Энтертайнмент

Эйдриэн Броди: "The Pianist" болон "The Brutalist" аль аль нь энэ ертөнцийн үнэн, арилшгүй дүр төрхийг харуулдаг

Саяхан болсон Оскарын наадмаас Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн Эйдриэн Бродигийн NPR Radio-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Хөтлөгч Мосли: Өнөөдрийн манай зочин бол “The Brutalist” киноны гол дүр Эйдриэн Броди. Та бол кинонд дүрийг бүтээхдээ маш их хөдөлмөр зарцуулдаг жүжигчин гэдгээрээ алдартай. Ялангуяа “The Pianist” киногоор та маш их зүйлийг хийж харуулсан. Жишээ нь өөрийн амьдарч байсан байраа өгөөд, гэрийнхээ бүх зүйлийг агуулах руу зөөчихөөд Европ руу нүүж төгөлдөр хуур тоглож сурсан. За бараг л тухайн үе бүх гарчиг таныг хэрхэн өлсөж, турсан тухай байсан санагдана. Би таныг 30 паунд хаясан гэж бодож байна. Яг ийм эрс өөрчлөлтүүдийг та бүх кинондоо л хийдэг. Тэгэхээр энэ удаа Ласлогийн дүрийг бүтээхийн тулд амьдралдаа юуг өөрчилсөн бэ?

Броди: Та мэдэж байгаа даа. Би зөвхөн үнэн мэдрэмжийг олж мэдрэхийн тулд шаардлагатай бүх боломжийг эрэлхийлдэг. Ингэж байж л би яг бодож байгаа зүйлээ хийж, бодитой мэдэрч аль болох хуулбарлахгүй байж, тухайн дүрдээ үнэнч орших боломжтой болдог. Би өлсгөлөнг ойлгохгүйгээр өлсөж буй хүнийг дүрсэлж чадахгүй. Би жингээ хасахгүй юм бол өлссөн хүнийг ч дүрсэлж чадахгүй. Бас би сонгодог хөгжим тоглохыг мэдэхгүй бол ойлгохгүй шүү дээ. Аз болоход "The Pianist" кинонд Влацислав Шпильманы дүрийг бүтээхдээ хийсэн бүх бэлтгэл маань надад "The Brutalist" кинонд Ласлогийн дүрийг ойлгоход тусалсан. Учир нь Ласло бол Холокостын аймшгийг даван туулж, АНУ-д шинэ амьдрал эхлүүлэх гэж буй дүр.

Мосли: Би саяхан "The Pianist" киног дахин үзсэний дараа  "The Brutalist"-ийг үзсэн. Хэдий хоёр өөр кино ч тэд хоорондоо тодорхой нэг мэдрэмжээр холбогдож байгаа юм шиг санагдсан. Тэс өөр хоёр дүр, тэс өөр хоёр кино шүү дээ. Гэхдээ яагаад ч юм хоёр өөр киноны дүрүүд хоорондоо ярилцаад байх шиг санагдсан. Магадгүй хоёулаа адилхан сэтгэл зүйн өнгө аяс агуулаад ч байх шиг. Та үүнтэй санал нийлж байна уу?

The Pianist

Броди: Тийм ээ. Тэд хоёулаа энэ ертөнцийн үнэн, арилшгүй дүр төрхийг харуулж буй. Мөн тэд хоёулаа үл тэвчих байдал, дарангуйлал, антисемитизм хэрхэн оршин тогтнож, биднийг энэ ертөнцөд маш их гоо үзэсгэлэнгээс яаж тусгаарлаж, холдуулж байгааг харуулдаг. The Brutalist  бол зохиомол түүх. Киноны зохиолыг бичихийн тулд түүхийг эрж явахад буюу Европын архитекторчдыг судлахдаа нацистуудын эзлэн түрэмгийллээс амьд үлдэж, АНУ-д ажилласан архитекторууд бараг байхгүй гэдгийг олж мэдсэн. Учир нь тэд бүгд амиа алдсан учраас тэдний тухай кино хийх судалгаа мухардсан хэрэг. Иймээс Брэди, Мона хоёр ижил төстэй бусад гайхалтай уран бүтээлч хүмүүсийн талаарх бүх мэдээллийг олох хэрэгэй болсон. Марсель Бюрер шиг гайхалтай өв үлдээсэн хүнийг...

Мосли: Архитекторын хувьд...

Броди: Тийм ээ, Азаар олсон хэрэг. Тиймээс кинонд 30-аад оны үеийн аймшигт цаг хугацаа болон түүний цаадах урлагийн хүч чадал болоод гоо үзэсгэлэн, хүний оюун санааны тэсвэрлэх чадвар, харанхуйг даван туулах тэр байдлыг бид хэрхэн олж авдаг юм бэ гэдгийг харуулж чадсан.

Мосли: "The Pianist" болон "The Brutalist" киноны нам гүм байдал үнэхээр хүчтэй. "The Pianist" кинон дээр Шпильман нацистуудаас ганцаараа нуугдаж байх үеийн тэр хэсэг гэх мэт. Гэхдээ "The Brutalist" киноны тэр чимээгүй, нам гүм байдал өөрийг өгүүлдэг. Цагаачдын нүдээр амьдралыг харуулдаг. Шууд утгаараа та шинэ улсад ирчихээд тухайн улсынхаа хэлээр сайн ярьж чаддаггүй л бол та гадны хүн гэдгийг. Энэ бол ганцаардал, тиймээс ганцаардал дунд хүн чимээгүйхэн оршиж, асар их цаг хугацааг яг ийм байдлаар туулах болдгийг. Гэр бүлийнхнээсээ хол, хамт байхгүй үе ямар байдгийг харуулдаг.

Броди: Тийм ээ, юу ч гэмээр юм бэ дээ. Та өөр хэлээр ярих гэтэл баялаг үгс алга. Түүнийг дагаад өөртөө итгэх итгэл ч алга байна. Би гэхэд л франц л хэлийг сайн ойлгодог мөртлөө ярьж эхэлмэгц л үгс цөөрчихдөг. Тэгмэгц л өөртөө итгэлгүй байдал хаанаас ч юм гараад л ирдэг. Шинэ газар бусадтай хэрхэн харилцах, өөрийгөө хэрхэн илэрхийлэх гэх мэт маш олон дарамт хүнд маш хэцүү тусдаг шүү дээ. Киноны энэ чимээгүй, нам гүм байдал бол зохиолч, найруулагчаас их хамаардаг. Киноны гоо сайхан нь эндээ л байдаг. Дүрүүдийн дэргэд хамтдаа суугаад тухайн мөч бүхнийг нь мэдрэх боломжийг киноны нам гүм байдал олгодог гэж боддог. Үзэгч яг энэ агшнуудыг бодитойгоор мэдэрч, хуваалцаж байж л сэтгэл хөдөлнө, тэр дүрийн хэмнэл, амьд байдал зэргийг олж харна. Кино болгонд ийм байдаг уу гэвэл бас үгүй. Энэ бол маш өөртөө итгэлтэй, зоригтой, киноны хэлийг ойлгодог, өгүүллийн нарийн ширийнийг гадарладаг найруулагчийн жүжигчдэдээ итгэж, тэдэнд орон зайг нь өгч өөрсдөө тэр хормыг бүтээх шидэт мөчүүдийг нь хүндэтгэж чаддагтай холбоотой юм.

Мосли: Чамайг багаасаа л жүжиглэж байсныг санаж байна. Хэдэн настайгаасаа жүжиглэж эхэлсэн юм бэ?

Броди: Яг анхны мэргэжлийн ажил гэвэл 12 настайд л эхэлсэн гэж би боддог юм. Жүжиглэхээсэ өмнө илбэ үзүүлдэг байсан. Хүүхдийн төрсөн өдрийн үдэшлэг дээр бүтэн үзүүлбэр үзүүлэхэд 50 доллар олдог байсан санагдана. Мөн маш бага наснаасаа жүжиглэж олон жилийн турш уйгагүй мэргэжлээрээ ажилласан минь азтай. Би карьер хөөж яваагүй ч жүжигчин мэргэжлээрээ тасралтгүй хөдөлмөрлөсөндөө үнэхээр баярлаж явдаг.

Мосли: 12 нас гэдэг урам зориг, хүсэл тэмүүлэл дүүрэн үе ч хэтэрхий жаахан биш гэж үү. Аав ээж чинь чамайг хөтөлсөн үү. Яагаад заавал жүжигчний мэргэжил гэж?

Броди: Жүжиглэнэ гэдэг яггүй ажил. Гэвч үргэлж өөр өөр баяр баяслыг төрүүлж чаддаг. Хүүхэд байхын сониуч байсан тэр л зан үргэлж дотор минь оршсоор байна. Би бол Нью-Йоркийн Куинс дүүрэгт өссөн. Галт тэргээр байнга нааш цааш явдаг байлаа. Драмын урлагийн сургууль орохын тулд дөрвөн галт тэрэг дамжих хэрэгтэй болдог байв. Ингэж явахдаа хүмүүсийг, тэдний зан чанарыг, орчин тойрныг, маш олон зүйлийг ажиглаж харж болдог байлаа. Performing Arts-аас гараагаа эхэлсэн минь надад анхнаасаа маш сайн суурийг тавьж өгсөн гэж боддог.

Мосли: Зүгээр ч нэг улсын сургууль биш шүү дээ. Та “Fame” киног бүтээсэн алдартай ахлах сургуулийг хэлж байна уу?

Броди: Тийм ээ.

Мосли: Та ээж, аавынхаа танд хэрхэн нөлөөлсөн талаар нэлээд ярьдаг. Таны ээж The Village Voice-ийн алдартай гэрэл зурагчин байсан. Хүмүүс таныг хармагцаа "Өө, чи Сильвиягийн хүү юу. Ээжийг чинь маш их хүндэлдэг шүү” гэж хэлэх нь олон байсан болов уу. Харин аав чинь сурган хүмүүжүүлэгч хүн. Надад нэг зүйл сонирхолтой байна. Өсөж том болоод ээжийнхээ гэрэл зургийн бүтээлүүдийг харсан нь таны хэн болох тухай бодол, төсөөлөлд чинь хэрхэн нөлөөлсөн бэ? Жүжигчин болно гэж эртнээс төлөвлөн бодсон уу?

Броди: Үнэхээр сэтгэл хөдөлгөм асуулт байна. Миний ээж Сильвия Плачи бол гайхалтай гэрэл зурагчин. Тэр Унгараас зугтаж гарсан цагаач гэр бүлээс гаралтай. Түүний зургийг харахад үргэлж нэг төрлийн хүүрнэл уншигддаг. Тэр хүмүүсийн нүдний харцанд, байрлалд, орчны гэрэл сүүдэрт ямар нэгэн түүх өгүүлж чаддаг гэрэл зурагчин байсан.

Ээжийнхээ нөлөөгөөр би дүрээ бүтээхдээ үргэлж нарийн деталь, гүн гүнзгий мэдрэмжийг анхаардаг болсон. Би ээжийнхээ уран бүтээлч чанарыг өөрийн жүжиглэх арга барилд шингээсэн гэж боддог юм.Ээж аав хоёр минь үнэхээр онцгой. Намайг үргэлж тэвэрдэг байсан. Миний хувь зан чанар, өөрөө өөрийгөө олох, ертөнцийг үзэх хүсэл тэмүүллийг минь нугачин даралгүй бас хэтрүүлэлгүйгээр хүүхэд байх үеийн минь дэврүүн байдлыг зөв чиглүүлэн өсгөж хүмүүжүүлсэн хүмүүс. Намайг маш сайн өсгөсөн. Уран бүтээлч болоход ээжийн минь бүтээлүүд маш их нөлөөлсөн. Төрсөн цагаасаа л ээжийнхээ гэрэл зургийн дурангаар хорвоо дэлхийн үзэсгэлэнтэй байдлыг, миний хот, бидний дүр төрх хэрхэн түүх болон мөнхөрч үлдэхийг харж ирсэн. Би бол гэрэл зурагчны цор ганц хүү. Ээж минь Америкийн драмын урлагийн академид тайзны урлагийн чиглэлээр гэрэл зураг авах даалгаватай байсан. Тэр хүүхдүүдийн тоглосон жүжгийг үзэж байхдаа л магадгүй миний ирээдүйг зөгнөсөн байх.

The Brutalist

Мосли: Энэ үнэхээр гайхалтай. Таны ээж таны мэргэжилд их нөлөөлсөн бололтой?

Броди: Маш их. Би багадаа ээжийнхээ ажлын студид их цаг өнгөрөөдөг байсан. Тэр үргэлж намайг уран бүтээлч байдлаа алдалгүй, өөрийн үзэл санаагаа олох хэрэгтэй гэж сургадаг байсан. Түүний зургийн хальс нь миний хувьд ертөнцийг харах нэг цонх байсан.

Мосли: Магадгүй The Brutalist кинонд тоглож байхад ээжтэй тань холбоотой нэг холбоо мэдрэгдсэн үү?

Броди: Би энэ кинонд тоглохдоо ээжийнхээ түүхийг санаж байсан. Энэ бол түүний гэр бүл, бүх цагаачдын туулсан замналтай холбоотой. Би зөвхөн нэг дүр бүтээсэн биш, харин бодит амьдрал дээр тохиолдсон олон хүний түүхийг өгүүлэхийг хүссэн. Ласло өөрийн мөрөөдөл, өөрийн замыг бий болгохыг хичээдэг. Гэвч тэр үргэлж өөрийн гарал үүсэл, өнгөрсөн түүхийн нөлөөнд байсаар л байгааг харуулдаг. Энэ бол олон хүмүүсийн амьдралд тохиолддог бодит зүйл юм.

Мосли: Үнэхээр гайхалтай! Та дүрээ бүтээхдээ ийм их сэтгэл, туршлага шингээсэн байна шүү. Ласлогийн дүр таны хувьд маш онцгой гэдэг нь ойлгогдож байна. Энэ дүрийг бүтээхдээ та юуг хамгийн их бодсон бэ?

Броди: Ласлогийн дүртэй нэг ижил зүйл нь би ч гэсэн бүтээлч хүн. Миний ажил ч гэсэн өөрийнхөөрөө орчноо өөрчлөх гэсэн оролдлого байдаг. Кино урлаг бол архитектуртай адилхан. Та орон зай, бүтэц, өнгө, хөдөлгөөнийг ашиглан түүх бүтээж байна.

Мосли: Маш сонирхолтой зүйрлэл байна!

Броди: Тийм шүү. Ласлогийн хувьд архитектор бол зөвхөн барилга барих тухай биш. Энэ бол түүхийг ярих арга. Энэ бол дурсамжийг хадгалах арга. Зарим үед хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөх арга ч байж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button