НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

Хүүхдийн эрхийг хойш тавьж, хаврын уралдааныг урагшлуулах уу

Хаврын морин уралдааныг сэргээх тухай хуулийн төслийг хэлэлцэхэд хүүхдийн эрх, үндэсний өв соёлын асуудал дахин хөндөгдлөө. Уралдааныг дэмжигчид уламжлалаа хадгалах, уяачдын эрхийг хамгаалах тухай ярьж байгаа бол эсэргүүцэгчид хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах ёсгүйг сануулж байна. Харин энэ маргааны дунд хүүхдүүд өөрсдөө ямар байр суурьтай байгаа, тэдний аюулгүй байдлыг хэн, хэрхэн баталгаажуулах вэ гэдэг асуулт хариулт нэхсээр.

Хуулийн төслийг санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хаврын морин уралдааныг хориглосноор нууцаар зохион байгуулах нөхцөл бүрдэж, хүүхдүүдийн аюулгүй байдал хяналтгүй үлдэж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Түүний тайлбарласнаар, уралдааныг ил тод, зохицуулалттай болгох нь хүүхдийн эрхийг хамгаалах нэг арга аж.

Гэвч хүүхдээр морь унуулахыг хориглосон байхад нууцаар уралдуулж байгаа нь хоригийг сулруулах үндэслэл мөн үү. Хууль зөрчигдөж байгааг зогсоохын оронд хуулийг өөрчилж, зөрчлийг зөвшөөрөх нь хүүхдийн эрхийг хамгаалах шийдэл болж чадах уу. Энэ бол хуулийн төслийн эргэн тойронд тавигдах ёстой хамгийн чухал асуултуудын нэг.

-Өв соёлын тухай ярьж, хүүхдийн эрхийг хойш тавих нь-

Л.Мөнхбаясгалан “Монгол хүүхэд морь унаснаараа муудсан зүйл байхгүй, соёлд суралцдаг, өв зан заншилдаа хайртай болдог” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр уяачид хүүхдийг хулгайлж аваад морь унуулдаггүй, 14 наснаас дээш хүүхэд уралдаж, хамгаалалтын хэрэгсэл хэрэглэнэ гэж тайлбарласан.

Монголын морин соёл, уяачдын хөдөлмөр, уламжлалыг үгүйсгэх хүн үгүй. Гэхдээ хүүхэд морь унаж соёлд суралцах нь нэг хэрэг, өвлийн хүйтэн, хаврын хайруунд уралдаж амь насаа эрсдэлд оруулах нь өөр хэрэг. Хүүхэд морь унадаг л бол өв соёлд суралцаж байна гэж үзэх үү, эсвэл түүний аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг давхар бодох уу гэдэгт ялгаа бий.

Хамгаалалтын хувцас, даатгал, эмнэлгийн тусламжийн зохицуулалт тусгасан нь зөв. Харин эдгээр нь осол гарахгүй гэсэн баталгаа биш. Хүүхэд мориноос унаж, гэмтэх, амь насаа алдах эрсдэлийг бүрэн арилгахгүй бол хамгаалалтын хэрэгсэл хэрэглүүлсэн гэх тайлбар хангалттай үндэслэл болохгүй.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай ярьж буй талуудын нэг нь хуулийн төслийг дэмжихгүй байгаа гишүүдийг мэтгэлцээнд урьсан ч ирсэнгүй. Хүүхдийн эрх, өв соёлын талаар байр сууриа илэрхийлж буй гишүүдийн хувьд олон нийтийн өмнө мэтгэлцэж, өөр өөр байр сууриа тайлбарлах нь чухал. Харин мэтгэлцээнд оролцоогүй нь өөрөө буруутай гэсэн үг биш ч хүүхдийн аюулгүй байдлын талаар тавьсан асуултад бодитой хариулт өгөх шаардлагыг хэвээр үлдээж байна.

-Говийн эмзэг хөрсөнд уралдаан зохион байгуулах нь оновчтой юу-

Хаврын морин уралдааныг сэргээх асуудалтай зэрэгцэн говийн эмзэг байгаль, хөрсийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал ч хөндөгдөж байна. Говийн хөрс салхи, усны нөлөөнд амархан элэгддэг, ургамлан бүрхэвч нь сэргэхдээ удаан. Ийм бүс нутагт олон адуу, олон хүний хөдөлгөөн төвлөрүүлэхдээ байгаль орчны нөлөөллийг тооцох шаардлагатай.

Өв соёлоо хадгалах нэрээр хүүхдийн эрхийг эрсдэлд оруулахгүй байхтай адил, уламжлалаа үргэлжлүүлэхдээ говийн эмзэг хөрсийг ч үл тоомсорлож болохгүй. Уралдаан зохион байгуулах эрхийн тухай ярихдаа тухайн газар нутгийн байгаль орчны даац, нөхөн сэргэх боломжийг давхар тооцох ёстой.

-Хоригтой ч хүүхдийн амь нас эрсдсээр-

Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллээр 2014-2024 онд хурдан мориноос унаж 46 хүүхэд амиа алдсаны 22 нь өвөл, хаврын улиралд буюу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд бүртгэгджээ. Мөн энэ хугацаанд 52 хүүхэд мориноос унаж гэмтлийн зэрэг тогтоолгосон байна.

Монгол Улс 2019 онд Засгийн газрын 57 дугаар тогтоолоор өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. 2025 оны нэгдүгээр сарын 29-нд уг зохицуулалтад өөрчлөлт оруулж, арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хоорондох уралдаан, үсэргээ, сунгаанд 18 нас хүрээгүй хүүхдээр морь унуулахыг хориглосон юм.

Гэвч хориг, зохицуулалт байгаа нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд бүрэн хамгаалагдсан гэсэн үг биш. ХЭҮК-ийн мэдээллээр хориглосон хугацаанд ч хүүхдүүд мориноос унаж амиа алдсан тохиолдол бүртгэгдсээр байна.

Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сард Хөвсгөл аймгийн Галт суманд морь малын ажил хийж явсан 11 настай хүүхэд мориноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ нь зөвхөн уралдааны өдөр бус, бэлтгэл, морь маллах явцад ч хүүхдийн амь нас эрсдэлд байдгийг харуулж байна. Тиймээс уралдааныг сэргээх тухай асуудлыг хэлэлцэхдээ насны босго, хамгаалалтын хэрэгслээс гадна хүүхдийн аюулгүй байдлыг бодитоор хангах хяналт, хариуцлага, хэрэгжилтийн асуудлыг хамтад нь шийдэх шаардлагатай.

-Уламжлал хүүхдийн амь наснаас үнэтэй биш-

Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо арваннэгдүгээр сарын 18-нд олонхын саналаар дэмжсэн ч нэгдсэн чуулганы хэлэлцүүлгээр санал хураалт явуулаагүй.

Арваннэгдүгээр сарын 20-нд МАН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага авснаар хэлэлцэх эсэх асуудлын шийдвэр хойшилжээ. Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газар уг хуулийн төслийг дэмжихгүй байр суурьтай байгаагаа мөн илэрхийлсэн байна.

Хурдан морины уралдаан бол Монголын өв соёлын нэг хэсэг. Гэхдээ өв соёлоо хамгаалах нь хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах үндэслэл болох ёсгүй. Уралдааныг далд зохион байгуулж байгааг таслан зогсоох, хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь төрийн үүрэг. Харин хоригийг сулруулах нь энэ үүргийг биелүүлэх цорын ганц арга мөн эсэхийг нухацтай хэлэлцэх шаардлагатай.

Хүүхэд морь унаж өв соёлд суралцаж болно. Гэхдээ өв соёлоо үргэлжлүүлэхийн тулд хүүхдийн амь нас золиослогдох ёсгүй. Говийн эмзэг хөрсийг ч, хүүхдийн эрхийг ч “уламжлал” гэх ганц үгээр хойш тавих учиргүй.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button