ИНФЛЯЦ: Хүнсэндээ хүрэх, хүссэндээ хүрэхтэй тэнцэх нь

Өндөг, талхны үнэ 600-1000 төгрөгийн засварт уралдан өсөж, 58.1 сая толгой малтай Монгол Улсын иргэд нь нийслэл Улаанбаатартаа өвлийн идэш ууш, мах шөлөө хүртэл “банк бус”-аар, зээлийн апп-аар авахдаа тулж байна.
Мах үнэтэй болсон гэх иргэдийн бухимдуу үгс малчныг чиглэж, иргэд хий дэмий л хоорондоо "хөлөө жийлцэх" болсоор удлаа. Тэгэхээр төр засаг, Төвбанк хоорондоо тэврэлдэж, 13.4 хувьтай байгаа инфляцыг 2027 онд 6 хувьд хүргэх, цаашлаад дунд хугацаанд 5 хувьд барина гэсэн зорилт нь хөрсөндөө буугаагүй “төсөөлөл” шиг болов.
Өдрөөс өдөрт өндөг, гурилан бүтээгдэхүүн зэрэг гол нэрийн зарим барааны үнэ нэмэгдэж, арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар гэхэд л өмнөх сараас 2.1 хувиар, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлээд байна.
Өрхийн дундаж орлого ₮2 саяыг хол давсан буюу 2.7 саяас өндийгөөд буурсан гэх статистик мэдээ гарахад бодит амьдрал дээр баярлахаар үзүүлэлт биш нь биш. Инфляц улам дэвэрсээр, төр гэдэг нь дэврүүн мөрөөдсөөр өнөөдрийг хүрлээ. Үнэн хэрэгтээ иргэдийн орлого биш зарлага л бодитоор өсөж байна. Энэ бүхнийг сарын цалингаа хоол хүнс, хэрэглээндээ шавхаад, ард нь хурааж хуримтлуулах зүйлгүй үлддэг “монгол хүмүүс” мэдэх ч биз.
Амьдралд хүн үр хүүхдэдээ үлдээх хөрөнгөтэй байхыг хүсдэг. Монголын иргэний мөрөөдөл ч ийм л энгийн. Гэтэл өнөөгийн нийгэмд “хүний үр хүнсэндээ хүрэх гэдэг хүссэндээ хүрэх шиг” болох нь дээ.
Д.ГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.