Судалгаа: Дэлхийн дулаарал дараагийн Мөстлөгийн үеийг зогсоов уу
Хоёр мянга орчим жилийн өмнө Канадын хойд бүсэд орших асар том мөсөн бүрхүүл хэмжээгээрээ тэлж эхэлжээ. Тэрхүү мөсний хуримтлал дараагийн мөстлөгийн үеийн эхлэл байсан байж магадгүйг нэгэн шинэ судалгаа харуулжээ. Гэвч 1960-аад оны үед зуны температур нэмэгдсэнээр мөсөн бүрхүүл нэмэгдэхийн оронд хайлж эхэлсэн байна.
Судалгааны үр дүнгээс үзэхэд дэлхийн дулаарал эхэн үедээ байсан мөстлөгийн үеийг тасалдуулсан байж магадгүй аж. Колумбын их сургуулийн Дэлхийн ажиглалтын төвийн геохимич Николас Янг “Бүх зүйл хэвийн үргэлжилж, дараагийн мөстлөгийн үе эхлэх гэж байсан. Гэтэл энэ үйл явц зогсжээ. Энэ бол хүмүүс дэлхийн уур амьсгалын тогтолцоонд хэрхэн хүчтэй нөлөөлж байгааг харуулсан маш тод жишээ юм” гэж хэлжээ.
“Science” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаагаар Янг болон Дэлхийн ажиглалтын төвийн геохимич Йорг Шефер нарын ахалсан баг Канадын Лорентидийн мөсөн бүрхүүлийн түүхийг судалсан байна. Энэ асар том мөсөн бүрхүүл нь 95,000-20,000 жилийн өмнө Канад болон АНУ-ын хойд хэсгийн ихэнх нутгийг бүрхэж байсан аж.
Оргил үедээ Лорентидийн мөсөн бүрхүүл Хойд туйлын тойргоос эхлэн өмнө зүгт Иллиной муж хүрч, зарим газарт мөсний зузаан нь 3.2 км давж байжээ. Уур амьсгал дулаарсны улмаас тус мөсөн бүрхүүлийн ихэнх хэсэг хайлж алга болсон ч нэг хэсэг нь одоо хүртэл хадгалагдан үлдсэн юм.
Барнсын мөсөн бүрхүүл гэж нэрлэгддэг тэрхүү үлдэгдэл нь Канадын Нунавут мужийн Баффин арлын төв хэсэгт оршдог. Судалгааны баг Барнсын мөсөн бүрхүүл хайлж, ухрах явцад ил гарсан эртний ургамлын үлдэгдлийг шинжилжээ. Мөн сүүлийн жилүүдэд ойр орчмын бүс нутагт хайлсан жижиг мөсөн бүрхүүлүүдийн доор байсан ургамлын үлдэгдлийг судалгаандаа ашигласан байна.
Эдгээр дээжид үндэслэн эрдэмтэд мөсөн бүрхүүл хэдэн мянган жилийн хугацаан хэрхэн өөрчлөгдсөнийг тогтоох боломжтой болжээ.
Судалгааны үр дүнгээр Лорентидийн мөсөн бүрхүүл ойролцоогоор 3,000 жилийн өмнө хамгийн бага хэмжээндээ хүрсэн байна. Харин 2,000 орчим жилийн өмнөөс температур буурч, мөс дахин тэлж эхэлжээ. Янг болон түүний баг үзэж буйгаар дахин тэлж эхэлсэн үйл явцыг дараагийн мөстлөгийн үеийн эхлэл гэж үзэх ёстой аж.
Тэдний судалгааны үр дүн нь өмнөх судалгаануудын үр дүнгээс ялгаатай байна. Өмнөх судалгаануудыг уур амьсгалын өөрчлөлтөд суурилан явуулжээ. Тэдгээр судалгаанууд дараагийн мөстлөгийн үе хэдэн мянгаас олон арван мянган жилийн дараа эхэлнэ гэж тооцоолж байсан юм.
Эрдэмтдийн байр суурь зөрж буй гол шалтгаан нь мөстлөгийн үе эхэлснийг хэрхэн тодорхойлохтой холбоотой. Асар бүхэл бүтэн тивүүдийг мөс бүрхэхэд л мөстлөгийн үе эхэлсэн гэж үзэх бус, мөсөн бүрхүүл удаан хугацаанд тогтвортой тэлж эхэлсэн үеийг мөстлөгийн эхлэл гэж үзэх хэрэгтэй хэмээн Янгийн баг санал дэвшүүлжээ. Ийм тодорхойлолтоор авч үзвэл мөстлөгийн үе аль хэдийн эхэлсэн байсныг цаг уурын өөрчлөлт зогсоосон байж магадгүй аж.
Эх сурвалж: Science Daily













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.