Ард иргэд нь шатахуунд дугаарлан хонож, "Туйлдаж гүйцлээ" жагсаал сэрж, эрх мэдэлтнүүд Японд найрласан 7 хоног
Хөвөрсөн олон үйл явдлаас багцлаад харвал, Н.Учрал Засаг төр, намын нөхөд, сэтгүүлчдийг багтаасан 120-оод хүн дагуулаад Япон руу багагүй зардлаар явсан нь, ШТС-ын гадна иргэд хонон өнжин оочерлож, тэндээс "Туйлдаж гүйцлээ" жагсаал сэрсэн нь, парламентын түүхэнд анх удаа сонсгол ирцгүйн улмаас зогссон нь энэ долоо хоногийн гол сэдэв боллоо.
Хагас тэрбумыг буудал, нислэгтээ үрж Японд найрласан эрх мэдэлтнүүд

Н.Учралтай явсан 120 хүний нислэг, зочид буудлын өртгийг бид тооцоолж үзсэн. Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан 66 хүний хоёр талын тийз, гурав хоногийн буудлын зардал ₮254 сая. Харин Японд байх дөрвөн өдрийнхөө нэгт нь л уулзалт, сургалтдаа сууж үлдсэнд нь зугаалах хуваарьтай явсан МАН-ын Бага хурлын эрхтэй гишүүдийн тийз, зочид буудлын зардал нь ₮230 сая төгрөг болж байв. Хамгийн бага дүнгээр л тооцоолж үзэхэд.

Үүнээс гадна МАН сургалтад явсан намын хорооны дэд дарга нартаа $3000-ыг халаасны мөнгө гэж тараасан гэх мэдээлэл бий. Нэг хүнд ₮10 сая төгрөг гэсэн үг.
Япон руу явсан МАН-ын 54 хүний 19 нь аймгийн намын хорооны дэд дарга, найм нь дүүргийн дэд дарга нар. Нийт 28 хүн 3000 ам долларын халаасны мөнгө авсан гэж тооцоход 84,000 ам.доллар буюу Монгол мөнгөөр ₮302 сая төгрөг.
Нам өөрийн зардлаар хүмүүсээ сургалтад хамруулсан гэж мэдээлээд буй. Гэхдээ төрөөс намуудад тодорхой хэмжээний санхүүжилт олгодог болохыг энд сануулъя.
Ямартай ч МАН-ынхан сургалтдаа суусан, Н.Учрал ч айлчлалаа хийгээд ирэв.
Айлчлалаар Чингис хаан нисэх буудлыг өргөтгөх иенийн зээл, давхар татварын болон нийгмийн даатгалын хэлэлцээр, JETRO-гийн төлөөлөгчийн газар нээх асуудлыг тохиролцжээ. Мөн газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг хамтран байгуулахаар болсон байна.
Байнгын хороо, сонсгол, чуулган цөм ирцийн бойкотод оров. Чуулганд "хоосон сандлууд хуралддаг болов"

Нөлөө бүхий томчууд нь гадагш явах хооронд байнгын хороод нь урьдын адил байнгын гацаанд оров. Товлосон цагтаа ирц нь хүрдэггүй, ирц нь арайхийн хүрэхээрээ ажлын хэсгийнхэн нь, танилцуулга хийх сайд нь эзгүй, гишүүд нь асуулт асуухад хэдэрлэж, ёдорлодог байдал ч гарлаа.
Үүнээс гадна урьд хойчид парламентад тохиож байгаагүй кейс буюу сүүлийн 18 жилд ₮6 их наяд эргэлдсэн ХАА-н салбарын сонсголоо бүрэн бүтэн хийж чадсангүй, ирцийн бойкотод ороод дуусав. Ганц өдөр, дутуу мэдээлэлтэйгээр сонсгол үргэлжилэхэд багагүй мэдээлэл ил болов. Онцлон хэлвэл Цар тахлын үед 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд төрөөс хамгийн өндөр дүнтэй зээлийг хамгийн хямд хүүтэй авсан 10 ААН-ийн тэн хагас буюу тав нь ноолуурын компани болохыг бид мэдэж авлаа. Тодруулбал, “Ханбогд кашмер” ХХК зургаан удаа нийт 68.8 тэрбумыг авсан нь хамгийн өндөр дүн бөгөөд араас нь “Сор кашмер” ХХК 21.5 тэрбум, “Кашмер холдингс” ХХК 16.6 тэрбум, “Гоёл кашмер” ХХК 11.6 тэрбум, “Үлэмж кашмер” 10.5 тэрбумын хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.
Үүнээс гадна Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилтийн агуулга сонсголоор хөндөгдлөө. Харамсалтай нь салбар яамных нь зүгээс шаардлагатай материалуудаа сонсголд, шинжээчид ч гаргаж өгөөгүй байна. Энэ үест ч Ерөнхийлөгчийн талынхан зүгээр суусангүй. Ерөнхийлөгчийн санаачилсан төслүүдийг ярьж эхлэмэгц УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүнийг эгүүлэн татах төслийг хэлэлцэх шаардлагатай байгааг дурдаж, "дарамтлав".
Эзнийг нь эрсэн "Туйлдаж гүйцлээ" жагсаал

Шатахуун өсөхөд бүх барааны үнэ өсдөг, шатахуун хомсдоход бүх "амьдрал" зогсдог нь жам болчихсон.
Эрх мэдэлтнүүд ийн найрлаж, хэрэлдэж, хэнхэглэж байх зуурт ард иргэд шатахуундаа хонон өнжин оочерлож, тэнгэрт тулсан үнэтэй өргөн хэрэглээний бараагаа арайхийн авч амь зууж байна.
Яг ийм нөхцөл байдалтайгаар хоёр сарын хугацаа өнгөрлөө. Ерөөс нөхцөл байдал сайжрахгүй, улам дордох нюанс-д шилжсэнд иргэд бухимдаж "Туйлдаж гүйцлээ" жагсаал Төв талбай орчимд сэрэв. Ёстой л "жагсаалын бүх одод чуулж", 10 гаруй цаг үргэлжилж, төв зам хаасан жагсаалыг органик эсэхэд бүгд эргэлзэв.
Сошиалд уг жагсаалыг хаанаас санаачилсан, эзэн нь хэн бэ гэх асуулт хөврөв. Улмаар Херо-ийн Б.Баатар, түүний дүү Л.Оюун-Эрдэнийг Гэрэгэ тауэрийн 14, 15 давхараас чиглүүлж байна гэх хардлага өрнөж, шүүхэд хүрэх хүртэл процесс өрнөв.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.