Гадаад мэдээДЭЛХИЙ

Анталяа дахь COP31 нуран унаснаар Риогийн гурван конвенц ач холбогдлоо алдав уу

Туркт болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын Талуудын 31 дэх бага хурал (COP31) нэгдсэн тохиролцоонд хүрч чадалгүй нуран унасан. Ингэснээр 30 жилийн турш уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг чиглүүлж ирсэн тус бага хурлын ирээдүйд эргэлзээ төрүүлж эхлэв.

2009 онд Копенхагенд болсон хурлаас хойш анх удаа НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх хурал ямар нэгэн тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсөн нь энэ болсон. Улс орнууд чулуужмал түлшний хэрэглээг үе шаттайгаар бууруулах болон санхүүжилтийн асуудлаар санал зөрөлдсөн нь хэлэлцээ бүтэлгүйтэх гол шалтгаан байсан юм

Далайн түвшин нэмэгдэлт, уур амьсгалын эрс тэс үзэгдлүүдэд хамгийн хүчтэй нэрвэгдэж буй жижиг, буурай улс орнуудын хувьд Риогийн гурван конвенцын COP нь тулгамдаж асуудлуудаа дэлхий нийтийн анхааралд хүргэх, санхүүгийн дэмжлэг авах чухал боломж байдаг.

COP31-ийн үеэр болсон эсэргүүцлийн жагсаал. Зургийн эх сурвалж: AP

Гэвч сүүлийн жилүүдэд болсон COP-ийн хурлуудын үр дүн хангалтгүй байсаар ирлээ. Тэгвэл олон улсын анхаарлыг хамгийн их татдаг Уур амьсгалын өөрчлөлтийн COP мөн амжилтгүй болсон нь хэлэлцээний тогтолцоог шинэчлэх шаардлагатайг харуулав.

Риогийн гурван конвенцын COP-уудын хамгийн ойрын жишээ нь Монгол Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал юм. “Earth Negotiations Bulletin” хэвлэл тус хурлын үр дүнг дүгнэж бичихдээ:

“Хурал хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан сэдвүүдээс олон асуудлыг хэлэлцэж чадалгүй хойшлуулсан нь урьд өмнө үзэгдэж байгаагүй хэмжээнд хүрэв. Талууд хэд хэдэн чухал асуудлыг COP18 дээр хэлэлцэхээр хойшлуулжээ. Үүнд жендэр, иргэний нийгмийн оролцоо болон бусад конвенцтой хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх асуудлууд багтсан юм.

Мөн талууд ган гачиг, шилжилт хөдөлгөөн, хуурайшилт болон мэдлэг, мэдээлэл солилцох зэрэг чухал асуудлаар бодитой тохиролцоонд хүрч чадсангүй. Гэхдээ эдгээр асуудлыг дараагийн COP-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, цаашид үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцсон байна.

Саад тулгарсан хэдий ч талууд бэлчээрийн газар, малчид зэрэг олон чухал асуудлыг хамарсан нийт 34 шийдвэрт хүрч чадсан. Бэлчээрийн газар нь дэлхийн нийт хуурай газрын 54 хувийг эзэлдэг, 500 сая орчим малчин амьжиргаагаа залгуулдаг тул газрын доройтлын асуудлын голд оршдог юм.

Мөн элс, шороон шуурга, газрын эзэмшил, санхүүгийн нөөц дайчлах, төсөв зэрэг асуудлаар чухал шийдвэрүүд гаргасан. Үүнээс гадна шийдвэр гаргах үйл явцад шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдлэгийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шинжлэх ухаан-бодлогын уялдаа холбооны механизмын (SPI) цаашдын үйл ажиллагааны талаарх шийдвэр баталжээ. Энэ нь конвенцын хэрэгжилтийг дэмжихийн тулд талуудад шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөө, бодлогын зөвлөмж өгөхөд чиглэнэ.

Хурлаар олон чухал асуудлыг албан ёсоор хэлэлцэж чадаагүй ч дэлхий нийтэд тулгараад буй сорилтуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаанд тулгуурласан арга зам эрэлхийлнэ гэх амлалтаа төлөөлөгч нар дахин илэрхийлсэн юм” гэжээ.

Ереван хотноо болсон COP17-ын хурлаар хэд хэдэн шийдвэрийг баталсан юм. Гэвч санхүүжилтийн хэлэлцээ хоёр долоо хоногийн турш зогсонги байдалд оржээ. Европын Холбоо донор орнуудын хүрээг өргөжүүлэх чиглэлээр гарсан ахицыг хангалтгүй хэмээн дүгнэсэн юм.

Анталяа дахь хэлэлцээний талаар Перу улсын Гадаад хэргийн яамны Байгаль орчны газрын захирал Андрес Мартин Гарридо Санчес хэлэхдээ, энэ удаагийн хэлэлцээний бүтэлгүйтэл нь олон улсын хэлэлцээ нэр хүнд, үүнд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэжээ.Тэрбээр “Энэ тогтолцоонд гүнзгий шинэчлэл хийх шаардлагатай” хэмээсэн юм.

Мөн НҮБ-ын Уур амьсгалын асуудал хариуцсан тэргүүн Саймон Стил хэлэлцээнд суурилдаг тогтолцоо цаашид үр дүнтэй ажиллах боломжтой боловч тодорхой шинэчлэл хийх шаардлагатайг онцолсон байна. Тэрбээр хэлэлцээ өндөрлөсөн өдөр “Шинэчлэл хийх боломжтой чиглэлүүдийн талаар зөвлөгөө авахын тулд гаднын мэргэжилтэн, судлаачдыг татан оролцуулах алхмуудыг би хийсэн. Энэ бол хурлын дараа анхаарлаа хандуулж ажиллах зүйлсийн нэг байх болно” гэжээ.

Антальяд болсон хэлэлцээний үеэр Карибын тэнгисийн орнуудын CARICOM бүлгийг тэргүүлсэн Жеймс Флетчер эерэг үр дүнд хүрэхийг дэмжихүйц улс төр, дипломат нөлөө бүхий томоохон гүрэн байгаагүй нь хэлэлцээний гол бэрхшээлүүдийн нэг байсан гэсэн юм Тэрбээр: “Байр суурийн хувьд их зөрүүтэй улс орнуудыг нэг ширээний ард суулгаж, зөвшилцөлд хүргэхүйц хангалттай нөлөө бүхий нэг ч улс алга байна” гэж хэлжээ.

Их Британийн Ерөнхий сайд Энди Бёрнхэм COP31-ийн үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “COP31 дээр зөвшилцөлд хүрч чадаагүй нь туйлын харамсалтай байна. Дэлхий нийт энэ зуны турш уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг биеэр мэдэрсэн. Ийм нөхцөл биднээс илүү өндөр зорилт, шийдэмгий алхам шаардагдаж байлаа. Гэвч уур амьсгалын эсрэг тэмцлийн амжилтыг ухраасан гэрээг дэвшүүлсэн учир бид үүнийг дэмжих боломжгүй байсан” гэсэн байна. Европын холбоо болон бусад орнууд COP-ын ерөнхийлөгч Турк, Австралийн саналыг хэтэрхий сул нөхцөлүүдтэй байна хэмээн эсэргүүцсэнээр хэлэлцээ нуран унасан юм.

Одоо дэлхий нийтийн анхаарал ирэх онд Этиопын нийслэл Аддис-Абебад болох COP32 руу шилжлээ. Саймон Стил хэлэхдээ, COP32 нь өмнөх хурлуудын амжилтад тулгуурлан урагшлах ёстой болохоос биш ухрах алхам хийх ёсгүй гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters, IISD, Climage Change News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button