НИЙГЭМНийгэм ярилцлага

76 настай ногоочин Ж.Лхагвасүрэн: 55-60 нас бол жинхэнэ ажил хийж сурдаг, даддаг үе

Цэргийн ангийн санхүүчээс ногоочин болсон түүнийг Ж.Лхагвасүрэн гэдэг. Тэрбээр анх 2004 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд иржээ. Түүнийг ирэхэд одоогийн хашаа нь хов хоосон тал байсан бөгөөд уйгүй хөдөлмөрийнхөн үр шимээр өдгөө цэцэрлэгт хүрээлэн аятай болгосон байна. Өөрийн хашаандаа эрх чөлөөг бий болгож аз жаргалтай амьдралын бий болгож чаджээ.

Видео үзэх бол:

"Сэтэл зүрхээ зориулж суулгасан ногоо маань ургахыг харах үнэхээр их аз жаргал байдаг. Цаанаасаа л миний хөдөлмөрийн үр шим гэж бодохоор амттай байдаг" гэх Ж.Лхагвасүрэн хашаандаа 10 гаруй төрлийн хүнсний ногоо, жимс тарьжээ. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Жимс, ногоо тариад 20 гаруй жил болсон. Үнэхээр жаргалтайгаар өөрийн эрх чөлөөг мэдэрч амьдарсан-

-Таныг Сэлэнгэ нутгийн хүргэн гэж сонслоо. Хэзээ энэ нутагтаа, хашаандаа ирсэн юм бэ?

-1967 онд нутгаасаа гарсан. Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас цэргийн амьдрал сонгож Улаанбаатар хотод ажиллаж байхдаа гэр бүлийнхээ хүнтэй танилцаж айл гэр болсон. Манай хүн Сэлэнгэ аймгийн хүн. Тэтгэвэртээ суух хүртлээ бид хоёр Улаанбаатар хотод амьдарч байгаад энд ирсэн. 2004 онд ирсэн байх шүү. 46 настай тэтгэвэрт суусан гэхээр 30 жил улсын хоолыг идэж байгаа юм байна.

-Тэтгэвэртээ суугаад хот суурин газар байлгүй энд ирж. Улаанбаатарт амьдрахад тухгүй байсан юм уу?

-Ер нь их хотод хүн хөл ихтэй төвөгтэй санагдаад Сэлэнгийг зорьсон. Наанадаж эрүүл агаар хоёр хөгшинд хэрэгтэй байлгүй яах вэ. Манай эхнэрийн эгч нь Сэлэнгийн Сүхбаатарт эхэлж сууршьсан юм. Улмаар бид хоёр эгчийг бараадаж, хань татаж энд ирсэн.

-Та бид хоёрын ярилцаад сууж байгаа энэ хашаа тухайн үед хоосон тал байсан байх. Энэ бүхнийг бий болгоно гэдэг их хөдөлмөр шингэсэн биз?

-Ёстой бид хоёрыг ирэхэд хоосон тал л байлаа. Энэ хашаандаа ирээд 22 жил болж байгаа юм байна. Анх хашаа хатгаад, энэ муу байшингаа барьсан юм. Хоёр давхар ухаантай. Тэгээд л саравч, өөр бусад зүйлсийг бага багаар нь хийгээд л байсан даа. Нэг мэдэхэд л өдийг хүрч дээ. Цаг хугацаа гэж хурдан юм аа.

-Гурав, дөрвөн хүлэмж харагдсан. Хэдэн төрлийн ногоо, жимс тарьж байна. Мөн моднууд байх шиг байна?

-Тарьсан гэвэл 10 гаруй байх шүү. Одоо ч нас яваад ажлаа дийлэхээ больсон доо. Залуу байхад ч огт тоодоггүй л байлаа. Өглөө, орой гэлгүй л "мундаг" ажилладаг байжээ. Хүний жинхэнэ ажил хийж сурдаг, даддаг үе бол 55-60 нас юм байна лээ. 60-65 насны хооронд ч "мундаг" сайн ажилласан. Одоо 70 нас даваад ирэхээр барахгүй талдаа шүү. Гэхдээ яах вэ хүн амьтантай нийлээд хийх гэснээ хийгээд л байна. Хоёр гар, хоёр хөл байхад хүн бол зүтгээд л байх шинжтэй.

-Хэцүү ногоо гэж байхгүй. Ерөөсөө л усалгаа, арчилгаа мэднэ. Бүх ногоо л ургана-

-Хамгийн анх энэ хашаандаа юу тарьж ногоочин болж байв?

-Өөрийн чадахаараа арай дөхөм гээд төмс, лууван тарьж эхэлсэн. Дараагаар нь чацаргана жимс тарьсан юм уу даа. Нийтдээ 10 гаруй төрлийн жимс, хүнсний ногоо тарьсан байх аа. Улаалзгана, үхрийн нүд, интоор, давжаа алим гэх мэт олон. Одоо хүүхдүүд үргэлжлүүлээд энэ хашаанд тариад явах байлгүй. Эхнэр бид хоёр ч барахгүй болсон юм байна.

-Тарихад арчилгаа их шаарддаг, хэцүү ногоо, жимс гэж бий юу?

-Хэцүү ногоо гэж байхгүй. Ерөөсөө л усалгаа, арчилгаа мэднэ. Бүх ногоо л ургана. Сэтэл зүрхээ зориулж суулгасан ногоо ургахыг харах үнэхээр их аз жаргал байдаг. Өөрийн тарьсан жимс, хүнсний ногоогоо хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Цаанаасаа л миний хөдөлмөрийн үр шим гэж бодохоор амттай байдаг.

-Шинээр ямар жимс, ногоо туршиж тарьж байна?

-Манай хүүхдүүд Оросоос гүнждийн үр авчирсан, тарьж байгаа. Мод нь дээшээ хоёр метр орчим ургаж байж үрээ өгдөг гэсэн. Хүлээгээд байж л байна.

-Энд амьдрах хотод байх хоёрын ялгаа танд бол асар их мэдрэгддэг байх?

-Тэгнэ шүү. Би хааяа хот орно. Тэнд байх бэрх шүү дээ. Түгжрэл гэж айхтар юм байна. Би бол хот ороод дандаа алхчихдаг юм. Тэр нь амар. Энд бол сайхан шүү дээ. Чи өөрөө нүдээрээ харж байгаа биз дээ. Энд ирж ногоо, жимс тарьж амьдраад 20 гаруй жил болсон. Үнэхээр жаргалтай өөрийн эрх чөлөөг мэдэрч амьдарсан. Одоо надад өвдөх зүйл байхгүй. Бие дажгүй сайхан шүү. Өвөл манай энд бол бүр үзэсгэлэнтэй. Цав цагаан, манан татаад л "хачин" гоё. Ёстой нөгөө эрүүл агаар "эм" гэдэг нь шүү дээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button