ЗГ-ын хэвлэлийн алба шинэ хотын даргын пэйж хөгжүүлэлтийг дэмнэх хэмжээнд тэд сүжрэв
Х.Нямбаатарыг хотын даргаар ажиллах байх үед Засгийн газар, нийслэл хоёр "заамдалцах" дээрээ тулаад байв. Харин шинэ хотын даргаар Б.Пүрэвдагва тодорсноос хойш "нэг хөнжилд" орох зүгтээ хандав бололтой.
Тухайлбал, Н.Учралын хэвлэлийн албыг ахалж буй Б.Төгсбаяр энэ амралтын өдрөөр шинэ хотын даргын цахим хуудсыг дэмжих урилга илгээж олныг "цочоогоод" амжлаа. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар гэдэг бол гүйцэтгэх засаглалын мэдээ мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэн ажилладаг том аппарат.
Энэ бол хэн нэг улс төрчийн маркетингийн алба биш. ЗГХЭГ-т харьяалагддаг төрийн албаны тогтсон бүтэц. Гэтэл тус газрын дарга ажлаасаа хальж, тэс хөндлөн байгууллагын даргын цахим хуудасны хөгжүүлэлт хийж байгаа нь энэ.
Н.Учрал Ерөнхий сайд болсон цагаасаа хойш Засгийн газрын албан мэдээг хувийн цахим хуудсаараа түгээж төрийн тогтсон хэм хэмжээг зөрчсөөр буй. Тэгвэл хэвлэлийн албаны дарга нь Ерөнхий сайдаасаа давж хотын даргын улс төрийн сурталчилгаанд дэмнэсэн нь шүүмжлэлд өртлөө.
Б.Пүрэвдагва хотын даргын суудалд ногоон гэрэл, цагаан шугамаар орж ирсэн гэхэд хилсдэхгүй. Намын УЗ-өөс нэрийг нь бодлогоор оруулж ирэн, заалнаас өрсөлдөгчгүйгээр сонгогдсон байдаг. Эндээс улс төрийн дэмжлэг ихтэй нь харагдаж буй. Хэдийгээр тэр МАН-ын Нарийн бичгийн дарга, намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг байлаа ч нийслэлийн хаалгыг ийн бярдаж татахад "жулдана".
Түүний улс төр дэх нөмөр нөөлгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэдэг. Нэгэн цагт нь хүргэн нь явсан. Нөгөө талд Ерөнхий сайд Н.Учралыг Ерөнхийлөгчийн хуурай хүү гэдэг. Тэд ийм сэжмээр холбогдож, нам доторх ах нарын фракцдаа хүч нэмж буй гэлтэй.
Ямартаа л тус тусдаа институц толгойлж байгаа ч нэгнийхээ PR-т Засгийн газрын хэвлэлийн албаны даргыг "хөдөлгөх" хэмжээнд хоршиж ажиллах шинжтэй. Нэгнийхээ төсвийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавих учиртай хүмүүс ийн "найзархах" нь Монгол төрд халтай, иргэдэд ээлгүй юм .
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Учрал өөрөө ч жулдаж жолдоод байгаа. Цаг хугацаа алдаж байхаар хурдан огцруулаад арай гайгүй нас тогтсон, Хүрэлсүхийн үгээр байнга далбайж гүйгээд байхгүй хүнээр eрөнхий сайд тавих хэрэгтэй. Хотын даргаар Нямбаатарыг буцааж тавь
МАН-ыг үтэр түргэн тараацгаая
НЯМБААТАРЫГ БУЦААЖ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ!!! УХРАЛ ХОТЫН ДАРГЫН ДАЙТАЙ Ч АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ. ЯАМНЫ САЙДАД Л ТОХИРНО. ЕРӨНХИЙ САЙД ЖУЛДААД БАЙНА, ЦАГ АЛДАЖ БАЙНА!!! НЯМБААТАР АЖЛАА ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА МЯНГА МЯНГАН ИРГЭДИЙН ХҮСЭЛТ!!!!
Онгироо бахди нар энэ жлсыг тараана даа, тараана !