Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн улс орнуудын талд нь төрөлтийн түвшин хүн амаа орлуулах хэмжээнээс доор оров

Товч агуулга: Дэлхий даяар төрөлт буурч байна. Үүнтэй зэрэгцэн дундаж наслалт тогтмол нэмэгдсээр ирсэн. Хэрвээ энэ чигтээ төрөлт буурсаар байвал дэлхийн эдийн засаг, олон улс дахь хүчний тэнцвэрт байдлыг бүрэн өөрчилж, нийгмийн дахин зохино байгуулах шаардлагатай болно гэдгийг эрдэмтэд онцолж байна. Тэгвэл төрөлтийн түвшин бага болсон орнууд ямар арга хэмжээ авч байна вэ?


Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дундаж наслалт тогтмол өссөөр ирсэн. НҮБ-ын Хүн амын хэлтсээс мэдээлснээр 1950 онд дэлхийн дундаж наслалт 46.5 жил байсан бол 2022 онд 71.7 болж нэмэгджээ. Харин 2050 онд 77.3 болж өснө гэх тооцоо бий.

Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээ, ариун цэврийн мэдлэг, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж өлсгөлөнтэй хийх тэмцэлд дэлхий нийтээрээ ахиц гаргасны үр дүн. Жил ирэх тусам өндөр хөгжилтэй орон болон хөгжиж буй орнуудын дундаж насны зөрүү багасаж байгаа.

1950-2000 оны хооронд Ази тивийн дундаж наслалт 25 гаруй жилээр нэмэгдсэн. Ингэснээр Хойд Америк болон Европыг Азитай харьцуулахад дундаж насны зөрүү 20 гаруй жил байсан нь 10 жил болжээ.

2050 он гэхэд Азийн дундаж наслалт бараг 80 жилд хүрч, барууны орнуудыг гүйцэх төлөвтэй байна. Дундаж наслалт өсөхийн зэрэгцээ сүүлийн үед дэлхий даяар төрөлт буурах болсон.

Дэлхийн тивүүдийн дундаж наслалтын өөрчлөлт, зургийн эх сурвалж: Statista

Гуравдугаар сарын сүүлээр “The Lancet” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа төрөлтийн түвшин дэлхий даяар ямар байгааг судалжээ. Эрдэмтэд 1950-2021 оны хооронд төрөлтийн түвшин хэрхэн өөрчлөгдсөнд дүн шинжилгээ хийсэн байна.

Судлаачид 2021 онд дэлхийн улс орон, нутаг дэвсгэрүүдийн талаас илүү хувьд төрөлтийн түвшин хүн амын тоог тогтвортой барих хэмжээнээс буурсныг илрүүлжээ.

Хүн амын тоог тогтвортой барихад нэг эмэгтэй хүн хэдэн хүүхэд төрүүлэх ёстойг илэрхийлдэг тоо бий. Тэр тоо нь хөгжингүй орнуудад 2.1 юм. Өөрөөр хэлбэл хөгжингүй орнуудад нэг эмэгтэй 2.1 хүүхэд төрүүлбэл хүн амын тоо нь багасахгүй мөн өсөхгүй, тогтмол байна гэсэн үг.

Харин хөгжиж буй орнуудад хүүхдийн нас баралт илүү өндөр байдаг тул төрөлтийн түвшин 3.5 болж байж хүн амын тоо тогтвортой байх юм.

Судалгааг ахалж бичсэн эрдэмтдийн нэг болох Наталья В Бхаттачаржи “Төрөлтийн түвшин өөрчлөгдөж буй чиг хандлага нь дэлхийн эдийн засаг, олон улс дахь хүчний тэнцвэрт байдлыг бүрэн өөрчилж, нийгмийн дахин зохино байгуулах шаардлагатай болно” хэмээжээ.

Төрөлт буурч, дундаж наслалт тогтмол нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж, тэтгэврийн насны хүмүүсийн тоо нэмэгдэх тусам ажиллах хүчинд ирж буй дарамт ихэснэ.

Ийм учраас дэлхийн улс орнууд жилээс жилд буурч буй төрөлттэй тэмцэх бодлого арга хэмжээ авах болсон. Одоо хэд хэдэн улсын төрөлтийн түвшин ямар байгаа, үүнийг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авсныг харцгаая.

БНСУ

Дэлхийд төрөлтийн түвшин хамгийн бага орон бол БНСУ юм. Тодруулбал 2022 онд төрөлтийн түвшин 0.78 байсан нь 2023 онд дахин буурч 0.72 болсон байна. Төрөлтийн түвшин нийслэл Сөүлд хамгийн хүнд буюу 0.55 байгаа юм.

Хэрвээ төрөлт энэ чигээрээ буурсаар байвал 2100 он гэхэд тус улсын хүн ам хоёр дахин багасна гэсэн тооцоо бий.

Өмнөд Солонгосын төв банкнаас гаргасан нэгэн тайланд төрөлт буурч буйн үндсэн шалтгаан нь ажил эрхлэлтийн нөхцөл байдал, орон сууц, хүүхэд өсгөх зэрэгтэй холбогдон үүсдэг бэрхшээлүүд гэж бичжээ.

БНСУ 2013 оноос хойш дэлхийн хамгийн бага төрөлтийн түвшинтэй орон байсаар ирсэн. Тус улс өнгөрсөн 16 жилийн хугацаанд унаж буй төрөлтийн түвшинтэй тэмцэхийн тулд 200 тэрбум ам.доллар (Одоогийн ханшаар 675.3 их наяд төгрөг) зарцуулсан байна.

Зургийн эх сурвалж: Al Jazeera

Гэсэн хэдий ч энэ хугацаанд төрөлт 25 хувиар буурчээ. Ийм учраас тус улсын засгийн газар 2022 оноос эхлэн төрсөн эмэгтэйчүүдэд нэг удаагийн 2 сая воны (4.9 сая төгрөг) мөнгөн тусламж үзүүлж, хүүхдийг нь нэг нас хүртэл сар бүр 700 мянган вон (1.7 сая төгрөг), хоёр нас хүртэл сар бүр 350 мянган воноор (861 мянган төгрөг) дэмждэг болсон.

Энэхүү мөнгөн тусламжийг энэ жил нэг нас хүртэл 1 сая вон (2.4 сая төгрөг), хоёр нас хүртэл 500 мянган вон (1.2 сая төгрөг) болгож өсгөх юм. Үүнээс гадна төрөлтийг дэмжихийн тулд жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчилгээний зардал, хүүхэд асрах үйлчилгээний төлбөр, болзох зардалд хүртэл төрөөс туслах бодлого баримталж байна.

Япон

Өнгөрсөн жил Японд шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тоо наймдах жилээ дараалж унасан байна. 2023 онд тус улсын төрөлтийн түвшин 1.3 болжээ. Хэдийгээр төрөлтийн түвшин сүүлийн 10 гаруй жилийн турш бараг өөрчлөгдөөгүй ч гэсэн шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тоо өнгөрсөн жил буурсан байна.

Тухайлбал 2023 онд Японд 758,631 хүүхэд шинээр мэндэлсэн нь 2022 оноос 5.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Япон төрөлтийн түвшин бага байгаатай олон жилийн турш тэмцэж ирсэн.

Тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида маш бага хэмжээнд гацсан төрөлтийн түвшнийг дээшлүүлэх зорилготой шинэ бодлогоо танилцуулсан юм. Шинэ бодлогын хүрээнд Японы засгийн газар жил бүр 25 тэрбум ам.доллар (84.4 их наяд төгрөг) зарцуулна.

Эцэг эхчүүдэд хүүхэд нь хоёр нас хүртэл сар бүр 15 мянган иений (327 мянган төгрөг) тусламж үзүүлнэ. Харин гурван наснаас хойш сар бүр 10 мянган иен (218 мянган төгрөг) өгөх юм.

Үүнээс гадна ажил эрхэлдэггүй эцэг эхчүүд хүүхдүүдээ өдөр өнжүүлэх газарт өгөх боломжгүй байдаг байсныг өөрчилж, ажил эрхлэлтийн байдлаас хамаарахгүй болгосон.

Шинэ бодлогоор эцэг эхчүүд бага насны хүүхдээ асрах зорилгоор ажлаас урт хугацааны чөлөө авахад татварын дараах орлогынхоо 80 хувийг авдаг байсанд өөрчлөлт хийжээ.

Одоо эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ асрахаар чөлөө авахдаа эхний 28 өдөрт татварын дараах орлогынхоо 100 хувийг гар дээрээ авдаг болсон байна.

БНХАУ

Дэлхийн хоёрдох хамгийн их хүн амтай улс болох БНХАУ-ын төрөлтийн түвшин 2023 онд ойролцоогоор 1 болжээ. Төрөлт буурснаас гадна цар тахлын улмаас БНХАУ-ын хүн амын тоо 2022 онд 1960-аад оноос хойш анхны удаа буурсан.

Тус улсын Үндэсний статистикийн хороо мэдээлснээр 2022 онд БНХАУ-ын хүн ам 850 мянгаар багассан байна. Харин 2023 онд энэ тоо нэмэгдэж 2.08 саяар буурчээ.

Манай хойд хөрш 1980-2015 оны хооронд нэг хүүхдийн бодлого баримталсан. БНХАУ-ын мэдээлснээр нэг хүүхдийн бодлого 400 сая боломжит төрөлтөөс сэргийлжээ.

Зургийн эх сурвалж: BBC

Харин 2016 онд нэг хүүхдийн бодлогоо халж, гэрлэсэн хосуудыг хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. Үүний дараа 2021 онд Хятадын засгийн газар хосуудыг гурав хүртэл хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн юм.

Мөн орон нутгийн захиргаанууд 2021 оноос эхлэн татварын хөнгөлөлт, жирэмсний амралт, орон сууцтай болоход туслах тэтгэмж олгож эхэлжээ. Мөн ажлын цагийн уян хатан байдал, хүүхэдтэй ажилчдыг гэрээсээ ажиллах боломжийг дэмжих шинэ арга хэмжээ авахаа 2022 онд мэдэгдсэн байдаг.

Эх сурвалж: Al Jazeera, Reuters, DW, The Lancet

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button