НИЙГЭМНийгэм мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальон БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүрээнд тус улсын Юнит муж дахь Хойд секторт үүрэг гүйцэтгэсэн юм.

Энхийг сахиулагчид энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ нэр төртэй биелүүлснийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Ялангуяа өнгөрсөн хоёр, гуравдугаар сард Абьемном сууринд гарсан зэвсэгт мөргөлдөөний үеэр мянга мянган энгийн иргэний аюулгүй байдлыг хангаж, шархадсан, дүрвэсэн иргэдэд эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг тодотгов.

Манай улс 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч офицероо илгээсэн түүхтэй. Өнөөг хүртэл хугацаанд Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 24 мянга гаруй алба хаагч 23 ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button