
Төрийн хэвлэлийн төлөөлөгч ба хэвлэл мэдээллийн алба ер нь ямар үүрэгтэй юм бэ? Энэ талаар судлаачид хэрхэн томъёолж вэ?
Хэролд Лассвэл, улс төр судлаач: “Мэдээллийг хэн, хэзээ, хэрхэн, ямар суваг ашиглан өгч, ямар үр дүнд хүрэхийг тооцоолох нь төрийн мэдээллийн гол үүрэг юм”.
Үүнээс үүдэн үүргийг:
- Засгийн газрын шийдвэр, бодлогыг олон нийтэд тайлбарлах
- Бодлогын талаарх ташаа ойлголтыг залруулах
- Төрийн мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг хангах гэж тодорхойлжээ.
Жэймс Груниг, олон нийтийн харилцааны онолыг үндэслэгч: “Төрийн хэвлэл мэдээлэл, пиар бол тэгш хэмт харилцаа. Төр ба иргэн хоорондын харилцан ойлголцлыг бий болгох зорилготой”.
Үүнээс үүдэн үүргийг:
- Иргэдийн санал хүсэлт, үзэл бодол, шаардлагыг төрд дамжуулах
- Хариу өгөх, тайлбар өгөх, ойлголцол бий болгох
- Нийгмийн итгэлцэл, хариуцлагыг нэмэгдүүлэх гэж тодорхойлжээ.
Тимоти Күүмбс, хямралын үеийн нийтийн харилцаа судлаач: “Хэвлэлийн төлөөлөгч бол хямралын үед нэг дуу хоолой, нэг мессеж гэсэн зарчмыг сахиж, нийгмийн энх тайван байдлыг хангахад чухал үүрэгтэй”.
Үүнээс үүдэн үүргийг:
- Хямрал, онцгой нөхцөл байдалд үнэн зөв мэдээлэл хурдан хүргэх
- Мэдээллийн эмх замбараагүй байдлыг хянах
- Засгийн газрын нэр хүндийг хамгаалах гэж тодорхойлж байна.
Брайан МакНэйр, улс төрийн PR судлаач: “Засгийн газар мэдээллийг стратегийн дагуу боловсруулах ёстой”.
Үүнээс үүдэн үүргийг:
- Засгийн газрын зорилго, амжилтыг оновчтой таниулах
- Нийгмийн дэмжлэг авахад чиглэсэн кампанит ажил зохион байгуулах
- Мессежийн уялдаа холбоог хангах (inter-agency coordination) гэж тодорхойлж байна.

Өөрөөр хэлбэл, чөлөөт хэвлэлдээ нээлттэй байх нь тэдний үндсэн үүргийн ердөө нэг л хэсэг байна.
Атал ЗГ-ын бодлого шийдвэрийг зөвөөр тайлбарлахаас эхлээд төр-нийгмийн гүүр болох, үүний тулд стратеги боловсруулан ажиллах, чөлөөт хэвлэлтэйгээ хамтрах, нээлттэй байх бүхий л зорилгоо Монголын төр хангаж чадаж байна уу? Асуувал хариулсан болоод өнгөрдөг. Бусад үед зөвхөн даргаа л сайн, сайхан харагдуулахыг хичээдэг. Начир дээрээ төрийн бодлого шийдвэрийн талаарх олон нийтийн зөв ойлголт гэдэг зүйл шалаар нэг тараад уначихав уу? Чөлөөт хэвлэл нь эрвийх дэрвийхээрээ ажиллав ч явцуу ойлголтод хязгаарлагдсан төрийн хэвлэл мэдээллийн алба нь нийгмийн энэ их бухимдлын өмнө жинхэнэ хариуцлага хүлээх ёстой субъект биш үү?
Нөгөө талаас, зарчмын дагуу ажиллая гэвч улстөрчид өөрөө хүсдэг үү? Тэд хэвлэлийн албаа яаж ажиллуулахыг эрмэлздэг вэ? Үүнээс үүдээд хэвлэлийн төлөөлөгч ба чөлөөт хэвлэлийн дунд үл ойлголцол үүсээд байна уу?
Eguur News редакц жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр салбарынхаа асуудлыг хөнддөг уламжлалтай. Энэ удаа “Хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн алба ямар жишгээр ажиллах ёстой вэ?” агуулгаар “Eguur-ийн сэдэв” хамтын контентоо бэлтгэлээ.
М.Тэнгис
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Монгол ба гадаадын орны төр хэвлэлийн албаны орон тоо, ямар төсөв зарцуулдаг вэ?

- ЕТГ-ын хэвлэл, мэдээллийн алба нь: Газар, хэлтсийн зохион байгуулалтгүй. Зөвхөн албаны зохион байгуулалтаар ажилладаг. Тус албаны 8 хүн төрийн алба хаагчийн дундаж цалингаар цалинждаг бөгөөд энэ нь 2.5 сая төгрөг юм.
- УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн газар нь: УИХ-ын 126 гишүүн, Тамгын газрын үйл ажиллагаа, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг эрхлэн гаргах ажил, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах зэрэг олон чиглэлд ажилладаг.
- ЗГ-ын ХМОНХГ нь: ЗГХЭГ болон Засгийн газрын харьяа хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагууд, Төрийн өмчит компаниудын хэвлэлийг давхар хариуцдаг.
ЕТГ-ын найман хүн сард хамгийн багадаа 20 гаруй сая, жилд 240 сая төгрөгөөр цалинждаг. УИХ-ын Тамгын газрын 19 хүн сард 50-65 сая, жилд 600-775 сая төгрөгөөр цалинждаг. Засгийн газрын 27 ажилтан сард 62 сая, жилд 745 сая төгрөгөөр цалинждаг.
Харин НЗДТГ, НИТХ болон дүүргүүдийн хэвлэл ямар бүтэцтэйгээр ажилладаг вэ гэдгийг дэлгэрэнгүй танилцуулъя.

Нийслэл, дүүргийн хэвлэл мэдээллийн алба, хэлтэс тасагт ажиллаж буй хүмүүс мэргэжилтэн, ажилтан гэсэн нэршлээр тэмдэглэгддэг.
- Мэргэжилтэн нь Төрийн захиргааны цалингийн шатлалаар буюу 1,2-2,0 сая төгрөгөөр цалинждаг.
- Ажилтан нь Төрийн үйлчилгээний цалингийн шатлалаар 2,0 сая төгрөгнөөс эхэлж цалинждаг.
- Төрийн улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх хэвлэл мэдээллийн ажилтан 2,049,000 төгрөгөөр цалинждаг.
П.Урнаа

Гадаадын жишиг: Орон тоо, цалингийн мэдээлэл ил биш ч Норвегийн тухайд
Ихэнх улс орны төрийнх нь хэвлэл мэдээллийн алба дахь орон тоо, цалингийн мэдээлэл дутмаг байна. Харин хэвлэлийн эрх чөлөөний индексээр жил бүр тэргүүлдэг, Норвеги улсын мэдээллээс хуваалцъя.
Норвеги бол “Reporters Without Borders” байгууллагын жил бүр гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексийн жагсаалтыг тэргүүлдэг орнуудын нэг. Өнгөрсөн жилийн тайлангаар тус улс 91.89 оноотойгоор хэвлэлийн эрх чөлөөний индексийг тэргүүлсэн юм.
Норвегийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн үүргийг Ерөнхий сайдын Тамгын газрын (Statsministerens kontor) Хэвлэл мэдээлэл, мэдээллийн хэлтэс голчлон хариуцдаг байна. Энэхүү хэлтсийн гол үүрэг нь Ерөнхий сайд болон Засгийн газрын мэдээллийн бодлого, хэвлэл мэдээлэлтэй харилцах үйл ажиллагааг зохицуулах юм.
Хэвлэл мэдээлэл, мэдээллийн хэлтсийн тэргүүнээр Трюде Мосейде гэж хүн бий. Түүний хувийн гар утас ч Засгийн газрын сайтдаа нээлттэй байршдаг нь анхаарал татлаа.
Трюде Мосейде байхгүй үед Хэвлэл мэдээлэл, мэдээллийн хэлтсийн дарга нь Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэдэг. Энэ хэлтэс нь Засгийн газрын нарийн бичгийн даргад шууд харьяалагддаг байна.
Хэвлэл мэдээллийн хэлтсийнх нь ажилчдын цалингийн мэдээлэл ил биш. Гэхдээ төрийн албан хаагчийн цалин нь нээлттэй байгаа.
Тухайлбал, Хэвлэл мэдээллийн харилцааны менежер гэдэг төрийн албан тушаалтан жилд дунджаар 961,000 норвеги кроны (92.4 мянган ам.доллар буюу 323 сая төгрөг) цалинтай. Сард 26.9 сая төгрөг гэсэн үг.
- Харилцаа холбооны менежер (Communications Manager) нь сард 22.9 сая төгрөг
- Олон нийттэй харилцах менежер (Public Relations Manager) нь сард 25 сая төгрөг
- Олон нийттэй харилцах захирал (Director of Communications): нь сард 24.3 сая төгрөгийн цалинтай байна.
Харин энд дурдагдаж буй Ерөнхий сайдын Тамгын газрын дэргэдэх хэлтсийн орон тоо ил биш байна. Гэхдээ Тамгын газар өөрөө нийт 55 ажилтантай.
Мөн мэдээж салбар яам бүр дороо хэвлэл мэдээллийн хэлтэстэй.
Засгийн газраас гадна Норвегийн кпарламентад Харилцаа холбооны хэлтэс гэж байна. Энэ нь дотроо дараах нэгжүүдтэй.
- Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэсэг – хэвлэл мэдээлэлтэй харилцах, олон нийтэд мэдээлэл түгээх үүрэгтэй.
- Вэб болон дотоод харилцаа холбооны хэсэг – парламентын вэбсайт болон дотоод мэдээллийн сувгуудыг хариуцдаг.
- Зочин хүлээн авах болон боловсролын үйлчилгээний хэсэг – парламентын зочдод зориулсан хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг.
- График үйлчилгээний хэсэг – график дизайн, хэвлэх, хуулбарлах үйлчилгээ үзүүлдэг.
- Парламентын номын сан – нийгмийн шинжлэх ухаан, улс төр, хууль эрх зүйн чиглэлээр мэргэжлийн ном, мэдээлэл олгодог.
Орон тоо тодорхойгүй, цалингийн хэмжээг мөн дээр дурдсанчлан төрийн албан хаагчдын дундаж цалингаар баримжаалах боломжтой байна.
Парламентаас гадна төрийн хэвлэл мэдээллийг хариуцдаг нэгжүүд гэвэл,
- Норвегийн Хэвлэл Мэдээллийн Захиргаа (Norwegian Media Authority) гэж яамны харьяа байгууллага байна. Чөлөөт хэвлэлийг ивээн тэтгэх, лиценз олгох, хараат бус байдлыг дэмжих үйл ажиллагаа явуулна.
- Норвегийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Газрын Хэвлэл Мэдээллийн Алба (Norad) нь голчлон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилттой холбоотой мэдээллийг олон нийтэд түгээнэ.
- Норвегийн Үндэсний Телевиз (NRK) гэдэг нь төрийн өмчит телевиз бөгөөд Засгийн газрын мэдээллийг олон нийтэд түгээдэг.
Б.Буяндорж, М.Тэнгис
ХОЁРДУГААР ХЭСЭГ: Хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн албад хэрхэн ажиллаж байна вэ?
Монголын болон Норвегийн төр хэвлэлийн албандаа төсөв, орон тооны хувьд хэрхэн ханддагыг бид баримжааллаа.
Харин одоо агуулга руу оръё. Юуны өмнө, Монголын нөхцөл байдалд хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн алба болон сэтгүүлч, олон нийт хоорондын харилцаанд ямар асуудал үүсэж байна вэ.
Энэ хэсэгт хөндөх агуулга:
- Хэвлэлийн төлөөлөгч, албад сэтгүүлчдэд нээлттэй хандаж байна уу?
- Нээлттэй байхаас гадна нийгмийн ойлголцолд хариуцлага хүлээх, бодлого шийдвэр, үйл ажиллагаагаа стратегийн дагуу зөв ойлгуулах ажлаа хийж байна уу?
- Чөлөөт хэвлэлтэй зэрэгцээд өөрсдөө албаа томруулж, контент үйлдвэрлэж, нэг өнцгөөрх мэдээ материалыг түгээж эхэлсэн нь зөв үү?
- Дээрх чиглэлээр Норвеги, АНУ, ОХУ, БНХАУ хэрхэн замнаж байна вэ?
Сэтгүүлчдийн байр суурь: Хэвлэлийн төлөөлөгчид нээлттэй ажиллаж чаддаг уу. Эсвэл даргаа л хамгаалдаг юм уу?

Энэ хүрээнд "Ийгл" телевизийн тоймч Г.Улсболд, Graph.mn сайтын эрхлэгч Г.Энэбиш, Ubn.mn сайтын Улс төрийн албаны сэтгүүлч Б.Дарьсүрэн нарын байр суурийг сонслоо.
ТЭДНЭЭС АСУУСАН АСУУЛТ: Tөрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нар сэтгүүлчдэд нээлттэй хандаж чаддаг уу, ямар бэрхшээл тулгардаг вэ. Удирдлагаа хамгаалах байр сууринаас сэтгүүлчдэд нөлөөлдөг үү?
Ийгл телевизийн тоймч Г.Улсболд: Жинхэнэ хэвлэлийн төлөөлөгчийг дарга нар цөөлж байна
-Дарга солигдоход дагаад солигддог “төрийн улс төрийн албан тушаалтан”-хэвлэлийн төлөөлөгч нар бий. Бас дарга хэн байхаас үл шалтгаалаад мерит зарчмаар ажиллаад үлддэг “төрийн жинхэнэ албан хаагч”-хэвлэлийн төлөөлөгч байна. Үүсэл нь энэ. Даргыг сонгосон нөхөр бол даргын сайхан ажиллаж байгаа мэдээллийг цацах гэж төр л үү орно. Ажлын байрны шалгуураа анхлаад ингэж тавиулсан бол сайд, даргыг гоёчлох, хамгаалах эрх ашгийг нийтийнхээс дээгүүр тавих шаардлага цаанаас ингэж тавигдана. Хамгийн түрүүнд байгууллага руу, эсвэл сэтгүүлчид рүү холбогдоод “Манай даргыг дэмжээд өгөөч, багахан төсвөө өгье. Энэ дээр л дэмжчих, энэ дээр л орхичих” гэх мэтээр ятгана. Тэр мөчид сэтгүүл зүйн зарчмаа мартаад мөнгөнд нь явчхаж байгаа бол юу ярих вэ дээ. Харамсалтай нь, үнэт зүйлгүй, өнөө маргаашаар амь тээж яваа цөөхөн байгууллага энэ дээр халтирчхаад байна. Тушаал гаргагчаа дагаж очсон, ер нь дагаж явдаг хэвлэлийн төлөөлөгч даргын имижид халтай гэж үзвэл хариу өгөхгүй, утсаа авахгүй, цалингаа авдаг ажлаа хийхгүй татгалзаад, шалтгаан тоочиж төөрүүлээд эхэлнэ. Тийм гэдгийг нь тааварладаг бол тэр нөхрийг алгасаад дараагийн хувилбараа бодсон нь хугацаа хэмнэнэ.
Даргын хандлагаас их зүйл шалтгаална. Төрд тангараг өргөөд, аль ч даргын үед ажиллаж байдаг, нийтийн албан хаагч гэдгээ ухамсарладаг хэвлэлийн төлөөлөгч нар олон. Даанч цөөрч байна. Болох, болохгүйн хязгаарыг хамт олон, дарга нартаа ойлгуулчихдаг. Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүргэх, шинэ үйлчилгээгээ сурталчлах, иргэдийн хамгийн их мэдэхийг хүсдэг, эсвэл мэдэх ёстой мэдээллийг өөрсдөө олж хараад хүргэчихдэг хүмүүсийг дарга нар нь цөөлөөд байна. Төрийн алба-хэвлэл мэдээллийн байгууллага хоёрын дунд хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага мэт цөөхөн хэдээ манай сэтгүүл зүйн салбар бас нөмөрлөх л хэрэгтэй юм билээ. Утасдахад хэлээд өгдөг, очиход зуучлаад өгдөг, шинэ эсвэл мэргэшээгүй сэтгүүлч очиход зөвлөөд өгдөг ийм хүмүүс төрдөө байх нь зөв. Харин сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэх хэмжээнд алба, газар, хэлтэс болж өргөжөөд төрийн, заримдаа даргын үйл ажиллагаа бодлогыг иргэдэд тулгах байдлаар тархи угаалт үйлдвэрлэж тараагаад байгаа учраас бүтцийг нь нураах ёстой юм. Хэвлэлийн эрх чөлөөний нэг дөнгө өнөө цагт газар, хэлтэс, алба болж өргөжсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй байна.
Graph.mn сайтын эрхлэгч Г.Энэбиш: Зарим нь даргаа сэтгүүлчдээс хамгаалж, арын хаалгаар зугтаалгадаг ажил ч хийж байна
-Хэвлэлийн төлөөлөгч бол төрийн ажил хийж байгаа хүн, тухайн бүтцийн хийж хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд хүргэх, хэвлэлээс ирсэн асуулт тодруулгад оновчтой хариулахад зуучийн үүрэгтэй “холбон тоглогч” гэж би хувьдаа ойлгодог. Харин манайд зарим хэвлэлийн ажилтан даргаа “вакумжуулж”, сэтгүүлчдээс хамгаалж, нууц арын хаалгаар нь зугтаалгадаг ажил хийж байна. Зарим нь бүр даргадаа хайртай, дарга маань буруу зүйл хийгээгүй хэмээн цээжээрээ хамгаалж уяран хайлж, өмгөөлөгч мэт ч авирладаг. Даргын хэлснийг л хийдэг албан тушаал гэж ойлгож ажиллах нь учир дутагдалтай.
Явж явж олон нийтийн эрх ашгаас давсан даргын яамны эрх ашиг гэж байхгүй. Мэдээллийг ил тод цаг тухай бүрд нь хүргээд явахад үл ойлголцол бага үүсдэг. Харин нууж хаах тусам хардлага, үл ойлголцол томорсоор байдаг. Мэдээж сайн ажилладаг нуруутай хэвлэлийн төлөөлөгчид олон бий. Иймээс нийтийн албан тушаалтнууд цаг үеийн, бодлогын мэдээллээ иргэд олон нийтдээ цааргалахгүй өгдөг байх үүрэгтэй. Харин сүүлийн үед хотын даргаасаа эхлээд сэтгүүлчдийг загнах, доромжлох, хувийн хандлага гаргах үйл явц газар авч байгаад харамсаж байна.
Ubn.mn сайтын Улс төрийн албаны сэтгүүлч Б.Дарьсүрэн: Дийлэнх нь нээлттэй байдаггүй, нөлөөлөх гэж оролддог
-Дийлэнх хэвлэлийн төлөөлөгч нар нээлттэй байж чаддаггүй. Ихэнх хэвлэлийн төлөөлөгч нар өмнө нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан, зовлон жаргалыг нь хангалттай мэдэрсэн гэж боддог. Гэвч дарга, сайд нарын хэвлэлийг хариуцаад ирэхээр шал өөр болдог. Баримттай, бодит мэдээлэл нийтлэнгүүт “Манай сайдыг, даргыг хусчихсан юм уу. Өө, чи сонин юм бэ” гэх байдлаар ханддаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдэд нөлөөлөх гэж оролддог гэсэн үг.Зарим том хэмжээний чуулга, зөвлөгөөн дээрээс яриа түүх гэхээр “Зөвхөн зөвлөгөөний талаар л асуулт асууна шүү. Өөр юм битгий асуугаарай” гэсэн тохиолдол ч бий. Тийм учраас хэвлэлийн төлөөлөгч ах, эгч нартаа “Сайд, дарга нарынхаа бодит шүүмжлэл, баримтат мэдээллийг хүлээж авч сураарай” гэж хэлмээр байна.
Д.Мөнхбат
Үндсэн үүргээ умартаж, голч мэдээлэл өгөх ёстой сэдэвт манипуляц хийх, төөрөгдүүлэх чиглэлд ажилладаг уу?
Сүүлийн үед өрнөсөн кэйс дээр анализ хийж үзье.
Нэгт, “Ноорог” медиагийн найман ажилтныг саатуулж, ажлын техник хэрэгслийг хураан авч, үзлэг хийсэн асуудал.
Залуус дагадаг, либерал үзэл баримтлалтай, Ерөнхий сайд болон эрх баригч намыг нээлттэй шүүмжилдэг медиа тул тэднийг саатуулсан нь нийгэмд томоохон хэлэлцүүлэг үүсгэж амжсан. Тэр даруйд төр гэдэг субъектээс ямар мэдээллүүд өгч байв?
ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргээр шалгаж байна.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Мөрийтэй тоглоом зохион байгуулж, дансаар нь 8.3 тэрбум төгрөг эргэлдсэн. Бусдыг амиа хорлоход хүргэсэн зэрэг хэргээр шалгаж байна.
Гэтэл энэ мэдээллүүдийн аль нь ч “Ноорог”-ийн найман ажилтныг саатуулж, нэгжсэнтэй холбоогүй байв. Өөрөөр хэлбэл, үндсэн шалтгаанаа хэлээгүй. Харин “Ноорог”-т ажилладаг хувь хүмүүсийн тус тусдаа шалгагдаж байсан хэргээр түрий барьж, нийгэмд үл ойлголцол үүсгэсэн.
Өнөөдөр ч шалтгаан тодорхой болоогүй байна. “Ноорог”-ийн өмгөөлөгчийн хэлснээр, Togosoo TG нэртэй Фэйсбүүк хаягаас ЦЕГ руу чат бичиж, “Тэдний контентоос болж хүмүүс амиа хорлох гээд байна” хэмээсэнд үндэслэн хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байдаг. Прокурор үүнийг хүчинтэйд тооцсон. Энэ чатын бодит нөхцөл байдлыг тогтоосон уу, найман ажилтныг саатуулж, техник хэрэгслийг нь хурааж, үзлэг хийх үндэслэл энэ мөн байв уу гэдэг өнөө хэр эргэлзээтэй.
Харин нийгэмд ямар уур амьсгал үүссэн бэ? Яагаад шалгагдаж байгааг нь хэн ч ойлгоогүй “Ноорог”-ийн залуус нийгэмд мөрийтэй тоглоомчин болж адлуулсан. Нөгөө талаас Засгийн газар, ХЗДХ-ийн сайд өөрөө өөрийгөө эвгүй байдалд оруулж, нэр хүндээ унагаж, олон нийтийн төрдөө итгэх итгэлийг сулруулсан.
Яг ийм үймээн бужигнаантай үйл явдалд хэвлэлийн төлөөлөгч ил гардаггүй юм гэхэд стратегийн хувьд зөв чиглүүлэх хэрэгтэй байв. Наад зах нь ХЗДХ-ийн сайдын мэдэгдэлд мэргэжлийн хүний зөвлөгөө дутсан. Эсрэгээрээ талцал хуваагдал, эргэлзээ тээнэгэлзээ, ойлгомжгүй байдлыг улам өдөөж, бүр тролл ажиллагаа хүртэл хийгдэхийг олон нийт харсан билээ.
Хоёрт, “Орано” групптэй байгуулсан ураны гэрээ.
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уранаас болж ургийн гажигтай төл гардаг гэх мэдээлэл өнөөдөр гэнэт цацагдаагүй. Олон жилийн урхагтай. Нийтийн ойлголт бүдэг бадагхан байсан. Ийм нөхцөлд “Орано” групптэй хөрөнгө оруулалтай гэрээ зурахаар эсэргүүцэлтэй тулах нь илтэд ойлгомжтой байлаа.
Харин ураны талаарх шинжлэх ухаанч мэдээлэл өгөх, иргэдийн эргэлзээ тээнэгэлзээг тайлах үүргийг хэн гүйцэтгэв?
Физикч Н.Тэгшбаяр, “Мон-Атом”-ын Гүйцэтгэх захирал Х.Далайжаргал нараас хэтрээгүй. Тэд төрийг төлөөлж ярьж байв. Мөртлөө олон нийттэй харилцах туршлага байхгүй. Хэлэлцүүлэгт оролцохдоо уран эсэргүүцэгчдээс ялгарах зүйлгүй биеийн хэлэмж үзүүлж, дээрээс харьцаж, бусдын бухимдлыг бүр их өдөөж байв.
Нөгөө талаас “Улаанбадрах суманд төрсөн гаж ургийн шинжиллээ. Ингэхэд шалтгаан нөхцөл ийм байна. Уранаас болоогүй байна” гэж нэг ч удаа, хэн ч мэдэгдээгүй.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хөрөнгө оруулалтын гэрээний санхүүгийн үр ашгийн талаар л мэдээлж байсан. Бид нүүрсээр жилд 8 тэрбум ам.доллар олдог. Атал ураны төслөөр 28 жилд 5 тэрбум ам.доллар хүртэнэ. Санхүүгийн үр ашиг сул юм бол стратегийн хувьд яагаад чухал юм бэ, геополитикийн тухайд ямар давуу тал авчрах юм бэ? Хэн ч энэ тухай ярьсангүй.
Харин юу болов. Уран эсэргүүцсэн л бол хар масс, тролл, гаднын гар хөл, мунхаг харанхуй гэж харагдуулах, харлуулах медиа манипуляцад анхаарсан.
Мэдээж ураныг зорилготой эсэргүүцэх стратеги хэрэгжиж байгаа нь илэрхий байв. Үүнтэй эрүүлээр тэмцэх, иргэдийн суурь ойлголтыг урьдчилан бэлдэх, яг бодит факт, тайлбаруудыг чөлөөт хэвлэлүүдтэйгээ хамтран олон нийтэд түгээх учиртай.
Энд л хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн албадын үндсэн үүрэг, стратеги, мэдлэг чадвар үгүйлэгдлээ.
М.Тэнгис

Контент сэтгүүлзүй мөн/биш
Контент бүтээх нь хуваалцахыг хүсэж буй сэдвээ тодорхойлж, агуулгыг ямар хэлбэрээр хүргэхээ шийдэн, өөрийн сонголтын платформд зориулж бүтээх үйл явц юм. Сэтгүүл зүйтэй төстэй тал нь контент бүтээлт текст, гэрэл зураг, дуу, дүрс эсвэл бүгдгийг нь хослуулсан байдлаар явагдаж болно.
Мөн хоёул мэдээлэл түгээх зорилготой. Сэтгүүлчдийн бичиж бэлтгэсэн мэдээ, онцлох материал, ярилцлага болон бусад хөтөлбөрүүд нь онлайн платформ дээр нийтлэгдэх үед контент болдог хэмээн олон улсад тодорхойлдог.
Сэтгүүлзүйн контент нь олон талт эх сурвалжаас авсан, үнэн бодит, олон нийтийн мэдэх эрхийг хангасан мэдээ, мэдээллийн дата сан дээр тулгуурлагдаж байна. Гэхдээ сошиалд нэг эх сурвалжаас нийтлэн цутгаж буй мэдээллээр бэлтгэгдсэн контент өөрөө сэтгүүлзүйд харъяалагдах уу. Сошиал платформууд дээрх бүх төрлийн контентууд нь мэргэжлийн сэтгүүлчийн дээрх шаардлагуудыг болон олон нийтийн мэдэх эрхийг хангаж чадаж байгаа юу.
Reuters Institute for the Study of Journalism-ийн тайланд дурдсанаар Instagram болон TikTok-оос мэдээ авч буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд судалгаанд 46 орны 94 мянга гаруй хүний хамрагдсан байдлаас харвал 24-өөс доош насныхны таван хүн тутмын нэг нь TikTok-оос мэдээ, мэдээлэл авдаг гэсэн байв. Жишээ нь, Амеер Ал-Хататбех гэх контент бүтээгч Instagram болон TikTok-д 7 сая гаруй дагагчтай бөгөөд TikTok дахь үзэгчдийнх нь тоо Fox News-ийг өдөр бүр үздэг 1.1 сая хүнээс давдаг. Гэтэл судалгаанд дурдсанаар нийт хүн амын 36 хувь нь мэдээнээс огт зайлсхийдэг гэжээ.
Хүмүүсийн 30 хувь нь өмнө нь сонирхож байсан сэдвийн дагуу алгоритмаар мэдээ, мэдээлэл авах нь “сайн арга” гэж үздэг бол ихэнх нь үүнд итгэдэггүй байна.
Facebook-ээс мэдээ авах хэрэглээ 2016 онд 42 хувь байсан бол 2023 онд 28 хувь хүртэл буурсан. Энэ нь Facebook дээрх хуурамч мэдээний тархалт өндөр байдаг гэж үзэн хэрэглэгчид зайгаа барих болсон байна. Twitter буюу одоогийн X платформ нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, мэдээлэл сонирхогчдын дунд түгээмэл хэвээр. Сошиал талбарууд руу кликбэйт буюу анхаарал татах гарчиг бүхий контент түгээмэл хэвээр байна. Хэрэглэгчдийг багахан хугацаанд тухайн контент дээр анхаарлыг нь төвлөрүүлэх бүхий хэлбэрийг ингэхдээ голчлон бухимдал төрүүлэхүйц байх тусам бүтээж, нийтлэгчдээ болон сошиал платформуудад ч “ашигтай” хэвээр.
Өөрөөр хэлбэл мэргэжлийн сэтгүүлчийн бэлтгэн хүргээгүй контент нь сэтгүүлзүйн бүтээл гэхээсээ илүүтэй сошиал орон зай руу чиглэсэн тодорхой зорилтот бүлгүүдийн бай болж, сэтгүүлзүйн амин чанарыг алдагдуулж байна гэх шүүмжтэй тулгардаг.
Мөн улс төрийн хүчтэй “зэвсэг” болж, видео, пост, подкаст, лайв, постер хэлбэрээр улс төрчдийн өргөн хэрэглэдэг хамгийн чухал хэрэгслээр нэрлэгдэж байна. Үүний нэг тод жишээ нь Америкийн Ардчилсан намын их хурал дээр 200 гаруй сэтгүүлзүйн салбарын бус контент бүтээгчид Камала Харрисын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг сурвалжлах албан ёсны сэтгүүлчийн эрх олгосон явдал юм. Хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд энэ нь анхаарлыг татсан. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ардчилсан намын их хуралд оролцсон контент бүтээгчдийн эсрэг нэг талыг барьсан, шүүмжлэлтэй хандав.
Олон улсад төрийн байгууллагын хэвлэлийн алба контент бүтээхийг хэрхэн авч үздэг вэ
Сэтгүүлзүйн томоохон нийтлэлд бичигдэж, чадварлаг сэтгүүлчидтэй халуун яриа өрнүүлж, олон нийтийн мэдэхийг хүссэн асуултад хариулахаас илүүтэй юуг таниулж, ойлгуулж, мэдүүлэхийг хүсэж буйгаа контент хэлбэрээр бүтээлгэн сошиал талбарт гаргах нь улс төрчдөд олон талаар өгөөжтэй гэсэн шинэ хандлага бий болов.
Мэргэжлийн судлаачдын хувьд эдгээр контентийн хэлбэрүүд нь сэтгүүлзүйн бүтээлийн нэг төрөл үү, мэдээлэл дамжуулах арга хэрэгсэл үү гэдэг асуудлыг одоо ч тавьсаар байна. Хэрэглэгчийн мэдээлэлд хандах байдал болон энэ талын боловсролтой эсэхээс хамааран шуурхай, хурдтай контентод итгэх үү, сэтгүүлзүйн олон талт эх сурвалжтай, мэргэжлийн бүтээлд итгэх үү гэдэг асуудал ч хөндөгдөж буй.
Хэрэглэгчийн “миний мэдэх эрх хангагдаж байна уу” гэх асуултаас сэтгүүлзүйн бус контентийг цензурдэх, үнэн бодит эсэхэд эргэлзэх шалгуур эхэлдэг.
Олон улсад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын даргын хэвлэлийн албанд “дотоод” контент бүтээдэг жишээ дэлхий даяар олон бий. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордны хэвлэлийн танхим нь мэргэжлийн хэвлэл мэдээллийн багтай ажилладаг. Тэдний бүтээдэг контентууд нь хэрэглэгч олонтой сошиал талбаруудад ихэвчлэн хүрэх бөгөөд бодлого, шийдвэртэй холбоотой гэхээсээ үйл явдал, танин мэдэхүй рүү чиглэгдсэн байх бөгөөд бодлого, шийдвэртэй холбоотой мэдээ, мэдээлэл бүхий контентууд нь мэргэжлийн редакциудаар чиглэн хүрэх нь элбэг.
Нигери улс нь Ерөнхийлөгчийн медиа багыг байгуулж, бодлогоо олон нийтэд сурталчилдаг бөгөөд тухайлбал, Ерөнхийлөгчийн Засгийн газартай уялдуулан сурталчилах “image makers” ажиллагаа явуулж, дижитал нийгмийн сүлжээнд идэвхтэй ажиллан, албан ёсны мэдэгдэл, видео, подкаст зэргийг шууд түгээдэг. Өөрөөр хэлбэл сэтгүүлзүйн контент гэхээсээ дамжуулан мэдээлэгч, улс төрийн үйл ажиллагаа, улс төрч, нам засгийг сурталчилсан пи-ар хэлбэрээр ажилладаг байна.
Харин эрх баригч намын хяналтад байдаг улсуудад төрийн хэвлэлийн бэлтгэн хүргэж буй контентууд нэг стандарт жишгээр хүрч байна.
Жишээ нь, Орос, Хятад зэрэг авторитари системд “өөрийн” телевиз, сонин гэсэн утгаараа үргэлж засгийн газартаа ээлтэй мэдээлэл олон нийтэд түгээх бөгөөд Владимир Путин болон Ши Жиньпин нарын хэвлэлийн алба тэдний бодлогыг идэвхтэй сурталчилдаг.
Үүнээс гадна, оросын хэвлэл мэдээллийн байгууллагууд олон улсын цар хүрээтэй пропаганда явуулахын тулд томоохон хөрөнгө оруулалт хийсэн тохиолдлууд ч бий.
Венесуэл, БНАСАУ, Хойд Солонгос зэрэгт хэвлэлийн алба нь гадаад ертөнцөд сайн сурталчилгаа явуулах гэсэн л үүрэг хүлээдэг. Мөн Төрийн Яам, Засгийн газрын хэвлэлийн алба хүртэл өөрийн цахим хуудас, сошиал сувгаар бодлого сурталчлах тал дээр л ажиллах нь бий.
Төр засгаас хэтэрхий их албан мэдээлэл цацах нь иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэх судалгааг OECD буюу Эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан байна. Иргэдийн санал шүүмж дээр тулгуурлан төрийн ил тод байдлын үүднээс баримт, дата, олон эх сурвалжаар нотлогдсон контент цацах нь төрд итгэх итгэлийг бэхжүүлдэг гэжээ.
Монголд хэрхэн ажиллаж байгаа вэ
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар зэрэг төрийн байгууллагын хэвлэлийн албадаас өөрсдөө контент бүтээж олон нийтэд хүргэх нь сүүлийн жилүүдэд ихэссэн. Үүний цаана сэтгүүлзүйн үндсэн зарчим болох олон нийтийн мэдэх эрхийг бүрэн дүүрэн хангаж, үнэн бодит мэдээллийг олон талт байдлаар хүргэж чадаж байгаа юу гэдэг асуудал хөндөгддөг.
State Media Monitor-ийн 2024 оны судалгаагаар 170 орны 601 төрийн хэвлэл мэдээллийн байгууллагаас 84 хувь нь редакцийн хувьд хараат байсан гэсэн сөрөг үр дүн гарсан байна.
Үүнээс харвал, олон улс орны төрийн мэдээлэл нь хараат буюу тэнцвэргүй ажиллаж буйг энэ жишээнээс харж болох юм.
OSCE-ийн судалгаан дахь “Хэвлэлийн төлөөлөгчдийн мэдэгдлийг авч үзвэл, төрийн хэвлэлийн бэлтгэж буй мэдээ, мэдээлэл, контент нь пропаганда буюу сэтгүүлзүйн мэргэжлийн зарчимд харшилж байна. Илүү их мэтгэлцээн, мэдээллийн олон талт байдал нь олон нийтийг үнэнийг олж мэдэхэд түлхэц болдог. Харин төрийн хэвлэлүүдийн бэлтгэн нийтэлж буй мэдээлүүд хязгаарлагдмал, цензуртай, олон талт бус нэг эх сурвалжийн түвшнийх” гэжээ.
RSF (Reporters Without Borders)-оос гаргасан дүгнэлтүүдэд, жил бүр гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексүүдээс харвал засгийн газрын дарамт, оролцоо их байдаг улсуудад үнэлгээ хэрхэн буурч байгааг харж болохыг онцолсон байв
Олон улсын байгууллагуудын судалгаанд, Төрийн хэвлэлийн албаны контентууд нь мэргэжлийн сэтгүүл зүйн хараат бус байдал, олон талт мэдээлэлд хэрхэн нөлөөлөхийг дүн шинжилгээ хийхэд “Сонгодог сэтгүүлзүйн эрүүл орчин болоод Ардчилсан нийгмийн мэдээлэл дамжуулах эрхийг хамгаалах шаардлагатай гэж үзсээр байна.
Эсрэгцэл / байр суурь

Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлзүй ТББ-ын тэргүүн О.Ариунбилэг: Нэг талын буюу төрөөс урсгалтай мэдээлэл хүргэх нь олон нийтийн мэдэх эрхэд халдаж буй хэрэг
Монгол Улс дахь Төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн алба өөрсдөө контент бүтээгч байх нь олон нийтийн мэдэх эрхийг хангаж чадаж байгаа юу?
Монголд төрийн бүх байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн томоохон багтай ажиллаж, өөрсдөө контент бүтээгч болсон. Энэ нь хүссэн мэдээллээ л хэвлэлээр нэвтрүүдж байгаад хэвлэл мэдээллийн салбарынхан шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцдэг. Нэг жишээ гэхэд л, Засгийн газрын гишүүнээс “Та ярилцлага өгөөч” гэхээр “Бэлэн ярилцлага байгаа, тэрийг авчих” гэж хариулах жишээтэй. Өөрөөр хэлбэл, энэ бол сэтгүүлчийн асуултаас зайлсхийж буй, зөвхөн өөрийнхөө л дуу хоолойг хүссэн өнгөөрөө илэрхийлэх гэсэн арга заль.Төр түүний хэвлэл мэдээлэл хүчтэй болсон нь хэвлэл мэдээллийн салбарыг хүний нөөцийн дутагдалд оруулах, чанаргүйжүүлэх, мэдээллийг сулруулах, төрөөс тархи угаах зэрэг сөрөг талтай.
Яагаад ийм байдалд хүрэв гэхээр “Сэтгүүлчид бидний мэдээллийг гуйвуулдаг, худлаа, буруу дамжуулдаг” гэдэг тайлбарлах нь элбэг. Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь баримттай бөгөөд судалгаатай байх ёстой. Ганц нэг тохиолдол дээр үндэслэж хэвлэлийн эрх чөлөө буюу иргэдийн мэдэх эрхийг төрөөс ийм аргаар боомилж болохгүй.
Төрөөс мэдээлэл өгч байгаа нь хууль сурталчлах, бодлогоо иргэдэд шууд хүргэх, нийтийн боловсролыг дэмжих зэрэг эерэг талтай байж болно. Гэвч хэтэрвэл энэ нь тархи угаалт, хэвлэл мэдээллийг салбарыг уналтад оруулах, хяналтдаа байлгах, цаашлаад иргэдийн татварын мөнгийг буцаагаад өөрсдийнх нь тархийг угаах буюу “Бид л гоё ажил хийж байна” гэдэгт гол асуудал урган гарна. Сэтгүүлзүйн өөр нэг үүрэг бол олон нийтийг мэдээлэлжүүлэх, тэдэнд өөрийн сонголтоо хийх эрх чөлөөг олгох юм. Гэтэл мэдээлэл зөвхөн нэг талын буюу төрөөс урсгалтай, зөвхөн төрийн л байр суурийг илэрхийлдэг болчихоор иргэний сонголт хийх эрхэд сэтгүүлзүй өөрөө халдаж байгаа хэрэг. Энэ чинь "даргын хэлсэн үг зөв" гэдэг PR болохоос, олон талт мэдээллээр хангасан, бодит байдлыг илтгэх сэтгүүлзүй биш юм.
НИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Энхзул: Редакиуд сэтгүүлчийн үзэл бодол шингэсэн контент бэлдэж, заримдаа төрийн мэдээллийн агуулгыг өөрчилдөг
Төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн албад өөрсдөө контент бүтээх нь зөв үү
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгууллага нь Улаанбаатар хотын нийт иргэдийн шууд төлөөллийн институц. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь ажиллаж, амьдарч байгаа нийслэлийн төрийн захиргааны дээд байгууллага учраас нээлттэй байх ёстой. Иргэд, олон нийтэд энэ байгууллагын үйл ажиллагаа, эндээс гарч байгаа тогтоол шийдвэр энгийн ойлгомжтой, хурдан шуурхай хүрдэг байх шаардлага тулгардаг. Нөгөө талаас иргэд ил тод биш байна гэж шүүмжилдэг. Тиймээс бид сайт, цахим хуудсаа тогтмол хөгжүүлж, НИТХ-аар ямар асуудал хэлэлцэгдэж, ямар шийдвэр гарсан талаар мэдээ мэдээлэл, контент бэлтгэдэг. Ганц манай улсын төрийн байгууллагууд ч биш олон улсад энэ жишиг үйлчилж байна.
Нөгөө талаараа, контент бүтээх эрх хэн бүхэнд нээлттэй зүйл. Төрийн албаны хэвлэл мэдээллийн алба ч мөн цаг үеийнхээ онцлог, технологийн хөгжлөө дагаад бодлого, үйл ажиллагаагаа цахим платформын сувгууд ашиглаж түгээх болсон. Мэргэжлийн редакциуд сэтгүүлчийн үзэл бодол шингээчихдэг. Энэ нь төрийн мэдээллийн агуулга өөрчлөгдөх, зарим тохиолдолд мэдээ, мэдээллийг гуйвуулчихдаг тохиолдол ч бий. Нэг зүйлийг тодруулахад, төрийн албаны хэвлэл редакцуудтай өрсөлдөж, сэтгүүлзүйн бүтээл хийдэггүй. Редакц бүр өөр өөрсдийн онцлог, бодлогодоо нийцүүлээд контент, сэтгүүлзүйн бүтээлээ туурвиж байгаа. Төрийн албаны хэвлэл зөвхөн тухайн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, мэдээлдэг бөгөөд энэ хоёр нь ялгаатай гэж хардаг.
Ц.Тамир
Сайн, муу жишгээрх гадаадын орнууд: Тэд дээрх асуудалд хэрхэн хандаж байна вэ?
Харин Норвеги, АНУ (сайн жишээ), ОХУ, БНХАУ (муу бишээ)-ын төр нь,
- Мэдээлэл түгээхдээ баримталдаг стратеги
- Чөлөөт хэвлэлтэй харилцдаг байдал
- Олон нийтийн ойлголцолд анхаарах
- Өөрсдийн мэдээллийг түгээх платформ
- Өөрсдөө контент хийж байгаа эсэх гэсэн таван чиглэлд хэрхэж байгааг судаллаа.
Хүснэгт дээр дарж, томруулан харах боломжтой.

Дээрхээс харахад Норвеги, АНУ зэрэг нь төрийн мэдээллийг зөв ойлгуулахын тулд өөрсдөө ч контент үйлдвэрлэж эхэлснийг харж болно. Сэтгүүлчдэд нээлттэй хандахыг хамгийн ихээр чухалчилжээ. Нөгөө талаас бэлтгэж буй мэдээлэлдээ олон нийтийн ойлголцлыг хүндэтгэсэн, зөв стратеги баримталдаг байна.
Харин ОХУ, БНХАУ нь чөлөөт хэвлэлийг шууд цензурдэхээс гадна бодлого шийдвэрийн талаарх үнэн бодит, ажил хэрэгч мэдээллийг түгээхгүй байна. Эсрэгээрээ хайрцаглаж, үзэл суртал шингээж байгаа нь эрсдэл дагуулж байгаа аж.
М.Тэнгис
ГУРАВДУГААР ХЭСЭГ: Улстөрчдийн хүсэл, хандлага юу вэ?
Монголын болон Норвеги, АНУ, ОХУ, БНХАУ-ын төрийн хэвлэлийн албаны ажиллаж буй арга барилыг сэтгүүлчийн өнцгөөс дүгнэхэд ийм байна.
Харин хэвлэлийн төлөөлөгч, алба өөрөө зөв ажиллая гэхээр улстөрч нь, дарга нь хүсдэг үү? Бүх зүйлийн учир тэдэнд байгаа юм биш биз?
Энэ хэсэгт хөндөх агуулга:
- Ер нь хэвлэлийн төлөөлөгчдөд үүсдэг зөрчил, туулдаг зовлон жаргал нь юу вэ?
- Яг өдгөө чухал хэвлэлийн албадыг удирдаж буй хүмүүс асуудлыг хэрхэн харж байна вэ?
- Улстөрч нар өөрсдөө юуг хэлэв?
Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад больсон сэтгүүлчдийн дуу хоолой

Энэ хүрээнд Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Шинэбаяр, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Н.Сугар, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ч.Болортуяа нартай товчхон ярилцлаа.
-Хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг та нээлттэй, шинэ жишгээр хийхээр эрмэлзэж байсан нь харагддаг. Мөн зарим хүн улс төрийн албан тушаалд өгсөх хэрэгсэл ч болгодог. Харин яагаад ажлаа өгөхөөр болов. Үүнд юу голлон нөлөөлсөн бэ?
Ч.Болортуяа: Миний хувьд 2021 оны хоёрдугаар сард Ерөнхий сайдын ажлын албанд анх Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдсон. Тухайн жилийнхээ есдүгээр сард Ерөнхий сайдын зөвлөх болж, энэ хоёр ажлаа хамтад нь хийдэг байсан. Анх томилогдох үед дэлхий даяар цар тахал ид дэгдсэн учраас хэвлэлийн төлөөлөгчийн хувиар мэдээллийн урсгалыг илүү оновчтой, цэгцтэй, олон нийтэд хүргэхийг зорьж, Засгийн газрын хуралдааны болон УОК-ийн мэдээллийг Лхагва гараг бүр тогтмол хийдэг болох зэрэг өөрчлөлтүүдийг эхлүүлж, өөрөө түлхүү мэдээлэл өгөхийг зорьдог байсан. Цар тахлын дараачаас шинээр томилогдсон сайд нараар өөрсдөөр нь шууд мэдээлэл өгүүлдэг болгохоор Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын хамт олонтойгоо ярилцаж ойлголцсон юм. Энэ хугацаанд өөрийн хариуцсан салбаруудынхаа ажлыг болон Ерөнхий сайдын үндсэн үйл ажиллагаа, иргэд олон нийттэй уулзах уулзалт, арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлэх үүрэгтээ илүү анхаарч, ажлын ачаалал маань тийш шилжсэн гэж хэлж болно. Мөн Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлахаар болсон нь өнгөрсөн намраас давхар хийж байсан хэвлэлийн төлөөлөгчийн ажлаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргахад нөлөөлж, багтайгаа ярилцаж шийдсэн.
Н.Сугар: Төрийн мэдээллийг иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлах, иргэдийн хүсэлтийг төрд хүргэх гэдэг чухал. Энэ ойлголцол хангалттай байдаггүй болохоор төр, иргэний хоорондох зай улам нэмэгдэж байгаа санагдсан. Энэ алдааг засахад багагүй хугацаа шаардлагатай. Харин ажлаа өгөхөд онцгой нөлөөлсөн зүйл байхгүй гэж бодож байна. Төрийн байгууллагад ажиллахад бодлого гэхээс илүү дунд шатны гүйцэтгэл дээр маш их алдаа гаргадаг. Тийм болохоор гүйцэтгэлийг өөрөө хийж чадах эсэхээ сорьж үзэх сонголтыг хийсэн.
Ц.Шинэбаяр: Төрийн албаны онцлог, ажлын арга барилын талаар төсөөлөл багатай байсан ч удаан ажиллана гэсэн хүсэл, зорилго анхаанаасаа байгаагүй юм. Сургууль төгсөөд 15 жил мэдээнд гүйхдээ хурдтай ажиллах, үр дүнгээ тэр дор нь хэмжих, хэмжүүлэх хэв, дадал суучихсан байсан. Гэтэл төрийн байгууллагад ажил урагшлах хурд удаан, дамжих процесс их. Төрийн албаны дэг жаяг хууль дүрмээсээ ч болдог байх. Тиймээс сурсан дадсан ажил руугаа буцсан. Сэтгүүлчийн ажил илүү амттай, урамтай санагддаг.
-Төр ба чөлөөт хэвлэлийн дунд гүүр болж ажиллахад ихэвчлэн ямар зөрчил үүсдэг байсан бэ. Хэвлэлийн төлөөлөгч нээлттэй ажиллая гэж эрмэлзсэн ч нэгэнт төрийн албан хаагч тул ямар ёс зүйн хязгаарлалтад орох шаардлагатай болдог вэ. Та энэ зөрчлийг ямар үзэл баримтлалдаа үнэнч байж, хэрхэн туулсан гэж боддог вэ?
Ч.Болортуяа: Аливаа байгууллагын, тэр дундаа төрийн байгууллагад хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар, хэлтэс эсвэл төлөөлөгч байна гэдэг ярвигтай. Учир нь ажлын онцлог нь өөрөө яг тэг голд байхыг шаарддаг шүү дээ. Нэг талдаа олон нийтэд үйлчлэх, олон нийтийн санаа бодлыг ойлгох, уламжлах, нөгөө талдаа байгууллагын эрх ашгийг тэнцвэртэй авч явах чухал нэгж. Түүнээс гадна би сэтгүүлч мэргэжлээрээ 15 жил ажиллахдаа ихэнх тохиолдолд төр засгийг шүүмжилж ирсэн хүний хувьд энэ зохист харьцааг хангаж явах хялбар биш нь ойлгомжтой. Тэр тусмаа цар тахал, эдийн засгийн хямрал, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй үед, манайх шиг хөгжиж байгаа улсын хувьд сорилт бүр их. Яг тухайлсан кэйс гэвэл манай төрийн байгууллагууд, хувийн хэвшилд ч бас ажиглагддаг гол хүндрэл төлөвлөлт, судалгаа сул, ажлын гүйцэтгэл, салбар хоорондын уялдаа холбоогүйгээс шалтгаалсан ажил удаашралт маш түгээмэл байдаг нь олон нийттэй үл ойлголцолд оруулах шалтгааны нэг болдог шиг. Үүнийг засаж залруулах ажлуудыг мэдээж шат шатандаа хийсээр л байгаа.
Н.Сугар: Олон нийтийн зүгээс хүссэнээс нь өөр шийдвэр гарах бүрд бухимддаг. Үүнийгээ илэрхийлэхдээ шүүмжлэх гэхээс илүү доромжлох, энэ нь хүчтэй байр суурь гэсэн төөрөгдөл явдаг шиг санагддаг. Зарим тохиолдолд өнөөдөр гашуун ч алсдаа чихэрлэг шийдвэрүүд гарах нь бий. Олон нийтэд үүнийг ойлгуулах амаргүй. Нөгөө талд төрийн бодлого нь зөв байлаа ч түүнийг хэрэгжүүлэх гүйцэтгэл дээр алдаа гаргачихдаг. Алдаа гаргалаа гээд зэрэгцээд шүүмжлэх хэцүү. Учир нь зөв бодлогыг үргэлжлүүлэх нь илүү чухал байдаг. Зөв зүйл хийж байгаадаа итгэл үнэмшилтэй байсан болохоор олон нийтэд доромжлуулаад ч хамаагүй мэдээлэл хүргэх ажлаа хийсэн. Жишээлбэл ногоон автобусны асуудал. Нийтийн тээврийн хүрээмжийг нэмэгдүүлэх төрийн бодлого зөв. Мэргэжлийн агентлаг буюу нийслэлийн Нийтийн тээврийн газраас орж ирсэн автобусанд ямар нэг асуудал байхгүй гэх мэдээллийг эцсээ хүртэл өгч байсан. Гэтэл орж ирсэн автобуснуудыг бүгдийг нь шалгаж үзэхэд гүйцэтгэлийн шатанд ашиг сонирхлын зөрчил үүсэж, алдаа гарсан. Гэсэн ч тухай бүрд нь иргэдэд төрийн мэдээллийг хүргэх үүргээ гүйцэтгэсэн гэж боддог.
Ц.Шинэбаяр: Төр хэвлэл хоёр бол нэг нэгэндээ хайр сэтгэлгүй ч хамт амьдраад байдаг хосууд шиг харилцаатай санагдсан. Ийм харилцаан дунд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх хялбар биш юм билээ. Сэтгүүлчид хэзээ ч төрийн албан хаагчийн амнаас гарч байгаа үгэнд итгэдэггүй. “Өөрийгөө, ажлаа, яамаа хамгаалж байна” л гэж хардаг. Харин төрийн албан хаагч “Яаж ч тайлбарласан хэвлэлийнхэн ойлгохгүй, мушгина” гэж болгоомжилдог. Холдоод явчихдаггүй, гэхдээ нэг нэгэндээ итгэдэггүй ийм л дүр зураг анзаарагддаг.
-Бас нэг зүйл асуумаар байна. Та хэвлэлийн төлөөлөгч байсан хугацаандаа сэтгүүлчдэд хандан юуг хэлмээр, ойлгуулмаар санагддаг байсан бэ?
Ч.Болортуяа: Яг энэ өдрүүдэд Засгийн газраас өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тойрсон хэлэлцүүлгүүд салбарт, улс төрд хэлэлцэгдэж байна. УИХ хэдийгээр хэлэлцэхийг дэмжсэн ч хуулийн төсөлд сайжруулах, зайлшгүй анхаарах асуудлууд байгааг хууль санаачлагчид маань ч гэсэн хүлээн зөвшөөрч байгааг чуулганы хуралдаанаас харагдаж байсан. Нөгөө талдаа, энэ хууль өмнө нь хоёр ч удаа урагшилж чадаагүй учраас одоогийн өргөн барьсан төслийг хэлэлцээд, илүү сайжруулаад явах шийдэлд хүрсэн гэж ойлгосон. Ингэхдээ үндсэн эрх буюу хүн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн асуудлыг буюу Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг илүү бэхжүүлэх Хэвлэлийн эрх чөлөөний тухай одоогийн мөрдөгдөж буй 1998 оны хуульд сэтгүүлчдийн, мөн салбарын амин чухал “Эх сурвалжаа нууцлах” эрхийг нь хамгаалаад өгчихвөл энэ цаг үедээ хамгийн тохирсон шийдэл гэж бодож байна. Энэ талаар ч салбарын судлаачидтайгаа зөвлөлдсөөр байгаа. Хэрэв өргөн барьсан төслийн хүрээнд буюу илүү байгууллага, салбарын хэмжээний зохицуулалт шаардлагатай гэж үзвэл илүү сайн судалж, зөвшилцөж, тусад авч үзэх нь зөв болов уу. Харин сэтгүүлчийг барьж, хорих, ямар нэгэн байдлаар залхаан цээрлүүлэхийн эсрэг бусад холбогдох хуулиар эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой харагддаг. Тухайлбал, өнгөрсөн парламентын үед өргөн барьж байсан Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийн ажлын хэсэгт орж, төсөлд сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхийн тухай заалтыг тусгуулж байлаа.
Яг хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн тухайд дөнгөж өчигдөр Хэвлэлийн эрх чөлөөний индекс зарлагдсан. Хэдийгээр долоон байр урагшилсан харагдаж байгаа ч хамгийн их хойш татаж байгаа үзүүлэлт эдийн засгийн үзүүлэлт байсаар байна. Үүнээс дүгнэвэл хэвлэл мэдээллийн байгууллага маань орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх, зар сурталчилгааны бодлогоо илүү дараагийн түвшинд гаргах шаардлагууд, нөгөө талдаа боломжууд ч их байгаа харагддаг. Жишээ нь, хамгийн их сорилтод орж буй хэвлэмэл хэрэгсэл буюу сонинуудад маань гэхэд нэр төрөл, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, бизнесийн байгууллагуудтай шинэ загвараар ажиллах орон зай байгааг шинээр гарсан “Unread today” сонин гэхэд харуулж байх шиг. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын орлогын хэсэг нь төр, төсвийн мөнгө байдаг гэдэгт бид бүгдээрээ л шүүмжлэлтэй ханддаг. Үүнийг хэрхэн цэгцэнд оруулах тухай нухацтай хэлэлцэх цаг хугацаа нь болсон гэж бодож байна. Нөгөөтэйгүүр миний хувьд Засгийн газарт ажиллахаасаа өмнө iKon.mn сайтын Ерөнхий редактороор найман жил ажиллахад хамт олон маань төрөөс хараат бусаар бие даан ажиллах боломжийг харуулсан гэдэгтээ өнөөдрийг хүртэл бахархалтай байдаг. Хэдийгээр миний хувьд одоо iKon.mn сайтын нийтлэлийн бодлогод оролцохоо болиод дөрвөн жил болж байгаа ч хамт олонтойгоо найз нөхдийн харилцаа хэвээрээ. Сүүлд бид ярилцаж байхад iKon.mn зар сурталчилгааны орлогын бараг 95 хувь, түүнээс илүү хувийг хувийн хэвшилтэй хамтын ажиллагаанаас бүрдүүлдэг тухай ярьж байсан. Өөрөөр хэлбэл, төсвөөс санхүүжилт авахгүйгээр ажиллах, үйл ажиллагаагаа тэлэх бүрэн боломж манай хэвлэлийн салбарт байгаа. Нөгөө талдаа төсвөөс авах ёстой гэж үзвэл үүнд зарчмын байр суурийн ойлголцол, илүү нээлттэй болгох хэрэгцээ байсаар байгаа. Үүнийг хамтдаа эрэлхийлээсэй гэж хүсмээр байна.
Н.Сугар: Аливаа асуудалд ул суурьтай хандаж, сурвалжилж байгаа сэдвээ судалдаг байгаасай гэж хүсдэг. Бас төр, хэвлэл мэдээллийн байгууллага хоёр огтоосоо дайсан биш. Зарим сэтгүүлчид анхнаасаа шүүмжилнэ гээд өөрийгөө кодлочихсон ирэх нь бий. Гэтэл шүүмжлэх нь сэтгүүл зүйн гол үүрэг биш. Яг хаана, ямар алдаа байгааг илрүүлж, шүүмжилж, шийдэлд хүрдэг сэтгүүл зүй бидэнд хэрэгтэй. Том даргыг шүүмжлээд албан тушаалаас нь огцрууллаа ч ард нь алдаатай гүйцэтгэл хийсэн, ашиг сонирхлын зөрчилтэй гүйцэтгэгч ямар ч хариуцлага хүлээлгүй үлдчихдэг тохиолдол олныг харсан.
Ц.Шинэбаяр: Өөрийгөө, мэргэжлээ, салбараа хүндэтгэдэг, хайрладаг бол аливаа үйл явдалд бэлтгэлтэй, асуулттай очдог байгаасай л гэж хүсдэг.
-Хэвлэлийн төлөөлөгч эцсийн эцэст олон нийтийн мэдэх эрхийг хангагч уу, төрийн мэдээллийг дамжуулагч уу? Өөрөөр хэлбэл, ямар байдлаар ажиллах нь илүү зөв жишиг хэмээн цаашид тэмүүлэх учиртай бол? Барууны оронд бол хэвлэлийн төлөөлөгч нь өөрөө дүр болдог, ил гарч мэдээлэл хийдэг, мөн төр ба нийгмийн итгэлцэлд томоохон үүрэг гүйцэтгэдэг?
Ч.Болортуяа: Өмнө нь дурдсанчлан хэвлэлийн төлөөлөгч олон улсад хоёр талын урсгалтай гүүр байх маш чухал, онцлогтой ажил. Энэ л зарчмаа баримтлахыг хичээх нь зөв болов уу. Мөн тухайн байгууллагынхаа онцлогт тохирсон, аль болох нээлттэй бодлогыг баримтлаасай гэж хүсэж байна. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд авлигын эсрэг хийсэн ажлуудын хамгийн чухал хэсэг бол төрд байгаа маш их дата, өгөгдлүүдийг shilen.gov.mn сайтаар нэг талаасаа нээлттэй болгосон. Нэгэнт нээлттэй болгож буй эдгээр мэдээлэл дээр хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, судлаачид маань дүн шинжилгээ хийх чадавх нөөцөө нэмэгдүүлж, цаашлаад төрийг мэдээллээ нээлттэй болгохын ач холбогдлыг бүх түвшинд танин мэдүүлэх хэрэгцээ байсаар байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд нээлттэй болсон өгөгдөл мэдээлэл дээр бид өмнө нь ажиллаж төрийн тусгай сангуудын мөнгөний хяналт бага, албан тушаалын ашиг сонирхлын нөлөө орж байсныг илрүүлж байсныг та бүхэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, “Шилэн данс”, бүртгэлийн мэдээлэл зэрэг нээлттэй өгөгдлүүд дээр ажилласан жишээнүүд харуулсныг санаж байгаа болов уу. Эдгээр нээлттэй мэдээлэл дээр ажилласны үр дүнд энэ нь бодлогын өөрчлөлт болж 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 20.2-р заалтын өөрчлөлтийг Засгийн газар санаачилж, УИХ-д баталсан байдаг.
Н.Сугар: Бусад байгууллагын хэвлэлийн төлөөлөгчийн тухай ярих нь өрөөсгөл гэж бодож байна. Нөхцөл байдал бүр өөр өөр байх. Миний хувьд төр, иргэнийг холбогч гэж ойлгодог. Төрийн бодлого шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлаж, иргэдээс ирсэн зөв шүүмжлэлийг төрийн бодлогод тусгах үүрэгтэй. Барууны оронд байдаг жишгийг зөв гэж боддог. Олон нийтэд ойлгомжтой байдлаар төрийн бодлогыг тайлбарлах чадвар хүн бүрт байдаггүй. Шүүмжлэлээс айдаг байдал болон өөрийгөө илэрхийлэх чадваргүй байдлаас болж зөв бодлого “унах” эрсдэл бий. Үүнээс болж иргэд хохирно. Тиймээс олон нийт итгэдэг дүр байх ёстой. Гэхдээ тухайн дүрийг худлаа мэдээллээр хангах, өөр зорилгоор ашиглаглах эрсдэл бий. Энэ эрсдэлээс хэвлэлийн төлөөлөгч өөрийгөө хамгаалах хэрэгтэй болно.
Ц.Шинэбаяр: Энэ асуултад сэтгүүлчийнхээ хувиар хариулмаар байна. Нэг хэсэг цагдаагийн байгууллагатай холбоотой мэдээллийг зөвхөн хэвлэлийн төлөөлөгч нь л өгдөг байв. Үнэндээ сүүлдээ итгэл үнэмшил төрөхөө больж өнөөх л нөхөр гэж хардаг, эх сурвалж гэж бараг тоохоо больсон. Харин сэтгүүлчийн хувьд гол дүрээс, нэгдүгээр эх сурвалжаас, тухайн үйл явдалд шууд хамааралтай хүний амнаас үг унагах нь илүү ур чадвар, хичээл зүтгэлтэй, илүү ач холбогдолтой, сонирхолтой шүү дээ. Хэвлэлийн төлөөлөгч бол холбон тоглогч.
Харин өдгөө төрийн хэвлэл мэдээллийн албадыг толгойлж буй хүмүүс юуг хэлэв?

Иргэдийн амьдралд хамгийн нөлөөтэй бодлого шийдвэр гаргадаг институц бол яах аргагүй Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар. Мөн Нийслэл болоод байгаа билээ.
Энэ дөрвөн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албыг удирдаж буй хүмүүстэй мөн товч ярилцсаныг хүргэе.
-Төрийн байгууллагын хэвлэлийн алба, чөлөөт хэвлэл хооронд зөрчил үүсэх нь элбэг. Таны хувьд зөрчлийн үндсэн шалтгаан юу юм, хэрхэн ойлголцож ажиллавал зохистой гэж хардаг вэ?
Ө.Золбаяр: Хэвлэлийн алба нь төр, сэтгүүлчдийг холбох гүүр. Миний удирдаж буй Хэвлэл мэдээллийн алба энэ үүргээ боломжит бүх түвшинд гүйцэтгэн ажиллаж байгаа. Би өөрөө сэтгүүлчээр ажиллаж байсан, одоо төрийн байгууллагын хэвлэлийн албыг удирдаж байгаа учраас хоёр талын асуудлыг сайтар ойлгодог л доо. Зарчмын хувьд төрийн байгууллагын хэвлэлийн алба нээлттэй, ил тод ажиллах ёстой, харин сэтгүүлчид мэргэжлийн өндөр ёс зүйг баримтлах ёстой. Аль нэг талд нь зарчим алдагдсанаас л зөрчил үүсдэг болов уу. Зөрчил үүсэж болно, гагцхүү асуудалд нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих учиртай. Төрийн байгууллага бол нийтийн эрх ашгийг гүйцэлдүүлэх үүрэгтэй институц, сэтгүүлзүй өөрөө олон нийтийн мэдэх эрхийг хангадаг. Хоёулаа л нийтийн эрх ашгийн төлөө. Энэ уулзварт хувь хүмүүсийн мэргэжлийн ёс зүй, харилцааны ур чадвар, ёс суртахуун, харилцан ойлголцол, хүндлэлд суурилсан нийтийн эрх ашгийн төлөөх ажил хэрэгч хамтын ажиллагаа хэрэгжих ёстой гэж бодож байна.
Э.Болортуяа: Зөрчил түгээмэл үүсдэг гэдэг дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Бид итгэлцэл, харилцан ойлголцол, нээлттэй байдалд суурилсан тогтмол хамтын ажиллагааг тогтоож ажиллахыг хичээдэг. Төрийн албан хаагчид болон сэтгүүлчид хоорондын харилцаандаа мэргэжлийн ёс зүй, иргэдийн мэдэх эрх, ил тод нээлттэй байх зарчмыг үнэт зүйлс болгож, хамтран ажиллавал зөрчил гарахгүй. Аль аль нь нэг л үндсэн зорилготой тул зөрчилдөх биш хамтран ажиллах бүрэн боломжтой.
Т.Ганзул: Уг нь зөрчилдөх үндсэн шалтгаан үгүй. ЗГ-ын тухайд зөвхөн тогтоолоор албажсан алив шийдвэрийн талаар мэдээлдэг. Ямар асуудлыг мэдээлэхийг ЗГ тухайн өдрийн хуралдаанаараа өөрөө шийддэг. Нөгөө талаас сэтгүүлчид ЗГ-ын тогтоол шийдвэрийг өөр эх сурвалжаас, албажихаас нь өмнө сонсоод мэдээлнэ, биднээс асууна. Тэр бүрд албан процессын талаар тайлбарлах үед л хаалттай байна гэх мэтчилэн хардаг болов уу. Түүнээс ЗГ-ын хэвлэл бол маш том эх сурвалж. Хамгийн бодитой мэдээллийг өгөх үүрэгтэй.
Г.Баярцэцэг: Миний бодлоор зөрчилтэй байдаг гэх ойлголт яагаад ч юм их бий болжээ. Миний хувьд нээлттэй ажиллахыг зорьдог. Сэтгүүлчээр цөөнгүй жил ажилласны хувьд салбарынхаа жаргал, зовлонг ойлгоно шүү дээ. Мэдээж, аливаа нэг салбарт төвлөрөөд ажиллаж буй хэвлэлийн төлөөлөгч маш их мэдээлэлтэй болдог. Тэр хэрээрээ сэтгүүлчдэд учир шалтгааныг нь илүү тайлбарлаж таарна. Ингэхээр магадгүй энэ нь нөгөө талд хүссэн мэдээллийн өнцөг биш байж болно шүү дээ. Ийм нөхцөлд өөрсдийгөө зөвтгөлөө, биднийг буруутгалаа гэдэг бодол төрдөг байхыг үгүйсгэхгүй. Бас зарим тохиолдолд бүх асуултад бэлэн хариулт байдаггүй. Нийслэлийн тухайд гэвэл асар том сэдэв шүү дээ. Маш олон байгууллага бий. Хаана, юу болсон бэ гэдгийг үргэлж алган дээрээ байгаа мэт мэдэж байх хэцүү. Аливаа мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн асуултад судлаад эргээд хариулах явдал олон тохиолдоно. Энэ үед шууд хариулт өгсөнгүй гэдэг өнцгөөр хандах юм ч гарна. Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдэг шиг л юм уу даа.
-Хэвлэлийн төлөөлөгч нь олон нийтийн мэдэх эрхийг хангагч мөн үү? Энэ зарчмын дагуу ажиллая гэхэд төрийн албан хаагчийн хувьд ямар хязгаарлалтад өртдөг вэ? Сэтгүүлчдийн төдийлөн мэддэггүй үзэж туулдаг зүйлс тань юу вэ?
Ө.Золбаяр: Мэдээлэл дамжуулдаг, мэдээлэл авахад нь холболт хийдэг учраас хэвлэлийн төлөөлөгч бол олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаанд оролцдог субьект гэж үзэх болов уу. Би хэвлэлийн төлөөлөгчийн хувьд энэ чиг үүргийнхээ хүрээнд хуульд захирагдаж л ажлаа явуулдаг. Маш энгийн жишээ дурдвал, сэтгүүлч надаас нууцад хамаарах асуудлаар тодруулга авъя гэвэл би хариулах боломжгүй. Заримдаа сэтгүүлчид нэгэнт олон нийтэд нээлттэй, төрийн байгууллагуудын сайт, цахим санд байршсан мэдээ, мэдээллийг өөрөө олж, судалж, боловсруулах үйл ажиллагаа дутмаг байх шиг санагддаг. Мөн төрийн байгууллага тухайн асуудлаар хэвлэлийн мэдээ гаргаж өгсөн ч олон талын эх сурвалж, өнцгөөр баяжуулж, мэдээллийг боловсруулах нь сэтгүүлчийн мэргэжлийн ажил. Харин төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн ажилтны маш чухал нэг үүрэг бол хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн зарчим, онцлог, хэм хэмжээг удирдлагадаа сайтар ойлгуулж байх явдал гэж боддог. Ингэж байж төрийн байгууллага хэвлэлд нээлттэй ажиллах нөхцөл бүрдэнэ.
Э.Болортуяа: Нэгдүгээрт хэвлэлийн төлөөлөгч бол сэтгүүлч биш. Үндсэн үүрэг нь төрийн үйл ажиллагааг ил тод, үнэн зөв, хүртээмжтэй тайлбарлах, мэдээлэл өгөхдөө иргэдийн мэдэх эрх, төрийн хариуцлагатай байдал, итгэлцлийн үндэс болох юм. Аль ч шатны Төрийн албан хаагчид өдөр тутам мөрдөж ажиллах ёстой хууль, журмууд бий. Жишээ нь: Төрийн албаны тухай хуулийн 39.1.13, 39.1.14 байна. Нэгэнт батлагдсан хуулийн эдгээр заалтуудыг мөрдөж ажиллах үүрэгтэй.
Т.Ганзул: Ер нь бол мөн. Гэхдээ зааг ялгаа бий. Миний албан тушаал гэхэд нууцын зэрэглэлтэй материалтай танилцдаг. Тэр бүрийг хэвлэлд ярьж болохгүй. Гэтэл сэтгүүлчид ямар нэг эх сурвалжаас мэдчихээд асуудаг. Улс төрийн албан тушаал хашиж байгаа тул “Болохгүй” гэж хэлэхээр хаалттай байна, нууж байна гэж хардаг. Хүмүүс нууж байна гэх өнцгөөс нь хараад байдаг. Гэтэл цаанаа олон улсын харилцааны асуудал ч яригддаг. Харин “Төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй” гэсэн зарчмыг өөрөөр тайлбарлаад байдаг. Хэрэгсэл бол өөр хэрэг, телевиз, сайт, радио зэрэг хамаарна. Угаас ЗГ-т байх ёсгүй зүйл. Харин хэвлэл мэдээллийн алба бол заавал байх ёстой. Харин албан мэдээлэл гэдэг бүх улс оронд л бий.
Г.Баярцэцэг: Би бол мөн л гэж хэлнэ. Олон нийтэд хандсан мэдээлэл бэлтгэж, түгээдэг нь үнэн. Гэхдээ хэвлэлийн байгууллага шиг олон нийтийн санаа бодолд нөлөөлөх чиглэлд анхаардаггүй. Шийдвэр, журам, бодлого, хэлсэн үг зэргийг л түгээх төдий шүү дээ. Төрийн албан хаагчийн хувьд өртдөг хязгаарлалт хэвлэл мэдээллийн ажилтнуудад маш бага. Ямар ч байгууллага олон нийттэй харилцах ажилтандаа бүх мэдээллээ хуваалцахыг зорьдог болов уу. Мэдээж, сэтгүүл зүй олон нийтийн хандалт дунд тогтож байдаг. Харин төр олон нийтийг айдаст автуулах, үймээн самуунд хүргэх ч гэх юм уу зарим мэдээллийг нууцлах тохиолдол ховор боловч бий. Энэ дунд хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлч хоёрын ялгаа маш цөөн тохиолдолд гардаг байх гэж боддог. Азаар өнөөдөр миний ажиллаж байгаа салбарт ийм явдал байхгүй юм.
-Мэдээж төрийн бодлого, шийдвэрийг ойлгуулах, сурталчлах үүрэг хүлээдэг. Харин үүний тулд илүүтэй даргаа эерэг харагдуулах, буруу зүйлийг зөв гэж ойлгуулах өнцөг баримтлах нь элбэг гэж шүүмжлэх болсон. Өөрсдөө контент хийж, бэлтгэсэн мэдээгээ түгээдэг ч болсон. Илүүтэй чөлөөт хэвлэлүүдтэйгээ ойр хамтарч ажиллах нь зөв юм биш үү?
Ө.Золбаяр: Дэлхийн бүх л оронд төрийн институц албан ёсны мэдээллийн сайттай байдаг, үүгээрээ төрийн байгууллагын албан ёсны сайтууд анхдагч эх сурвалж болдог. Төрийн байгууллагын албан ёсны сайтад тавигдаж буй мэдээ буюу бидний нэрлэж заншсан “албан мэдээ”-нд бол ямар ч өнцөг, хувь хүний байр суурь, үзэмж шингэдэггүй. Түүнчлэн аливаа улсын Ерөнхийлөгч Хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн атташе буюу зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч ажилтан, албан ёсны зурагчин, зураглаачтай байдаг. Энэ бол олон улсын жишиг. Хамтын ажиллагааны тухайд, манай байгууллагын үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээ, сурвалжилга, контент бэлтгэх гээд эх сурвалж асуувал бид холбоод л өгдөг, редакцуудтайгаа идэвхтэй хамтран ажилладаг даа. Гэхдээ редакц бол буяны байгууллага биш, зах зээлийн зарчмаар ажилладаг бүтэц. Нөгөө талдаа, төрийн байгууллагууд тэр бүр редакцаар контент хийлгэхэд зарцуулах төсвийн боломж хомс учраас өөрийн нөөц бололцоо, хүний нөөцийг дайчлан контент, рийл бүтээх болсон гэж хардаг.
Э.Болортуяа: Хувь хүнийхээ хувьд чөлөөт хэвлэл бол зөвхөн “шүүмжлэгч” биш, харин мэдээллийг олон өнцгөөс харж, дүгнэх боломжийг бий болгодог хамтрагч юм. Төрийн байгууллагууд олон нийтийн сегмент бүрд хүрч ажилладаг редакцуудтай ил тод, төрийн мэдээллийг иргэд авахад илүү хялбар, ойлгомжтой болгох үүднээс зайлшгүй нээлттэй хамтарч ажиллах ёстой.
Т.Ганзул: Бид нэг талдаа сайд, ажлын албадтай, нөгөө талдаа хэвлэлүүдтэй ажиллаж байгаа. Энэ харилцаа эрүүл байх учиртай. Бидний бэлтгэж өгсөн материалыг шууд мэдээ гэж харвал учир дутагдалтай. Редакц өөрөө цааш боловсруулах, тодруулж, баяжуулах боломжийг хангахын тулд бид дүрсээ задгай өгөх, албан мэдээгээ шуурхай бичих зэрэгт анхаардаг. Би бол редакцуудад маш их боломж бий гэж хардаг. ЗГ-ын мэдээг аваад тавьж л байвал редакц ажиллахгүй байна гэсэн үг. Цааш дэлгэрүүлэх, хөөх нь тэдэнд нээлттэй. Харин хааж боодоггүй, тэгэх нь ч зохимжгүй. Даргаа сайхан харагдуулах зорилготой хүн байдаг л байх. Гэхдээ бид олон нийтэд ЗГ-ын бодлого, шийдвэрийн талаар зөв ойлголт өгөх л гэж энд сууж байгаа. Зөв талаас нь харагдуулах бол харин бидний үндсэн ажил, үүнийгээ хариуцлагатай хийхийг хүсдэг.
Г.Баярцэцэг: Таны асуултуудад хэвлэл мэдээлэлтэй харилцах ажилтан, сэтгүүлчдийн дунд хагарал байна гэдэг нэг өнцгийг хэт баримталсан байдал анзаарагдаж байна. Ийм хандлага өөрөө их аюултай. Гэвч өмнө тайлбарласанчлан нөхцөл байдал яг ийм гэвэл өрөөсгөл. Хэдийгээр төрийн албаны хэвлэл мэдээллийн хэлтэст ажиллаж байгаа боловч бид мөн л сэтгүүлчид. Төрийн ямар ч байгууллага, тэр дундаа иргэдийн амьдралд шууд нөлөөлөх шийдвэр гаргах статустай байгууллагууд мэдээллээ олон нийтэд түгээх үүрэгтэй. Хэрвээ хэн нэгэн иргэн эрх бүхий байгууллагын гаргасан журам, шийдвэрийг мэдээгүйгээс зөрчил гаргавал юу болох вэ. Хүний эрхийн зөрчил болно. Тийм учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нягт хамтран ажиллах учиртай. Харин зөвхөн хариуцсан салбарынхаа мэдээллийг түгээх үүрэгтэй ажил нь эргээд удирдлагаа сурталчилж байна гэдэг шүүмжлэлд өртдөг. Төрийн аливаа мэдээллийг хэвлэл мэдээллийн редакцид бэлтгэн өгөх нь өөрөө буруу явдал биш. Үүнийг дүгнэж, цэгнэх эрх нь хэвлэлийн байгууллагуудад бий шүү дээ. Гол нь үйл явдал, аливаа шийдвэр болгон руу хэвлэлийн байгууллагуудыг дуудаж ирүүлэх, тэдний цаг хугацааг хүндэтгэхгүй байх нь орчин цагийн хэв маяг биш болчихоод байна. Тэр хугацааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндсэн ажилдаа зарцуулж болно. Түүнээс сэтгүүлчдийн ажлыг хэвлэлийн ажилтнууд булаагаад байгаа юм байхгүй болов уу. Цаг үе нь ингэж өөрчлөгдөөд байна.
Ж.Мядагбадам, П.Урнаа
Улстөрчид юу гэж хариулав?
Хэвлэлийн төлөөлөгч нар, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүс ийнхүү байр сууриа илэрхийллээ. Харин улстөрчид уг асуудалд хэрхэн ханддаг бол. Хэвлэлийн албаа цензурддаг уу, ер яаж ажиллуулахыг хүсдэг вэ, тэд? Энэ хүрээнд улстөрчдийн түүвэр байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: АНУ-д хүртэл хэвлэлийн төлөөлөгч, бие төлөөлөгч байдаг. Хэн нэгэн өөрийгөө сурталчлах, хаалттай байдлаар ажиллуулдаг юм биш. Байгууллагаа таниулах, сурталчлах мэргэжлийн албан тушаал юм. Тиймээс хэвлэлийн төлөөлөгчөө аль болох нээлттэй байлгах нь буруу зүйл биш. Харин сэтгүүлчдэд хаалттай хэрнээ өөрсдөө кино бүтээл хийгээд цацаад байх нь буруу.
УИХ-ын гишүүн Э.Болормаа: Олон нийтийг мэдэх эрхийг хангах нь мэдээж чухал. Энэ нь төрийн ажлыг мэдээлэх үүрэг нь гэсэн үг. УИХ-ын гишүүн хэвлэлийн төлөөлөгчгүй. Харин туслах, зөвлөх, бие төлөөлөгчтэй. Тиймээс сэтгүүлчдийн асуултад өөрөө хариулт өгдөг. Хэвлэлд өгөх мэдээллээ цензурддаг гэдэг асуудал байхгүй.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт: Би хэвлэлийн төлөөлөгчөө ер нь цензурддаггүй. Улстөрч хүн хийж байгаа ажлаа олон нийтэд хүргэх, мэдэх эрхийг нь хангах, төрийн хууль тогтоомжийг сурталчлах үүрэгтэй. Энэ үүднээс мэдээллээ нээлттэй хуваалцаж, эргээд иргэдийнхээ санал бодлыг нь сонсдог. Хэвлэлийн төлөөлөгч маань сайн ажилладаг.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Төрийн бүх байгууллага дэргэдээ хэвлэлийн албатай байснаараа олон нийтийн мэдэх эрхийг хангаж байгаа юм биш. Төрийн бодлого шийдвэрийг л хүргэдэг. Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээлэлтэй байж болохгүй гэдэг хуулийг зөрчсөн хэлбэр. Би Хэвлэл мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр бүх яам, нэгжийн хэвлэлийн албыг татан буулгах ёстой гэсэн байр суурьтай. Төр бодлогоо олон нийтэд танилцуулах гэж байгаа бол тендер зарла. Ялсан хэвлэл нь ажиллаг. Тэгж байж мэдэх эрх хангагдана. 5 саяынх нь тендер зарлагдахад нэг нь сайт нь аваг. Тэр нь шилэн дансанд нээлттэй байршиг. Хэвлэл мэдээлэл ашгийн төлөө байгууллага. Хүмүүс ашгийн бус гэж ойлгоод байдаг. Тиймээс санхүүжих, мөнгө олох эрхтэй шүү дээ.
Одоохондоо надад хэвлэлийн төлөөлөгч байхгүй. Мэдээллээ хэвлэлийнхний өмнө очиж зогсож байгаад өгчихдөг. УИХ-ын чуулган, байнгын хорооны хурлаар хэлж байгаа миний үг цензургүй. Хэвлэл мэдээллийг цензургүй байлгах гэж өөрөө олон жил хичээсэн учраас надад цензур шаардлагагүй.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Аливаа албан байгууллага төрийн үйл хэргийг олон нийтэд таниулахын тулд хэвлэлийн алба байгуулдаг. Хэвлэлийн төлөөлөгчөө цензурдалгүй яахав. Хамаа намаагүй зүйл хэвлэлээр яриад байж болохгүй. Найман настай балчираас наян настай буурай хүртэл үзэж байдаг тул юу ярьж, хэлэхээ нэлээн бодох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: Цензур тогтоох, хориглох, сөрөг хандалтаас айх гэхээсээ илүү үйл ажиллагаа, төрийн бодлого шийдвэр, байр суурь зэргээ багцалж олон нийтэд үнэн зөв, ойлгомжтой мэдээлэл түгээх нь бидний үүрэг. Нээлттэй мэдээллээр хангах үүргээ биелүүлэх ёстой.
П.Урнаа
ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ: Хэвлэлийн төлөөлөгч ба хэвлэлийн алба гэдэг статус олон улсад хэрхэн чухалчлагдаж, ямар замаар хөгжиж байна вэ?
Өмнөх хэсгүүдэд ихэвчлэн хэвлэлийн эрх чөлөөний индексээр өндөр, эсвэл муу орнуудын талаар авч хэлэлцсэн.
Тэгвэл энэ удаа бидэнтэй ойролцоо буюу хөгжиж буй ангилал дахь орнуудын төр, төрийн хэвлэл мэдээллийн албаны чиг хандлага ямар байгаа талаар сонирхъё.
Төрийн хэвлэл мэдээллийн албадын хөгжлийн чиг хандлага
Сүүлийн жилүүдэд зарим хагас ардчилсан болон хөгжиж буй улс орнуудын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба дижитал шилжилтэд тулгуурлан шинэлэг арга барилд түлхүү анхаарч байна. Жишээлбэл, Индонезийн Засгийн газрын хэвлэл мэдээлэл хариуцсан байгууллага хиймэл оюун, кибер орон зай хариуцсан тусгай бүтэцтэй болжээ. Үүнтэй уялдан, төрийн алба хэвлэмэл материалаас гадна подкаст, видео блог, сошиал медиа зэрэг олон нийтийн дижитал сувгийг идэвхтэй ашиглаж эхэлжээ.
Тухайлбал, Индонезийн Засгийн газрын тамгын газар “Засгийн газрын подкаст эхлүүлэх” сэдвээр вебинар зохион байгуулж, иргэдэд мэдээлэл түгээх шинэ суваг болгон албан подкаст нэвтрүүлэх санаачилга гаргажээ. Мөн Жакарта хотын засаг захиргаа төсөв, хуулийн хэлэлцүүлгийн бичлэгийг YouTube-т нийтэлснээр ил тод байдал, тайлбар мэдээллийг нэмэгдүүлж байна. Үүнтэй адил Өмнөд Африк дахь Төрийн Хэвлэл мэдээлэл, Мэдээллийн системийн газар (GCIS) албан мэдээний аудио илтгэл буюу “Government News Bulletin”-ийг SoundCloud цахим сувгаар түгээж байгаа нь төрийн мэдээллийг олон нийтэд хүргэх шинэ хэлбэр болж байна.
Чөлөөт хэвлэлтэй харилцан ажиллах байдал
Зарим улсын Засгийн газрын хэвлэлийн алба чөлөөт хэвлэлтэй илүү нээлттэй харилцах болж, хамтын ажиллагааг уриалж байна. Гэвч зарим нь хянах хандлагаа гээсэнгүй. Индонезийн дэд сайд хэвлэл мэдээллийг ардчиллын чухал механизм хэмээн үзэж, “Засгийн газар хэвлэлийг хараат бус мэдээ бэлтгэхэд нь дэмжиж ажиллана” гэж мэдэгджээ. Гэвч Мексикийн тухайд Ерөнхийлөгч Шейнабум өдөр тутмын хэвлэлийн бага хурал дээр хэвлэл мэдээлэл, сөрөг хүчнийг дайран доромжлох нь түгээмэл болж, олон нийтийн хэвлэлд итгэл алдагдаж байна. Түүнчлэн Колумбид хэвлэл мэдээллийн байгууллагууд Засгийн газрын эсрэг тайлан мэдээлэл, улстөрчдийн хэвлэлийн эсрэг уриалгад олон удаа өртсөн талаар анхааруулж, “Хэвлэлийн эрх чөлөө, ил тод байдал хаагдан ардчилал хязгаарлагдаж байна” хэмээн тэмцэл өрнүүлсэн байна. Өмнөд Африк болон Польшид ч зарим хэвлэл мэдээллийн сувгийг хянах хуулийн төсөл дээр маргаан үүссэн ба тус засгийн газрыг олон улсын байгууллагууд анхааралтай ажиглаж байна.
Ерөнхийдөө дунд ардчилалтай улсуудад энэ анхаарах ёстой, тулгамдсан асуудал хэвээр байна.
Ил тод байдал ба нээлттэй засаглал
Цахим суваг, гар утасны апп зэрэг шинэ технологиудыг нэвтрүүлэн төрийн байгууллагууд мэдээллээ иргэдэд ил тод хүргэхийг эрмэлзэж байна. Жишээлбэл, Жакарта хотын засаг захиргаа төсвийн төсөөлөл, хуулийн хэлэлцүүлгийн бичлэгүүдээ YouTube платформ дээр байршуулснаар олон нийтэд нээлттэй мэдээлэл тарааж байна. Ийм арилжааны суваг нь иргэд болон хэвлэл мэдээллийг идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлж байна. Харин нөгөө талд, мэдээллийг цензурдэх тохиолдлууд цөөнгүй байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Мексикт Засгийн газар ард иргэдэд мэдээлэл өгдөг бие даасан “Мэдээллийн ил тод байдлын институт” (INAI)-г татан буулгах арга хэмжээ авч, иргэдийн мэдээлэл авах эрхийг сулруулах эрсдлийг үүсгээд буйг олон ажиглагчид анхааруулж байна. Ийм ил тод бус алхам нь авлига, нөлөөтэй холбоотой маргааныг илрүүлэх сэтгүүл зүйн судалгаа зэрэг ардчиллын үндэс суурийн үйл ажиллагаанд саад учруулж болзошгүйг судлаачид онцолж байна.
Ерөнхийдөө ил тод засаглал, мэдээллийн эрх чөлөөний баталгааг хангах цаашдын шинэчлэл, хяналт иргэдийн ардчиллыг хамгаалахад чухал үүрэгтэйг олон улсын жишээнүүд харуулж байна.
Сөрөг жишээ, хязгаарлалт
Хөгжиж буй болон дундаж хэмжээнд хөгжиж буй орнуудад зарим тохиолдолд төрийн мэдээллийн бодлого сөрөг үр дагавартай болж байна. Жишээлбэл, Тайландын хатуу “лесэ-мажестэ” (хааныг доромжлох) хуулиуд хэвлэл мэдээллийн болон олон нийтийн сүлжээнд өргөнөөр хэрэглэгддэг тул сэтгүүлч, цахим хэрэглэгчид хатуу цензурд орох нөхцөлийг бүрдүүлдэг.
Мөн Мексикт санал болгож буй зарим цахим холбоо, медиа тухай шинэ хуулийн төсөл (жишээ нь гадаад эх сурвалжийн зар сурталчилгааг хориглох заалт зэрэг) нь цензур үүсгэх эрсдэлтэй гэж шүүмжлэгчид анхааруулсан байна.
Польшид засгийн эрх баригчид хилийн чанад дахь хэвлэл мэдээллийн өргөн нэвтрүүлэх сувгуудыг хязгаарлах хуулийг яаралтай баталсан нь хэвлэлийн эрх чөлөөнд сөрөг дохио болж байгаа тухай олон улсын байгууллагууд сануулж байна.
Энэ мэт жишээнүүд нь төрийн хэвлэл мэдээллийн үйлчилгээ иргэдэд үйлчилдэг хэвээр үлдэхийн тулд алдаа, үлдэгдлээ олж засах шаардлагатайг харуулж байна.
Түүнчлэн, Өмнөд Африкийн засгийн газар өөрсдийн стриминг суваг нээхээр 1 тэрбумын өртөгтэй төсөл боловсруулсныг шүүмжлэгчид “Онцгой үр ашиггүй, төсвийн гамшиг” хэмээн дүгнэж байв.

Азийн орон буюу Япон, Өмнөд Солонгост?
Япон болон Өмнөд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн албад сүүлийн жилүүдэд дижитал шилжилт, стратегийн харилцаа, мэдээллийн ил тод байдал, чөлөөт хэвлэлтэй харилцах байдал зэрэг олон чиглэлээр өөрчлөлт, шинэчлэл хийж байна. Гэсэн хэдий ч, эдгээр өөрчлөлтүүд нь ардчилал, хэвлэлийн эрх чөлөөний зарчимд хэрхэн нийцэж байгаа нь маргаан дагуулсаар.
Япон
- Японы Гадаад хэргийн яам (MOFA) стратегийн харилцааг бэхжүүлэх зорилгоор олон улсын мэдээллийн дайн, хуурамч мэдээлэлтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Тэд олон улсын хэвлэл мэдээлэлд Японы байр суурийг илэрхийлэх, гадаадын хэвлэл мэдээллийн алдаатай мэдээлэлд хариу өгөх зэрэг арга хэмжээг авч байна.
- 2024 онд Японы парламент мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор улс төрийн санхүүжилтийн тайланг цахим хэлбэрт шилжүүлэх, олон нийтэд нээлттэй мэдээллийн сан байгуулах зэрэг санаачилгуудыг дэвшүүлсэн.
- 2024 онд Японы парламент цахим орчинд гүтгэлгийн шинжтэй мэдээллийг хурдан устгах зорилготой хуулийг баталсан. Гэсэн хэдий ч, энэ хууль нь олон улсын хүний эрхийн стандартад нийцэж байгаа эсэх талаар эргэлзээтэй байна.
Өмнөд Солонгос
- Юн Сүк Ёль-ийн засаглалын үед сэтгүүлчдийг гүтгэлгийн хэргээр шүүхэд өгөх тохиолдол нэмэгдэж, зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудын санхүүжилтийг хасах, үйл ажиллагаанд нь саад учруулах зэрэг арга хэмжээг авч байна.
- Япон болон Өмнөд Солонгосын төрийн хэвлэлийн төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийн албад дижитал шилжилт, стратегийн харилцаа, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой алхмууд хийж байгаа ч, хэвлэлийн эрх чөлөөний байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үйлдлүүд мөн ажиглагдаж байна. Ардчиллын зарчим, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах нь эдгээр улс орнуудын хувьд чухал сорилт хэвээр байна.
Дээрх жишээнүүд, хэдийгээр төрийн хэвлэл мэдээллийн алба хөгжих нь чухал ч гэлээ эргээд чөлөөт хэвлэлийн цензурдэх бодит эрсдэл дагуулсаар байгааг сануулж байна.
ДҮГНЭЛТ, ГАРЦ ГАРГАЛГАА

Ийнхүү Монголын төрийн хэвлэл мэдээллийн албаны хөгжлийн чиг хандлага хааш чиглэвэл зохих талаар материал бэлтгэхэд дүгнэлт болон гарц гаргалгааг дараах өгүүлбэрүүдээр илэрхийлж болох юм.
- Монголын хэвлэлийн алба бүтцээ томруулж, мэдээ материалаа орчин үеийн хэлбэрээр хүргэж эхэлсэн нь бусад оронд ч болж буй үзэгдэл
- Гэхдээ ижил төстэй оронд хэвлэлийн эрх чөлөө хумигдах эрсдэл бий болсоор буй. Манайд салбарын чухал хуулиа ид хэлэлцэж байна
- Хэвлэлийн төлөөлөгч, алба гэдэг сэтгүүл зүй хийдэггүй. Мэдээ материал нь төрийн бодлого шийдвэрийг зөвөөр ойлгуулах. Иймд тодорхой стратеги баримталдаг
- Харин Монголд энэ чухал үндсэн үүрэгтээ төдийлөн нэвтэрч чадахгүй, алсын хараатай, стратегич байдал дутагдаж байна
- Нөгөө талаар хэвлэлийн алба, төлөөлөгчдийн зорилгыг ойлгох, сэтгүүлчийн уран бүтээл туурвих эрх чөлөө хэвлэлийн төлөөлөгчдөөр хязгаарлагдах учиргүй. Хэвлэлийн албад ч стратегидээ үзэл суртал, туйлшрал, улс төр шингээвэл энэ улс орондоо ч хортой.
- Дэлхийд хөгжиж, урагшилж байгаа салбар. Сорилт нь ч ижил төстэй. Харин Монгол эрх чөлөөний индексээр ухрах уу, хэвлэлийн албадын ажиллах хэлбэр үүнд нөлөөлбх үү гэдэг үргэлж сэрэмжилж байх ёстой агуулга.
ДУГААРТ АЖИЛЛАСАН:
Ж.МЯДАГБАДАМ
Ц.ТАМИР
П.УРНАА
Д.МӨНХБАТ
М.ТЭНГИС
Б.БУЯНДОРЖ
ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕО, ГРАФИК:
Б.ЭРДЭНЭБАЯР
О.УЛСБОЛД
Г.ЗОЛБОО
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт