НИЙГЭМ

Төрийн шагнал “төмөр” болж хувираад удлаа

Шагнал гэх үгийн утгийг задалвал хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээл, гавьяаг үнэлж шан харамж болгон өгөх зүйл буй за. Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог төрийн дээд одон медал хавтгайрч, үнэгүйдэх болоод удаж байна. Бидний эмээ өвөөгийн үед шагнал нүдээ олсон, зөв хүндээ хүрч хүндлэл хүлээдэг цаг ард хоцорч, хэн дуртайг нь шахуу “Алтан гадас”, “МУГЖ” зэргээр шагнасаар шагнал бус “төмөр” болгон хувиргалаа.

Иргэдийн дунд, нам дагасан нь л шагнал авдаг гэх цуу яриа хэдийн эрчээ авсан. Энгэрт нь төмөр зүүлгээд үр шим нь юу байх вэ? Түүний оронд нь мөнгөн дэмжлэгийг цөөн бөгөөд байгаа онож өгвөл энэ нь жинхэнэ шагнал болно гэх яриа иргэдийн дунд бий.

Бусад хөгжингүй улс орнуудад ийм хавтгайрсан шагнал өгдөггүй бөгөөд ОХУ-аас өвлөгдөж ирсэн соёлоор Монгол улсад л “Хөдөлмөрийн баатар” гэх мэт цол тэмдгүүдийг тараасаар. Яг бодит байдал дээр “Амьдрахын төлөө өөр өөрсдийнхөөрөө тэмцэж буй бүгд л баатар” бус уу?

Сонгууль дөхөх бүрт “Төрдөө үнсүүлэх” нэрийн дор татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн сурталчилгаандаа зарцуулдаг явдал хэзээ зогсох вэ?

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед (2009-2017) төрийн одон, медаль, шагналын асуудалд шагналын шалгуурыг өндөрсгөх, олгох тоог хязгаарлах, шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх байр суурь илэрхийлж байлаа. Тэрээр шагналын тоо хэмжээг 3-5 дахин бууруулахаар төсөлд тусгаж байжээ. Тэгвэл түүнээс хойшхи Ерөнхийлөгчдийн үеэс шагнал тараах явадл бүр илүү эрчээ авлаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шагналд өндөр төсөв зарцуулсан байгаа талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хэлж байсан. Тэгвэл У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр ажилласан 5 жил гаруйн хугацаандаа хэд хэдэн байгууллагуудад “Сүхбаатарын одон”, “Чингис Хаан одон”-г гардуулсан. Энэ нь өнгөц харахад байгууллагад олгож байгаа мэт боловч, ажаад харвал тэр байгууллагын ажилтан нэг бүрт тал засаж "Намайг дэмжээрэй" гэж хэлэх далд утга мөн юм. Тухайлбал:

  • Сүхбаатар аймагт Сүхбаатарын одон
  • “МИАТ” ТӨХК-д Сүхбаатарын одон
  • Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд Сүхбаатарын одон
  • Онцгой байдлын ерөнхий газарт Сүхбаатарын одон
  • Цэргийн төв эмнэлэгт Сүхбаатарын одон
  • Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг тус тус хүртээжээ.

Тэгвэл 2026 оны есдүгээр сард УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Төрийн шагналын тухай хуулийн төсөл"-ийг санаачилахдаа эзнээ олдог шагналууд буюу “Алдарт эхийн одон”, “Малчны одон”-оос бусдыг цөөлж төсвөө хэмнэх шаардлагатай гэж үзсэн байдаг.

Тухайлбал, 2023 онд яамдын шагналд 26592 ширхэгт 2 тэрбум төгрөг, 2024 онд 33736 ширхэгт 2.8 тэрбум төгрөг зарцуулж, зардал 36 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн Тамгын газраас шагнал урамшуулалд зарцуулсан төсвөө ил тод мэдээллэхийг хоёр удаа хүссэн ч хариу өгөөгүй талаар дурдсан. Мөн энэ оны арваннэгдүгээр сарын 20-ний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн огцрох саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр С.Цэнгүүн гишүүн Ерөнхийлөгчид хандаж төрийн олон медалд зарцуулсан төсвөө нээлттэй хэлэхийг хүссэн. Харин У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчид хэдэн мянган шагналын хүсэлт тодорхойлолт ирдэг. Сүүлийн үед шагналыг ахмадуудад өгье гэсэн зарчмыг барьсан. Онцгой гавьяа байгуулсан залууст хүртээсэн бөгөөд одон медалийг зохих хүмүүст нь өгсөөр байгаа, миний тайлан бүгд цахимд ил тод байгааг өөрсдөө харчих” гэх хариултыг өгч байлаа. Гэсэн хэдий ч шагналд чухам хэдэн төгрөг зарцуулсан тухай мэдээлэл, тоо баримт одоо ч тодорхойгүй хэвээр байна.

Түүнчлэн, шагналд тодорхойлогдож буй иргэдийг ямар шаардлага шалгуураар олгож байна вэ? гэх асуулт иргэдийн дунд буй байнгийн асуулт, эргэлзээ хэвээр. Урлагийн тогоонд орсон гарсан бүхэн СТА болж шагналын үнэлэмжийг унагааж байлаа. Тэгвэл одоо Монгол улсын гавьяат жүжигчин, Ардын жүжигчин цол тэмдэгийн нэр хүнд унаж эхлээд байна. Аливаад эрэмбэ дараалал, хүндлэл байх ёстой гэдгийг бодож, шагналыг чансаатай болгох цаг нь аль хэдийн иржээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button