Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

"ByteDance" АНУ-д TikTok-ийг зарснаас хориглуулахыг илүүд үзнэ

Товч агуулга: АНУ TikTok-ийг жилийн дотор зарах эсвэл хориглох хуулийн төслийг баталсан. Арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Байден ийнхүү хориглох хуулийг баталж байгаа нь залуу сонгогчид дунд нэр хүндийг нь бууруулах зүйл болов. Мөн TikTok зарах, хориглуулах хоёрын хориглуулахыг нь илүүд үзнэ гэж эх сурвалжууд мэдэгджээ.


АНУ-ын Төлөөлөгчдийн танхим гуравдугаар сард TikTok-ийг хориглож болох хуулийн төслийг 352:65 харьцаатай дэмжсэн. Гэвч тус хуулийн төсөл Конгресст гацсан юм.

Тэгвэл АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь холбоотнууд руу илгээх тусламж болон TikTok-ийг хориглож болох хуулийн төслүүдийн багцыг өнгөрсөн бямба гарагт /2024.04.20/ дэмжсэн билээ.

Үүний дараа TikTok АНУ-д аппликейшнийг нь хоригловол 170 сая гаруй Америк хэрэглэгчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчинө гэсэн юм.

Украины фронт дээр цэргийн тусламж яаралтай хэрэгтэй байсан тул Сенатын танхим процедурыг түргэсгэж мягмар гарагт /2024.04.23/ дэмжиж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт /2024.04.24/ гарын үсгээ зурж баталсан.

Ингэснээр БНХАУ-ын “ByteDance” компани TikTok-ийн АНУ дахь хөрөнгөө есөн сарын дотор (гурван сараар сунгах боломжтой) худалдаалах шаардлагатай болов. Хэрвээ заасан хугацаанд зарж амжихгүй бол АНУ-д аппликейшнийг хориглоно.

TikTok-ийг хориглохыг эсэргүүцэн Конгрессын урд жагсаж буй иргэд, зургийн эх сурвалж: BBC

Байден хуулийн төсөл дээр гарын үсгээ зурсны дараа TikTok-ийн гүйцэтгэх захирал Шоу Жи Чю АНУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд шүүх дээр тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Тэрбээр “Бид итгэлтэй байгаа бөгөөд шүүх дээр та бүхний эрхийн төлөө тэмцэнэ. Баримт болон Үндсэн хууль бидний талд байгаа, тийм учраас бүү санаа зов, бид хаашаа ч явахгүй” хэмээсэн.

АНУ-ын хууль тогтоогчид TikTok-ийн 170 сая Америк хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд БНХАУ-ын засгийн газар хандаж болно гэж санаа зовж байгаа юм. Хятадын үндэсний аюулгүй байдлын хууль нь Коммунист намд хувийн бизнес эрхлэгчдийн мэдээллийг авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг.

TikTok зарах, хориглуулах дээрээ тулбал хориглуулахыг илүүд үзнэ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2020 онд “ByteDance” компанийг TikTok-ийг худалдаалахгүй бол хориглох тушаал гаргасан. Тухайн үед TikTok тус тушаалын эсрэг шүүхэд зарга мэдүүлж, ялсан байдаг. Харин одоо Трамп TikTok-ийг АНУ-д хориглохыг эсэргүүцэж буй.

Хэрвээ энэ удаа TikTok шүүх дээр ялалт байгуулж чадахгүй зарах, хориглуулах дээрээ тулбал хориглуулахыг илүүд үзнэ гэж дөрвөн эх сурвалж “Reuters” агентлагт хэлсэн байна.

TikTok-ийн алгоритм нь “ByteDance” компанийн ерөнхий үйл ажиллагааны гол цөм гэгддэг учир АНУ дахь үйл ажиллагаагаа өөр компанид зарах магадлал бага гэж эх сурвалжууд хэлжээ.

Тус компанийн нийт орлогын багахан хувийг TikTok болон тус аппликейшний хэрэглэгчид үүсгэдэг, ийм учраас зарахаас илүү АНУ-д хориглуулахыг илүүд үзэх юм. Аппликейшн нь АНУ-д хориглогдсоноор “ByteDance” гол алгоритмаа худалдах шаардлагагүй болохоос гадна, бизнест нь хязгаарлагдмал нөлөө үзүүлнэ гэж эх сурвалжууд үзэж буй.

Мөн БНХАУ-ын засгийн газар өнгөрсөн жил мэдэгдэл хийхдээ TikTok-ийг худалдаалах нь янз бүрийн хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж, эсрэгээрээ АНУ-д хөрөнгө оруулахыг дэмжих тул эрс эсэргүүцнэ гэдгээ мэдэгдсэн юм.

TikTok ба АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль

Сонирхолтой зүйл нь Байден TikTok-ийг хориглох хуулийн төслийг баталсан хэр нь өөрөө тус аппликейшн дээр албан ёсны аккаунттай, сонгуулийн сурталчилгаа хийж байгаа юм.

Энэ жилийн арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Тус сонгуульд Ардчилсан намаас Жо Байден, Бүгд найрамдах намаас Дональд Трамп өрсөлдөх нь тодорхой болсон.

Байдены хувьд залуу сонгогчид дунд дэмжлэг үүсгэж чадахгүй байгаа. Ийм учраас тэр залуу сонгогчдын дэмжлэгийг хожихын тулд TikTok, Instagram, Youtube, Facebook дээр аккаунттай болж, инфлюэнсэрүүдтэй хамтран ажиллаж буй.

Торуулбал “Priorities USA” нэртэй Ардчилсан намын хамгийн том улс төрийн үйл ажиллагааны хороо сонгуулиас өмнө Байденыг дэмжсэн контент бүтээдэг 100 гаруй инфлюенсерүүдтэй ажиллаж хамтран байгаа. Тус хороо энэ ажилдаа нийт 1 сая ам.доллар төсөвлөжээ.

TikTok нь улс төрийн хувьд зүүний үзэлтэй залуус их ашигладаг аппликейшн. Байденыг дэмжигчид ер нь бол зүүний үзэлтэй иргэд байдаг.

Зургийн эх сурвалж: Daily Star

Тус аппликейшн 170 сая америк хэрэглэгчтэй. Судалгаагаар 30-аас доош насны америкчуудын гуравны нэгийнх нь мэдээ, мэдээлэл авдаг гол суваг TikTok гэдэг нь тогтоогдсон.

Мөн 30-аас доош насны иргэд АНУ-д TikTok-ийг хориглохыг хамгийн их эсэргүүцэж байгаа юм. Associated Press агентлаг “NORC” фирмтэй хамтран нэгдүгээр сард явуулсан санал асуулгаар бол 18-29 насны иргэдийн тал гаруй хувь нь эсэргүүцэж байна гэж хариулжээ.

Ийм учраас Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер Байдены гарын үсэг зурсан хууль нь “Хориг бус, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл” хэмээн мэдэгдэл хийсэн. Тэрбээр нэмж “Цагаан ордон америкчуудыг TikTok ашиглахад дургүй байна гэсэн үг биш” хэмээн сэнхрүүлэх зорилготой үг хэлсэн юм.

Associated Press болон “NORC” гуравдугаар сард хамтран явуулсан санал асуулгаар гуравны нэг нь л Байденыг ерөнхийлөгчийн ажлаа эрхэлж буй байдлыг дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл түүнийг ажлын байраа хүлээн авахад гуравны хоёр нь дэмждэг байсан нь их хэмжээгээр буурчээ.

TikTok дээр “Gen Z Historian” нэртэй аккаунт хөтөлдөг, АНУ-ын Йелийн их сургууль түүхийн чиглэлээр суралцаж байсан Калил Грин “Байдены захиргаа TikTok-ийг сонгуулийн кампанит ажилдаа ашиглахын зэрэгцээ хориглохыг дэмжиж буй нь хоёр нүүр гаргаж буй явдал” хэмээжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ залуу сонгогчид Байдены бусад бодлогод сэтгэл дундуур байгаа дээр нэмэгдэн TikTok-ийн хуулийг баталсан нь түүнд улс төрийн асуудал болж магадгүй хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters, Associated Press, The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button