Улс төрийн мэдээ

У.Хүрэлсүх: Төрийн тэргүүний үүрэгт ажлаа өгч байна. Энгийн иргэн боллоо, ярих зүйл их байна

"Бодь"-иос 25 сая доллар авсан, Бага тэнгэрт өндөр үнэ бүхий хаусуудтай, үнэтэй машины цуглуулгатай гэх зэрэг Ерөнхийлөгчид хаягласан олон мэдээллийг Х.Нямбаатар шууд дамжуулсаар буй. Мөн Ардчилсан намын бүлэг хуралдаж Ерөнхийлөгч нэр холбогдсон асуудлаа шийд. Үүрэгт ажлаа өгөөд шалгуул гэх шаардлагыг тавьсан. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн институц руу зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээрээ алдсан довтолгоо хийж, Ерөнхийлөгчийн нэр хүнд, ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал хийж байгааг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний командлагч гэсэн эрхэм хүндтэй албыг хашдаг. Ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлдэг хүн гэдгийг та бүхэн мэднэ. Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг бол ард түмний нэр хүнд рүү халдаж байна гэсэн үг. Монгол Улсын гадаад харилцаа руу халдаж байгаа юм аа.

Улс орныхоо гадаад харилцаа, хамтын ажиллагааг илэрхийлж явдаг хариуцлагатай албан тушаал гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй хүнд онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна шүү дээ. Ингэж болдог юм болов уу? Хэсэг чимээгүй явлаа, харлаа. Ерөнхийлөгч юм болгонд хариу өгөөд, бичээд байдаггүй. Ярих юм байна, ярихгүй юм гэж байна. Хариуцлагатай албан тушаал гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана. Хуулийн дор бүгд тэгш эрхтэй байна. АН-ын бүлэг хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөөд үнэн мөнөнөө тогтоолгох нь зүйтэй гэсэн шаардлагыг гаргасан байна лээ. Үүнд би санал нэг байгаа. Төрийн тэргүүн үүрэгт ажлаа өгөөд үнэн худлыг тогт оох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн эрхэм  үүрэгт ажлыг хүлээлгэж өгнө. Миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох газар нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэдгийг хэлэхийг хүссэн юм. Монгол Улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд бэхжлээ. Монголын нэр хүнд олон улдсын тавцанд өсөж өндийж байна. Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Янз бүрийн бодлогын алдаа гаргаагүй.

Дэлхийн улсууд Монгол Улсыг хүлээн зөвшөөрдөг болсон, дэлхийн олон улсын төрийн тэргүүн манай улсад төрийн айлчлал хийж, манай улсын нэр хүнд яаж өсөж, тэлснийг сүүлийн 5 жилийн хугацаанд та бүхэн олж харсан байх. Би 17 настай байхдаа эх орондоо тангараг өргөж, цэрэг эр болсон хүн. Би одоо офицер хүн. Худлаа ярьж явсангүй, хулгай хийж явсангүй, хуурч мэхэлж явсангүй. Энэ миний үндсэн зан характер. Үүнийг манай ард түмэн ч мэднэ. Тиймээс үнэн мөнөний төлөө би ажиллана. Шударга ёс тогтохын төлөө эрхэм хүндтэй үүрэгт ажлаа хүлээлгэж өгч байна. Нэр төрөө сэргээлгэнэ.

Ажиллах хугацаандаа ард түмнээсээ, төр засгаасаа хулгай хийж байгаагүй хүн шүү дээ, би. Харин хулгайд алдагдсан үйлдвэр, баялгийг эх орондоо авч ирж байсныг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа байх. Эрдэнэт үйлдвэрийг авч ирж байлаа, Монголросцветмет, Багануур, Бор-Өндөрийн уурхайг хулгайл алдагдсныг олж авч ирж байлаа. Салхитын орд, Мөнгөний орд, Гутайн даваа, Тост, Тосон бумба, Ноён уул гээд манай ард түмний өмч хөрөнгө бүгд бусдад алдагдсан байхад нь бүгдийг нь олж авч ирж өнөөдрийн баялгийн сангийн үндэс суурийг тавьж байсныг та бүхэн санаж байгаа.  Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд өнгөрсөн тангарагтаа үнэнчээр эх орныхоо төлөө зүтгэж ажилласан гэдгээ зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Сайхан иргэн болно, надад ярих хөөрөх зүйл их байгаа" гэв.

М.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button