Орон сууцны залилан | 2,779 хүний хохирлоос 12 хэрэг шүүхэд шилжжээ
Орон сууц захиална гэдэг олон жилийн хөдөлмөр, хуримтлалаа ирээдүйн гэртээ зориулж буй хэрэг. Гэвч байртай болох мөрөөдөл нь зарим иргэний хувьд олон жилийн хүлээлт, төлсөн мөнгөө буцаан авч чадахгүй хохирол болон хувирчээ. Барилгын компаниудын амлалт биелэхгүй, захиалагчид байргүй, мөнгөгүй үлдэж, хариуцлага нэхэн шүүхийн хаалга татсаар байна. Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэдийн тоо нэмэгдэж буй энэ үед төрийн хяналт, хариуцлагын тогтолцоо, хохирлыг барагдуулах бодит шийдэл хаана байна вэ?
-Төрийн байгууллагын нэр, газар дээр хэрэгжсэн төсөл гацаанд оржээ-
Баянзүрх дүүргийн IV хороо, “Их засаг” их сургуулийн баруун талд байрлах 160 айлын орон сууцны төслийн барилгын ажил 2018 онд эхэлжээ. “Бриллиант партнер” ХХК-ийн хэрэгжүүлж буй уг төсөлд 2019-2025 оны хооронд иргэд захиалга өгсөн бөгөөд барилга ашиглалтад орох хугацаа гурван жилээр хэтэрсэн гэж захиалагчид мэдээлж байна.
Хохирогчид арваннэгдүгээр сарын 24-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадна цуглан, удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Тэдний гол шаардлага нь тус хүрээлэн болон “Бриллиант партнер” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг ил болгох, барилгын ажил зогссон шалтгааныг тайлбарлуулах, хохирлоо барагдуулах асуудлыг шийдвэрлүүлэх юм.
Захиалагчдын ярьснаар, “Бриллиант апартмент-1” төслийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эзэмшлийн газар дээр төрийн тусгай албан хаагчдыг орон сууцаар хангах зорилгоор хэрэгжүүлж байгаа гэж танилцуулжээ. Тэдний мэдээлснээр, захиалгын 40 орчим хувийг буюу 60-70 орон сууцыг Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа байгууллагуудын ажилтнуудад хөнгөлөлттэй үнээр олгох, үлдсэн хэсэгт энгийн иргэдийг хамруулах нөхцөлөөр захиалга авчээ.
Төрийн байгууллагатай холбоотой төсөл гэх мэдээлэлд итгэж орон сууц захиалсан иргэд өнөөдөр уг байгууллагуудын хооронд ямар гэрээ байгуулсан, газрыг хэрхэн ашиглуулах тохиролцоо хийсэн, төслийн хэрэгжилтэд ямар хяналт тавьсан талаар тодорхой хариу авч чадахгүй байгаагаа хэлж байна.
Тэдний нэгтгэсэн мэдээллээр, 60 гаруй айлын төлсөн мөнгө таван тэрбум төгрөгт хүрчээ. Үлдсэн захиалагчдын төлбөрийг нэмж тооцвол нийт хохирол 10 тэрбум төгрөгт хүрч болзошгүй гэж захиалагчдын төлөөлөл мэдэгдсэн байна. Энэ нь хохирогчдын өөрсдийн гаргасан тооцоо бөгөөд албан ёсны аудитын дүгнэлт хараахан гараагүй байна.
-Барилгын ажил зогссон, гурван хүнийг цагдан хорьжээ-
Хохирогчдын мэдээлснээр, 16 давхар хоёр блок бүхий орон сууцны барилга 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байхад ажил нь зогссон байна. Тэд барилгын ажлыг үргэлжлүүлж, байрандаа орох боломжийг судлахын зэрэгцээ компанийн болон төрийн байгууллагын хоорондын харилцааг ил болгохыг шаардаж байгаа юм.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр, уг төслийн асуудлыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шалгаж байна. “Бриллиант партнер” ХХК-ийн захирал С.Булган-Эрдэнэ зэрэг гурван хүнийг цагдан хорьж, төлбөр мөнгө, хөрөнгийн зарцуулалтад аудитын шалгалт хийж байгаа аж.
Аудитын дүгнэлтийг арванхоёрдугаар сарын эхээр гаргахаар төлөвлөсөн бөгөөд хохирогчдын хүсэлтийн дагуу барилгын хашаан дахь эд хөрөнгийг худалдаж, үрэгдүүлэхээс сэргийлэн бүртгэж, битүүмжлэх шийдвэр гаргуулах талаар мөрдөн шалгах байгууллагаас мэдээлжээ.
Орон сууц захиалгын гэрээгээр иргэдийг хохироосон асуудал зөвхөн энэ төслөөр хязгаарлагдахгүй. Улсын ерөнхий прокурорын газрын мэдээллээр, 2026 оны тавдугаар сарын байдлаар орон сууц захиалгын залилантай холбоотой 173 хэрэгт 2,779 хүн хохирч, нийт 211.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байжээ.
Эдгээр хэргээс 102-ыг нь шийдвэрлэж, 20 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд 12 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хэрэг шалгах явцад 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 42.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 372 эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн орон сууц захиалагчдын эрхийг хамгаалах зохицуулалт боловсруулах талаар мэдээлсэн. Үүнд орон сууц бүрд давхардалгүй дугаар, QR код олгох, иргэд захиалах гэж буй байрныхаа мэдээллийг нээлттэй шалгах, ирээдүйд үүсэх өмчлөх эрхийг улсын бүртгэлээр хамгаалах зэрэг асуудал багтаж байгаа юм.
Гэхдээ шинэ журам, хуулийн төсөл нь цаашид үүсэх эрсдэлийг бууруулахад чиглэнэ. Харин олон жил хохирсон иргэдийн хувьд төлсөн мөнгөө хэрхэн буцаан авах, барилгын ажлыг хэн, ямар хөрөнгөөр үргэлжлүүлэх, төрийн байгууллагын нэр болон газар дээр төсөл хэрэгжүүлсэн харилцаанд хэн хариуцлага хүлээх нь өнөөдрийн асуудал хэвээр байна.
-Хохирогчдын шаардлагад хариу өгөх эзэн хэрэгтэй байна-
“Бриллиант апартмент-1”-ийн захиалагчид Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлагатай уулзаж, шаардлагаа хүргүүлсэн ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнтэй уулзах хүсэлтээ мөн илэрхийлжээ.
Хохирогчид олон жил хүлээсэн орон сууцандаа орох, эсвэл төлсөн мөнгөө буцаан авах тодорхой шийдэл хүсэж байна. Тэдний шаардлага зөвхөн компанид хандсан гомдол биш. Төрийн байгууллагын нэр, газар, оролцоотой гэх мэдээлэлд итгэж орон сууц захиалсан иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ гэсэн асуулт эзэнгүй хэвээр.
Орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх журам хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр хохирсон иргэдэд хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл бол хариуцлага хүлээх эзэнтэй, хэрэгжих хугацаатай, хохирлыг нь бодитоор барагдуулах шийдвэр бас хүлээгдсээр.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.