БНСУ-ын нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад хамгийн өндөр оноо авсан эрэгтэй AI ашиглан хуулсна хүлээн зөвшөөрчээ
БНСУ-ын татварын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад хамгийн өндөр оноо авсан Хан Вон Сог нэртэй залуу шалгалтад хиймэл оюун ухаан ашигласан гэдгээ ням гарагт /2026.11.15/ хүлээн зөвшөөрчээ. Тэр маш өндөр оноо авсны дараа зарим хүн түүнийг ямар нэгэн байдлаар хуулсан байх магадлалтай гэж үзэж байсан юм. Ням гарагаас өмнө тэрбээр огт хуулаагүй гэх байр суурийг илэрхийлж байжээ.
Тэгвэл Хан Вон Сог өмгөөлөгч И Дон Хогийнхоо “Youtube” сувгаар дамжуулж мэдэгдэл гаргахдаа “Би татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад хуулсан. Буруутай үйлдлээсээ болж олон хүнд учруулсандаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна” гэсэн юм.
Хан Вон Сог дөрөвдүгээр сард болсон шалгалтын эхний шатанд 160 асуултаас 159-д нь зөв хариулж, 400 онооноос 397.5 оноо авчээ. Үүнээс гурван сарын дараа болсон бичгийн шалгалтад тэр 800 онооноос 663 оноо авч, нийт дүнгээрээ нэгт жагссан байна.
Ийм өндөр оноо авсан тул Солонгосын сошиал орчинд түүнийг хуулсан байх магадлалтай гэх таамаглалыг олон хүн дэвшүүлжээ. Татварын мэргэшсэн нягтлан бодогч, татварын хуульч гэх мэт төрийн алба хаагчийн эхний шатны шалгалтад ганц л алдсан нь бараг боломжгүй зүйл гэж хүмүүс үзэж, хиймэл оюун ухаантай ухаалаг нүдний шил ашигласан байж болзошгүй гэж ярьж эхэлсэн юм.
Тэгвэл Хан Вон Сог хуулахдаа ухаалаг шил бус жижиг хэмжээтэй камер болон ухаалаг утас хэрэглэсэн гэж мэдэгджээ. Гэхдээ бусад хүн түүнтэй адил хуулахаас сэргийлэхийн тулд хуулсан арга барилынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс тэр татгалзсан байна.

Хан Вон Сог өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргасан мэдэгдэлдээ “Би жижиг камер ашиглан шалгалтын асуултуудын зургийг авч, AI руу илгээн, хариултыг нь ухаалаг утсаараа харсан. Цаашид мэргэжлийн эрх олгох бусад шалгалт болон улсын их, дээд сургуульд элсэх шалгалтад ийм зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, хуулсан тохиолдлын илрүүлэх тал дээр цагдаагийн байгууллагын ажлыг дэмжин хамтран ажиллана. Шалгалтад хэрхэн бэлдэж, дадлага хийж байснаа хүртэл мөрдөн байцаагчдад бүгдийг нь ярьж өгнө” гэж хэлжээ.
Мөн тэрбээр сүүлд болсон мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын эхний шатанд ч яг ийм аргаар хуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Сөүл хотын цагдаагийн газар уг хэргийг албан ёсоор шалгаж эхэлжээ. Хан Вон Сог шалгалтад хуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бичиг үйлдэж цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна. Тэр шалгалтад хуулсан шалтгаанаа тайлбарлахдаа, ажлаасаа гарч хувийн бизнес эрхэлсэн ч хүндрэл учирсантай холбоотой гэжээ.
Тэр “Би мөнгө олохыг хүсэж байсан. Сайн ажлаас гарсныхаа дараа аав ээжийнхээ урмыг хугалж байна гэдгээ харах үнэхээр хэцүү байсан” гэсэн юм. Татварын мэргэшсэн нягтлан бодогч болж аав ээжээ баярлуулахыг хүсэж, шалгалтад тэнцэхийн тулд хэр удаан бэлдэхээ мэдэхгүй байсан тул их сэтгэл түгшиж хуулсан гэж Хан Вон Сог хэлсэн байна.
Татварын нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг зохион байгуулдаг Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн алба анхандаа Хан Вон Сог шалгалтад хуулсан гэх таамаглалыг батлах тодорхой баримт олдоогүй гэж мэдэгдэж байжээ. Шалгалтын хоёр шатанд түүнийг хянаж байсан дөрвөн ажилтан ч сэжигтэй үйлдэл болон хуулсныг илтгэх ямар нэгэн шинж тэмдэг анзаараагүй гэж мэдэгдэж байсан юм.
Өөрөөр хэлбэл Хан Вон Сог хуулахдаа олны анхаарал татахуйц өндөр оноо аваагүй эсвэл өөрийгөө дөвийлгөн нийтлэл оруулаагүй бол уг явдал илрэх байсан эсэхэд эргэлзээтэй болох байв. Шалгалтын дүн гарсны дараа тэрбээр авсан оноогоо татварын нягтлан бодогчдын цахим нийгэмлэгт нийтэлж, ямар нэгэн сургалтад хамрагдалгүй, бие даан бэлдэж шалгалтад тэнцсэн гэж бичжээ. Энэ нь олны анхаарлыг татаж, улмаар түүнийг шалгалтад хуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хүргэжээ.
Эх сурвалж: Korea Times













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.