Top StoriesЯрилцлага

Н.Галдамаа: Хэвийн зүйлсийн хил хязгаарыг давах хэрэгтэй. Ердөө ганц л амьдарна

"Манай аав зохиолч харин ээж маань яруу найрагч. Тиймээс хүмүүс намайг "Өө чи Б.Наминчимэд зохиолчийн охин юм уу" гэж асуудаг. Яг тэр үед л өөрийнхөө эрх чөлөөтэй дизайнер байдлаа нуугаад, арай нямбай, няхуур, ухаалаг охины төрхөд орчихдог. Энэ нь асуудал биш л дээ. Гэхдээ бусдаас өөр, содон, эрх чөлөөтэй байхыг хүсдэг миний этгээд төрх, өнгө үзэмжийг хүмүүс тэр бүр ойлгоод байхгүй л болов уу. Тиймээс л аав, ээжийг маань таньдаг хэн нэгэнтэй таарах үед шуудхан л өөрийн төрхөө далд хийгээд, даруухан болж эхэлдэг" гэж өгүүлэх түүнийг Н.Галдамаа гэдэг.

Тэрбээр, Япон улсыг зорьж, хувцас технологи мэргэжлээр суралцаж, "Gala Jalair" гэх өөрийн брэндийг үүсгэн байгуулсан. Төгсөж ирээд өөрийн анхны "Хязгаараас чинагш" шинэхэн цуглуулгаа нийтэд танилцуулж байв.

Тус коллекцоо "Савныхаа хажуугаар асгарсан будгаас санаа авсан. Хувь хүний онцлогийг зоригтой илэрхийлэх гэсэн оролдлого юм. Ердийн хэм хэмжээг эсэргүүцэж, хэвийн гэж үздэг тэр зүйлсийн хил хязгаарыг давж байгаа хэрэг. Аливаа хязгаарлалтаас ангижрах нь энэ цуглуулгын шинэ санаа" хэмээн танилцуулж байсан юм.

Ийнхүү хэрхэн хэвийн зүйлсийн хил хязгаарыг давах болсон талаар Н.Галдамаатай ярилцлаа.

-Зохиолч аав, яруу найрагч ээжтэй Н.Галдамаа охины хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

-Долоон настай байхад бид гэр бүлээрээ Америкт очиж амьдарсан. Дөрвөн жил тэнд амьдарсан маань өнөөдрийн бидний эрх чөлөөтэй, хэлбэр дүрс, хэм хэмжээнд баригдалгүй задгай сэтгэж өсөхөд нөлөөлсөн байх гэж боддог. Миний хүүхэд насанд нэг л бичигдээгүй хууль байдаг байсан. Гэрийн ажил хийлгүй "Ном унших". Энэ л хоёр үг миний хувьд хууль дүрэм, журам мэт санагддаг байж билээ.

-Долоон настайдаа явсан гэхээр бага ангиа Америкт сурч өнгөрүүлжээ. Буцаад Монголд ирэх ямар байсан бэ?

-Тавдугаар ангидаа буцаж ирж байсан. Америкт сургуулийн орчин нам гүн. Хэрвээ коридороор алхахдаа жагсаад яв гэх юм бол бүгд шил шилээ хараад жагсаад явдаг. Маш тайван, орилж, үймүүлж гүйлдэх нэг ч сурагч байхгүй. Харин монголд бүх зүйл эсрэгээрээ байсан. Сургуульд ороод л хамгийн түрүүнд "Яаж энд сурна аа" гэж бодож байснаа тод санаж байна. Ангийн хүүхдүүд ширээ сандал дээрээ гарчихсан эрэгтэй, эмэгтэйгүй үймүүлж, ноцолдоод л тэвчихийн аргагүй. Хэлний бэрхшээл надад гэлтгүй хоёр дүүд минь ч байсан. Ээж бид хоёр байнга цээж бичиг хийдэг. Гэсэн ч сайжрахгүй зөндөө удсан. Хэр зэрэг хугацаан дараа юм мэдэхгүй ямартай ч монгол дахь амьдралдаа дасаад, арван жилээ төгссөн.

-10 жилээ төгсөөд, мэргэжил сонгоно гэдэг бол нэлээн хүнд даваа. Аав, ээжийн саналтай өөрийн хүсэл сонирхол зөрчилдөх гээд ярвигтай байх тохиолдол элбэг. Хэрхэн мэргэжлээ сонгож байсан бэ?

-Би бага байхдаа гүнжийн даашинз харчхаад, "Ээж ээ би яг ийм даашинз том болоод танд хийж өгье" гэж хэлдэг байсан. Дийлэнх хүүхдүүд "Яг ийм даашинз авч өгнө өө" гэдэг байхад би эсрэгээрээ хийж өгнө л гэж боддог байсан. Маш олон гоё хувцас хийгээд, тэрийгээ өөрөө өмсөж байна гэж төсөөлдөг. Бага, дунд ангиасаа эхлээд нэхмэл, оёдолд суралцаж, юмсыг төвөггүй хийж чаддаг болсон. Цаасан дээр төсөөллийн хувцсаа зураад, даавуун дээр эсгэж байгаад оёчихдог. Яг өөртөө тааруулах юмсыг бүтээчихдэг байсан.

Аав, ээж хоёр "Чи чадна гэж бодож байна уу" гэж асуухад нь "Чадна аа, чадахгүй бол подвалд оёдолчин хийсэн ч жаргалтай байна" гэж хариулаад л Эм-Ай- Ю их сургуульд тэтгэлэгтэйгээр загвар зохион бүтээгчээр элссэн. Гэхдээ ганцхан семестр суралцаад л хаячихсан.

-Сургуулиа хаяхад аав, ээж хоёр нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай аав ээж хоёр ч өөрсдөө сургуулиа хаяж байсан хүмүүс. Манай дүү ч бас сургуулиа хаяад кино найруулагч болсон. Харин би арай өөр орчинд сурахын тулд хаясан. Бидний гаргасан шийдвэрт аав, ээж хоёр эргэлзэж, санаа зовоод байдаггүй. Харин ч дэмжиж, тусалдаг. Угаасаа Монгол дахь их сургуулийн маань ч багш нар тийм сайн байгаагүй. Номоос онол заадаг, номоо л уншуулдаг. Ангидаа долоон, наймхан оюутантай. Сурах эрмэлзэл байсан ч орчин нь бүүдгэр байсан гэх үү дээ. Азаар тэр үед Блю-Скайд японы их дээд сургууль, коллежийн талаарх мэдээлэл өгөх өдөрлөг болж байсан байх. Тэнд очоод Шибуяа дахь "Бунка" коллежийг хараад, Японд сурах хүсэл төрсөн. Бунка коллежийг харсныхаа дараа сургуультайгаа танилцахаар болоод Японд очсон. 10 сая хүнтэй Шибуяагийн төвд Улаанбаатарын "Эко Тауэр” шиг хоёр том өндөр барилга. Тэнд их сургууль болон коллежийн хичээллэх танхим нь хуваагдсан. Үүдээр нь ороод л загварын оюутнууд ийм байдаг юм уу гэж алмайрч хэсэг зогссон. Тэгээд л би яг энд л сурах ёстой юм байна гэж шийдсэн. Эргэж ирээд, аав, ээж хоёртоо энэ тухайгаа хэлээд "Бунка"-д "Хувцасны технологиор"нь суралцахаар болсон. Ингэж л жинхэнэ загварын ертөнц дунд амьдарч эхэлсэн.

-Яагаад хувцасны технологи гэж?

-Арван жилд байхдаа захиалгаар хувцас хийдэг байсан. Мэдээж, хамаатан садангууд маань л дэмжиж, надаар хувцас хийлгэдэг. Би загвараа гаргаад, эсгүүрээ хийгээд, оёдог байсан ч гэсэн заримдаа хувцсан дээр нэг алдаа гарчихдаг. Сайн санахын 12 дугаар ангидаа 40, 50 дээл хийж зарж байсан. Тэр үед нэг дээлийн мөр хэсэгт хуниас үүсээд болдоггүй, юуг буруу хийснээ бодоод олоогүй. Тэгээд л биеийн хэмжээ авах, эсгүүрийн хэмжээ зэргийг нарийн технологийг нь сурах хэрэгтэй юм байна гэж ойлгосон.

-Суралцахын тулд хэлний хэрэгцээ гарна. Хэдий Англи хэл сайтай байж болох ч гэсэн академик түвшинд Япон хэл шаардлагатай байх. Орчноо солиод, хэнийг ч танихгүй газар суралцах нь нэлээн том шийдвэр, тухайн үеийн сэтгэгдэл?

-Хүссэн газар руугаа явахын тулд есөн сарын дотор хэлний шалгалт өгөөд, очиж байсан. Тэнд очиход би анхан шатны хэрэглэгдэхүүнтэйгээ харьцангуй сайн ажиллаад сурчихсан байсан болохоор хэцүү санагдаж, ядаад байсан зүйл байгаагүй ээ. Хайчаа ч барьж сураагүй хүүхдүүд их бүх зүйлийг нь эхнээс нь заадаг байсан учраас надад амархан санагддаг байсан. Харин орчны хувьд үнэхээр үгээр илэрхийлэмгүй. Коллежийн нэгдүгээр курс нь долоон бүлэгтэй бөгөөд нэг бүлэгт нь 40-50 хүүхэд суралцдаг гээд бодохоор тэнд өрсөлдөөн ч их загварын олон төрхийг ч олж харна. Монголд байхдаа Бункад орох нь мөрөөдөл байсан. Харин Бункад ороод, төгсчих л юм бол яг бүхнийг чадах гээд байгаа юм шиг санагдаж байсан.

-Тэгээд Бункаг төгссөний дараах юмс ямар байсан бэ?

-Суралцаж байхдаа захиалгаар хувцас хийнэ, студид ажиллана. Энд тэнд цагийн ажил хийчихдэг байсан. Төгсөх дөхөөд, гэнэт би чадах болов уу, гэж эргэлзэж эхэлсэн. Тэр үед багшаасаа "Та намайг дахиад сурах шаардлагатай гэж бодож байна уу" гээд асуухад "Үгүй ээ. Чи ажил хийгээд эхэлчих юм бол бүгдийг чадна" гэсэн.

Япон тогтсон нэг дүрэм нь төгсөхөөсөө нэг жилийн өмнө ажил хайх ёстой юм билээ. Тухайн үед ковид гарсныг ч хэлэх үү. Монгол руу ирж чадахгүй, хий байж байхаар хэсэг ажиллая л гэж бодсон. Тэгээд төгссөнөөсөө хойш гурван сарын дараа хэсэг ажил хайж, ярилцлагад нэлээн орсон. Хэсэгхэн л ажиллах бодолтой хүнээс "Чи манай компанид ойрын таван жил хэр үр өгөөжтэй ажиллах вэ" гэж асуухаар худлаа хэлж чадахгүй байсан. Үнэндээ "Хэсэг ажиллаж байгаад Монгол буцна" гээд хэлчихдэг. Ийм хүнийг яаж ажилд авах вэ дээ. Японд байх цаг хугацаа дуусах нь ойртоод байсан учраас гэртээ ирэхийг л ихэд хүссэн. Монголдоо юу ч хийхгүй гэртээ байхдаа цагтай уралдаж, амьдрахгүй амар тайван байна шүү дээ л гэж их бодогдсон. Бас өөрийнхөө хэмжээнд хүссэн сургуулиа сайн төгсчихсөн юм чинь монголд очоод л "ална" гэж бодож байсан.

-Эцэст нь хүслээ биелүүлсэн. Монголдоо ирсэн. Ирээд яг төсөөлдөг байсан шигээ байж чадав уу?

-Нэг их онгирч байгаа юм биш шүү. Гэхдээ хамгийн их хүсдэг байсан хүслээ биелүүлчихсэн чинь яг яах учраа олоогүй. Тиймээс энд тэнд хагас цагийн ажил хийж эхэлсэн. Тэгж явж байгаад Лантуун Дохиотой танилцаад Англи хэлний багшаар ажиллах хүсэлт тавьсан чинь эсрэгээрээ хувцас загварын багш болчих гэсэн. Тэгээд зөвшөөрөөд, яг нэг жил л ажиллана гэж тохирсон. Өөртөө ч тэгж ам өгсөн. Хүүхдүүдтэй ажиллах үнэхээр хөөрхөн, тэдний гал цог дүрэлзсэн харцны өмнө багшилна гэдэг бол миний хувьд хэчнээн мянган төрлийн буяны үйл хийснээс ч эрхэм байсан. Ердөө нэг л жил сэтгэлээсээ ажиллачихвал, цаашдын минь зам мөр тэгширч байгаа юм шиг санагдсан. Тэр хүүхдүүдийн цагаан цайлган сэтгэл урд байх амьдралыг гэрэлтүүлчхэж билээ. Харин нэг жил ажилласныхаа дараа "Gala Jalair"-аа улам өргөтгөнө гэж төлөвлөсөн. Хэд хэдэн чухал зүйлсийг төлөвлөсөн ч яг санасан шигээ байгаагүй.

Лантуун дохионд багшилж байхдаа дандаа Улиастайн эцэст очдог байсан. Оройтно, түгжирнэ бас жаахан хол учраас урландаа ирээд юм хийх гэхээр ядарчихдаг. Тэгээд Ид шидийн орон 2 төвийн захирлаасаа зөвшөөрөл авч байгаад ажил дээрээ амьдардаг болсон. Урлангаа нүүлгээд аваад очсон. Шөнөжин хувцсаа оёж, хүмүүс ажилдаа ирэхийн өмнө хэсэг нойр авдаг. Иймэрхүү амьдралын хэв маяг хэдий муу ч гэсэн дуртай юм болохоороо өөрийнхөө таашаалаар хийнэ. Тэр хэрээрээ жаргалтай ч байсан. Миний нэг жил ажиллах хугацаа дуусаж, өнөө "Одоо л хийнэ" гээд төлөвлөсөн зүйлээ хийх гэхэд кинонд ажиллах санал ирсэн. Ингээд л бодсон юм маань дахиад хойшилсон.

-Кино гэснээс өнгөрсөн жилийн Рио Тинтогийн наадмын мэндчилгээнд стилистээр нь ажилласан байсан. Ер нь сурталчилгааны имижийг нэлээн бүрдүүлж байсан уу?

-Хэд хэд ажилласан. Ер нь дажгүй шүү. Найруулагчтайгаа ярилцаж байгаад юуг тодотгож, хэрхэн гаргаж ирмээр байна. Түүнийгээ дотроо төсөөлөөд, төсөөлснөө цаасан дээр буулгаад ажилладаг. Рио Тинтогийн мэндчилгээ дээр Жон Шийпскинтэй хамтарч ажилласан. Ер нь тэдний хэд хэдэн богино уран бүтээл дээр ажиллаж байсан болохоор гар ч сайн нийлдэг юм.

-Өнөө бодож байсан юмаа хийх гэсэн чинь киноны санал ирчихсэн гэсэн. Жон Шийпскинээс ирсэн санал уу?

-Тийм ээ. Манай дүү чинь найруулагчийн багт нь ажилладаг.

-Тэгэхээр кино зохиол дээрх дүрийг жүжигчин өөрийн чадвараараа гаргана. Харин жүжигчнийг үггүйгээр, гаднаас нь хараад илтгэх хувцаслалтыг та бүрдүүлнэ. Зохиол дээрх дүрийн харизмаг хувцаслалтаар нь илэрхийлэх нэлээдгүй чанга ажил болов уу?

-Тийм шүү. Манайд яг энэ чиглэлээр нарийн төгссөн хүн нэлээн ховор. Зарим нь байгалиас заяагдсан мэдрэмжээрээ, зарим нь зүгээр л хөвөрч явсаар хийдэг болчихсон байдаг.

Зохиол дээрх дүр буюу камерын урд байх дүрийг "Бодит" харагдуулах л хэцүү. Найруулагчтайгаа ярилцана. Дотроо төсөөлнө. Яавал илүү бодитой харагдах вэ, юу хийвэл илүү амьд байх вэ гээд бодох юм их. Жон Шийпскинийхний кинонд ажиллах үед үнэхээр "Би чадахгүй юм байна" гэж шантарсан. Хэдий дүү маань байгаа ч гэсэн уран бүтээлчийнхээ хувьд би чадахгүйгээ хэлээд болих талаар ч бодсон. Эцсийн мөчид найруулагчдаа "Надад туслаарай, үгүй бол би яг болих гээд байна" гэж хэлээд ярилцаад, гарц гаргалгаагаа олсон.

-Ер нь яагаад Жон Шийпскинийхэн тантай хамтарч ажилладаг гэж бодож байна вэ?

-Би тэднээс асууж байсан удаатай. Тэгэхэд, "Илүү мэргэжлийн" гэж хэлж байсан. Учир нь ямар материалтай цамцанд будаг шингээвэл цус шиг харагдах вэ, үүнийг онолын хүрээнд би мэддэг. Ямар хувцсыг шатаавал хар утаа гарахгүй вэ, гэх мэт зүйлийг мэдэг болохоор тэдэнд амар байдаг гэсэн. Хугацаа алдахгүй шууд бэлдчихдэг.

Киноны үеэр бүхий л газраар явж, хувцас авдаг. Богино хугацаанд шинэ хувцсыг гандуулах хэцүү. Тиймээс хаа сайгүй явж, хүний өмсөж байсан ч хамаагүй яг л дүрд маань тохирохоор байвал авдаг. Нэг удаа барилга дээр ажиллаж байсан ахын ажлынх нь хувцсыг гуйж аваад, оронд нь шинийг өгч байсан тохиолдол ч байдаг. Миний хамгийн очих дуртай газар бол "Нарантуулын комисс". Тэр бол үнэхээр супер газар.

-Манайд ковидоос хойш трифт шоп буюу хуучны комиссын хувцасны худалдаа дэлгэрсэн. Гэхдээ дийлэнх хүмүүс хувцсанд энерги шингэсэн гэж ярьдаг?

-Тэгэлгүй яах вэ. Анх мэргэжлээрээ суралцаж байхдаа хамгийн их хог болдог зүйлийг хийх гэж байгаа юм байна гэж бодсон. Бид нар цаас, гялгар уут, ундааны сав зэргийг хог гэж хардаг. Гэхдээ хэзээ ч худалдаж авсан хувцсаа хог гэж хардаггүй. Үнэндээ хүний хувцас хамгийн аймшигтай хог.

2023 онд "Барби" нээлтээ хийсний дараа ягаан хувцас дэлхий нийтээр маш их худалдаалагдсан. Хүмүүс тухайн үедээ хувцас авч байна л гэж бодсон байх. Гэхдээ тэр ягаан хувцсаа энгийн үед дахиж өмсөхгүй гээд бод доо. Магадгүй цөөхөн хувь нь л өмсөх байх. Бусад нь хог болгоод л хаяна.

Харин трифт шоп бол байгальд ч ээлтэй. Бас нэн ховор, өвөрмөц дахин давтагдашгүй байдлаар хувцаслах дуртай над шиг хүнд хамгийн тохирсон газар. Дээрээс нь үнэ хямд. Хувцасны тренд яагаад үүсдэг гэж бодож байна вэ. Хүмүүсийг хошууруулж, борлуулалтаа нэмэгдүүлэхийн л тулд. Бизнесийн зарчмаар бол орлогоо нэмэгдүүлж байгаа хэрэг.

Цоо шинэ хувцас өмсдөг хүмүүсийг үгүйсгээгүй шүү. Гэхдээ тренд дагаж хувцас авахаар дараад нь хотын гудамж, талбай хаа сайгүй яг адилхан хувцастай хүнтэй таардаг. Би хувьдаа лав тийм түгээмэл хувцаслах дургүй. Бусдаас содон, сонин, өвөрмөц, олны анхаарлыг татахуйц л байх дуртай. Улаанбаатарт ирээд баруун дөрвөн замаас улиастай хүртэлх бүх трифт дэлгүүрээр орсон. Хэчнээн гоё гэж санана аа. Одоо ч миний өмссөн хувцасны дийлэнх нь трифтийнх. Үлдсэнийг нь өөрөө оёсон.

Хувцсанд энерги шингэсэн гэж зөндөө хүн хэлдэг. Надад мухар сүсэг шиг л санагддаг. Тэр их энергитэй хувцас эцсийн дүндээ хог л болдог.

-Бусдаас өвөрмөц байх талаар хэд хэдэн удаа хэллээ. Ер нь багаасаа л ийм бодолтой байсан уу, Японд очоод өөрчлөгдсөн үү?

-Тийм ээ. 16 насныхаа төрсөн өдрөөр бие барьсан юбка, гэдэс гарсан топ өөртөө хийчхээд, ээжид үзүүлсэн чинь "Ёстой янзтай" гэж байсан. Ганцхан л амьдарна. Магадгүй хүссэн зүйлээ хийж амжаагүй байтал үхчихвэл гунигтай шүү дээ. Тиймээс яагаад ч юм би бага байхын галзуу хувцасладаг байсан. Хувцсаараа дамжуулж өөрийнхөө доторх араншныг харуулдаг байсан ч юм уу. Би ерөөсөө нийтэд зориулсан хувцас хийнэ гэж боддоггүй.

-Нийтэд зориулсан хувцас хийхгүй гэхээр хувь хүний онцлогт тохирсон цөөн тооны хувцас уу?

-Үгүй ээ. Миний дотроос гарах араншныг харуулсан хувцас л хийнэ. Түүнийг маань ойлгож, мэдэрч, хайрлаж чадсан хүн л авч өмсөнө. Өмсөх өмсөхдөө өөртөө итгэлтэй өмсөнө.

-Та өөрийнхөө хувцасны загварыг тодорхойлбол?

-Ердөө амархан. Тухтай, этгээд, өвөрмөц, тачаангуй.

-Монголын загварын хөгжил ер нь ямар түвшинд байгаа гэж бодож байна вэ. Бас таны загварыг ойлгох зах зээл байгаа гэж харж байна уу?

-Зах зээлээ судлах гээд ирснийхээ дараа хэдэн хувцас хийгээд, Гүмүда дэлгүүрт заруулж байсан. Ер нь тун боломжийн байсан шүү. Ямартай ч зарагдаад дууссан.

Би нэг сайн мундаг хүн ч биш загварын хөгжлийг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ нэгэн хэвийнээс ангид хувцаслахаар гайхаж харах хүмүүсийн тоо багассан санагдсан. Тэгэхээр бас хувцас болон түүгээр илэрхийлэгдэж байгаа зүйлсийг ойлгодог болсон байх.

-Яг өөрийнхөөрөө хувцаслах үед хэн нэгэн шүүмж хэлэх тохиолдол байсан л байх. Тэр үеийг яаж давсан бэ?

-Зөндөө хэлдэг байсан. Манай экс хүртэл "Чи яг алиалагч шиг харагдаж байна" гэсэн. Зарим хүмүүс юу вэ, юу өмсчихсөн юм яг гуйлгачин шиг харагдаж байна гээд л хүмүүсийн санал шүүмж дуусахгүй их. Эхэндээ үнэхээр тийм гэж үү, би л болохгүй байгаа юм байна гэж боддог байсан. Сүүлдээ бүр эвлэрсэн.

Хэн нэгэн "Чи ёстой гуйлгачин шиг байна" гэж хэлбэл тэр нь надад магтаал шиг санагддаг. Би тэгтлээ өөр байж чадсан байна. Би Лэди Гага-д их дуртай. Түүнийг хэн нэгэн муухайгаар хэлэхэд өөдөөс нь "Тийм ээ, би үүнийг л хүссэн" гэж хариулж байсан шүү дээ. Тэр надад их нөлөөлсөн.

-Та уран бүтээлч хүн учраас кино болон хөгжимд хэр зэрэг ач холбогдол өгдөг вэ?

-Үгүй ээ. Ёстой анхаардаггүй зүйлүүд маань. Загвараа гаргаж, зураг зурах үед анхаарлаа төвлөрүүлэхийн тулд зөвхөн хийж байгаа юмандаа л төвлөрдөг. Харин индүүдэх, оёх гэх мэт гар ажиллах зүйлүүдийг хийж байхдаа кино үздэг. Гэхдээ хамгийн урт кино гурван цаг л байдаг. Нэг шөнө хэчнээн ч кино үзэх юм, мэдэхгүй. Жаахан төвөгтэй байдаг учраас аниме их үздэг. Бас ном их сонсдог. Хуудас эргүүлээд суух завгүй болохоор шууд сонсох нь их амар.

-Хүмүүс өнгийг их чухалчилдаг. Таны хувьд?

-Би загвараа гаргачхаад өнгөө шийдэх гэж маш их хугацааг зарцуулдаг. Ер нь өнгөнд ач холбогдол өгөх нь бага. Тиймдээ ч тархиа гашилтал суудаг. Угаасаа хамгийн супер зохицол хар, цагаан өнгө л байдаг.

-Загвар зохион бүтээгч нарт бүтээлийг нь амилуулах модель хамгийн чухал. Хүмүүс нэлээн их шалгуур тавьж, моделио сонгодог. Та өөрийнхөө этгээд, өвөрмөц хувцасныхаа моделийг хэрхэн сонгодог вэ?

-Төгс төгөлдөр бол туранхай бие, хөөрхөн царай, гүнж шиг байдал хувцсыг амь оруулна гэж боддог байх. Миний хувьд тэднээс өөр, яг л хувцас шигээ этгээд байхад болно. Этгээд, өвөрмөц хүнийг моделио болгох дуртай. Тэгж байж л миний хувцас илүү амь орно. Мөн чанар нь товойж харагдана. Би ерөөсөө хөөрхөн хувцас хийж чаддаггүй. Үнэхээр хэцүү санагддаг. Багадаа ээждээ гүнжийн даашинз хийж өгнө гэж хэлж байсан ч тийм төрлийн хувцас хийх үнэхээр хэцүү ажил.

-Аав, ээждээ хамгийн анх ямар хувцас хийж өгч байсан бэ, багадаа хэлж байсан даашинзаа хийж өгсөн үү?

-Анх аавдаа зангиа хийж өгсөн. Түүнээс хойш пальто, монгол цамц, срочкон цамц, өмд гээд аль чадлаараа л хийж өгдөг. Гэхдээ аав тав тухыг эрхэмлэдэг, дэл сул юманд ач холбогдол өгдөггүй учраас хааяа нэг л өмсдөг. Харин ээждээ бол бас л чадлынхаа хэрээр хувцас хийж өгдөг. Ээж ч их дуртай өмсдөг.

Би уг нь срочкон цамцанд маш их дуртай. Тиймдээ ч олон төрлийн өөр өөр загвараар их хийдэг. Срочкон цамц үнэхээр гайхалтай. Юутай ч хослуулж болохуйц санагддаг. Тиймдээ ч аавдаа бол срочкон цамцыг өнгө өнгөөр нь л хийж өгдөг.

-Хүнийг өмссөн хувцсаар нь шинж, тань гэдэг үг байдаг. Энэ үг хэр үнэний ортой вэ?

-Хүнийг өмссөн хувцсаар нь юу хийдэг хүн бэ гэдгийг нь харж болно. Намхан, зөөлхөн ултай гутал өмссөн байвал их алхдаг хүн байна. Биеийнхээ өө сэвийг жаахан нэлхгэр юмаар хаасан байвал үүнээсээ ичдэг байж болох юм. Гэхдээ их тухтай хувцаслах дуртай хүн байна. Оффис маягийн цамц, өмд өмссөн байна. Олон цаг сууж ажилладаг, оффисын ажилтан байна гэх мэтээр таньж болдог. Харин энэ ийм үнэтэй өмд өмссөн байна. Тэр брэндийн цамц өмссөн байна. Энэ баян, энэ ядуу гэж дүгнэж болохгүй. Зарим тохиолдолд хувцас тухайн хүнийхээ сэтгэлзүйн байдлыг ч илэрхийлдэг.

-Хэн нэгэн танд "Гоёл 2025"-д оролцох санал тавьсан байх тийм үү?

-Яг тийм зүйл болсон. Нэг танихгүй дугаар залгаад "Гоёл"-д орох уу, хариугаа хурдан хэлээрэй гэсэн. Гайхаад, хэсэг бодож байгаад орсон. Уг нь миний загварууд гоёлын даашинз төрөлд нийцнэ гэж би бодсон. Гэхдээ "Авангард" төрөлд нь орсон. Японоос ирээд жинхэнэ ажлыг машиндана гэж байсан хүн чинь 0 зогсолтын байдалд ороод, түүнээсээ гарах учраа олохгүй явж байхдаа л орсон. Нэлээн урам авсан шүү.

-Аавынх нь талаар сонсоод харилцаа холбоо нь өөрчлөгдөж байсан тохиолдол байдаг уу?

-Байлгүй яах вэ дээ. Б.Наминчимэд ахын охин юм уу гээд ам нээвэл би өөрийнхөө төрхийг жаахан нуугаад, арай чамбай, ухаантай охины төрхөө гаргадаг. Аав, ээж хоёр том одууд биш л дээ. Гэхдээ хүрээлэл болон салбарынх нь танина. Тиймээс утга уран зохиол, номын хүмүүсийн охин учраас өөрийнхөө төрөлх авирыг жаахан дарах нь зөв байдаг.

-Урт хугацааны оффис ажил хийнэ гэж боддог уу?

-Би ёстой тийм ажил хийж үзээгүй. Үзье ч гэж боддоггүй. Уйтгартай санагддаг. Дээр үед хүмүүс нэг ажилдаа хорь, гучин жил ажилласан байдаг. Тухайн үеийн нийгмийн байдлаас л болсон. Харин одоо бол залуучууд олон ажил солилоо гэж шүүмжлүүлдэг. Өөрийгөө хүчлэн барин нэг газартаа уяатай байснаас эрх чөлөөтэйгөөр шинэ зүйлс хийж, турших хэрэгтэй. Амьдрал илүү сонирхолтой болно.

-Тэгэхээр та ч бас Монголд удаан амьдрах төлөвлөгөөгүй юу?

-Удаан биш ч гэсэн Америк, Японд амьдарсан. Одоо Европын оронд амьдармаар байна. Загварын эх орон Парис эсвэл Англи. Англид очвол ахиад л сурмаар байна. Байнгын үүлэрхэг хөвөлзсөн салхитай, бороотой бүүдгэр өдрүүдтэй учраас Англи яг миний байх газар шиг санагддаг.

-Тантай хоёр, гурван жилийн дараа дахин уулзлаа гэхэд, та одоо байгаагаасаа хэр өөрчлөгдөж, ямар хүн болсон байна гэсэн төсөөлөлтэй байна вэ?

-Хэрвээ би монголд байхгүй байвал, эсвэл "Gala Jalair" хүрээгээ тэлсэн байвал намайг санасандаа хүрчээ гэж бодоорой. Энийгээ гүйцэлдүүлээгүй байвал ээж болсон гэж ойлгоорой. \инээв\

-Таны нэр их содон бас ховор ч байх. Нэрийнхээ утгыг тайлбарлавал?

-Аав маань л өгсөн. Хамгийн том охиндоо баатрын нэг өгсөн нь энэ Галдамаа. Хүмүүс яг бичигдсэн хэвээр нь дууддаг. Харин аав минь л их гоёор дууддаг. Галдаамаа гээд уртаар аавдаа дуудуулах хамгийн гоё. Хүчтэй баатрын нэртэй болоод ч тэр үү би их нэр шигээ. Дайчин, шаргуу, хөдөлмөрч. Хүнд байгалиас заяагдсан авьяас гэж байдаг. Жишээ нь манай хоёр дүү төрөлхийн өгөгдөлтэй. Харин надад тийм өгөгдөл байхгүй. Би амьдралын дунд, хүсэл мөрөөдлийнхөө зах хязгаарыг атгахын тулд хөдөлмөрлөж яваа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 24, 2025 08:32

Гоё ярилцлага байна

Зочин
Зочин
3 сар 24, 2025 14:22

Өөрийнхөөрөө байж чадсан бна амжилт хүсье яг ямар загвар зохиосныг хармаар санагдлаа

Зочин
Зочин
3 сар 24, 2025 15:00

Сайхан ярилцлага байна .Охиндоо уншиж өглөө.

Seke
Seke
3 сар 24, 2025 18:31

Энэ чинь л жинхэнэ ярилцлага. Одоо ч тэгээд хэрэгтэй хэрэггүй чанаргүй нийтлэлүүд их болсон санагддаг. Ийм чанартай, өгөөжтэй сайхан сайхан ярилцлага нийтэлсэнд баярл�##�аа.

Хүн
Хүн
3 сар 24, 2025 18:57

Өөрийнхөөрөө энгийн биш хувцас ур�##�даг өмсдөг ёстой гоё юмаа
Амжилт2

Зочин
Зочин
3 сар 24, 2025 19:37

Ёстой хөөрхөн ярилцлага уншлаа. Ухаантай охин юм. Ааав ээжийн нэрийг эрхэмлэж явах чух�##�..

Зочин
Зочин
3 сар 24, 2025 23:32

Яадаг гэнээ Аргаггүй Аав зохиолч Ээж Яруу найрагч гэхэд гоё мөрөөдөл бас өөрийгөө уран дүрсэлсэн байна шүү....
Хөвөлзсөн с�##�хи , Бүүдгэр өдрүүд бас бороотой....сэтгэл хөдөлтөл дүрсэлж амжилт2 хүсье

Холбоотой мэдээ

Back to top button