НИЙГЭМНийгэм мэдээ

Аргалж боломгүй Д.Алтанцоож заан цолтой анхны түрүүгээ хүртэв

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдааны их шөвөгт Хан Хэнтий болон Холын цэнхэр Ховд нутгийн бөхчүүд хүч үзлээ. Түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын заан Д.Алтанцоож тодорлоо. Тэрбээр тус барилдаанд анх удаа түрүүлж байгаа бөгөөд Монгол бөхийн өргөөнд заан цолтой анхны түрүүгээ хүртэв.

Үзүүр бөхөөр мөн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд шалгарлаа. Нэлээд хугацаанд үндэсний бөхөөр барилдаагүй тэрбээр энэ жилийн Улсын баяр наадамд шөвгөрч эргэн ирснээ зарласан. Түүнийг "байгалиас заяасан өгөгдөл, мэдрэмж, авьяастай" гэж бөхийн хүрээнийхэн ярьдаг. Төрийн наадамд хоёр удаа түрүүлж үзсэн тэрбээр учраа бөхөө хаяад туг өөд хурд авч гүйгээд эхлэхээрээ хэнд ч дийлдэггүй гэдгийг бөх сонирхогчид андахгүй.

Улс тунхагласны баярын барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум долоон түрүү хүртлээ. Үүний зургаан түрүүг цагийн эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ хүртэж байв. Харин долоо дахь түрүүг түүний шавь, залгамж халаа Д.Алтанцоож хүртлээ. Энэ жил "Хан Хэнтий аварга" бөхийн дэвжээний бөхчүүдэд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зааж зөвлөж, хамт бэлтгэл хийж буй. Түүний үр шим, нөлөө эхнээсээ гарч Хан Хэнтийн арслан, заан хоёр чансаа өндөр 128 бөхийн барилдаанд үзүүр, түрүү булаалдав.

Улсын заан Д.Алтанцоож долоо даван түрүүлэхдээ,

  • Нэгийн даваанд Хэнтий аймгийн начин Б.Боорчи,
  • Хоёрийн даваанд Булган аймгийн арслан С.Жавхлан,
  • Гурвын даваанд Улсын харцага Э.Ууганбаяр,
  • Дөрвийн даваан Улсын харцага Б.Цэдэнсодном,
  • Тавын даваанд Улсын заан Д.Хүдэрбулга,
  • Зургаагийн даваанд Улсын арслан Б.Бат-Өлзий,
  • Долоогийн даваанд Улсын арслан Э.Оюунболдыг давсан.

Тэрбээр барилдааны дараа өгсөн ярилцлагадаа "Өглөө гарахдаа дээшээ барилдаж түрүүлэх зорилготойгоор энэ өдрийг хүндэтгэж, улсын зааны тэмдгээ зүүгээд ирсэн. Энэ намар бэлтгэлдээ хожуу орсон. Одоо бол бэлтгэл жигдрээд сайхан болж байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ багш маань энэ барилдаанд зургаан удаа түрүүлсэн байсан. Миний бие долоо дахь түрүүг нь авлаа. Өмнөдэлгэр сумын хоёр бөх үзүүр, түрүү булаалдлаа. Улсын арслан Э.Оюунболд ахтайгаа үнэн шударга барилдлаа" хэмээсэн юм.

Д.Алтанцоож аймгийн хурц арслан цолтой байхын л "тунааны бөх" байлаа. Аргалж боломгүй түүнийг "авах" бөх цөөн. Даруу төлөв зангаараа ямагт үлгэрлэдэг түүнд заан цол хачин сайхан зохижээ. Хан Хэнтий нутгийнхан түүнийг дараагийн төрийн наадмын түрүү бөхөөр сойж буй. Түүнд ч түрүүлэх боломж бүрэн бий.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button