НИЙГЭМ

Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын талаар санал солилцлоо

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-ны дарга Дэвид П.Камминс болон ТАБЗ-ны Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ази, Номхон далайн бүсийн захирал Стефани Мецгер нартай уулзлаа.

Уулзалтаар Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд нисэхийн аюулгүйн хамгаалалтыг бэхжүүлэх, нисэх буудлын аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр санал солилцлоо. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол, АНУ-ын стратегийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг онцоллоо. Энэ хүрээнд иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог олон улсын стандарт, шаардлагад нийцүүлж, АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээгээр 1 дүгээр ангилалд хүрэхийг зорьж байгааг тэмдэглэлээ.

Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа 2021 оноос нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээр хамтран ажиллаж, “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын аюулгүйн хамгаалалтын үйл ажиллагаанд үе шаттай үнэлгээ, шалгалт хийж ирсэн. Талууд 2024 онд аюулгүйн хамгаалалттай холбоотой эмзэг мэдээлэл солилцох гэрээ байгуулсан. Монголын тал 2025 оны иж бүрэн үнэлгээгээр өгсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлснийг 2026 оны наймдугаар сарын давтан шалгалтаар тогтоожээ. Мөн АНУ-ын Засгийн газрын 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд рентген төхөөрөмж, хүний биед аюулгүйн үзлэг хийх сканнер, тэсрэх бодис болон металл илрүүлэх төхөөрөмж зэрэг нийт 24 тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөжээ.

Мөн АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн 2.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Нисэхийн аюулгүй байдлын стандартын техникийн тусламж” төслийг “Викс” групптэй хамтран хэрэгжүүлж байна. Төсөл 2026 оны тавдугаар сараас эхлэн 18 сарын хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн байна.

Талуудын хамтын ажиллагааны хүрээнд нисэхийн аюулгүйн хамгаалалтын хяналтын байцаагч, аюулгүйн үзлэгийн шалгагч, инженер, техникийн ажилтнуудад зориулсан сургалтыг үе шаттай зохион байгуулах тухай хэлэлцлээ.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button