Ярилцлага

С.Ганзориг: Караокед дуулагдах дуу, аялгуунаас уран бүтээлчид оюуны өмчийн дагуу төлбөр авах эрх бий

Бидний эдэлж хэрэглэж буй эд зүйлс бүгд оюуны өмчийн бүтээлүүд байдаг билээ. Өнөөдөр дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдөр буюу анх оюуны өмчийн байгууллага албан ёсоор нээгдсэн өдөр тохиож байгаа юм. Монголын оюуны өмчийн газар нь анхлан 1996 оны 12-р сарын 5-нд байгуулагдаж байсан ч хэсэг хугацааны дараа татан буугдаж Оюуны өмч улсын бүртгэлийн газар болсон. Харин 2018 оны 6-р сарын 13-ны Засгийн газрын тогтоолоор Оюуны өмчийн газар дахин шинээр зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулах болсон байна. Энэ ч утгаараа манай сайт оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Оюуны өмчийн газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригтой ярилцлаа.

-ДЭЛХИЙД ОЮУНЫ ӨМЧИЙН БҮТЭЭЛЭЭРЭЭ АЛТАН МЕДАЛЬ АВСАН 2000 ГАРУЙ ЗОХИОН БҮТЭЭГЧИД БАЙДГААС МАНАЙ УЛСАД 21 БҮТЭЭЛЧ БИЙ. ЭНЭ БОЛ ТОМ ҮЗҮҮЛЭЛТ-

-Дэлхий Оюуны өмчийн байгууллагууд жил бүр ямар нэг уриан дор үйл ажиллагаа явуулдаг. Харин танай байгууллагын хувьд 2019 онд ямар зорилттой, уриатай үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Оюуны өмчийн газар маань 2018 онд шинэчлэгдэн дөрвөн хэлтэстэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Иймээс ч бид 2019 оныг Оюуны өмчийг сурталчлах, нээлттэй байлгах жил болгож байгаа. Цаашдаа ч үргэлжлүүлэх бөгөөд оюуны өмчийг иргэдэд төрөл бүрийн хэлбэрээр таниулах сурталчлах зорилготой байна. Харин дэлхийн нийтийн хувьд энэ жилийг “Оюуны өмч ба спорт” үүндээ “Алтын төлөө” хэмээх уриатай өрнүүлж байгаа.

-Энэ сарын 22-25 ны өдрүүдэд “Дэлхийд үнэлэгдсэн монгол брэнд” үзэсгэлэн арга хэмжээг танайх зохион байгуулсан байсан. Ямар учиртай үзэсгэлэн байв аа?

-Оюуны өмчийг хамгаалах өдрийг угтан өнгөрсөн гурван өдрийн турш “Blue mon” галлерэйн нэгдүгээр давхарт үзэсгэлэн арга хэмжээ толилууллаа. Уг арга хэмжээнд дэлхийн оюуны өмчийн газраас үнэлэгдсэн 21 алтан медальтан болон монгол улсаас гадаад улсад барааны тэмдэгтээ хамгаалуулсан аж ахуй нэгжүүд оролцлоо. Дэлхийд оюуны өмчийн алтан медаль авсан 2000 гаруй уран бүтээлчид бий. Үүнээс 21 алтан медалийг манай уран бүтээлчид хүртсэн нь маш том тоо буюу манай бүтээлчдийн оюун ухааны үнэлэмж нэмэгдэж байгаагийн илрэл гэж бодож байна. Мөн бид энэ сарын сүүлээр болон ирэх сарын дундуур оюуны өмчийн дөрвөн талт уулзалт /дөрвөн улсын хамтарсан/ хурал семинар, томоохон үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна.

-Манай улсад уран бүтээлчдийн бүтээлийг цахим орчинд хууль бусаар хуулбарлах, оюуны өмчийг зөрчих тохиолдол их болсон. Энэ тал дээр хэрхэн ажиллаж байна?

 -Бид цахим орчинтой 2012 оны 11 сараас тэмцэж эхэлсэн. Монгол улс руу орж ирэх гадны хандалтыг хаасан. Харин Харилцаа холбооны зохицуулах хороо хууль бус сайтуудыг блок хийх ажлыг явуулж байна. Мэдээж бид технологийн хөгжлийг давж ажиллах хүч одоохондоо алга. Гэхдээ фэйсбүүк рүү шилжээд байгаа зөрчлийг бид “репорт” хэлбэрээр мэдэгдэж хаалгах арга хэмжээ л авч байна.

-Зөрчил гаргаж оюуны өмчийг хулгайлж буй этгээдэд ямар шийтгэл оногдуулж байна вэ?

-Зөрчлийн тухайн хуулиар шийтгэл торгууль оногдуулж байна. Энэ хууль гарснаар нэг этгээдээс бүрэн хамаарч шийдвэр гардаг байсан нь таслагдаж, олон шат дамжлага хяналтад шалгагдаж байна. Бас иргэд байгууллагаас ирсэн гомдол санал орхигдохгүй бүгд шийдэгдэж байгаа шүү. Мөн бид алхам тутамдаа оюуны өмчийг ашигладаг учраас өөрсөддөө соёл бий болгох хэрэгтэй.

-ОЮУНЫ ӨМЧ НЬ НАСАН ТУРШИД ХАМГААЛАГДАХ БА НАС БАРСНААС ХОЙШ 50 ЖИЛ ХАДГАЛАГДДАГ-

-Оюуны өмчийг алхам тутамдаа ашигладаг учраас өөрсөддөө соёл бий болгох хэрэгтэй гэлээ. Тэгвэл яаж...?

-Та оюуны өмчийг хууль бусаар хэрэглэж байгаа бол бусаддаа ч маш тийм боломжийг бүү бий болгооч ээ. Бусдынхаа хөдөлмөрийг хүндэтгэе, өөрсдийнхөө аюулгүй байдалд мөн анхаарцгаая. Тухайлбал таны фэйсбүүк орчинд шинээр гарсан кино тавигдчихсан байгаа тохиолдолд та үзэж болно, гэхдээ битгий хуваалцаарай /шэйр/. Мөн бараа бүтээгдэхүүн авахдаа ч албан ёсны дистрибьютер газраас нь авч байгаарай. Хямд гээд авдаг ч эцэстээ хэрэглэгчид бид бага багаар эрүүл мэнд болон санхүүгээрээ шууд болон шууд бусаар хохирч байдаг. Оюуны өмчтэй хувь хүн байгууллагууд борлуулалт нь буурч байна, нийгмийн хариуцлага хүлээнэ, мөн татвар төлнө, ингэснээр оюуны өмчтэй этгээд хохирч байна. Харин оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа этгээдүүдэд хохирол гарз байдаггүй, татвар төлөхгүй нийгмийн хариуцлага ч хүлээхгүй хямд үнээр борлуулалт хийж байна, мөн бараа бүтээгдэхүүний нэр хүндийг унагадаг. Тиймээс оюуны өмчийг бүтээгчид маань бидэнтэй хамтарч ажиллаж өөрсдийн өмчөө хамгаалахад гар бие оролцох хэрэгтэй.

-Хэрхэн та бүхэнтэй хамтарч ажиллаж оюуны өмчөө хамгаалж болох вэ?

-Тухайлбал, манай улсад дуучид өөрсдийн дуугаа Hitone, ringtone –д байршуулахаас бараг өөрөөр төлбөр мөнгө авч чаддаггүй. Гэтэл дэлхийд караокед дуулагдах дуу, аялгуунаас уран бүтээлчид оюуны өмчийн дагуу төлбөр авах эрх байдаг. Гэвч бид энэ зохицуулалтыг хийж чадалгүй явж байна. Ер нь урлаг уран бүтээлчдийн  салбарт оюуны өмч нь насан туршид хамгаалагдах ба нас барснаас хойш 50 жил хадгалагддаг. Бараа тэмдэгтийн хувьд бол арай өөр.

-Оюуны өмчийн газар хяналт шалгалтыг сайжруулж байнгын үйл ажиллагаа явуулж болохгүй гэж үү?

-Оюуны өмчийн хулгайг оюуны газар хүч хүрч дийлэхгүй байгаа биш бид хамтрах хэрэгтэй. Бидний хувьд хуулийн талаар хэзээд нээлттэй мэдээлэл тусламж үзүүлнэ. Зах зээлээс бид оюуны өмчгүй хуурамч бүтээгдэхүүнийг шууд гаргаад байж чадахгүй. Нэгдүгээрт, түүнийг хэрэглэх хэрэглэгчид байгаа учраас хуурамч, хямд бүтээгдэхүүний зах зээл бий болоод байна. Хоёрдугаарт, оюуны өмчийн хулгай хийх боломжтой тогтолцоог бид өөрсдөө нээгээд өгчихсөнд асуудал байна. Хуулбар бүтээгдэхүүн борлуулж байгаа иргэдийн буруу биш, тэд ч бас хоолоо олж идэх гэж байгаа иргэд. Харин урлагийнхан өөрсдийн бүтээлээ борлуулах буюу хууль ёсоор ашиглах эрхтэй төрийн бус байгууллага юмуу нийгэмлэг байгуулж өөрсдийн бүтээлээ зарж борлуулж болно. Оюуны өмчийн хулгай хэрээс хэтэрсэн гэх биш уран бүтээлч болон зохион бүтээгчид ч бас өөрсдийн бүтээлдээ анхаарах хэрэгтэй.

-МАНАЙ УЛС “РОМ ГЕРМАНЫ ЭРХ ЗҮЙН БҮЛ”-Д БАГТДАГ УЧИР АНХЛАН БҮРТГҮҮЛСЭН ЭТГЭЭД ОЮУНЫ ӨМЧ ДЭЭР ДАВУУ ЭРХТЭЙ-

-Оюуны өмчтэй холбоотой бас нэгэн чухал асуудал бий. Энэ нь оюуны өмчид бүртгүүлэхэд анхлан бүтээсэн болон анх бүртгүүлсний ялгаа байдаг. Манай улс алийг нь голчилдог вэ?

-Хуулинд Англи сагсофон эрх зүйн бүл , Мусилвани, Соцолиз , Ром Германы эрх зүйн гэсэн ангилал байдаг. “Англи сагсофон эрх зүйн бүл”-д хамаардаг улсууд анхлан бүтээсэн гэдгээ баталж нотолж чадвал анхлан бүтээгчид эрхийг олгодог. Харин “Ром Германы эрх зүйн бүл”-д хамаардаг улсууд анхлан бүртгүүлсэн этгээдэд оюуны өмчийн эрхийг олгодог. Манай улсын хувьд “Ром Германы эрх зүйн бүл”-д багтдаг учир анхлан бүртгүүлсэн этгээд оюуны өмч дээр давуу эрхтэй.  

-Иргэдэд оюуны өмчтэй холбоотой таны зүгээс зөвлөх зөвлөмж юу байна?

-Бид хүүхэддээ хүний юм аваарай, хулгаалаарай гэж заадаггүй шиг, бид хүний юмыг зөвшөөрлийн дагуу ашиглах ёстой. Хэрвээ та хэн нэгний номоос бүтээлийг  авч байгаа бол эшлэл зүүлтийг хийж өгч амины эрх буюу нэрийг нь дурдагдах эрхийг нь хангах хэрэгтэй. Хэрвээ тэр бүтээл нь таалагдаад жүжиг, кино, өөр хэвлэмэл зүйл хийх гэж байгаа бол зохиогчийн эрхийн зөвшөөрөл авч байгаарай. Таны оюуны өмчийг хэрэглэж байгаа хүнээс мөнгө авах уу гэдгээ гэрээндээ заагаад өгчихөд болно. Оюуны өмч бол маш том салбар. Бидний өмсөж зүүж хэрэглэж буй бүх зүйл оюуны өмчтэй. Өөрийн гэсэн эзэмшигч зохиогчтой, оюуны өмчгүй зүйл гэж алга.

-Манайд авсан аливаа оюуны өмч гадаад улсад хүчинтэй байх уу?

-Урлаг, уран сайхан, фото зураг гэх мэт бүтээлүүд бол дэлхий нийтэд байна. Харин бараа бүтээгдэхүүн болон бусад зүйлийн хувьд өөр улсын зах зээлд гаргах гэж байгаа бол тэр улсынхаа оюуны өмчийн байгууллагад хандаж бүртгүүлэн бараа бүтээгдэхүүний тэмдэгтээ хамгаалуулах эрхтэй. Ингэснээр албан ёсны дистрибьютерээ нэвтрүүлэх эрхтэй нь дээр олон улсын зах зээлд нэвтэрч байгаа юм.

-Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?

-Оюуны өмчийн газрынхан болон хамтран ажилладаг байгууллага, оюуны өмчийн үйлчлүүлэгчид буюу бүтээгчиддээ “Оюуны өмчийг хамгаалах” өдрийн мэндийг хүргэе.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button