НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Аав, ээж нь халдвар авч, гэртээ үлдсэн хүүхдүүдийг камераар хянаж байна

Бид өмнө нь халдвар аваад эдгэрсэн нэгнээ ялгаварлаж, сэтгэл зүйг нь хямрааж буй асуудлыг сурвалжилсан. Харин энэ удаа эцэг эх нь халдвар авч, гэртээ хараа хяналтгүй үлдэж байгаа хүүхдүүдэд хэн хяналт тавьж, анхаарч байгааг сурвалжиллаа.

Юун түрүүнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалтай холбогдож, улсын хэмжээнд эцэг эх нь халдвар авч, гэртээ харгалзах хүнгүй үлдсэн хэчнээн хүүхэд байгааг тодруулав.

Ж.АЗЖАРГАЛ: ЗАРИМ ТОХИОЛДОЛД ЦОНХНЫХ НЬ ГАДНААС АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЬ ХАРЖ, УТСААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА

Тэрбээр “Өдөр бүр 21 аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өвчилсөн, тусгаарлагдсан, хөл хорионд орсон, эдгэрч гарсан хүүхдийн тоон мэдээллийг авч, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж цагийн байдлаар ажиллаж байна. 2021 оны тавдугаар сарын 12-ны байдлаар халдвар авсан 4377 хүүхэд, эцэг эх нь халдвар авсан 3021 хүүхэд, тусгаарлалтад орсон 2767 хүүхэд, эдгэрсэн 628 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлсэн” гэсэн юм.

Хараа хяналтгүй гэртээ үлдсэн хүүхдүүдэд чухам ямар тусламж, үйлчилгээ үзүүлж буйг асуухад тэрбээр “Эрүүл мэндийн байгууллагаас хүүхэд хараа хяналтгүй гэртээ үлдэх, эсвэл гэрийн ажиглалт, тусгаарлалтад байх хугацаанд асран хамгаалагчтай байх шаардлагатай хүүхдийн мэдээллийг аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт мэдээлдэг. Үүний дагуу Аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сэтгэл зүйн зөвлөгөөг цахимаар, утсаар өгч, нөхцөл байдлын мэдээллийг тухай бүрд авч, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах, ах дүү, хамаатан садны асаргаанд холбон зуучлах, хамтарсан багийн хяналтад шилжүүлэх, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хоол хүнсний дэмжлэг үзүүлж байна.

Мөн хараа хяналтгүй үлдсэн хүүхдүүд дээр очиж, байнга хяналт тавьж байгаа. Утасгүй, холбогдох ямар нэгэн боломжгүй үед байшингийнх нь хөшгийг нээлгэж байгаад цонхных нь гаднаас аюулгүй байдлыг харж, зөвлөгөө мэдээллийг утсаар өгч байна. Зарим тохиолдолд хаалганы наана цаанаас ярьж байна. Мөн монгол гэрт байгаа хүүхдүүдэд камерын хяналт хийж байгаа. Гэхдээ эцэг эхийн зөвшөөрлийн дагуу л фэйсбүүкийн чатаар нь холбогдож, камерын хяналт хийдэг. Орчин нөхцөл, амьдарч байгаа нөхцөлийг нь харна” гэлээ.

Харин одоо орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хараа хяналтгүй үлдсэн хүүхдүүдэд хэрхэн анхаарч буйг сонсоцгооё. Бид Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Уранцэцэгтэй холбогдлоо.

Ч.УРАНЦЭЦЭГ: ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД ЗАРИМДАА ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ДУУДЛАГЫГ АВДАГГҮЙ

-Архангай аймгийн хэмжээнд эцэг эх нь халдвар авсан хэчнээн хүүхэд гэртээ үлдсэн бэ. Тэдгээр хүүхдүүдэд хэрхэн анхаарч, ямар, ямар тусламж дэмжлэг үзүүлж байгаа вэ?

-Эцэг, эх нь халдвар авсан тохиолдолд харж хандах хүнгүй гэртээ үлдэж буй үед хүүхдийг аваад, харж хандъя гэдэг хүн ховор. Манай аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтнууд эцэг эх нь халдвар авсан, тусгаарлагдсан 27 хүүхдийг зайнаас харгалзан дэмжиж байсан. Одоо гурван хүүхэд байна. Бусад хүүхдийн эцэг, эх нь 10-14 хоног эмнэлэгт хэвтэж, эдгэрсэн.

Гэртээ үлдсэн хүүхдүүдэд бид хүнсний багц, дархлаа дэмжих амин дэмийн дэмжлэг үзүүлж ажилласан. Учир нь аав, ээж нь гэнэтхэн эмнэлэг явсан тул зарим нь хоол хүнсгүй үлдсэн байсан. Хүнсний багцыг харуул хамгаалалтын ажилтнууд, жолооч нар гэрийнх нь гадна аваачиж тавиад хүүхдүүд рүү утсаар залгаж хэлдэг. Мөн хөрш, зэргэлдээх айлууд нь мэдэхгүй гэр рүү нь яваад орчих гээд, хамаатан садан нь бас мэдэхгүй орчих гээд байдаг тул бид хүүхдүүдийн аюулгүй байдалд гаднаас нь хяналт тавьж ажилладаг.

-Хяналтыг тогтмол тавьдаг уу?

-Өдрийн цагаар гурван удаа эргэж очиж хяналт тавьдаг. Мөн орой 23:00 цагаас хойш гаднаас нь хяналт тавьж ажилладаг. Ихэнх нь ихэвчлэн гэр хорооллын хүүхдүүд байсан. Тиймдээ ч хашааных нь хаалга онгойхвий, гаднаас хүн орох вий, гадагш гарч тоглохвий гэдэгт байнга л хяналт тавихгүй бол болохгүй. Шөнө хүүхдүүд рүү залгаж унтаарай гэж хэлнэ. Гэрлээ унтраагаагүй, зурагтаа унтраагаагүй тохиолдолд, гэрэлтэй байна шүү, аюулгүй байдлаа сайн хангаарай гэж байнга сануулна. Хүүхдүүдэд “Ээж аав нь удахгүй эдгээд гараад ирнэ. Дүүгээ сайн асраарай. Аюулгүй байдал чинь алдагдах гээд байвал залгаарай” гэж хэлнэ.

Мөн гэртээ үлдсэн хүүхдүүд болон халдвар аваад эмчлүүлж буй аав, ээж рүү нь залгаж, сэтгэл зүйн дэмжлэг зөвлөгөө өгдөг. Түүнчлэн сэтгэл зүйч захидал явуулдаг.

-Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэдэн сэтгэл зүйчтэй вэ. Бүх хүүхдүүдэд хүрч ажиллаж чаддаг уу?

-Нэг сэтгэл зүйчтэй. Гэхдээ аймгийн гурван байгууллагын 11 мэргэжлийн сэтгэл зүйч цар тахлын үеэр баг болж ажиллаж, хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн. Тэгэхгүй бол нэг сэтгэл зүйч хаанаа ч хүрэхгүй.

Өсвөр насны хүүхдүүдийн зан, хөгжлийн онцлогоос хамаараад зарим тохиолдолд хүүхдүүд аав, ээжийнхээ дуудлагыг авдаггүй. Дүүгээ хараад, гэрээсээ гарах боломжгүй байгаадаа бухимддаг асуудал байдаг юм билээ. Тийм хүүхдүүдэд бид тусалж, зөвлөдөг. “Аймгийн хэмжээнд ийм олон хүн эдгэрч байна, аав ээж нь удахгүй ирнэ” гэж сэтгэл санааг нь дэмждэг. Хүлээлт үүсгэдэг. Мөн ээж, аавуудыг “хүүхдүүддээ урам өгөөрэй” гэж хэлдэг.

-Гэртээ үлдэж байгаа хүүхдүүдэд хэд хоногийн давтамжтай хүнс хүргэж өгдөг байв?

-Эцэг эхчүүд халдвар авчихсан эмнэлэгт, сэтгэл зүй нь таагүй байгаа тул бид хүүхдүүд чинь хүнсгүй болчихлоо гэж хэлдэггүй. Бид өөрсдөө хүүхэд хамгааллынхаа зардлаас хүүхдүүдэд хүнсний дэмжлэг үзүүлж байсан. Нэг удаа гар ариутгагч, OO цаас, будаа, гоймон, наран цэцгийн тос, зөв аарцны ундаа, D,C витаминтай багц өгч байсан. Түүнчлэн буддаг ном өгсөн. Мөн хүүхдүүдийн шаардлагатай байна гэсэн зүйлийг нь хүргэж өгдөг.

-Гэртээ харгалзах хүнгүйгээр үлдэж байгаа хүүхдүүд хэдээс хэдэн насных байсан бэ?

-Гэртээ ганцаараа үлдсэн хүүхэд байгаагүй. Дандаа л 2-3 хүүхэд үлдэж байсан. Хамгийн бага нь цэцэрлэгийн насны 5 настай. Том нь 15 настай хүүхэд.

-Аав ээж нь хүүхдээ гэртээ үлдээхгүй, хамаатнууд нь харж хандахгүй гэсэн тохиолдлуудыг тусгаарлах байранд байлгасан уу?

-Ах, дүү хамаатан садан нь харж хандах бол ч нэг ч хүүхэд тусгаарлаагүй. Аав, ээж нь халдвар авсан 3-5 насны дөрвөн хүүхдийг эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу хувилбарт гэр бүл буюу өвөө, эмээ нарт нь хүлээлгэж өгсөн.

-Эцэг, эхчүүд нь байгаа тохиолдолд хүүхдүүд ойлгоогүй зүйлээ асууж, заалгадаг. Харин гэртээ харж хандах хүнгүй үлдсэн хүүхдүүд теле хичээлдээ хэрхэн хамрагдсан бол. Үүнд хяналт тавьж ажилласан болов уу?

-Манай байгууллага 18 ажилтантай. Тэдгээрийн гурав нь хүүхдийн асуудал хариуцсан, нэг нь гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн. Тэд хүүхдүүдийг хувааж аваад, утсаар ярьж, тусалдаг. Теле хичээлдээ хамрагдаж чадаж байгаа эсэхийг нь тодруулдаг. Хүүхдүүд бол хамрагдаж байгаа гэдэг.

Бид нэг айл руу өдөрт 4-5 удаа ярина. Мөн ээж аав руу нь ярина. Дээр нь харуул хамгаалалтын ажилтнууд руугаа залгаж, шаардлагатай байгаа юмыг нь хэлдэг.

Одоо Ховд аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын сэтгэл зүйч С.Хишигтогтохын ярианд анхаарна уу. Түүний хувьд халдвар авсан болон ойрын хавьтал болж тусгаарлагдсан хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

СЭТГЭЛ ЗҮЙЧ С.ХИШИГТОГТОХ: ХҮҮХДҮҮД ТУСГААРЛАГДЛАА, ХАЛДВАР АВААД ӨВДЧИХЛӨӨ ГЭХЭЭС ИЛҮҮ, НИЙГМИЙН ХАНДЛАГААС АЙЖ БАЙГАА НЬ АЖИГЛАГДСАН

Тэрбээр “Ховд аймагт нийт 245 тохиолдол батлагдсан. Одоо халдвартай таван хүн эмчлүүлж байна. Бусад нь эдгэрсэн. Аймгийн хэмжээнд эцэг, эх нь халдвар аваад гэртээ хараа хяналтгүй үлдсэн хүүхэд байхгүй. Эцэг, эх халдвар авсан хүүхдүүдийг шууд тусгаарлах байр руу шилжүүлсэн. Манай байгууллагын мэргэжилтнүүд тусгаарлах байранд байгаа иргэд холбогдоод ямар үйлчилгээ хэрэгтэй байгааг тодруулаад сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай байгаа иргэдийн мэдээллийг өгдөг. Би тэдгээр иргэд рүү утсаар холбогдож зөвлөгөө өгдөг.

Харин халдвар аваад эмчлүүлж буй хүмүүст мэргэжилтнүүд үнэлгээ хийхгүй. Би өөрөө шууд холбогдоод ямар нөхцөл байдалтай байгаа, сэтгэл санаа нь ямар байгааг өөрөө тодруулж, үйлчилгээ үзүүлж байсан. Манай аймгийн хэмжээнд нийт 43 хүүхэд коронавирусийн халдвар авсан. Тэдгээр хүүхдүүд рүү ил захидал явуулж, итгэл өгч байсан.

No description available.

Хүүхдүүд тусгаарлагдлаа, халдвар аваад өвдчихлөө гэхээс илүү, нийгмийн хандлагаас айж байгаа нь ажиглагдсан. Сэтгэл зүй нь тогтворгүй болж байгаа нь нас насны онцлогоос хамаараад өөр, өөр. Бага насны хүүхдүүд эцэг эхээсээ тусдаа байхаас айж байсан бол өсвөр насны хүүхдүүд бусад хүүхдүүд, найз нар маань намайг халдвар авсан гээд мэдчих вий гэсэн айдастай байсан. Мөн гэрээсээ шинэ орчинд очсон хүүхдүүд би энд баймааргүй байна, гэртээ очмоор байна гэж уйлдаг. Ер нь бол завтай байх тусмаа илүү хямардаг юм билээ. Тиймээс нас насанд нь тохируулаад буддаг ном, унших ном, дэвтэр, бал өгдөг” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button