84 хоног шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул улаанбурханы дэгдэлтийг таслан зогсоосонд тооцлоо

Монгол Улсад улаанбурхан өвчний хамгийн сүүлийн батлагдсан тохиолдол 2026 оны наймдугаар сарын 24-нд бүртгэгджээ. Түүнээс хойш шинэ тохиолдол илрээгүй 84 хоног өнгөрсөн тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг өнөөдөр /2026.11.17/ албан ёсоор зарлалаа.
ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте болон Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид мэдээлэл хийхдээ улаанбурханы дэгдэлтийг хяналтад авахад үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн дархлаажуулалт, тандалт судалгаа, шуурхай хариу арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэснийг онцолсон юм. ДЭМБ-ын үнэлгээгээр улаанбурхан өвчний хамгийн сүүлийн батлагдсан тохиолдлоос хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй байгаа нь дэгдэлтийг таслан зогсоосон гэж үзэх үндэслэл болжээ.
Энэ хугацаа нь өмнөх үеийн тархвар судлалын нөхцөл байдал болон лабораторийн шинжилгээний мэдээлэлд үндэслэн хийсэн үнэлгээ юм. Дэгдэлтийг хяналтад авахад вакцинжуулалт гол үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, товлолт дархлаажуулалтыг эрчимжүүлэхийн зэрэгцээ нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулж, өмнө нь вакцинд хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүмүүсийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ.
Мөн хүн амын дунд халдварын тархалтыг илрүүлэх, өвчний тандалт, лабораторийн шинжилгээг сайжруулах чиглэлээр ажилласан байна. Гэхдээ улаанбурханы дэгдэлтийг таслан зогсоосон нь халдварын эрсдэл бүрэн арилсан гэсэн үг биш гэдгийг ДЭМБ анхаарууллаа.
Цаашид дархлаажуулалтын хамралтыг тогтвортой хадгалах, вакцины хоёр тунг бүрэн хийлгэх, хоцорсон болон дутуу хамрагдсан хүүхэд, иргэдийг нөхөн дархлаажуулах шаардлагатай байна.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.