Тэр яваагүй, эргэн ирнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “АН-ынхан өчигдөр намайг Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгөөд шалгуул гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Үүнтэй би санал нэг байна. Тиймээс Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгнө. Хууль хяналтынханд шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ” гээд явлаа. Явлаа ч гэж тэр эргэн ирнэ. Ирэх ирэхдээ илүү том “тооцоотой” ирнэ.
Ухнаагийн Хүрэлсүх угаасаа тэгдэг уламжлалтай юм. Тэр дөрөв дэх удаагаа албан ажлаасаа өөрийн дураар татгалзаж буй Монголын цорын ганц гэж хэлж болохоор улс төрч. Хамгийн анх УИХ-ын гишүүний ажлаа өгч байсан, дараа нь Шадар сайдын албаа, удаах нь Ерөнхий сайдын сэнтийгээ өгч байв. Тэр бүрийн ард дандаа хожоотой нүүдлээ тооцсон учраас албан тушаалын замаар үргэлж өгссөөр байсан билээ.
“Таавчигтай ээж”-ийн акцаар юу болсныг санаж байгаа биз. Зургаан жилийн өмнөх өвлийн тэр нэгэн өдөр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ажлаа өгч, Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байв. Тэр үед эргэн ирэлт хийхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд, сонгогдоогүй бил үү. Тооцоолсон сценарийн дагуу бүх зүйл өрнөсөн нь тэр юм.
Энэ удаад харин бүр давхар нүүдэл бодсон байж таарна. 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнхөө талаас хэнийг түлхэх, парламентыг яаж өөрийн хүслээр хөдөлгөх, 2028 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дарга болоод намаа удирдаад ороод ирж болох хувилбарыг ч тооцоолсон байгаа.
“Зарим гэмт бүлэглэлийнхэн Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилж, Монголын ард түмний эв нэгдэл, Монгол Улсын нэр төрд халдаж байна. Иргэн болж байгаад шалгуулна, надад ярих зүйл ч их байгаа” гэдэг нь ийм учиртай.
АН-ынхан өчигдөр сөрөг хүчний ажлаа ганц дориун хийж, Төрийн тэргүүнд шахалт үзүүлсэн нь сайн хэрэг. Гэвч жинхэнэ акцууд одоо л эхэлж байна. У.Хүрэлсүхийн дараагийн нүүдэлд тэд ямар хариу үзүүлэхээс бүр ч их зүйл шалтгаалах болчихлоо. Парламентын бүрэн эрх гэдэг зүйл үнэхээр Монголд байгаа, эсэхийг харах л үлдэв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.