Эрдэмтэд нарны гадаргуун зургийг урьд өмнө нь байгаагүй нягтаршилтай авчээ
Эрдэмтэд нарны гадаргуун зургийг урьд өмнө нь байгаагүй нягтаршилтай авч, хачирхалтай бүтцийг харжээ. Судлаачид Хавайн Мауи арал дээр байрладаг АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сангийн Даниел К.Иноүэ нарны дурангийн тусламжтай тус зургийг авсан аж.
Энэхүү зургийг анх тус телескопыг нарийн тохируулж, хүчин чадлыг нь шалгах зорилготой авчээ. Харин зургийг авсныхаа дараа эрдэмтэд нарны бүрхүүлийг урьд өмнө нь байгаагүй өндөр нягтаршилтайгаар авснаа мэджээ. Эрдэмтэд авсан зургаасаа нарны гадарга дээр хачирхалтай өд хэлбэртэй хээ бүхий бүтэц байгааг ажигласан байна.
Судалгаанд оролцоогүй Стэнфордын их сургуулийн нарны физикч Рүйжү Чэнь “Энэ зураг надад Ван Гохын алдарт “Одтой шөнө” дээр байдаг эргэлдсэн тэнгэр мэт харагдаж байна” гэж хэлжээ.
Энэхүү бүтэц нь соронзон орон бүхий плазмын хэсгүүд өөр өөр хурдтайгаар бие биеийнхээ хажуугаар хөдөлснөөс бий болсон үзэгдэл юм. Салхи усны мандал дээгүүр үлээхэд долгион үүсдэгтэй төстэй зүйл аж. Энэ нь шингэн болон хий хэрхэн хөдөлдгийг тайлбарлахад ашигладаг, физикт сайн мэддэг үзэгдлийн нэг.
Судалгааны хамтран зохиогч АНУ-ын Үндэсний Нарны Судалгааны төвийн эрдэмтэн Фридрих Вөгер ийм үзэгдлийг Дэлхий болон Бархасбадь, Санчир зэрэг гараг дээр өмнө нь ажиглаж байсан ч нарны гадаргуу дээр ийм өндөр нарийвчлалтайгаар анх удаа ажиглаж байна гэж хэлжээ.
Эх сурвалж: AP












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.