Орос жүжигчин Украинд энх тайван тогтоохыг уриалсан тул торгуулжээ

Орос жүжигчин ОХУ-ын армийг үл хүндэтгэсэн гэж буруутгагдан 50 мянган рублиэр торгуулсан байна.
Шүүх Анастасия Ивлееваг сошиал хуудас дээрээ энх тайвныг уриалсан нийтлэл оруулснаараа зэвсэгт хүчнийг үл хүндэтгэсэн гэж үзжээ. Пүрэв гарагт /2024.04.25/ болсон шүүх хурлаар түүнийг оруулсан хоёр нийтлэлд торгууль оногдуулсан юм.
Нэг нийтлэл нь “No To War” гэсэн тайлбартай хар дүрсний зураг байсан бол нөгөө нь “Хүмүүсийн амь насыг авч одохыг зогсоох буулт хийхийг уриалж байна” гэх тайлбартай тагтааны зураг байжээ.
Сонирхолтой нь Ивлеевагийн тус хоёр нийтлэлээ Украины дайн эхлээд удаагүй байхад оруулсан юм. ОХУ зэвсэгт хүчнийг үл хүндэтгэсэн үг хэллэг ашигласан тохиолдлыг шийтгэдэг хууль Украины дайны дараа баталсан.
Тус хуулийг Ивлеева нийтлэлүүдээ оруулснаас хэдэн өдрийн дараа баталсан байдаг. Тэрбээр Москвад байрлах шөнийн клубт “бараг нүцгэн ир” хувцаслалтын кодтой үдэшлэг зохиосноороо ОХУ-д дуулиан тарьж байжээ.
Үдэшлэгийн зургууд Оросын сошиал орчноор тархсан нь консерватив үзэлтэй хууль тогтоогчид, блогчид болон зарим иргэдийн дургүйцлийг хүргэсэн юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.