Трамп Нетаньяхутай ярихдаа харааж, орилсон ч нөхцөл байдал өөрчлөгдөх магадлал бага
“Axios” агентлаг даваа гарагт /2026.06.01/ мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярихдаа харааж, орилсон байна. Тодруулбал Нетаньяху Ливаны нийслэл Бейрутийг үргэлжлүүлэн бөмбөгдөхөөр заналхийлсэн учир Трамп “Юу хийгээд байгаа юм бэ. Чи галзуу юм байна. Хэрвээ би байгаагүй бол чи шоронд сууж байгаа. Би чамайг аварч байна. Одоо хүн болгон чамайг үзэн яддаг боллоо. Үүнээс болж хүн болгон Израилыг үзэн яддаг болсон” гэжээ.
Нетаньяху Бейрутийн өмнөд бүсэд оршдог Дахияа хэсгийг бөмбөгдөх тушаал өгсний дараа Трампт түүнтэй утсаар ингэж ярьсан байна. Ираны дайныг дуусгаж, Ормузын хоолойг нээхийн тулд Ливан дахь мөргөлдөөнийг зогсоох ёстой гэж Техран хэд хэдэн удаа мэдэгдсэн. Нетаньяху Ливаныг үргэлжлүүлэн бөмбөгдсөнөөрөө Ираны дайныг дуусгах хэлэлцээг хүндрүүлж байгаа юм.
Өмнө нь Трамп, Нетаньяху нарын харилцаа хурцдаж байсан тохиолдлууд бий. Өнгөрсөн жилийн зун Израил Иранд цохилт өгч дайн эхлүүлсний дараа Трамп “Тэд хараал идсэн юу хийж буйгаа мэдэхгүй байна” гэж уурлаж байсан юм. 2020 онд Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа Нетаньяху Байденд баяр хүргэсэн билээ. Үүний дараа Трамп Нетаньяхугийн талаар ярихдаа “Түүнийг хараал идэг” гэж хэлсэн.
Хэдийгээр Трамп Нетаньяху руу залгаж харааж, орилсон ч АНУ-ын Ойрх Дорнод дахь бодлого өөрчлөгдөх магадлал бага гэж эх сурвалжууд үзэж байна. “National Iranian American Council Action”-ий бодлогын захирал Райан Костелло хэлэхдээ хөшигний ард Трамп Нетаньяхуд уурласан гэх мэдээллүүдийг улс төрийн ажиглагчид инээд болгон хүлээн авдаг болсон гэжээ.
Эх сурвалж: Al Jazeera















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.