Т.Орхонтуул: 66 ямаанаас минь 15 нь ихэрлэлээ
Т.Орхонтуул Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэн. Тэрбээр эмнэлэгт асрагч хийхийн зэрэгцээ мал малладаг. Нөхөр нь уул уурхайд ажиллаж, хүүхдүүд нь сургуульд сурдаг учраас бүсгүй бүхий л ажлаа өөрөө зохицуулж, амжуулдаг. Энэ жилийн тухайд тэрбээр хонио ахындаа тавьж, ямаагаа өөрөө төллүүлжээ.
Онцлоход, эдний 66 төллөх ямаанаас 15 нь ихэрлэж 81 ишигтэй болжээ. Т.Орхонтуул энэ тухайд "Энэ жил манай нутагт мал жилбэтэй сайхан орлоо. Ямаа маань дөрөвдүгээр сарын 4-нөөс эхэлж ишиглээд өнөөдөр /2024.04.23/ сүүлийнх нь төллөөд дууслаа. Өмнөх жилүүдэд 1, 2 ямаа ихэрлэдэг л байсан. Харин энэ жил ингэж олноороо ихэрлэсэнд бэлэгшээж их баяртай байна.
Эцэг малыг Баянхонгор аймгийн Баянцагаан сумын хоёрдугаар багийн нутаг Аргалантаас ахаасаа борлон ишиг байхад нь авч, хоёр жилийн өмнө ухна тавьсан. Манай нутагт хуц, ухныг хоёр жил тавиад сольдог. Учир нь эхний төл нь хээл авах цаг нь болчихдог учир эргээд өөрийнхөө төлд гүйхээс болгоомжилдог. Тэгэхээр ихрийн удамтай байж болох ч энэ ухнаа манайх дараа жил тавихгүй" гэлээ.
66 ямаанаас 81 ишиг төллүүлсэн Т.Орхонтуул 2017 оноос Баян-Овоо суманд шилжин суурьшиж, эмнэлгийн ажлаа хийхийн зэрэгцээ малаа өөрөө гардан маллаж яваа аж.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн ихэрлэвэл дайн болох
Мал ихэрлэвэл зуд болох
Сонин л юм.
Өвөл хатуу орсоны дараа цаг сайхан болж, мал өсөх нь хурдан байдаг гэсэн нь энэ бодолтой.
Нэг айлын мал өсөж байгаа нь сайхан байна. Баяр хүргий.
Ямаа чинь хутагны ирээр өсдөг амьтан гэж ээж минь ярьдаг бсан үнэн шүү.