Редакцийн зурвас: Эх орон, эрх чөлөөний үнэ цэнийг сэрж мэдрэх өдөр
Үндэс угсаа, үүх түүх, хэл соёл, эх орныхоо “хил хязгаар”-аас цааш бид хэн сэн билээ? Өнөөдөр өнийн жилүүдийн гашуун үнэнийг түүх болгон бичиж, өнөд эрхэмлэх “тусгаар тогтнол”-ын галыг манасан өдөр.
Эдүүгээгээс 102 жилийн өмнөх арваннэгдүгээр сарын 24-нд монголын ард түмэн анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий даяар бүрэн эрхт, бие даасан улс гэдгээ албан ёсоор зарлан тунхаглажээ. Дэлхийн дайдад бадарч явсан Чингисийн Монгол түүхийн буурал нугачаанд сөхөрч яваад дахин боссон монгол төрийн шинэ түүх, монгол хүний “шинэ өглөө” ингэж эхэлсэн юм. Өнөөдрийн “Монгол Улс”-ыг бүрэн бүтэн үлдээх гэж яс цуурам дарлалыг сөрж, он цагийн хүйтэн салхийг өвч биеэрээ зүссэн нь бидний өвөг дээдэс.
Өнөө XXI зууны Монголд тусгаар тогтнолын үнэ цэн одон медалийн жингэнэх чимээнд даруулж, ордныхны улстөрийн уралцаанд дүлийрч байна. Улс оронд эрх мэдэлтнүүд гүйдлээ олохгүй бужигнаж, өвөр зуураа тэмцэлдсэнийх нь горыг ард олноороо үүрч явдаг болов. Төрийн тогтолцооны гажуудал нь хүндээ юм уу, хуульдаа юм уу гэдгийг ялгахаа байтал үгнээс үнэн нь олдохгүй, үйлдлээс зөв нь харагдахгүй болжээ.
Угтаа бидний төлөөлөл болон төрийн эрх барьж буй хүмүүс “эх орон”-оо элэг зүрхний гүнээс эрхэмлэн шүтэж, алба үүргээ хариуцлагатай хаших ёстой атал энэ жил тусгаар тогтнолынхоо өдрөөр “Ерөнхийлөгчгүй”, цаашдын өдрүүд хэрхэх нь бүрхэгдүүхэн улс төрийн амаргүй нөхцөл байдалтай сууж байна. Халх Нөмрөгийн дархан цаазат газраа шатаалгачхаад дуугарах нь ч бас ховор л байна. Энэ бүхэн төрийн ч, зон олны ч дуу нэгтэйхэн шаардах асуудал мөн.
Ер монголчууд маргаашдаа итгэл алдарч байгаагүй. Хэрэв итгэл алдарч байсан гэмээнэ одоогийн бүрэн эрхт, тусгаар тогтносон, ардчилсан эрх чөлөөт эх орон үгүй биз. Энэ цаг дор 2002 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол болж, 16 нас хүрч буй энхэр үрс “тангараг” өргөнө. Ядаж ийн утгаараа төрийн түшээд “маргааш”-даа нүүр бардам явахыг хичээх нь зүйд нийцэм хэрэг мэт санагдах.
Үнэн хэрэгтээ “Улс тунхагласны баяр”-аар бөх барилдаж, одон гардуулахаас өөр олон зүйлийг хийж болох ч бид туулж ирсэн өдрүүддээ бас хэт дасжээ. Цахим ертөнцийн хамаарал анхаарал төвлөрлийг сааруулж, хүмүүс “утга учир”-ын эрэлд гарах болсон ийм үед наанадаж энэхүү баярыг амраад л өнгөрдөг эсхүл гай мэт хүлээн авахгүй ийм эрх чөлөөний төлөө эгнэгт тэмцсээр ирсэн монголын хойч гэдгийг санаж сэрэх боломж өгөөсэй. 102 жилийн өмнөх эл өдөр төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд очихоор болж байсан бол 102 жилийн дараах эл өдөр төрийн эрх мэдэл яг хэний "гар"-т байгааг ч ойлгохооргүй болсон нь даанч тохуутай боловч худал гэх аргагүй.
Цагаан сараар бол төрөл садан, ахмад буурайнхаа мэндийг мэднэ, наадмаар бол дэлхийд ганцхан гэж омогшино. Тэгээд хамгийн гол Монгол төр, Монголын ард түмний хувь заяаны түүхэн өдрийг бид хэрхэн өнгөрүүлж байна вэ гэдгийг эргэцүүлэн бодох цаг иржээ. Эх оронтой байхын сайхан гэдэг эрх чөлөөтэй байхын, энэ тэнгэрийг, энэ газар шороог “минийх” гэж өмчилж болдгийн үлгэр. Зарим иргэд улс тунхагласны баярын өдрөөр “амрах”-ыг дэмждэггүй. Буйдан дэрлэж нэг өдөр хэвтлээ гээд үнэ цэнийг нь ухаарахгүй, тэр үнэ цэн яаж бий болсныг сэрж сэхээрэхгүй гэдэг.
Тэгвэл АНУ-д л гэхэд Үндсэн хуулиа баталсан өдрөөр улсын сургуулиудад нь Үндсэн хуулийн тухай мэдлэг боловсрол олгох хичээл орж, эрдэмтэн судлаачид, хуульчид болон эрх бүхий албан тушаалтнууд бусдад мэдлэгээ түгээх арга хэмжээнд өргөнөөр оролцдог аж.
Бидэнд нэг талаараа тийм зүйл ч дутаж байна шүү дээ. Хуруу даран тоолон хүлээх амралтын өдрөөс өөрөөр, цээжилсэн он сар өдрийн угт орших эх орон, ард түмний тэмцэл, хүсэл сэтгэлийн “дууллыг тунхаглах” өдөр байгаасай гэж хүснэ.
Амьдрал хааяа эх орон, үндэс угсаа, үүх түүхээрээ бахархах завгүй хөвөрдөг. Яг өнөөдөр түрхэн зуур ч болтугай амсхийн түүхээ сөхөж, онож төрсөн заяандаа талархах өдөр мөн байна. Монголын зоригт түмний тэмцэл, хөдөлмөрөөрөө хожмын үрсдээ үлдээсэн тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ухаарч, эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн иргэн байх, ирэх цагийн өмнө “нуруу цэх, толгой өндөр” оршихын үнэ хүндийг мэдрэх нь чухаг байна.
"Ихэд эрхэмлэж явтугай хэмээн эрх чөлөө, тусгаар тогтнолыг Та нартаа захиж үлдээв" хэмээх маршал Х.Чойбалсангийн үгийг энэ өдөр монгол хүн бүр санаж сэрээсэй.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.