16 настнууд Монгол Улсын иргэний андгай өргөлөө

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол” Ерөнхий сайдын ивээл дор 24 дэх жилдээ орон даяар боллоо.
Арга хэмжээний үеэр шилдэг 16 хүүхдэд иргэний үнэмлэх, батламж гардуулж, урлагийн тоглолт толилуулсны зэрэгцээ хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэхүйн илтгэл тавьжээ.
Улсын хэмжээнд 2026 онд нийт 66,262 хүүхэд, залуу 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах юм. Энэхүү тэмдэглэлт өдөр тэдний төлөөллийг оролцуулсан Андгай өргөх ёслолыг орон нутагт аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Монголын Залуучуудын Холбооны салбар байгууллагууд хамтран нэгэн зэрэг зохион байгууллаа. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин суугаа 16 нас хүрч буй Монгол Улсын иргэдэд иргэний үнэмлэхийг нь гардуулсан байна.
2002 оноос Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулж буй тус ёслол нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээ, үндэсний үзлийг төлөвшүүлэх, төрт улсаа дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлах, түүх, соёл, уламжлалаараа бахархах үзлийг дэмжих зорилготой аж.
Д.МАРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.