Тийм ээ, "Хайр нь арыг нь даана"

Дуу хөгжим бидний зол баяр, уйтгар гуниг, ганцаардлыг хуваалцах нь, зарим үед хэн хүнээс илүү “хань бараа” болох нь бий.
Тийм нэгэн дуунуудаар өрөөлийн сэтгэлийг ч аргадаад тэнгэр тэлж одсон нь гитарчин, дуучин Ганбаатарын Ганхуяг (Ганг) билээ. Түүний гэргий дуучин Д.Дэлгэрцэцэг (Daisy) хайртынхаа дурсгалыг хүндэтгэсэн “Халамцуу салхи- Tribute to GANG” тоглолтыг зохион байгуулсан юм. Тэр хайрыг дуулж байна, хайртдаа зориулан дуулж байна. Энэ бүхэн яг л “Хонин нүдэн цэцэг”-ийн бэлгэдэл шиг гэмгүй ариун юм.
Зарим хүмүүс энэ хорвоогоос явсан ч үргэлжлүүлэн бидний хайранд, бидний зүрх сэтгэлд “амьдарсаар” байдаг. Ганг, Дэйзи хамтдаа уран бүтээл туурвиж, хайрлан гэрэлтэж, тэд хамтдаа өөрсдийн гэсэн дуу хөгжмийн ертөнцийг бүтээсэн билээ.
Дуучин Д.Дэлгэрцэцэгийн дуу хоолойгоор сонсогчдын зүрхэнд хүрсэн “Дурлал юу хүснэ вэ” уран бүтээл залуусын сэтгэлийн хөг эгшиг, тэдний гэгэлгэн үеийн “нар” шиг ая дан болсоор байгаагийн хувьд түүнээс шинэ бүтээлийг нь хүлээдэг хүн олон. Тэгвэл дуучин Д.Дэлгэрцэцэг гэж хэн сэн билээ? Тэр бол рок альтернатив урсгалаар уран бүтээл туурвидаг Монголын цөөн эмэгтэй дуучдын нэг.
Тэрбээр урлагийн гэрэл гэгээ дүүрэн гэр бүлд өссөн нь урлагт хайртайнх нь шалтгаан болсон хэмээн ярьж байжээ. Дунд сургуульд байхаасаа л гитар тоглодог, хөгжимд дуртай хүүхэд байсан агаад жүжигчний мэргэжил эзэмшсэн. Түүний хувьд амьд хөгжмийн хамтлагтай болох мөрөөдлөө биелүүлж, 2005 онд “Сансара” хамтлагийг байгуулж байв. Мөн түүний уран бүтээлийн гараа “Madness” хамтлагтай салшгүй холбоотойг дуу хөгжимд дурлагч хэн бүр мэдэх билээ.
Сониучхан шохоорхлоор эхэлсэн Ганг Дэйзи нарын холбоо найзын холбоогоор өрнөж, хайраар үргэлжин хоёул “дөрвөн үрийн аав ээж” болжээ. Амьдрал хэцүү үедээ хэцүү байсан ч “дуу хөгжим”-өө тэд орхиогүй. Хамтдаа “Ганг рекордс”-ыг байгуулж, өөрсдийн үзэл бодол, зарчимдаа л үнэнч явсан аж. Д.Дэлгэрцэцэг охидынхоо талаар дурдахдаа “урлагийн хүн болвол сайн л биз” хэмээжээ.
Хүн хүнийхээ зүрхэнд урлагаар дамжин оршиж, бас "өөрийнхөөрөө" л хайрлагдаж болдгийг энэ хүндэтгэлийн тоглолтоор хайрт нь бидэнд ахин санууллаа.
Дуучин эр зоригтой, “үнэн” байдагт нь дуу хөгжимд дурлагсад хайртай. Хүсэл мөрөөдлөөрөө холбогдсон хүмүүс хаана хүртэл явж болдгийг тэдний амьдрал хайрын түүхээс харж болно. Ганг түр гарсан, удахгүй ороод ирнэ гэх шиг, он жилүүдийн хүйтэн шуурга байсан ч “халамцанхан туулна” гэх шиг “хайр”.
Гангийн “Зөрлөг” киноны “Дурлал юу хүснэ вэ”, “Миний муу аав” киноны “Халамцуу салхи”, “37-р точка” цувралын “Өөрөөсөө урвахгүй”, “Зочин”, “Хайр нь арыг нь даана” гэх мэт олон дуу өнө удаан жил дуулагдсаар байх нь дамжиггүй.
Д.ГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.