Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагчаар “Beijing Jianlong Heavy Industry Group” шалгарчээ

Монгол Улсад ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан тухайгаа мэдээлэв.
Төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй урилгыг 30 гаруй компанид хүргүүлснээс БНХАУ-ын таван компани санал ирүүлжээ. Сонгон шалгаруулалтын эцсийн шатанд “Beijing Jianlong Heavy Industry Group” 81.13 оноо, “Baotou Iron and Steel Group” 48.36 оноо авснаар “Beijing Jianlong Heavy Industry Group” стратегийн хөрөнгө оруулагчаар шалгарч, тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн аж.
“Beijing Jianlong Heavy Industry Group” нь төслийн хувьцааны 80-аас доошгүй хувьд мөнгөн хөрөнгө оруулж, үйлдвэрийн барилга угсралт, ашиглалтыг хариуцан, дөрвөн жилийн хугацаанд барьж байгуулах санал ирүүлжээ.
Мөн 1800 ажлын байр бий болгож, нийт ажилтны 70 хувийг монгол иргэд бүрдүүлэх, цаашид 499 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн хүчин чадлыг нэг сая тонноор нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн байна.
Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт байгуулах ган үйлдвэрлэлийн цогцолборын урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт 806 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласнаар жилд 645 сая ам.долларын борлуулалт хийх, 101.5 сая ам.долларын цэвэр ашиг олох, улсын төсөвт жил бүр 63.4 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, 1650 ажлын байр бий болгох, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4.9 хувиар нэмэгдүүлэх, импортыг 4.8 хувиар бууруулж, экспортыг 2.3 хувиар нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг 350-400 сая ам.доллароор сайжруулах боломжтой гэж тооцоолжээ.
Монгол Улсын ган бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ 2025 онд 1.07 сая тоннд хүрсэн бол 2030 он гэхэд 1.7 сая тонн болох төлөвтэй байна.Ган бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэснээр нэг тонн арматурын үнэ 700 ам.доллароос 550-600 ам.доллар болж, 20 орчим хувиар буурах боломжтой. Энэ нь барилгын салбарын өртгийг бууруулах, импортын хараат байдлыг багасгах, эрдэс баялгийн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратегийн ач холбогдолтой гэнэ.
Цаашид шалгарсан хөрөнгө оруулагчтай гэрээний нөхцөлийг хэлэлцэж, үндэсний эрх ашиг, эдийн засгийн үр өгөөжийг бүрэн хангах, санхүүжилт, технологи, байгаль орчин болон талуудын эрх, үүрэг, эрсдэлийг нарийвчлан тохирох юм.Үйлдвэрийг 2027-2029 онд барьж байгуулан, 2029 оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Г.САНСАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.