Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын ЭШ-д өндөр оноо авсан хүүхдүүд хуулсан гэж хардуулахаас эмээж олны анхаарлаас зайлсхийж байна

БНСУ-ын энэ жилийн элсэлтийн шалгалтад дор хаяж гурван сурагч бүх даалгаврыг зөв гүйцэтгэж, хамгийн өндөр оноо авсан гэх мэдээлэл байна. Гэвч өндөр оноо авсан сурагч нар хиймэл оюун ухаан ашиглан хуулсан байж магадгүй гэх хардлагад өртөхөөс болгоомжилж, олны анхаарлаас зайлсхийж байгаа аж.

Гурван сурагч нэг ч алдаагүй гэх мэдээлэл нь шалгалт өгөгч нар өөрсдийнхөө шалгалтыг хариутай урьдчилсан байдлаар тулган шалгасны үр дүнд гарсан тоо юм. Шалгалтын албан ёсны хариу арванхоёрдугаар сарын 11-нд гарснаар боломжит хамгийн өндөр оноог авсан сурагч нарын тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Өмнөд Солонгосын ахлах сургууль болон сургалтын байгууллагууд элсэлтийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан сурагчдаа мэдээлж, сургалтынхаа чанарыг сурталчилж ирсэн. Өнгөрсөн жил шалгалт болсон өдөр нь өндөр оноо авсан сурагчдын тухай мэдээлэл цацагдаж байжээ. Тэдгээр сурагч хичээлээ хэрхэн давтдаг, өдөр тутмын амьдралын хэвшил, аль их сургуульд суралцах хүсэлтэй байгаа зэрэг нь хэвлэлийнхэн тодруулж мэдээлдэг байсан юм.

Тэгвэл энэ жил шалгалтаа шударгаар өгч, хамгийн өндөр оноо авсан сурагчид хүртэл хуулсан гэх хардлагад өртөхөөс болгоомжилж, олны өмнө гарахыг хүсэхгүй байна.

Ийм хандлага бий болоход татварын нягтлан бодогчийн мэргэшлийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан оролцогч AI-аас хуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь хүргэжээ. Үүний улмаас улсын хэмжээний шалгалтуудад өндөр оноо авсан хүмүүсийг хардаж, сэжиглэх явдал нэмэгдсэн юм.

Их сургуульд элсэгчдэд зориулсан цахим платформуудаас сурагч нар хэр болгоомжилж буйг харж болно. Сурагчид тэдгээр платформууд дээр бичихдээ  үнэхээр нуух зүйлгүй байсан ч амжилтаа олон нийтэд зарлах нь огт ашиггүй гэж бичиж байгаа юм. Амжилтаа зарласнаар магтаал хүртэхийн оронд хардлага сэрдлэгт өртөх эрсдэлтэй гэж сурагч нар үзэж байна.

Шалгалтын дараа хуулсан байж болзошгүй тохиолдлуудыг шалгаж эхэлсэн нь сурагчдын түгшүүрийг нэмэгдүүлэх магадлалтай байна. Албаныхан аль нэгэн шалгуулагч хуулсан эсэхийг тогтоохын тулд хиймэл оюун ухаан ашигласан бүртгэл болон харилцаа холбооны мэдээллийг тулган шалгах болжээ. Гэхдээ ингэж тулгаж шалгах нь хугацаа шаардах юм.

Одоогийн байдлаар цагдаагийн алба шалгалтын байранд ухаалаг нүдний шил болон жижиг камер оруулсан дөрвөн тохиолдлыг илрүүлэн шалгаж байна. Хиймэл оюун ухаан ашигласан бүртгэл, харилцаа холбооны мэдээллийг нягталж үзсэнээр энэ тоо нэмэгдэх магадлалтай.

Татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтын дуулианы дараа зарим өндөр оноо авсан шалгуулагч нар олон нийтэд үр дүнгээ тайлбарлаж, өөрийгөө өмгөөлөх шаардлагатай болжээ.

Энэ жилийн татварын нягтлан бодогчийн мэргэшлийн шалгалтад тэнцсэн хамгийн залуу оролцогч эхний шатанд ухаалаг нүдний шил ашиглан хуулсан гэх хардлагад өртсөн байна. Үүний улмаас тэр хичээлээ бэлдсэний нотолгоо болгон дэвтэр, сурах бичгүүдийнхээ зургийг нийтлэхэд хүрсэн юм.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button