Мэтагро компани олон улсын хөдөө аж ахуйн зохистой дадлын стандартыг Монголд анхлан нэвтрүүллээ

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлээ олон улсын стандартаар баталгаажуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын үйлдвэрлэлийг эхний шатнаас нь эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүрэн хангаж байгаагаа нотоллоо. Primeat брэндээрээ танигдсан Мэтагро компани нь үхрийн тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлээ GLOBAL GAP IFA Smart for Combinable Crops V6.0 стандартыг, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлээ GLOBAL SLP Integrated Farm Management V5.2 олон улсын стандартаар тус тус ханган баталгаажуулсан Монголын хөдөө аж ахуйн салбарын анхдагч нь боллоо.
Эдгээр стандартын хэрэгжилтийг олон улсын SGS байгууллагын хөндлөнгийн аудит баталгаажуулсан бөгөөд махны чанар, аюулгүй байдлыг мах боловсруулах үйлдвэрлэлийн үе шатнаас өмнөх үеүд болох малын тэжээлийн тариалалт, үр, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээ, тэжээлийн хадгалалт, мөшгих тогтолцоо болон цаашлаад мал бордох үеийн эрүүл мэнд, тавлаг байдал зэрэг үйлдвэрлэлийн үе шатуудад олон улсын стандартыг мөрдөж буйг баталгаажуулж буй юм.

Мэтагро компаниийн гүйцэтгэх захирал Б.Солонго:“Манай компани газар тариалан, үхэр бордох аж ахуй, мах боловсруулах үйлдвэр, хүргэлт, түгээлтийн хүйтэн хэлхээг цогцоор нь хэрэгжүүлдэг буюу хөдөө аж ахуйн цогцолбор хэлбэрээр үйл ажиллагаагаа эрхэлдэг тул эдгээр стандартуудыг аль алиныг нь Монгол Улсад анх удаа, тэгэхдээ цогцоор нь авсан эхний аж ахуй боллоо. Энэ нь Мэтагро компанийн төдийгүй манай улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал юм. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлж, хэвшүүлснээр бид хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангахад улам бүр итгэлтэй болж байна. Эдгээр стандартууд нь малын тэжээл болон маханд хүнд метал, пестицид, антибиотикийн үлдэгдэлгүй байлгахыг эхнээс мөшгөж, магадлахыг чухалчилдаг юм. Мэтагро компани цаашид үйлдвэрлэлийн бүх үе шатанд олон улсын сайн туршлага, хариуцлагатай үйлдвэрлэлийн зарчмуудыг нэвтрүүлж, “Хөрснөөс хүнс” хүртэлх цогц өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар хүнсний чанар, аюулгүй байдал, тогтвортой үйлдвэрлэлийг эрхэмлэн, Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг зорьж ажиллана” гэв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.