүртсэн ч дутуу мэт мэдрэмж авч байв уу?
-Алтан медалийн төлөө барилдаад хожигдох тамирчин хүнд хэцүү шүү дээ. Байнга мөнгөн медаль аваад байхаар сэтгэл жаахан дундуур байсан. Гэхдээ "чамлахаар чанга атга" гэдэг дээ. Ер нь бол тэмцээнээс тэмцээний хооронд л туршлага суудаг юм байна. Алдаж байж л ухаарна гэдэг шиг.
-Шууд л өсвөрийн дэлхийн аварга болчихгүй шүү дээ. Миний санахаар та өсвөрийн ДАШТ-ээс нэг удаа "мултарч" байсан. Тухайн үед ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Нэг биш, хоёр удаа "мултарч" байсан. Хожигдсон хэцүү байсан үе зөндөө бий. Алт авна гэж явчхаад хожигдоод ирэхээр өөрт ч хэцүү, "ээж, аав хоёр яаж байгаа бол" гэж бодоод хөндүүртэй. Бэлтгэл хийлгэсэн багш нарт ч хэцүү. Спортод тийм үе байдаг л даа. Энэ чинь спорт шүү дээ. Ялж ялагдана.
-Тэр үеийг яаж давдаг вэ?
-Давах гэхээс илүү хойшоо татаад байгаа зүйлтэйгээ зууралдахын оронд "Дараагийн тэмцээндээ үзүүлээд өгье. Дахиж энэ мэдрэмжийг авахгүйн тулд бэлтгэлээ илүү сайн хийе гэж боддог. Хожигдож ирчхээд нэг хэсэг л хэцүү байдаг. Зарим хожигдол хүнийг илүү хурцалж өгдөг. Тэр мэдрэмжийг дахиж авахгүйн тулд "Харамсахгүй барилдаан хийе" гэж бодоод гардаг. Тамирчин хүн хожигдож сурах хэрэгтэй санагдсан. Ялагдаагүй бөх ховор шүү дээ.
-Таны олон улсын тэмцээнийг медалийг тоолох гээд чадаагүй. 20 нэлээн гарах байх. Тэмцээнүүдэд тамирчид өөрийн зардлаараа явах тохиолдол цөөнгүй. Таны гэр бүлийнхэн үнэхээр бүх зүйлээрээ таныг дэмжсэн байна гэж би ойлголоо?
-Саяын залуучуудын дэлхийн аваргад ч гэсэн тамирчид өөрсдөө зардлаа гаргаж явсан. Перугийн өсвөрийн дэлхийн аваргад явахдаа ч мөн тэгсэн. Тэмцээнд явахад зардалд нь жаахан ч гэсэн нэмэр болбол тамирчин хүнд үнэхээр гоё байдаг. Хүн дэмжлэг авахаар бэлтгэлээ хийхдээ ч илүү урам зоригтой байдаг. Гэр бүлээрээ зардлаа гаргуулчхаад ялагдаад ирэх мэдрэмж маш хүнд. Тиймийн тулд ялагдах эрхгүй гэж л дэвжээ дээр гардаг. Ямар ч медалгүй ирж байсан үе надад цөөнгүй бий. Тамирчдыг дэмждэг хүмүүс олон байгаасай л гэж боддог. Тэр тусмаа залуу тамирчдыг.
-Шигшээ багийн хамгийн отгон нь та байгаа байх. Ах эгч нараасаа маш их зүйл сурч байна уу?
-Шигшээ багт эгч нар, ах нарынхаа хажууд бэлтгэл хийгээд, туршлагатай хүмүүсээс суралцаж байгаа. Манай багийнхан нэгнээ их тусалж, дэмждэг. Л.Энхрийлэн эгч надад маш олон зүйл зааж, зөвлөдөг. Өөрөө ч "галзуу", зоригтой, урамтай барилдаантай. Нэр дурдвал олон байна даа.
-Тамирчин хүнд зорилго байдаг. Таны ойрын болон холын зорилго юу вэ?
-Ойрын зорилго гэвэл долоо хүрэхгүй хоногийн дараа Токиогийн гранд сламд явах гэж байгаа. Энэ онд нэг, хоёр тэмцээн үлдсэн. Тэрэндээ амжилттай оролцоод, энэ жилийг гоё дуусгамаар байна. Алсын зорилго гэвэл мэдээж насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олимпын аварга болох. Зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар явж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.