Хойд Америкийн улаан яргай буцаж нүүдэллэдэг чухал гол дахь загасны тоо толгой их хэмжээгээр буурчээ
Дөрвөн жил тутам олон сая Хойд Америкийн улаан яргай загас төрсөн гол руугаа буцах нүүдэл хийж, үржлийн нутагтаа ирдэг. Сая сая яргай загасны арьс нь тунгалаг болж, булчингийн улаан өнгө нь гарч ирснээр голууд улаан өнгөтэй болж хувирдаг юм. Үүнийг харахаар олон тооны хүн ирдэг байна. Энэхүү нүүдэл нь Бристол эргийн голууд, Фрэйзер голын систем, Колумбиа голын систем гэх мэт гол мөрнөөр дамжин явагддаг. Ингэж нүүдэллэхдээ улаан яргай юу ч иддэггүй, хуримтлуулсан өөхөн эдээ ашигладаг юм. Буцах нүүдэллээ дуусгасан яргай загаснууд үржээд үхдэг байна.
Энэ жил буцах нүүдлийн гол замуудын нэг болох Фрэйзерийн голын систем дэх загас эрс цөөрч, тоо толгой ноцтой хэмжээний алдагдал хүлээжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар улаан яргай загас нь тэсвэртэй төрөл зүйл ч гэсэн тоо толгой буурч буй хандлагыг үл тоон орхиж болохгүй юм.
Номхон далайн яргай загасны сангийн (PSF) дэд ерөнхийлөгч Жэйсон Хван энэ талаар ярихдаа “Бид бууж өгч, энэ асуудлыг орхигдуулж болохгүй. Үнэндээ энэ бол бидэнд ирж буй үүрэг хариуцлага. Энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн хувьд, тэр байтугай насанд хүрсэн хүн, дэлхийн иргэний хувьд болж буй үйл явдалд анхаарлаа хандуулж, хариуцлага хүлээн нь бидний үүрэг” гэжээ. “PSF”-ийн тооцооллоор энэ жил Фрэйзер голын системээр 7.7 сая яргай загас буцаж нүүдэллэх ёстой байсан ч 2.8 сая яргай загас буцсан гэх эцсийн тооцоо гарсан байна. Тус голын системээр 2010 онд 28 сая, 2014 онд 18.8 сая, 2018 онд 11 сая, 2022 онд 6 сая хүртэлх загас буцсан аж.
Эх сурвалж: APTN News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.