Түүх соёл, уламжлал

Global Times: Монголоос 1300 жилийн настай руни бичгийн дурсгал илрэв

Хятад, Монголын археологичдын хамтарсан баг Монгол Улсын Баянхонгор аймагт хийсэн хээрийн судалгааны үеэр эртний Түрэгийн руни бичгийн шинэ дурсгал илрүүлсэн тухай Хятадын Global Times сонин мягмар гарагт мэдээлжээ.

Уг бичээс нь уулын бэл дэх хадан дээр сийлэгдсэн бөгөөд хэд хэдэн мөр тод хадгалагдсан руни тэмдгээс бүрджээ. Сийлбэр нь маш сайн хадгалагдсан, зураасууд нь тод, бичээс нь унших боломжтой гэж тодорхойлсон байна.

БНХАУ-ын Өвөр Монголын их сургууль болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн хамтарсан судалгааны баг археологийн хээрийн судалгааны стандарт аргачлалын дагуу бичээсийн өндөр нягтаршилтай гэрэл зураг авахаас гадна байршлын зураглал хийж, дурсгалыг нарийвчлан бүртгэн баримтжуулжээ. Мөн бичээсийн орчмын бүсэд иж бүрэн археологийн тандалт судалгаа хийсэн байна.

Ийм төрлийн бичгийг VII–X зууны хооронд Монголын өндөрлөг нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн төр улсууд болох Түрэгийн хаант улс болон Уйгурын хаант улс өргөн хэрэглэж байжээ. Үүний хамгийн алдартай жишээ нь Орхоны хөндийн руни бичээсүүд юм.

Энэхүү олдвор нь ойролцоогоор 1300 жилийн тэртээх ижил төрлийн бичээсүүдийн өнөөг хүртэл цөөн тоотой хадгалагдан үлдсэн цуглуулгыг баяжуулсан чухал нээлт болж байгаа бөгөөд түрэг, уйгурын түүх, мөн Торгоны замын судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах төлөвтэй байна.

Археологичид хэл шинжлэл, түүх, археологийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран уг бичээсийг тайлан унших, агуулгыг нь тогтоох болон иж бүрэн эрдэм шинжилгээний судалгааг эхлүүлээд байгаа бөгөөд судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний хүрээлэлд танилцуулахаар төлөвлөжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Эх сурвалж: Global Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button