УЛС ТӨРУлс төрийн мэдээЯрилцлага

Үндсэн хууль батлалцсан депутат Д.Энхбаатар: 76 хоног, хүнд нөхцөлд хуралдсан сайхан дурсамж олон бий

1992 оны энэ өдөр монголчууд цоо шинэ, өдгөө мөрдөж буй ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Иймд ч жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэдэг.

Үүнтэй холбогдуулан, шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын депутатуудын нэг, мөн ардчиллын алтан хараацай, УИХ-ын гишүүн асан, Бригадын генерал Д.Энхбаатартай ярилцлаа.

-Өнөөдөр бол ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн баяр. Та өөрийн сэтгэгдлийг хуваалцахгүй юу?

-Би 1990 онд Ардын их хурлын депутатаар Дорнод аймгийн Дашбалбар сумаас сонгогдож байв. Тухайн үед 430 тойргоос, 420 депутат сонгон, Ардын их хурлыг бүрдүүлсэн. Бид үндсэндээ Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулж, батлах ганц том үүрэгтэй ажиллацгааж байв.

Шинэ Үндсэн хууль иргэдийн эрх, эрх чөлөөг ардчилсан нийгмийн зарчимд нийцүүлж, шингээснээрээ онцлог болсон. Ямар нэгэн байдлаар хүний эрхийг зөрчих, Монгол Улсыг бүрдүүлж буй үндэстэн, ястны эрхийг хясан боогдуулах зэрэг агуулгыг хааж, иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд голчлон чиглэсэн.

Жишээ болгон хэлэхэд, тухайн үеийн төсөлд “Ерөнхийлөгчид Монгол Улсад гурван үеэрээ амьдарсан хүн нэрээ дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт орж ирж байлаа. Үүнийг би эсэргүүцэж байсан.

Манай баруун хязгаарт, Казак, Торгууд, Хотон, зүүн хязгаарт Баргуд, Үзэмчин, Буриад зэрэг ястнууд бий. Тэд тухайн үед Монголд орж ирээд нэг л үеэ өнгөрөөж байв. Иймд иргэн бүр нэрээ дэвшүүлэх учиртай гэдэг үндэслэлээр энэ заалтыг засан залруулж байсан. Одоо Монгол Улсын иргэн бүр Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй.

Би 1990 онд ахмад цолтой байв. ЗХЖШ-т ажиллаж, халагдсаны дараа депутат болсон хэрэг. Энэ утгаар Зэвсэгт хүчний агуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад хувь нэмрээ оруулсан гэж өөрийгөө боддог.

Тухайлбал, зэвсэгт хүчнийг нэрлэх асуудал тавигдсан. Ардын арми, Өөрийгөө хамгаалах цэрэг зэрэг олон нэр гарч ирсэн. Харин Үндсэн хууль дахь энэхүү “Зэвсэгт хүчин” гэдэг нэр томъёог би санаачилж байсан. Санал дэвшүүлэхэд “Зэвсэгт хүчин бол хуурай, агаарын, усан цэргээс бүрддэг. Манайд усан цэрэг байхгүй” гэж маргацгаасан л даа. Ингэхэд нь, “Бид Буйр нуур дээр хоёр завьтай шүү” гэж хошигнодог байв.

Манай улс хоёр хөрштэйгөө усан хилээр хиллэдэг шүү дээ. Усан хилтэй, усан дээр хилийн харуул, хамгаалалтаа явуулдаг улс юм.

Ажил үүргийн болоод итгэл үнэмшлийн хувьд энэ их үйлсэд хувь нэмрээ оруулж явсан гэж өөрийгөө боддог.

-Ардчилсан Үндсэн хуулийн үнэ цэнийг өнөөдөр ямар байна гэж та үнэлдэг вэ?

-Энэ үнэ цэн алдагдах учиргүй. Бид хуучин, социализмын үеийн Үндсэн хуулийг бүрэн халж, шинэ хуулиа боловсруулахдаа дэлхийн олон орны жишгийг судалсан, эх авсан. Одоо гажуудлаа гэж ярих болжээ. Тийм зүйл үгүй.  Үндсэн тулгуур зарчмууд бол хөлбөрөлтгүй туссан. Гэхдээ мөнхийн гар хүрч болдоггүй Үндсэн хууль гэж үгүй. Харин үндсэн яс бүтэц нь бол үнэхээр дэлхийн жишгээр суусан гэж би  үнэлж явдаг.

-Бид 32 жилийн өмнөх энэ түүхийн өдрийг хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болохын эхлэл тавигдсан хэмээн үнэлж, бахархдаг. Харин өнөөдөр ардчилал, хүний эрхийг хумигдсаар байна гэж шүүмжилдэг. Энэ шүүмжлэлтэй та санал нийлдэг үү?

-Үүнийг Үндсэн хуультай холбож ярих нь нэг талаар илүүц болов уу. Үндсэн хуульд энэ агуулгууд тусгагдсан, суусан. Харин хүний эрх сүүлийн жилүүдэд үнэхээр зөрчигдөх боллоо, олон зүйл дээр илэрч байна. Нэгдүгээрт, төрийн тогтолцоонд учир бий. Хоёрт, олон салбар хуулиудад мөн учир байгаа. Хүний эрхийг боогдуулах агуулгатай олон салбар хуулиуд батлах боллоо. Иргэн хүнд наад зах нь эдийн засгийн дарамт учруулж, үг хэлэх, тэмцэх үндсэн эрхийг нь хааж байна уу даа гэж харах юм. Энэ тухайд, төрийн тогтолцоо, салбар хуулиудад л асуудал бий гэж боддог.

-Үндсэн хуулийн амин сүнс өнөөдөр хэвээрээ юу. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа гар хүрчихлээ. Энэ утгаараа ранк нь жирийн хуулийн түвшинд оччихлоо гэж шүүмжлэх болсон шүү дээ?

-Үндсэн хуулийн гол суурь бол хүний эрх, эрх чөлөөг дээлэлсэн агуулга. Энэ тулгуур ер өөрчлөгдөөгүй, хөндөөгүй байна. Үндсэн хуулийг оролдож бол болно, мөнхийн бүтээл биш. Цаг үеийн шаардлагууд ч гарч ирнэ, улсын хөгжилтэй уялдан өөрчлөгдөж байх л учиртай. Харин ердийн хуулийн түвшинд очно гэж хэзээ ч байхгүй. Төрийн байгууллагын бүтэц, сонгуулийн тогтолцоо гэх мэт асуудлын хүрээнд бол өөрчлөлт оруулаад явах нь зүйн хэрэг.

-“Давхар дээл”-тэй сайд нарын тоог олон болгох, Ерөнхийлөгчийн эрх хэмжээг нэмэхийн тулд гар хүрч байсан. Өөрөөр хэлбэл эрх мэдлийн гишгүүр болгож, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийснийг та хэрхэн бодож суув?

-Өөрийн эрх ашгийн төлөө хэзээ ч гар хүрч болохгүй. Үзэл санаатай холбоотой асуудлыг ганцхан бүх ард түмний санал асуулгаар л өөрчилж болно. Эрх баригч намын юм уу, нэр дэвшигчдийн эрх ашигт нийцүүлэн өөрчилж ер болохгүй.

-Жил бүрийн энэ өдөр Ардын их хурлын депутатууд Үндсэн хуулийнхаа амин сүнсийг ярьж, дархлаажуулах, хайрлан хамгаалах чиглэлд ажилладаг л даа. Харин тэдний маань амьжиргаа тааруу явна, төр засгаас анхаараасай гэдэг асуудал хөндөгддөг юм байна. Таны бодол?

-Үндсэн хуулийн баярын өдөр л ганцхан сурталчлан, таниулах ажлыг хийдэг гэж ойлгож болохгүй. Төрийн ордонд хүлээн авалт хийгээд л тарчихдаг буй хэрэг биш. Бүх аймаг, сум, дүүргүүдэд бид харьяаллын дагуу очиж, хуралддаг, Үндсэн хуулиа сурталчилдаг. Ийм ажлууд зөвхөн энэ өдөр биш, жилийн турш үргэлжилдэг. Харин энэ нь ил, тодорхой харагддаггүй байх л даа.

Өнөөдөр Ардын их хурлын 430 депатутатаас 200 гаруй нь л үлдсэн байдаг юм байна. 34 жилийн өмнө би 30 гарсан залуу хүн байлаа шүү дээ. Одоо ихэнх нь 80, 90 нас хүрсэн байна. Заримынх нь эрүүл мэндийн байдал тааруу байна. Манай депутатуудын хамгийн залуу нь гэхэд УИХ-ын гишүүн, Сангийн сай асан С.Баярцогт. Тэр 23 настайдаа депутатаар сонгогдож байсан бол одоо 50 гараад явчихлаа. Энэ утгаар, өндөр  настан дийлсэн Ардын их хурлын депутатуудаа анхаарч, халамжилж явах нь зүйтэй гэж боддог. Үндсэн хуулиа батлах их гавьяанд оролцож явсан улсаа төр засаг нь анхаарвал зүйтэй л гэж хардаг.

-Та Үндсэн хуулийг анх баталж байсан үеийн дурсамжаас хуваалцахгүй юу?

-Бид 1990 онд, хоол хүнс ховор, цахилгаан тасардаг, хүнд үед хуралдаж баталсан.

Хөдөөний депутатууд бол 10 гаруй хоног болоод л буцна гэсэн төсөөллөөр ирсэн хэрэг. Гэтэл 76 хоног хуралдсан байдаг.

Тэгэхэд хөдөөнөөс орж ирсэн депутатууд өмссөн хувцастайгаа шахуу 76 хоносон доо. Бүгд зочид буудалд байрласан. Хоёр, гуравхан солих хувцастай ирсэн эр улс чинь 76 хоногт асуудал үүснэ дээ.

Нэг өдөр Ардын их хурлаас депутатуудтаа цамц бэлэглэе гэж шийдсэн. Бэлэглэлээ. Маргааш нь бүгд шинэ цамцаа өмсчихсөн сууж байсан нь надад их тод санагддаг юм (Инээв). Тог тасрангуут үг хэлж буй хүмүүс рүү камерын гэрэл тусгадаг байлаа. Зураглаачид ч их хувь нэмрээ оруулсан юм шүү (Инээв).

Тэрбээр өөрийн намтар, туулж өнгөрүүлсэн он жилүүдийн талаар “Би уг нь та нартай мэргэжил нэгтэй улс шүү дээ. Санкт-Петербургийн их сургуулийг сэтгүүлч, багш мэргэжлээр төгссөн. Ц.Нямдорж нар бид нэг сургууль л даа. Улмаар мэдээлэл радио телевизийн улсын хороо, МОНЦАМЭ, “Новостий Монголий” сонинд ажиллаж байлаа. Тэгж би анхны ажлын гараагаа сэтгүүлч мэргэжлээр эхэлж байв. Сүүлд цэрэгт татагдаж, армиар яваад, 1989 оны цомхотголоор ахмад цолтой халагдан, буцаад МОНЦАМЭ агентлагт ажилласан. Эндээсээ депутатаар сонгогдсон түүхтэй.

С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл бидний 13 хүн нийлж, Ардчилсан холбоог байгуулж байсан. Ардчиллын анхны 13 хараацай гэж биднийг ярьдаг. Бид Монгол Улсад буй коммунист дэглэмийг түлхэн унагая, ардчилсан нийгмийг цогцлооё хэмээн ард иргэдийг уриалсан. 1990 оны гуравдугаар сарын 7-нд бид өлсгөлөн зарлаж, хурц хэлбэрт шилжсэнээрээ МАХН-ын Улс төрийн товчоог огцруулж чадсан. Улмаар эвлэрлийн зарчимд шилжиж, нэг намын дарангуйллаас гарах зорилгоо биелүүлж чадсан. Зургадугаар сарын сүүлээр нь анхны ардчилсан сонгууль явуулсан.

Ардын их хурлын депутатууд бүрдэж, үүнээс байнгын ажиллагаатай парламент байгуулсан шүү дээ. Түүнийг Улсын бага хурал нэрлэсэн. Би тэр үед Улсын бага хурлыг гишүүнээр сонгогдон ажилласан. Дараа нь 1996 онд мөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Үүний дараа армидаа буцаж орсон доо. 10-аад жилийн өмнө тэтгэвэртээ гарлаа. Өдгөө Бригадын генерал цолтой. Цэргийн албыг байлдагчаас нь эхлэн хаасан” хэмээн ярилаа.

-Тантай уулзсаных, асуухгүй өнгөрч болохгүй сэдэв байна. Цэрэгт татагдсан залуус энхийн цагт амь насаа алдаж буй асуудалд та ямар бодолтой явдаг вэ?

-Цэргийн алба бол амар биш. Гэхдээ эр хүн бүгдийн хаах ёстой алба мөн.

Хоёрт, цэрэг арми гэдэг Монгол Улсыг “агшаасан” хувилбар гэж би боддог. Малчин ардын ч, сэхээтний ч, ажилчны ч хүүхэд улс орны өнцөг булан бүрээс нэгэн ижил татагддаг шүү дээ. Энэ утгаараа нийгмийн бүх харьцаа, харилцаа армид бий. Сахилгагүй нь ч, томоотой нь ч.

Энэ дотор бидний иргэний нийгэм дэх бүх асуудал гарах нь гарцаагүй. Ширүүн дориун зантай хоёр нь таарвал сөргөөцөлдөнө. Гэхдээ арми хатуу дүрмээр, чанга гараар барьж байдаг. Энэ ч утгаар, нийгэмд гарч буй энэ их хүнд гэмт хэргүүд армид бол гардаггүй. Дээхэн үед дэглэлт бол байсан. Үгүйсгэх аргагүй. Ямар ч улсын армид тэр асуудал бий. Манайд ч байсан. Одоо дэглэлт гэдэг асуудал ер нь байхгүй тал руугаа орсон шүү.

Одоогийн залуусыг хар л даа. “Жендержсэн” гэж хэлж болохоор залуус олон боллоо. Компьютерын ард сууж, утсаа маажсан хүүхдүүд тэр хатуу дэглэмтэй газар очихоор хямарна. Хүн хямрахаар наад зах нь хоолноос хордоно. Чанга үг сонсож, дуулж үзээгүй хүүхдүүд комманд өгөөд ирэхээр цочирдоно. Гэхдээ манайд тийм их бие биенээ дарамтлах хэмжээний үзэгдлүүд байхгүй. Хатуу сахилга бат бол бий. Тэр нь шинэ үеийн залууст хүнд тусаад байх шиг. Дарамт юм шиг мэдрэгддэг байх. Цэргүүд нэг нэгнээ цохиж, зодно гэж одоо нэг их байхгүй байх. Гэхдээ хүний л амьдрал юм хойно үгүйсгэж яах вэ. 1000 эр цэрэг цугласан газар юу болохыг тааж хэлшгүй.

Цэргийн алба хааж ирсэн залуус их баяртай явдаг. Тэс өөр ялгардаг, арай л эршүүд, амьдрал үзсэн болж гарч ирдэг.

-Ардчиллын анхны 13 “хараацай” дунд багтаж явсны хувьд, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарын хүмүүстэй одоо харилцаа холбоо хэр вэ. Ардчилсан нам гэдэг нэрийн дор буруу харж сууцгаасан хүмүүсээр төсөөлдөг болжээ, одоо тэднийг?

-Хамт зүтгэж явсан улстайгаа бид уулзаж л байгаа. Баяр наадмын үеэр, нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээн дээр уулздаг, таардаг.

Юун төлөө Ардчилсан нам билээ. Хатуу гар, нэг хүний удирдлага дор байдаг нам биш шүү дээ. Тэр дотор төрөл бүрийн үзэл бодол бий. Үзэл бодлууд хоорондоо уралдана, фракц болно. Энэ бол байх асуудал.

Харин сонгуулийн өмнө Ардчилсан нам нэгдэж байгаа нь таатай. Нэг намын засаглалд удах нь өөрөө хортой үзэгдэл. 32 жилийн ихэнхэд нь МАН засаг барилаа. АН дөрвөн жил л засаг барьсан. Нэг намын дор он удаан жил явах нь нийгэмдээ өөрөө хортой. Хүний эрхийг боомилж буй, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа, ард түмний баялгаар тоглож байгаа асуудал бол хяналтгүй олон жил явсан намын өөрийнх нь балаг. Иймд хүмүүс өөр намыг хүсдэг болоод байна. Үнэхээр өөрчлөлтийг хүсэж байна. Иймд сонгуулийн өмнөх жил АН эв, эеэ олж, хурлаа зохион байгуулж, бүтцээ өөрчилж байгаад талархалтай байна.

-Үндсэн хуулиа цаашид хэрхэн хайрлан хамгаалах учиртай вэ?

-Сайтар дагаж мөрдөх л ёстой. Үндсэн хуулийнхаа үзэл санаанд нийцүүлж, бусад хуулиудаа санаачлан баталж байх учиртай. Үндсэн хуульд өөрт нь болохгүй зүйл байгаа бол засан залруулж, хөгжүүлэн баяжуулж байх ёстой. Ингэж гэмээнэ Үндсэн хуулиа дээдэлж байна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-13 16:10

Энэ өвгөн бидний мөнгөөр казинодсон

Зочин
Зочин
2024-01-14 08:21
Reply to  Зочин

Энэ хүн казинод орж тоглоогүй, казиногийн хууль хийж УИХ-аар хэлэлцүүлж яваад л шоронд орсон юм.

Зочин
Зочин
2024-01-13 18:47

Аргагүй л нэг өвгөн буриад болждээ,хө. Урт наслаарай!

Зочин
Зочин
2024-01-14 12:11

casino gej aldartai hulgaichdaa,. nuguu baigal battulga 2 n haa bna

Монгол
Монгол
2024-01-14 17:12
Reply to  Зочин

Генер�##� болсон нь огт ойлгомжгүй Казинодоод уу даа

Зочин
Зочин
2024-01-14 18:20

Худлаа хуц

Зочин
Зочин
2024-01-14 20:59

Haha shn yaridag gar bee Eebeegiinhaa achaar general bolson. Hiisen geed bgaa hubisgaliiv chin MAXN uuruu zohion baiguulsan shdee AN neriin Dor hubaaj bayajsan garuud bol ta nar um.Dorligjab,Batuul,Altanhyag Bayartsogt narigaa haraldaaa huue???Ard tumnee trgeed neg harchih

Холбоотой мэдээ

Back to top button