Ж.Сэнгэдорж: Хүрэх цэгээ тодорхойлчихвол хүрэх л болно. Түүний оронд зүгээр л мэдрэх хэрэгтэй

Найруулагч Ж.Сэнгэдоржтой ярилцлаа. Түүний хамгийн сүүлийн бүтээл "Чимээгүй хотын жолооч" энэ сард Монголын нээлтээ хийж, шуугиан дагуулж байна. Олон улсын зургаан кино наадмаас энэ кино шагнал хүртсэн.
Ярилцлагын өмнө үзэгчдийн сэтгэгдэл, санал шүүмжлэлийн талаар ярих үед тэрбээр “Би мэдээллээс их хол, хааяа Инстаграмд л нэвтэрдэг” гэж хэллээ.
-Тэгэхээр сошиалд илэрхийлэгдэж буй сэтгэгдэл, шүүмжүүдээс ихээхэн хол байгаа болж таарлаа?
-Тийм дээ. Хааяа эхнэр маань сураг дуулгана. Бусдаар ч үгүй, стрессдээд байдаг юм.
-Та олон төсөл дээр ажиллаж байсан учраас найруулагчийн өөрийн сэтгэл ханамжийг хамгийн түрүүнд асуумаар байна. Ж.Сэнгэдоржийн хамгийн амжилттай төсөл энэ боллоо гэлцэж байна л даа?
-(Удаан бодов). Би ер хамгийн сайнаа хийгээгүй яваа л гэж боддог. Тэгээд ч цэг тавих дургүй л дээ. Аливаа юмыг, ханамжийг тулгах тэр яриа надад сонин биш байдаг. Зураач, зохиолч мэтийн хувь уран бүтээлч бол өөрөө өөртэйгөө тулж ажиллаж чаддаг. Харин найруулагч хэлэх гэсэн өөрийн санааг олон хүнээр дамжуулан гаргах болдог онцлогтой. Тийм ч учраас үргэлж цаанаа л нэг дутчихдаг тал бий.
-Өмнөх бүтээлүүдтэйгээ харьцуулахад?
-Өө, би харьцуулах дургүй. Энэ шал өөр юм чинь. Нөгөө кинонууд бас шал өөр юм чинь. Хэлбэр, хийц, жанраас авхуулаад ялгаатай бүтээлүүд. Хэрэв чи анзаарсан бол би нэлээд олон жанрт хөл тавьж үзсэн. Жанр бүрийг мэдрэхийг хүсэж ирсэн. Мөн тултал нь хийхийг л хичээхгүй юм бол тухайн жанрыг барьж авах шаардлагагүй гэж боддог.
-Хэзээ ч монгол киноноос олж харж байгаагүй дүр, үйл явдал, зураг авалтын шийдэл, метафор бүхий бүтээлийг та өргөн барилаа. Энэ бүх зүйл хэрхэн эхэлсэн юм бэ?
-Эхлэх үндсийг таригч нь “Орд гэр” компанийн үүсгэн байгуулагч Н.Ганбаатар юм. Н.Ганбаатар миний өрөөнд орж ирээд ярьсан зүйл нь, “Би бясалгал хийдэг хүн. Ер буддизм гэдэг сэдвээр, энэ нийгмийн хувьсал өөрчлөлтийн талаар бүтээл хийж үлдээмээр байна” гэсэн. Д.Төрмөнх дээр очиж зохиол бичүүлснээ бас хэлсэн. Төрөө ах ч мөн бясалгагч, буддизмд гүн ойлголттой хүн шүү дээ. Ж.Сэнгэдоржоор л хийлгээрэй гэж захиад, бичсэн зохиолоо Н.Ганбаатарт өгсөн юм билээ. Би уншсан, надад хэтэрхий их буддизм санагдсан. Би өөрөө шашин бус хүн, миний л баримталдаг чанараар аливаа уран бүтээл шашин, улс төрийн зэрэг тодорхой зорилтот өнцгийг дагнан барих нь явцуу гэмээр хэрэг. Магадгүй одоогоор миний барих чиг хандлага тэр биш байж мэднэ. Тиймээс би буддизмийг дагнан барьж авахаас эмээсэн. Яг энэ зохиолоор бол чадахгүй нь гэдгээ шуудхан хэлсэн. Ингээд өөрөө бичье гэсэн. Н.Ганбаатар зөвшөөрч, Д.Төрмөнх ахын охин Номуунзул зохиол дээр хамтрах тохиролцоо хийгдсэн.
Тэгээд би сарын турш бодсон. Бодоод удаагүй явтал нэг зүйлийг анзаарав. Манай гэрийн зүүн цонхоор буяны компани, баруун цонхоор 1-р төрөх эмнэлэг харагддаг юм байна. Төрөх үхэхийн зааг дээр амьдардаг хүн гэдгээ тэгж мэдэж, бэлгэшээсэн.
Тухайн үед би буддизм гэж хэт их бодон шаналж байгаа байдлаасаа гаръя, ерөөсөө төрөх, үхэхийн зааг бол энэ сэдвээрх хамгийн энгийн эхлэл цэг юм байна гэдгийг барьж авсан хэрэг. Ингээд судалгаа эхэлсэн.
Буяны компанийнхан ярьдаг юм байна. 1990-ээд онд оршоох ёслолыг талийгаачийн ах дүүс лам залж ирээд, өөрсдөө л үйлддэг байж. Энэ соёл, энэ бизнес анх үүсэхэд их амаргүй, тэнд ажиллах хүн олддоггүй байсан байна. Үүнээс анхны санаа үүдэж, продюсертэй дахин уулзсан. Оршуулгын машины жолооч нэгэн хүний тухай бодогдлоо гэж хэлсэн. Продюсер зөвшөөрсөн, ингэж эхэлсэн юм.

-Та продюсертэй их сайн ойлголцож сурсан найруулагч юм байна.
-Тэгж хэлж бас болохгүй. Өөрийгөө батлах багагүй хугацаа уран бүтээлчийн амьдралд шаардагддаг. 1998 онд би анхны киногоо хийх гэж, цөөн хэдэн том компаниудын үүдийг цуцалтгүй нүдсэн. М.Сононпил гуай тэгэхэд миний анхны продюсер болж орж ирж байсан. Тийм зовлонг ор мэдэлгүй өдийг хүрсэн биш юм.
“Мөрөөдлийн хөлөг онгоц” гэж 20 ангитай кино бол Монголын хоёр дахь сериал, түүний продюсерыг олохын төлөө юу ч болж байв даа. Ийм замыг туулсан учраас өнөөдөр продюсертэй учраа ололцож байгаа маань амархан мэт харагдаж мэднэ.
Олон кино хийх нэг өөр, олон киноноос өөрийгөө алдалгүй үлдэх мөн өөр хэрэг юм. Би олон продюсертэй ажиллаж, арилжааны кино ч хийж явсан боловч тодорхой хэмжээнд өөрийгөө авч үлдэх урын сангийн бодлого байх учиртай. Өөрийгөө алдах гэдэг чинь аймаар шүү дээ. Автаад, автаад, автаад, хэзээ нэгэн цагт арт кино хийнэ гээд автаад, гэвч өөрийгөө алдсаар явдаг жишээ цөөнгүй.
Сүүлдээ продюсерууд надтай “Зүүдний гэрээ” гэж хийдэг болсон. Нэмэлт заалттай, “Зүүдлэхгүй шүү” гэдэг. Харин би тодорхой хувьд нь “Зүүдэлнэ” гэдгээ хатуу заалт болгож оруулдаг. Зүүд гэдэг нь нөгөө өөрийгөө алдахгүй байх миний хэсэг, метафор маягийн зүйл юм. Угтаа киног чанартай болгох гээд байгаа эрмэлзэл бас мөн. Тэр жилдээ л гараад, үзээд өнгөрөх кино бол үнэ цэнээр харьцангуй бага. Харин 10 жилийн дараа ч үзэгдэж байх, тэгж хоногшин үлдэх кино хийхийг л хүсэж, продюсеруудаа ятгаж ирсэн. Одоо ч би ийм зовлонтой л яваа найруулагч.
-Та зохиолыг дахин бичиж, бүгдийг өөрийнхөөрөө хийхдээ продюсерын яг юуг, хэрхэн шингээн авч үлдсэн бэ?
-Үйлийн үр, мөнх бусын тухай ойлголт. Хүмүүс яагаад үхэхгүй мэт амьдардаг талаар нэг оройжин Н.Ганбаатар бид хоёр тамхи татан ярьж суусан. Мөнх бусыг мэдэрсэн хүн эхлэх цэгээ дахин зоож чаддаг шиг. Тийм ч учраас магадгүй би киног үзээд, хүмүүсийг эхлэх цэгээ дахин зоогоосой гэж бодоод байгаа. Нэг бол үхэх гэж байгаа юм шиг амьдраад байдаг, нээрэн үхэх нь үү гэтэл бас үгүй ээ.
-Жанр гэж их чухал сэдэв болон тавигдаж байна. Арт хаус кино мөн үү?
-Нөгөө талаар би жанр бодож зохиолоо төдийлөн бичдэггүй шиг санагдаж байна. Энэ бол өөрт олдсон тухайн боломжийг бүрэн дүүрэн ашиглах ойлголт. Энэ удаагийнх шиг боломж бол аймшигтай том аз байв. Продюсер ийм өргөн хүрээнд хандаж, асар том эрх чөлөөг бий болгосноороо маш том өв үлдээж байгаа юм. Ер нь кино бол өвөөс гадна хөрөнгө юм. Одоог хүртэл “Шиндлерийн бүртгэл”-ийг, Чарли Чаплины киног “идэж” байна шүү дээ. Кино театрт хоёр сар гарах хугацаагаар ач холбогдлыг нь үнэлж боломгүй юм байгаа юм.
-Ийм продюсер олон бол сайн кино хийх найруулагч ч Монголд төдий олон гэж хэлэх үү?
-Байлгүй яах вэ. Сайн кино гэдэг үзүүлэлтийг бид хоёр томьёолъё гэвэл мөн хэцүү. Ерөөсөө ийм юм. Магадгүй маргааш би эротик кино хийж мэднэ. Адал явдалт кино ч хийж мэднэ, ийм төсөл явж байгаа. Үүнээс цааш хүн намайг “Чимээгүй хотын жолооч”-оор үнэлж, дүгнэх гээд байвал маш хэцүү л болчихно. Юуг бол юуг хиймээр, юугаар бол юугаар амьсгалж үзмээр байдаг байхгүй юу. Би “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос хойш долоон жил завсарласан. Ингээд арт киногоор эргэн орж ирсэн. Тэгэхэд ийм кинонд цаг гаргаж өгсөнд нь “Тэнгис” кино театрт баярлаж явдаг юм. Таван өдөр гаргаад, “Хүмүүс хэл ам хийгээд байна аа, тасалбараа буцааж авна гээд байна. Буулгахаас аргагүй боллоо, Сэнгээ” гээд буулгаж байсан.
-Хэдэн он бэ?
-2010 он.
-“Адам” гэж кино юу. Би үзээгүй л дээ, та товчхон ярьж өгөөч. 15 жилийн өмнө хүмүүс юу үзээд тийн хүлээн авч байсныг багцаалдаж авъя?
-Хоёр хүний л драм юм даа. Угтаа маш том уран бүтээлч хүн хэдий ч зах зээлийн шуурганд архинд живж орхисон нэг нөхөр Драгон дээр говийн хүүхэнтэй таараад, түүнийхээ дэргэд тасраад уначихдаг байхгүй юу. Нөгөө хүүхэн чинь уугуул сэтгэлгээгээр хандаж, ядарсан амьтан байна гээд нутаг руугаа аваад явчихна. Аварга тасарч унаад говьд сэрж байгаа юм. Тэгээд л баларна. Эцэстээ эргээд хот руугаа ачигдаад ирдэг ийм л түүх юм. Яг үнэндээ бас 100 хувийн арт кино биш. Харин одоогийн үзэгчид шал өөр болчихсон байна. Би ч залуусыг магтах дуртай хүн дээ. Залуус шинэ мэдрэмж хайгаад байдаг болчихжээ. Үүнийг бас манай уран бүтээлчид ойлгох, сэхээрэх хэрэгтэй байна л даа.
-Энэ олон хувирал дунд таны барьж үлдэхийг хүсдэг зүйл юу юм бэ. Яг л хийхийг тэмүүлдэг, өнөөг хүртэл сэтгэл дотор тээгдэж бас хөгжиж явдаг шугам юу вэ?
-Түүнийгээ л олчихвол мөхчихнө шүү дээ, Тэнгис ээ? Хүн өөрийнхөө хүрэх цэгийг тодорхойлоод тавьчихвал, хэзээ нэгэн цагт хүрэх л болно. Харин түүний оронд зүгээр л мэдрээд яв л даа. Уран бүтээл бүрийг мэдэрч, дотор нь живж, үнсэхийг нь үнсэж, хазахыг нь хазаад явах бол уран бүтээлч хүний жаргал шүү дээ.
-Өөрхийн хүссэн хэмжээнд туурвих, түүндээ ядаж дөхөх уран бүтээлчийн сэтгэл ханамжийг мэдрэлгүйгээр үхнэ гэсэн үг үү?
-Одоо гэдэг цагт л тэр мэдрэмжийг авна шүү дээ. Өөрөөр хэлбэл барьж авсан бүтээл бүрдээ түүнийг мэдрэхийн төлөө ажиллана. Өөрийн хүслээр хийх тэр мэдрэмжийг л мэдрэх тухай ярих гээд байна. Харин хүсэл, мөрөөдөлдөө хүрэх энэ тэр гэдэг бол улстөрчдөд л бий болов уу.
-Таны кинонд ч гардаг “100 жилийн ганцаардал”-ын зохиолч Габриэль Гарсиа Маркез бол насан туршдаа нэгэн сюжетийг тээж явсан хүн хамгийн сайн уран бүтээлч гэж хэлжээ. Түүнийгээ улам сайн хийж, илүү сайн илэрхийлж сурахын тулд хөдөлмөрлөх л ерөөсөө уран бүтээлчийн амьдрал юм биш үү. Мүраками Харүки 71 насандаа шинэ роман бичлээ. Гэтэл 30 насандаа бичиж байсан туужаа дахин барьж авсан нь энэ гэнэ. Энэ бол хүрэх өндөрлөгийн тухай асуулт биш юм?
-Би Маркезыг шүүнэ гэж үгүй. Гэхдээ Буэндиагийнхний мөрөөдөл, хүсэл бол зохиолч өөрөө шүү дээ. Тийм нэг гоё юмыг аварга нэг удаа тэмтэрчихсэн. Дахин түүнийг тэмтэрнэ гэж байхгүй. “100 жилийн ганцаардал”-даа үлдсэн. Харин дараагийн бүтээл бүрдээ дахин шинээр жаргасан. Буэндигаийнхнийг бичихдээ ашигласан бүгдийг дараагийн бүтээлдээ зуураад, зуураад явна гэж байхгүй. Салаад, шинээр жаргаад явж чадах тухай ярих гээд байна л даа. Ерөөсөө л одоо цагийг, бүтээн туурвиж буй мөчөө мэдрэх тухай ойлголт. Кино, киног дамжин явахдаа би мэдрэх л дуртай. Шинэ кино руу, шинэ мэдрэмж рүү хөл тавих тэр мэдрэмж нь надад гоё шүү дээ. “Чимээгүй хотын жолооч” үзэгчдэд таашаагдаж байгаа бол миний дараагийн киног хүлээх болно. Гэвч дараагийн бүтээл гэдэгт нь би өөрийнхөөрөө дахиад л жаргамаар байна шүү дээ. Би ерөөсөө л асуултын тэмдэг хэвээр үлдэхийг хүсдэг.
-Зохиол бичихээс зураг авалт эхлэх, монтажлах, үзэгчдэд хүрээд нэг хоёр жил өнгөрөх гээд олон үе шатын аль хэсэгт нь та тэр жаргал, тэр мэдрэмжийг илүү ихээр авдаг вэ?
-Эхлэл цэг дээрээс. “За, хийнэ ээ” гэж тасхийсэн мөчөөс тэр жаргал эхэлнэ. Би “Чимээгүй хотын жолооч”-ийн Мягмарын дүрийг эхэнд нь нэг босгож авах гэж, яс ясаар нь өрж, дараа нь арьсыг нь нөмөргөж, сая нэг бие хүн болгож авахын тулд их юм болсон. Босгочихсны дараа учиртай л даа. Нөгөө жаргал явсаар л байна. 5-6 сар Мягмартайгаа ноцолдож байгаа юм. Эхнэр маань хүртэл гайхаад. Би болохоор ганцаардлыг мэдрэх гэж тийчлээд. Өглөө сэрээд л гараад явчихна, ажил дээрээ ирж тамхиа уугиулаад суучихна, эцэс төгсгөлгүй “Pink Floyd” сонсоно.
-Та чинь “Pink Floyd” сонсдог найруулагч хэрэг үү?
-Сонсдог, үүнийг бичих гэж бүр илүү, нэвширтлээ сонссон. Гэрээс ажил, ажлаас гэр хүртэл мөнхийн сонслоо. Өвчилж, өвчилж биежүүлж аваад сая нэг Мягмарыг босгоод иртэл өрнөлүүд салбарлан хөгжиж ирсэн. Нөгөө талд Т.Номуунзул хөгжүүлэн бичиж байсан. Сүүлийн тэр үхлийг бичих мөчдөө би хөдөлж чадахгүй, тэнд солиороод, уйлаад. Өрөө хоёр том өсгөгчтэй, “Pink Floyd” хангинаад. Энэ арай хэтрэх үү, үгүй юу! Тийшээ орох уу, орохгүй юу! Хөгжим дүфф, дүфф, дүфф! За, шийдлээ!
Анхны хувилбартаа бүр аймаар, ухаад гаргаад ирдэг юм. Би реал, сюрреал хоёрын дунд алцагнаж байгаад, реал нь давамгай юм бол үнийг ухах л болно гэж шийдсэн. Содоо үүнийг мэднэ, ухна. Бидэнд авсыг эргэн ухаж байгаа материал ч бий. Тэгэхээр эцсийн тунгаалтаар их зөөлөн төгсгөсөн маань энэ.

-Зураг авалт буюу гүйцэтгэл эхэлсэн хойно та хэр өөрчлөгддөг вэ?
-Зураг авалт эхлэхээс өмнө маш их цаас нухдаг. Бүгдийг нэгд нэггүй төлөвлөдөг. Цаасан дээр сайн суусан тохиолдолд зургийн талбай дээр ажиллах хялбар талдаа.
Кино гурван удаа бүтдэг. Эхлээд цаасан дээр. Хоёрдугаарт зургийн талбай дээр. Дараа нь монтаж дээр. Би хэзээ ч ханаж үзээгүй гэж хэлдэг нь бас үүнтэй холбоотой. Гурван удаа үхэж, сэхэхээр кино анх миний толгой дотор хийгээд цаасан дээр буун зурагдсанаас харьцангуй өөрчлөгдөх болдог. Зургийн талбай дээр жаахан халирах, нурах зүйл гарч ирнэ. Мэдээж урьдаас баталсан, нягталсан байлаа ч санаанд хүрэхгүй, нөхцөл байдлаас шалтгаалсан хүчин зүйл гараад л ирнэ. Би эхний гурван өдөртөө анх удаа кино хийж байгаа юм шиг түгшүүр мэдэрдэг. Үүнийгээ харин багийнханд хэрхэвч харуулдаггүй. Гурав хоногийн дараагаас эргэлт буцалтгүй живдэг.
-Үзэгч бүр өөр өөрийнхөөрөө ойлгосон, метафор гэмээр цөөнгүй хэсэг бий. Мэдээж бүтээлийг бүтээгчээр нь тайлбарлуулах бүдүүлэг хэрэг ч та зарим зүйл дээр анхны эрмэлзлээ хуваалцахыг хүсэж байна уу?
-Та нарт л энэ бодох орон зайг үлдээж байгаа юм. “Яагаад?” гэсэн асуулт тавигдах л эцсийн мөчид сайхан шүү дээ. Нэг талдаа чиний зөв, нөгөө талд бас миний зөв. Энэ кинонд нэг далд ухамсар яваад байгаа. Тэр далд ухамсрыг би метафордож байгаа. Энэ цэвэр реал кино бол метафор тавихгүй шүү дээ. Бодох орон зай үлдээж байгаа кино шүү? гэдгийг түүгээр хэлж, илэрхийлж байгаа юм. Тодорхой зүйлийг тайлбарлаж болох ч тайлбар гэдэг утгагүй хэрэг болно.
-Бодох орон зай үлдэхээр л уран бүтээл хүчтэй болдог шиг. Бараг л үйл явдлыг нь тааж мэдээд дуусчихаар үзэгчид сэтгэл ханамж авахгүй үлддэг тал байна уу?
-Бас “Өө, яасан төвөгтэй кино вэ?” гэж боддог үзэгчид ч байгаа. Хоёр цаг 40 минутыг хассаар хоёр цаг 20 минут болсон. Ер бодох орон зай гэдгийг үлдээхийн тулд л урт урт план тавьж таарсан.
Монтаж буюу сценээс сценийн хооронд хайчлах бол маш нарийн сэдэв. Үзэгчийн сэтгэл зүйтэй ажиллаж, түүнийг мэдэрч хийдэг ажил. Харж харж байгаад “Яг одоо, тасал!” гэнэ. Үзэгч яг сонин болж эхлээд, “Арай ч дээ” гэж хөвчрөөд, хөвчрөөд байж байтал “Тас” гээд таслах моментууд дээр “Чимээгүй хотын жолооч” монтажлагдсан учраас урт болсон. Үйл явдлын дарааллыг үзүүлэх төдий дараалан хайчилсан бол нөгөө бодох орон зай үлдэхгүй.
Түүнчлэн зураг авалт зөвхөн Мягмарыг дагаж байгаа. Мягмаргүй таван сцен л бий болов уу. Үзэгч өөрөө Мягмарын шилэн хүзүүн дээр сууж, түүний хажууд сүнс нь болчхож байгаа юм. Эцэст нь түүний биеийг явуулаад, өөрсдөө Мягмарын сүнсийг дагуулаад харьдаг... гэж л би хүссэн дээ.
-Хөгжмийн тухайд гүнзгий мэдрэмж ажиглагдсан. Гэтэл та угаас “Pink Floyd” сонсдог хүн байж л дээ.
-1990-ээд оноос их сонсож байгаа. Энэ кинон дээр бол тухайлан сонссон. Бүр “Pink Floyd”-ийн эрхийг авах гэсэн байхгүй юу. Манай продюсерууд хөөцөлдсөн. Зургаан цифртэй ам.долларын тоо хэлж байгаа юм чинь.
-“Pink Floyd”-ийн хөгжим эгшиглэсэн бол ч үнэхээр яриангүй бүтээл болох байжээ. Гэхдээ хамтлагийн гол хоёр гишүүн эрхийн хувьд маргаантай байгаа гэж сонссон, энэ дэлхийн хамгийн баян продакшнд ч амаргүй ажил байх.
-Тэр асуудал тэгсэн. Ингээд дууны эрэл хайгуулд гарсан л даа. Франц дуу сонгомоор санагдсан. Serge Gainsbourg-ийн өөр нэг дууг би “Lovers” кинондоо ашиглаж байсан удаатай. Гэтэл энэ удаа санаандгүй “Comme un Boomerang” дууг нь олж нээсэн. Манай эвлүүлэгч залуу хөгжмийн ертөнцөд нарийн мэдлэгтэй учир франц дууны олон хувилбар санал болгосон. Үл мэдэг хүн мэддэг, нялцайтал бас мэддэггүй тийм дуу л хайгаад байсан хэрэг. Ингээд өдөржин өөр өөрийг сонсож суутал яг мөн шүү, “Наадхаа дахиад тавь даа” л гэсэн. Тэр нэг хэнэггүй, гудиггүй мөртлөө гунигтай алхаа шууд орж ирээд л, яг мөн. Ингээд сонгосон.
-Санамсаргүй гэмээр сонгосон нь бас их анхаарал татлаа. Учир нь бумеранг бол цэвэр үйлийн үрийн бэлгэ тэмдэг болж явдаг шүү дээ. “Чимээгүй хотын жолооч”-ийн үзэгчдийн хөгжмийн жагсаалтад “Comme un Boomerang” яриангүй нэмэгдсэн гэдэгт итгэлтэй байна.
-Харин тийм, үгийг нь орчуулж үзтэл мөн утга агуулгадаа таарч байсан. Ер нь би хөгжимлөг хүн ч энэ кинонд хөгжим нэхэгдэхгүй байсан. Зохиолыг бичиж байхдаа хөгжимтэй хэсгээ тэмдэглээд явчихдаг. Дараа нь хөгжим нэмдэггүй. Энэ удаад ганцхан хөгжим, ганц дуу ашиглах ёстойг мэдсэн. Мэдээж олон сар хөөцөлдөж байж эрхийг нь авсан, базарваань. Дэлхийн хэмжээний дуу байсан юм билээ. Serge Gainsbourg бол оршуулга дээр нь улсынх нь ерөнхийлөгч хүртэл ирж хүндэтгэж асан Франц орны агуу сэтгэгч байжээ. Дууны эрхийг авахаас эхлээд тоног төхөөрөмжийг хамгийн орчин үеийн байлгах, пост-продакшныг Францад хийлгэх, ерөөсөө хаана ч очсон дэлхийн стандарт мэдэгдэж байх тэр шаардлагын төлөө продюсер маш өргөн хүрээнд хандаж, зориглож чадсан.

-Содоо гэдэг лам хүүгийн дүрийг жүжигчин маш сайн бүтээсэн санагдсан. Түүнийг хэрхэн олж нээв ээ?
-Эхлээд жинхэнэ лам хүүхдийн эрэлд гарсан ч олдохгүй, олдлоо ч тоглохгүй юм байна лээ. Ингээд манай багийнхан М.Бат-Эрдэнийг олоод ирсэн. Дүр нь 16-тай авч мань эр 20 гарчихсан залуу, гэхдээ бүр яг шүү. Маань мэгзэм ч дуржигнатал уншчихдаг болж таарсан.
Нөгөө талаас, яруу найрагч Л.Хасар миний багын найз байлаа. Нэг өдөр Л.Хасар маань намайг гэнэтхэн дуудаж, яваад очтол нэг жаахан залуутай ертөнцийн мөнх бусын сэдвээр жигтэйхэн маргалдаж байх юм. Гэтэл тэр хүү Төвөдөд 10 гаруй жил суусан, мундаг лам хүн болж таарсан. Энэ дүр зургийг би бас марталгүй тээж, маш энгийн, ер бид бүхний л дотор байдаг хүнээр төсөөлье гэж Содоогийн дүрийг хийсэн.
-Мягмарын дүрийг бүтээсэн А.Түвшинбаяр бол мөн л нээлт болсон байна.
-Гайхалтай авьяас. Манай эхнэр санал болгосон л доо, бүжигчин болохоор. Орж ирэхэд нь л би шууд Мягмар гэж таньсан. Найруулагчийн хувьд, тухайн дүрд ядаж 80 хувь дөхсөн тийм жүжигчнийг эрж хайж явдаг. Тэр тийм байсан. 10 хувь дээр нь би, 10 хувь дээр нь М.Түвшинбаяр өөрөө ажиллаж 100 хувь болсон.
-Таллины кино наадмаас гранприг хүртсэн. Олон улсын фестивалиудад маш амжилттай оролцсон. Харин одоо залуу найруулагчдын амбиц энэ олон улсын фестиваль гэдэгт маш их чиглэдэг болсон цаг үе байна. Та үүнийг хэрхэн хардаг юм бэ?
-Уран бүтээлч болж төрсөн бол энэ ертөнцийн альхан цэгт буйгаа мэдэрнэ, мэдэж авна гэдэг хамгийн том аз жаргал юм. Ер гол нь үүнд л тэмүүлж байдаг. Хаана байгаагаа тэмтрэхийн тулд л олон улсын феставалийг зорьдог. Миний хувьд тэгж ойлгож байна. Түүнчлэн тэнд очоод маш их туршлага хуримтлуулдаг. Өрсөлдөж буй кинонуудыг ч үзэж, харьцуулаад ирнэ гэдэг дахин нэг дээд сургууль төгсөхийн нэр гэхэд буруудамгүй.
-О.Гэрэлсүхийн дүрийг ер анзаараагүй байтал IMDB дээрх гадаад хүний сэтгэгдлийг унштал “Гей байж гэмээнэ энэ киног ойлгоно” гэчихсэн байсан. Тэгэхээр ер орон орны хүмүүст бүтээлээ үзүүлнэ гэдэг их өргөн ойлголтоос гадна олзуурхууштай зүйл юм?
-Киног дэлхийн өнцөг булан бүрийн, хэн ч үзээд ойлгож байна уу, үгүй юу гэдэг сонин. Урлаг бол олон улсын хэл шүү дээ. Тэр хэл, хэллэгээр хийгдэж чадаж уу? Энэ маш том сорилт бас асуулт.
Бүтээл ойлгогдохдоо биш мэдрэгдэхдээ байдаг шиг санагддаг. Мэдэрч л байвал гайхамшиг. Би ойлгох гэж битгий хичээ, мэдэр гэдэг.
-Нэг төвөгтэй асуулт тавигддаг нь, уран бүтээлч ер өөрийнхөө төлөө ажилладаг уу, бусдад зориулж туурвидаг уу. Таны хувьд жишээ нь энэ бүтээлээр дамжуулан хүнд юу өгөх нь хэр чухалчлагдах вэ?
-Чи сайхан тойруулж, орчин үе рүү татаад асуучихлаа л даа. Хуучин бол “Та энэ киногоороо юу хэлэх гэсэн юм?” гэдэг байсан, их муухай, миний дургүй асуулт (Инээв).
Тэрслүү сонсогдож магадгүй. Урлаг бол хүнийг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэдэгт би ер санал нэгддэггүй. Ван Гогийн “Төмс” гэдэг зургийг үзчихээд энэ асуултыг тавьж чадах уу, тавих хэрэг гарах уу. Тэр авдаг мэдрэмж нь л чухал бөгөөд давтагдашгүй, хүчирхэг учраас дэлхийн анхаарлыг үеийн үед татаж байна шүү дээ. Энэ мэдрэмжийг урлаг гэж байгаа.
Нөгөө талаар би олон хүн цуглуулж, дайчилж арай гэж өөрийгөө сая бүтээлээ. Гэтэл дараа нь түүгээрээ, “Та нарт ийм зүйл хэлэх гэсэн юм” гэж ярих нь худлаа, хулхи үг. Тийм учраас би залуусыг эхлээд өөрийгөө мэдэрч, ойлгоод авчих гэдэг. Битгий ийм юмны тухай, тийм сэдвээр дуугарна гэдэг зүйлд цагийн эртээр баригдаарай гэж захидаг.
-Ер нь монголчууд ямар нэг зорилго, ач холбогдол эрж хайдаг учраас л урлагийг төдийлөн ойлгодоггүй бөгөөд чухалчилдаггүй болов уу?
-Тэгмээр байгаа бол энэ төрийн бодлогын ажил шүү дээ.
Урлаг өөрөө тийм гэдэг цэгт одоо хэр очоогүй, тайлагдаагүй байгаа зүйл учраас сэдвийн хүрээнд эцсийн хариулт өгөх боломжгүй. Үргэлж хоёр үзүүртэй ярих хэрэгцээ гарна. Би бас өөрийгөө хэзээ нэгэн цагт зорилго, ач холбогдлыг нь түрүүнд тавьж кино хийх эсэхээ хэлж, үгүйсгэж мэдэхгүй.
-Таны аав бол том жүжигчин, Л.Жанчивдорж. Ах нь бас найруулагч Ж.Жамъянсүрэн шүү дээ. Найруулагч болоход гэр бүлийн орчин л нөлөөлчихсөн юм шиг хөнгөн харагдаж магадгүй. Нөлөөлдөг тал ч бий. Атал тусдаа, бие даасан хувь тавилан бас мөн. Та энэ тавиланг юу гэж бодож явдаг вэ?
-Их л муухай хариулт хэлэх болох нь. Би генийг шүтдэг.
Л.Хасар найз маань ярьж байсан юм. Францад хөгжмийн уралдаан болжээ. Нэг охин мундаг хийлджээ. Бүгд шүтсэн гэнэ. Гэхдээ л эцсийн мөчид “Даанч тосгоных юм даа” гэлцжээ. Энэ аймшиг уу? Аймшиг боловч мөн гашуун үнэн биш үү?
Намайг жүжигчин аавтай болохоор л хэлж байна гэж ойлгох нь ойлгог, гэхдээ би генд хатуу итгэдэг хүн. Хамгийн хар, хатуу жишээ авахад хүмүүс Сүхбаатар аймгаас л адуу худалдаж авдаг биз дээ. Би бүдүүлэг бөгөөд шулуухан хэлж байна. Хоёр үзүүртэй хариулт үргэлж хэлэгддэг талаар дурдсан, өөрийн хөдөлмөрөөр гарч ирж, үнэлэгдэх хүн бийг үгүйсгэхгүй, байгааг нь ч харж байна.
Хоёрдугаарт, маш их судалгаа, уншилт хэрэгтэй шүү дээ. Уншихгүйгээр явна гэж байхгүй. Хүний тархинд мэс засал хийдэг хүмүүс шүү дээ. Авьяасгүй, дутуу уншсан, мэргэжлийн бус, академик биш хүмүүст мэс заслын хутга бариулчихна гэдэг бас л аюултай л даа. Хамгийн том зүйл нь гоо зүй. Би энэ ярилцлагын төгсгөлд гоо зүйн мэдрэмжийг юун түрүүнд тархиндаа суулгая гэж хэлмээр байна. Гоё хувцаслах энэ тэр биш, нэг планыг ердөө булангаас нь харахад л сонин болдог аймшигтай мэдрэмж бол энэ. Гоо зүй гэдэг сэдвээр асуулт үлдээж энэ ярилцлагыг өндөрлөе, тэгэх үү?
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mundag hvn shvv kinog ni vzsen amjilt
kinog ni vzsen iim hvn baidag baihnee tvrvvleed turchihsun hvn yum bolowuudaa
sengee naizdaa hairtai shvv amjilt
mongoliin uls tur ene urlag soyloo demjeesee busad uls ni odoo bvvr tasarlaa
nvdnii shil yasan huurhun zohio we hhe
дандаа сайхан бүтээл хийдэг хүн шүү
мундаг хүн шүү
kino ni ih taalagdsan
Өөрийн гэсэн харизмтай хүн байгаа биз зурган дээр хүртэл нэг л өөр харагдаад байгаамдаа
Ёстой гоё ярилцлага болжээ баярл�##�аа Eguur News
Сайхан ярилцлага байна. Ш�##� өөр ертөнцтэй хүн юм даа
Уран бүтээлийн өндөр амжилт хүсье
Хүн оюун санаа тархи сэтгэцээ эрүүл байлгая гэвэл сошиолоос хол байсан нь дээрээ