Байгаль орчин

Экологич, шувуу судлаач И.Сарангэрэл: Хүүхэд байхаасаа бид экосистемийн үнэ цэнийг ойлгож, шувуудыг таньж, судлах боломжтой

“Дэлхийн байгаль орчны өдөр” манай редакцид Гүн галуут нутгийг хайрлан хамгаалж, эх байгалийн жигүүртэн шувуудыг хамгаалах, судлахад онцгой үүрэг гүйцэтгэж яваа судлаач, “Сараана Байгаль хамгаалах сан”-ийн захирал И.Сарангэрэлтэй ярилцсаныг хүргэж байна.

-Шувуу судална гэдэг үнэхээр сонирхолтой. Та экологич хүн. Гэтэл шувуу судлах, шувуу хамгаалах ажлыг өнөөдөр хийж байна?

-Тийм ээ, би экологич мэргэжилтэй. Байгаль орчны салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд “Сараана байгаль хамгаалах сан”-г үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид байгаль орчны судалгаа, хамгааллын цөөнгүй төслүүдийг санаачлан, үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн. Ялангуяа шувуу судлах, хамгаалах, сурталчлан таниулах чиглэлд арвин туршлага хуримтлуулж, түүндээ үндэслэн сангийнхаа үйл ажиллагааг өргөжүүлж, олон нийтэд байгаль орчны мэдлэг мэдээлэл түгээсээр байна. “Сараана байгаль хамгаалах сан” ковидын үеэр буюу 2021 онд байгуулагдсан. Би байгаль орчны салбарт арав гаруй жил ажиллахдаа олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох, ялангуяа хүүхэд багачуудад байгалийг танин мэдүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, экологийн боловсрол олгох төсөл хэрэгжүүлж ирсэн.

Энэ зуур тэдний байгаль орчны талаарх мэдлэг ихээхэн учир дутагдалтай байдаг нь анзаарагдсан юм. Тиймээс шинээр байгуулахаар төлөвлөсөн байгаль хамгаалах сангийнхаа үндсэн үйл ажиллагааг Монгол орны биологийн олон янз байдлыг судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үр дүнг олон нийтэд мэдээлэх, тэдэнд зориулсан эко-танин мэдэхүйн аялал зохион байгуулах замаар бүх нийтэд экологийн боловсрол олгоход чиглүүлье гэж бодсон. Тэгээд сангаа байгуулж хотын экологи, тэр дундаа орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт төвлөрөн, олон нийтэд байгалийг танин мэдүүлэх, зүйлийн түвшинд судлах, хамгаалах төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бид 2022 онд нийслэл Улаанбаатар хоттой хамгийн ойрхон ОНТХГ болох, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутад “Гүн галуут байгаль хамгаалах төв” суурин судалгаа, сургалт мэдээллийн төв байгуулсан. Тэр цагаас эхлэн Төв аймгийн Баяндэлгэр сумын ЗДТГ болон бусад олон байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ. Бид жил бүр суурин судалгааныхаа төвийг түшиглэсэн хээрийн судалгаа, байгаль орчны сургалт, сурталчилгаа, байгаль хамгааллын ажлуудыг хэрэгжүүлж байна. 

-Та ажиллаж буй нутгийнхаа онцлог болон сан байгуулагдсан цагаас өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн төслүүдийнхээ тухай бидэнд сонирхуулаач?

-Өнгөрсөн хугацаанд манай сан арав гаруй төсөл амжилттай хэрэгжүүлээд байна. Мэдээж шинэ тутам байгуулагдсан болохоор хэмжээний хувьд жижиг төслүүд л дээ. Ерөнхийдөө байгаль хамгааллын компанит ажлуудаас эхэлсэн, аажмаар жигдэрч олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх болсон. Бид АНЭУ, Швейцарь, Нидерланд, Хятад, Америк, Өмнөд Солонгос улс зэрэг улсуудын байгаль хамгааллын мандат бүхий байгууллагуудтай хамтран ажилладаг. Онцлож хэлэх төслүүд бол цөөнгүй байна л даа. Ялангуяа манай Гүн галуут бол Дундад Халхын хээр буюу Төв Монголын хээрт хамаардаг нутаг. Хээр тал гэхээр мэдээж намаг балчиг, гол горхи, булаг шанд, нуур цөөрөм цөөнтэй боловч ургамал, амьтдын асар том бүлгэмдэл агуулсан онцлог экосистем юм. Гүн галуутын ОНТХГ-т Аяга нуур, Их Гүн нуур, Цэнгийн бүрд, Донхорын булаг, Донхорын Бүрд зэрэг жижиг, том уст цэгүүдтэй. Мөн Хэрлэн гол урсаж байна. Гүн галуутын ОНТХГ хилийн заагаараа Хэрлэн голтой холбогдож байдаг. Энэ утгаараа олон зүйл шувууд чуулдаг ус намархаг газар бүхий Гүн Галуутын ОНТХГ бол Төв Монголын хээрийн экосистемд үлэмж чухал ач холбогдолтой нутаг юм. Гүн галуутад хавар, намрын үед нүүдлийн болон эргийн олон зүйл шувууд Хятад, Өмнөд Африк, Австралиас зорин ирж зусах буюу идэш тэжээлээ дагаад нүүдэллэж явдаг, дайрч өнгөрдөг. Бид 2022 оноос эхлэн Гүн Галуут Байгаль Хамгаалах Төв дээр суурин судалгаа, мониторингийн судалгааг тогтмол хийж ирлээ.

Судалгааны үр дүнгээс харахад Гүн галуутын ОНТХГ-т одоогоор 223 зүйл шувуу бүртгэгдсэн байна. Энэ нь Монгол оронд бүртгэгдсэн 519 зүйл шувуудын 40 хувийг Гүн галуутад харах боломжтой гэсэн үг юм. Мөн олон улсад түгээмэл хэрэглэдэг https://ebird.org/about/ebird-mobile гэж аппликэйшн бий. Тэр аппыг ашиглан шувуу судлаачид, ажиглагчид өөрсдийнхөө ажигласан шувуудын  бүртгэлийг тухайн веб сайтад байршуулдаг. Тэр сайтад Монгол оронд нүүдлийн шувууд хамгийн их очдог газар нутгийн жагсаалт байдаг. Тэндээс харахад Гүн галуут жагсаалтын арван нэг эсхүл арван хоёр дугаарт байдаг. Энэ бүхнээс үзэхэд Гүн галуутын ОНТХГ-ыг шувуудад маш чухал, шувуудын өлгий нутаг гэж хэлэхэд бол хилсдэхгүй. Тийм л онцлогтой газар нутаг даа. Ялангуяа манай Гүн галуут бол Монгол оронд төдийгүй дэлхийд нэн ховор тогоруудын нутаг. Тэдгээрийн нэг болох Цэн тогорууны 4 хос жил бүр Аяга нуур, Цэнгийн бүрдэд ирж үрждэг. Тиймээс бид Гүн галуутын ОНТХГ-ын шүхэр зүйлээр Цэн тогорууг сонгож авсан. Тэгээд Цэн тогоруутай холбоотой төрөл бүрийн судалгаа, хамгааллын үйл ажиллагааг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.  

-Тухайлбал? 

-Бид Нидерландын “Ван Дэ Вон” сантай хамтран цэн тогоруунд сансрын дамжуулагч зүүн, тэдний нүүдлийн замыг судалж байна. Судалгаагаар Гүн галуутын бүсэд төрсөн дэгдээхэйнүүд БНХАУ-ын Поянг нууранд өвөлжөөд, хавар нь эх нутагтаа буцаж ирдэг болох нь тогтоогдсон. Ер нь Монголд зусдаг цэн тогоруунуудын ихэнх нь Поян нуурыг зорин өвөлжиж, дараа нь төрсөн нутагтаа эргэж ирдэг байна. “Аяга нуур, Цэнгийн бүрдэд төрж өссөн дэгдээхэйнүүд эх нутагтаа эргэж ирдэг үү?” гэдэг асуултын хариултыг олох нь энэ судалгааны хамгийн сонирхолтой, ач холбогдолтой хэсэг байв. Сүүлийн 3 жилийн тандалтаас үзэхэд тогоруунууд төрсөн нутаг болох Аяга нуур, Цэнгийн бүрд орчимдоо заавал эргэж ирж байна. Мөн залуу шувууд Хэрлэн голын сав дагуух ус намгархаг газруудыг түшиглэн нутагшиж байгаа юм. Бид Аяга нуурын яг аль хэсэгт цэн тогоруу үржиж, нутаглаж буйг нарийвчлан тогтоосны үндсэн дээр хамгаалалтын ажлуудыг эхлүүлээд байна. Тухайлбал, Швейцарын “Нагоба” сангийн дэмжлэгтэйгээр 2026 оны 4 дүгээр сард Аяга нуурын зэгстэй хэсэг болон Донхорын булаг орчмыг хашиж хамгааллаа. Төв Монголд ус намгархаг газар маш цөөн бөгөөд тэдгээрийн гол цөм нь Гүн галуутын Аяга нуур, Цэнгийн бүрд юм. Тиймээс ч Гүн галуутын ОНТХГ нь дэлхийд ховордсон цэн тогорууг хамгаалж, өсөн үржүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна.

-Гүн галуутын байгалийн нөөц газар Рамсарын сайт билүү? 

-Гүн галуут маань Рамсарын конвенцын жагсаалтад хараахан бүртгэгдээгүй байна. Бид Швейцарын “Нагао” сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд, байгаль хамгаалах төвийн мониторингийн судалгааны үр дүнд үндэслэн боломжит нөөцийг тогтоогоод, урьдчилсан байдлаар материал бүрдүүлэлтийг хийж, Гүн галуутыг нүүдлийн шувуудад ач холбогдол бүхий ус намгархаг газар буюу Рамсарын сайтад бүртгүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна.

-Тэртээ 2000 оны эхээр Рамсарын сайтад бүртгүүлэх Монгол орны ус намагархаг газруудын жагсаалт гаргах ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангаас санхүүжүүлж, шувууны хэмээх нэрт эрдэмтэн А.Болд гуай тэргүүтэй олон эрдэмтэд ажилласан юмдаг. Мөн тэр үед гадныхан манай шувуу судлаачдыг “Долоон судлаач, долоон ТББ”-тай гэж цаашлуулдагсан. Тэр долоо нь Сумъяа багш, Цэвээнмядаг ах, Батжаргал гуай, Болдбаатар гуай нар байсан санагдах юм. Тэр үетэй харьцуулахад өнөөдөр манай орны шувуу судлалын салбарт ямар өөрчлөлт гарсан бэ? 

-Манай шувууныхан 2000-аад оны эхэн үе бол Монголын шувуу судлалын түүхэнд шинэ сэргэлтийн үе байсан гэж ярьцгаадаг юм. Манай домогт шувуу судлаач А.Болд гуай тэргүүтэй Монгол Улсын тэргүүлэх эрдэмтэн судлаачид бидний өнөөдрийн амжилтын эхийг тавьсан гэж бид бүгд хүндэтгэн дурсдаг. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголын шувуу судлалын салбарт чанарын болон тооны дорвитой өөрчлөлтүүд гарсан гэж үздэг. Тухайлбал, таныг залуухан байхад анх жагсаалтыг нь гаргаж байсан Рамсарын конвенцод өнөөдөр Монгол Улсын олон улсын ач холбогдол бүхий 11 ус намгархаг газар орсон байна.

Шувуу судлал зөвхөн хэдхэн эрдэмтдийн ажил байхаа больж ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд, МУИС болон бусад их дээд сургуулиудыг төгссөн, олон улсад зэрэг хамгаалсан залуу шувуу судлаачдын бүхэл бүтэн шинэ үе төрөн гарч, хүч түрэн ажиллаж байна. Мөн шувуудын судалгаагаар чиглэн ажилладаг дотоодын ТББ-иудын бие даасан судалгааны төвүүд болон өргөжсөн. Тэд зөвхөн дотооддоо бус Ази-Номхон далайн бүс нутгийн нүүдлийн шувуудын судалгаа хамгаалалд жинтэй хувь нэмэр оруулж байна. Миний өмнө нь дурдсан “сансрын дохиолол дамжуулагч” бол үүний тод жишээ юм. Үүний сацуу байгальд хайртай, шувуу сонирхогч иргэд, гэрэл зурагчдын маш том нэгдэл бий болсон. Тэд шувуу ажиглах явцдаа Монгол оронд өмнө нь бүртгэгдэж байгаагүй шинэ төрөл зүйл шувуудыг олж илрүүлэн, шинжлэх ухааны эргэлтэд оруулахад үлэмж хувь нэмэр оруулдаг. 

-Би Шувуу судалгаа, хамгааллын салбарын өсөлт амжилтыг сонсох бүр нэн таатай байдаг. Шувуу ажиглах нь залуусын трэнд болж ялангуяа таны судалж хамгаалж буй Гүн галуутын ОНТХГ-ын шүхэр зүйл Цэн тогорууг гадаад, дотоодын судлаачид ихэд сонирхон судлах юм. Тогорууны зүйлүүдээс чухам яагаад Цэн тогорууг тийнхүү чухалчилж авч үздэг вэ? 

-Монгол оронд нийт 8 зүйлийн тогоруу бүртгэгдсэн байдаг. Тэдгээр зүйлүүд нүүдлийн үедээ манай орноор дайран өнгөрөх, эсвэл зусаж, үржин өндгөө гаргаж, дэгдээхийгээ бойжуулдаг. Намар дэгдээхэйнүүд нь бие гүйцэж, олуулаа цуглан гэр бүлээрээ өвөлжөх газар луугаа нүүдэг. Цэн тогорууг илүү онцолж үздэг нь түүний ховордлын зэрэг болон үржлийн онцлогтой холбоотой юм. Манай улсад Цэн тогоруунаас гадна Өвөгт тогоруу зэрэг зүйлүүд үрждэг. Аливаа амьтан, ялангуяа шувуудын тоо толгой цөөрч байгаа эсвэл тогтвортой байгаагаас хамааран судлаачид болон байгаль хамгаалагчид тухайн зүйлийг таниулах, сурталчлах ажлыг салбар бүрдээ зохион байгуулдаг.

Цэн тогоруу нь бусад төрлийн тогоруунуудтай харьцуулахад дэлхийн хэмжээнд маш их ховордсон зүйл юм. Монголд Цагаан тогоруу, Хар тогоруу, Хархираа тогоруу, Цэн тогоруу зэрэг ховор зүйлүүдээс гадна сүүлийн жилүүдэд Элстийн тогоруу шинээр бүртгэгдсэн. Тэдгээрээс манай оронд тогтвортой үрждэг гол зүйл нь цэн тогоруу юм. Тиймээс бид Монгол дахь Цэн тогорууны үржлийн цэгүүдийг хамгаалж чадахгүй бол олон улсын хэмжээнд тус шувууны тоо толгой улам цөөрөх аюултай. Ямар ч амьтны хувьд үржлийн газар нутаг нь хамгийн чухал байдаг. Цэн тогоруу нь манай орны Хэнтий, Увс, Гүн галуут, Хурх-Хүйтний хөндий зэрэг ус намгархаг газруудыг даган үрждэг. Үржлийн эдгээр гол цэгүүдийг эн тэргүүнд хамгаалж буйгаараа бид Цэн тогорууны өсөж үржих нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг. 

-Таны судалж буй хуурай хээрийн экосистемд амин чухал үүрэгтэй ус намгархаг газарт уур амьсгалын өөрчлөлт хэрхэн ажиглагдаж байна вэ?

-Тийм ээ, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө тодорхой хэмжээгээр ажиглагдаж байгаа. Бид 2022 оноос эхлэн Гүн Галуутын суурин судалгааны төвдөө түшиглэн, хавраас намар хүртэл тогтмол мониторингийн судалгаа хийж байна. Энэ хүрээнд голчлон Цэн тогоруу болон усны бусад шувууд, махчин шувуудын популяцын тоо толгойг үнэлэх судалгаа хийдэг. Шувуу бусад амьдыг бодвол байгаль орчны, тэр дундаа уур амьсгалын сөрөг нөлөөлөлд маш мэдрэмтгий байдгаараа онцлог. Тиймээс судлаачид уур амьсгалын өөрчлөлтийн явцад амьдрах орчин хэрхэн хувьсаж буйг нарийвчлан тогтоох, цаашдын чиг хандлагыг таамаглан тодорхойлоход шувуудын мониторингийн судалгааны үр дүнг гол суурь болгон ашигладаг. Манай судалгааны талбай болох Аяга нууранд сүүлийн арван жилийн турш нэг хос цэн тогоруу жил бүр тогтмол ирж үржиж байна. Нэг ёсондоо Доржоо, Дулмаа хоёр гэсэн үг л дээ. Тэр хоёрыг анх Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн судлаачид дэгдээхий байхад нь өнгөт бөгжөөр тэмдэглэсэн бөгөөд бид сүүлийн жилүүдэд тэрхүү өнгөт бөгжний тусламжтайгаар тэдний ирэлт, үржлийг тасралтгүй баримтжуулж ирсэн.

Энэхүү ажиглалт нь Цэн тогорууны популяцын нэгдмэл байдал, нутагтаа эргэн ирэх зүй тогтлыг харуулах өндөр ач холбогдолтой судалгаа болж буй юм. Олон жилийн турш нэг байршилдаа үүрээ засдаг байсан Доржоо, Дулмаа хоёр маань өнгөрсөн жил хуучин цэгээсээ 200–300 метрийн зайд шилжин үүрлэсэн. Тэгээд бид яав, ийв болтол судалгаагаар Аяга нуурын тэдний үүрлэдэг зэгстэй хэсгийн усны түвшин татарч, зэгс шагшуурга нь малд идэгдсэний улмаас амьдрах орчин нь доройтсон  байсан. Хээрийн бүсийн ус намгархаг газрууд хур тунадас болон газрын гүний усаар тэжээгддэг тул хуурайшилттай жилүүдэд усын нөөц багасаж, ширгэх эрсдэлтэй. Үүний зэрэгцээ Аяга нуур хот суурин газартай их ойр учраас хүний болон малын хөдөлгөөний нөлөөлөл ихтэй. Эдгээр олон талт хүчин зүйлсийн улмаас тус ус намгархаг газрын экосистемийн даац хэтэрч, байгалийн тэнцвэрт байдал нь алдагдаж буй нь ажиглагддаг. Шувууд үр төлөө гаргаж, бойжуулахдаа ийнхүү гадаад орчны эрсдэлийг өндөр түвшинд мэдэрч, тооцоолдог. Цэн тогорууны хос үүрлэх байршлаа сэлгэсэн нь тэдний өмнөх амьдрах орчин аюулгүй байхаа больсныг шууд илтгэж буй хэрэг. Ийнхүү уур амьсгалын өөрчлөлтийн бодит жишээ нь манай Аяга нуур болоод байна л даа. Хүмүүс бид байгаль орчин хэрхэн доройтож буйг нүдээрээ харж, “энэ чинь болохоо байлаа” гэж ярьж, ухаарч байгаа ч амьд байгаль, тэр дундаа Цэн тогоруу маань өөрийн үйлдлээрээ бидэнд үүнийг хэлээд буй хэрэг. Энэ бол зөвхөн шувууны үүр сэлгэлт биш, байгаль дэлхийгээс хүмүүст өгч буй бодит дохио юм.

Бид олон улсын байгууллагуудын туршлага, тэр дундаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн ус намгархаг газрыг хамгаалахад хэрэгжүүлсэн үр дүнтэй кэйсүүдийг судалсны үндсэн дээр өмнө дурдсан Нагао санд төслийн санал хүргүүлсэн юм. Төслийн гол зорилго нь Цэн тогорууны үүрлэдэг Аяга нуурын хуучин үржлийн газрыг хэсэгчилсэн байдлаар хашиж хамгаалах байв. Сангийн зүгээс бидний саналыг дэмжсэнээр, энэ жил Цэн тогорууны хос болох Доржоо, Дулмаа хоёрыгоо ирэхээс өмнө орон гэрийг нь бэлдэж амжсан хэрэг л дээ. Тэдэнд ямар нэгэн айдас, стресс учруулахгүйн тулд ирэхээс урьтаж нуурын зэгстэй хэсгийг хэсэгчилж хашсан юм. Өнгөрсөн долоо хоногт Аяга нуур дээрээ очиж ажиглалт хийхэд манай Доржоо, Дулмаа хоёр хөөрхөн хоёр дэгдээхэйтэй болчихсон, өнөөх хашаан дотроо идээшилж харагдсан. Тодорхой хэмжээгээр нуурыг хашчихсан тул малын хөдөлгөөн, хүний нөлөөлөл буурч, Аяга нуурын экосистем эргэн сэргэнэ гэдэгт итгэлтэй байна. Ер нь Цэн тогорууны хосууд тухайн нууртаа хэдэн зуун метрийн наана, цаана сэлгэж үүрлэх тохиолдол байдаг. Тиймээс ирэх жилээс тэд хуучин үүрлэдэг газартаа буцах нь уу гэдгийг бид үргэлжлүүлэн ажиглана.

-Сараана сан чухам яагаад Гүн галуутын байгалийн нөөц газрыг судалгаа хамгааллын төслүүдийнхээ түшиц газар болгосон бэ?  

-Бид Гүн Галуутын байгалийн нөөц газрыг сонгож ажиллаж байгаагийн гол шалтгаан нь энэ газар маань улсын биш, ОНТХГ гэдэгт байгаа юм. Ер нь манай улсад тусгай хамгаалалттай газар нутгийг улсын болон орон нутгийн гэж ангилдгийг бүгд мэднэ. УТХГ болох ДЦГ, БЦГ, БНГ, БДГ-уудыг БОУАӨЯ-аас чиглүүлж хамгаалалтын захиргаадаар дамжуулан судалгаа, хамгаалалт, сургалтын ажлыг нь хариуцдаг. Харин ОНТХГ-ын хувьд тухайн аймаг, сумын ИТХ, ЗДТГ нь өөрсдийн санаачилгаар газар нутгаа хамгаалж үлдэх шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, орон нутаг бие даан тухайн газрыг байгалийн нөөц болон дурсгалт газрын статусаар удирдан авч явдгаараа давуу талтай.

Бидний сонгон ажиллаж буй Гүн галуутын ОНТХГ нь Төв аймгийн Баяндэлгэр сумын ЗДТГ-ын санаачилгаар 2013 онд 19 мянга орчим га талбайтай байгуулагдсан, байгалийн нөөц газрын статустай. Монгол орны өнцөг булан бүрд ОНТХГ олон бий. Гэвч тэдгээрийн цаана хүний нөөц, мэргэжлийн экологичдын дутагдал, санхүүгийн тогтворгүй байдал зэрэг томоохон асуудлууд байсаар байна. Тухайн орон нутгийн зэрлэг амьтан, ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хамгаалах мэдлэг, туршлага болон хүн хүч, төсөв хязгаарлагдмал байгаагаас үүдэн анх зорилгоо тодорхойлон хамгаалалтад авсан газар нутгаа яг үр дүнтэй хамгаалж, анхдагч төрхөөр нь хадгалж буй эсэх эргэлзээтэй. Тиймээс манай “Сараана байгаль хамгаалах сан” яг энэ сул орон зайг олж хараад, ОНТХГ-ыг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, дэлхийд ховордсон Цэн тогоруу үрждэг, хот суурин газартай хамгийн ойрхон цэг болох Гүн Галуутыг онцлон сонгож авсан. Ингээд тус ОНТХГ-ын судалгаа, хамгаалалын ажлыг Төв аймгийн Баяндэлгэр сумын ЗДТГ-тай албан ёсоор хамтран хэрэгжүүлж байна.

-Гүн Галуут нутгийг их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг гэдгээр нь монголчууд сайн мэднэ. Тэгэхээр тус газрын хамгаалах үнэт зүйл дотор түүх, соёлын дурсгал лав багтдаг байх. Ер нь хоттой ойрхон оршдог Гүн Галуутын ОНТХГ-т тулгарч буй гол аюул дарамт нь юу вэ? Түүнийг арилгахад хэрхэн ажиллаж байна, ахиц гарч байна уу?

- Тийм ээ, Гүн Галуут бол их зохиолчийн маань төрсөн буурь хадгалагдаж үлдсэн түүх, соёлын нандин өв соёлтой газар. Гэвч хот суурин газартай ойрхон болохоор хүн, малын хөлийн дарамт болон хог хаягдал хамгийн том тулгамдсан асуудал байсаар ирсэн. Хамгийн гол нь манай байгууллагыг энд ажиллаж эхлэхээс өмнө орон нутгийн зүгээс ч юм уу, өөр ямар нэгэн байгууллага байгаль орчны мониторингийн судалгаа хийж байгаагүй болохоор шинжлэх ухааны суурь мэдээлэл маш дутмаг байв. Тиймээс манай байгууллага 2022 оноос эхлэн тус нутгийн шувуу, ургамал, усны чанар, хүнд металлын судалгаануудад голлон анхаарч ажилласан. Ингээд судалгааныхаа үр дүнд түшиглэн “Гүн Галуутын эко аялал” гэж танин мэдэхүйн хөтөлбөр боловсруулж, жил бүр ЕБС-ийн 500 орчим хүүхдийг хамруулж байгаль орчны боловсрол олгож байна. Хүүхдүүд маань нэг өдрийн турш байгалийн сайхантай танилцахаас гадна Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн буурин дээр очиж, хүндэтгэл үзүүлэн, ахлах ангийн хүүхдүүд “Миний нутаг” шүлгийг уншдаг бол бага ангийнхан маань “Хэнз хурга” шүлэг уншдаг. Тэд маань манай суурин судалгааны төв дээр ирж тал хээрийн экосистем, ялангуяа усны намгархаг газрын экосистемийн үнэ цэнийг ойлгож, шувуудыг хэрхэн таньж, судалдаг талаар маш сонирхолтой мэдээллүүдийг авдаг.

Түүнчлэн Аяга нуур дээр очиж Цэн тогорууг дурандаж, АНЭУ-ын Махчин шувуу хамгаалах сантай хамтран байршуулсан хиймэл үүрийг үзэж сонирхдог. Энэ хиймэл үүрнүүдээр дамжуулан махчин шувууд хэрхэн үлийн цагаан оготны тоо толгойг байгалийн аргаар зохицуулж, бэлчээр хамгаалдгийг мэдэж авдаг. Сүүлийн жилүүдэд энэ аялалд хамрагдах сургууль, байгууллагуудын тоо эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад хүмүүсийн хандлагад ч нааштай ахиц дэвшил гарч байна. Өмнө нь хог хаягдал ихтэй байсан бол одоо хүмүүс хогоо буцаагаад аваад явдаг соёлд суралцаж, Цэн тогорууны үржлийн бүс рүү ойртож үргээхээ больсон. Энэ бүхэн бидний судалгаа, хамгааллын ажлын маань хамгийн гол бодит үр дүн, амжилт гэж хардаг. Бид төв дээрээ ирсэн хүүхдүүдээсээ сургалтын үр дүнг тооцох зорилгоор тогтмол судалгаа авдаг юм. Үүнээс гадна манай үйл ажиллагааны маш чухал хэсэг бол орон нутгийн малчидтай тулж ажиллах байдаг. Бид малчдын зөвлөгөөн, уулзалт цуглаануудын үеэр очиж, төвийнхөө үйл ажиллагааг танилцуулан, Гүн Галуутад яг ямар судалгаа, хамгаалалтын ажлууд хийгдэж буй талаарх мэдээллийг нээлттэй хуваалцдаг.

-Сараана сан гадаадын сайн дурын ажилтантай? Тэдний үүрэг оролцооны талаар хуваалцаач? Сайн дурын ажлаас эх орон руугаа буцахдаа ямар сэтгэгдэл тээдэг бол?

-Тийм ээ, манай байгууллагат гадаад, дотоодын сайн дурынхан идэвхтэй ажилладаг. Тэд Монгол орны байгалийг биширч ирээд, улам илүү хайрлаж, биширсээр буцдаг даа. Ер нь манай байгууллагын бас нэг онцлог бол биологи, экологийн чиглэлээр сурч буй оюутнууд болон ЕБС-ийн 10-12 дугаар ангийн ангийн хүүхдүүдийг үйл ажиллагаандаа өргөнөөр оролцуулдаг явдал юм. Бид тэдэнд зориулж “Сайн дурын болон дадлагажигч оюутны хөтөлбөр” хэрэгжүүлдэг. Залуус маань энэ хөтөлбөрийн хүрээнд манай хээрийн судалгаа, байгаль хамгааллын төслүүдэд гар бие оролцож, туршлага хуримтлуулах боломж бүрддэг.

Хөтөлбөрийн дараа бид тэдэнд гэрчилгээ олгож, эх байгалиа хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь баталгаажуулж өгдөг юм. 
Сүүлийн жилүүдэд бид Солонгосын олон улсын хөгжлийн төв (KIDC) байгууллагын байгаль орчы сайн дурын ажилтны хөтөлбөрөөр хүрээнд хамтран ажиллаж байна. Тус байгууллага нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажиллах сонирхолтой БНСУ-ын залуусыг Монголд нэг жилийн хугацаатай илгээдэг бөгөөд бид сүүлийн 3 жилд нийт 10 сайн дурын ажилтан хүлээн авч ажиллуулсан. Тэд маань зөвхөн хээрийн судалгаанд яваад зогсохгүй өөр олон талын дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, төслийн санал бичих, байгаль хамгааллын ажлуудыг олон нийтэд таниулах видео контент бэлтгэх, эвлүүлэг хийх зэргээр маш бүтээлч хувь нэмэр оруулдаг. БНСУ-ын KOICA-KIDC байгууллагуудын хамтарсан энэхүү хөтөлбөр нь жил бүр сунгагдан хэрэгждэг бөгөөд Монгол Улсаас гадна Казахстан, Танзани, Бутан гэсэн 4 улсад сайн дурын ажилтнуудыг тусгайлсан квотоор илгээдэг олон улсын томоохон төсөл юм.

-Монгол орныг маань бишрээд буцдаг ч гэлээ танай гадаадын сайн дурынханд жаахан таагүй санагдсан, сэтгэл дундуур үлдсэн зүйл байдаг болов уу?

-Яах вэ, тэд маань хөдөө хээр судалгаагаар явах, сургалт уулзалт зохион байгуулах үедээ “Танай улс үнэхээр хог ихтэй юм аа” гэж сэтгэл зовнин хэлж байсан. Тийм ч учраас тэд ажиллаж байгаа байгууллагуудтайгаа хамтран хог цэвэрлэх кампанит ажлуудыг нилээдгүй хэрэгжүүлдэг. Манай байгууллага ч гэсэн Гүн галуутад жил бүр ус намгархаг газраа түшиглээд нуурынхаа эргэн тойрныг цэвэрлэх ажил хийдэг юм. Сайн дурын ажилчдын маань нийтлэг хэлдэг, хамгийн их сэтгэл эмзэглүүлдэг зүйл нь яах аргагүй хог хаягдал.

Тэр хэмжээгээрээ нөгөө хэд чинь хөдөө хээр явахдаа байнга л хог түүж явдаг юм. Тэр залуусыг хараад надад үнэхээр бахархах, бас нөгөө талаар ичих сэтгэл төрдөг. Хэдийгээр бага залуу хүмүүс боловч чин сэтгэлтэй. Сайн дурынхан учраас ямар ч цалингүй шүү дээ. Тийм атал бүтэн нэг жилийн хугацаанд “байгаль орноо хамгаалъя, хүмүүст сургалт хийж таниулъя, судалгааны ажлынх нь датаг ч болов бөглөөд тус болъё” гэсэн сэтгэлээр ажиллана гэдэг гайхалтай. Би тэр залуусаар үнэхээр их бахархдаг.

-Сүүлийн жилүүдэд залуусын дунд шувуу ажиглах нэг төрлийн “мода” дэлгэрэх боллоо. Биднийг залуухан судлаачид байхад шувууг зөвхөн шувуу судлаачид л хардаг, судалдаг гэсэн ойлголттой байлаа л даа. Энэ хандлага юутай холбоотой вэ? 

-Амьтдыг ерөнхийд нь авч үзэх юм бол зэрлэг амьтдаас хүнтэй хамгийн ойр, өдөр тутамд тааралддаг нь шувуу юм л даа. Тэр утгаараа хүн бүрд шувуу ажиглах боломж нээлттэй байдаг. Жишээлбэл, АНУ-д таван хүн тутмын нэг нь шувуу ажиглагч байдаг гэсэн судалгаа бий. Тэр хэрээрээ хүмүүс шувуугаар дамжуулж байгальд хайртай болж төлөвшдөг. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд шувуу судалгаа, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд болон байгаль орчны бусад байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Тэд олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгаа тогтмол хийх болсон.

Тухайлбал, “Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”-өөр хүүхэд багачууд, олон нийтэд зориулсан шувуу ажиглах аяллыг дотоодын ТББ-ууд өөрсдийн судалгаа хийдэг нутагтаа зохион байгуулдаг. Хэдийгээр эдгээр байгууллагын тоо цөөн ч гэлээ, тэдний идэвх зүтгэлийн ачаар шувуу сонирхож, таньж мэдэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Мөн цахим орчин дахь “Монголын шувуу ажиглагчдын клуб” нээлттэй группт 18 мянга орчим хүн нэгдсэн байдаг. Энэ бол манайд шувуу ажиглах сонирхолтой тийм тооны хүмүүс байна гэсэн үг. Энэхүү хөдөлгөөнөөр дамжуулж байгаль орчноо хайрлан хамгаалах иргэдийн ухамсар дээшилж байгаад баяртай байдаг. Улаанбаатар хот дотор болон орчимд шувуу ажиглах боломжтой маш олон газар бий. Хамгийн ойр бөгөөд хүртээмжтэй нь Туул гол дагуух зурвас. Мөн хуучин 22-ын товчооны хажууд Сонгинохайрхан уулын бэлд байдаг Хун нуурыг манай хотын шувуу ажиглагчид андахгүй сайн мэднэ. Энэ бол шувууд олноор цуглардаг, хэдийн танигдсан газар. Үүнээс гадна Сонгино орчмын бургас хавиар хүмүүс их явж, шувуу харах дуртай байдаг юм билээ.

-Таныг “шувууны Сараа" гэж ярих хэмжээнд хүрчээ. Шувуу таныг яагаад татав?

-Сонирхолтой түүх бий. Би 2006-2010 онд МУИС-ийн Экологи, байгаль хамгааллын ангийг төгсөөд, үргэлжлүүлэн 2013 онд Ургамал судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм. Намайг бакалаврын хоёрдугаар курст байхад буюу 2007 онд манай салбарынхны сайн мэдэх Идлэг шонхор шувууны судалгаа, хамгааллын “Хиймэл үүр төсөл” эхэлж байлаа. Миний хувьд анх тэр төслийн ургамал болон жижиг мэрэгчдийн тоо толгойг тогтоох судалгааны хэсэгт нь ажиллаж байв. Тэгэхэд шувуу судалдаг багийнхны ажил надад маш сонирхолтой санагдаж, "Би ч гэсэн ингэж шувуу судлах юмсан" гэх хүсэл төрж билээ. Тэр үед мэргэжлийн шувуу судлаач багш, ах нараас нэг сонирхолтой зүйлийг мэдэж авсан нь намайг шувуунд бүрмөсөн дурлуулсан гэхэд болно. Бид хотод байдаг жижигхэн бор шувуунуудыг бүгдийг нь болжмор гэж боддог шүү дээ. Гэтэл багш маань “Манай хотод болжмор байдаггүй юм аа. Энэ чинь хээрийн бор шувуу, оронгийн бор шувуу гэж тусдаа төрөл. Та нарын яриад байдаг жинхэнэ болжмор чинь тал хээрт байдаг Монгол болжмор, эвэрт болжмор шүү дээ” гэж зааж өгч билээ. Бидний дэргэд өдөр бүр байдаг, нэг л ижил бор өнгөтэй гэж бодсон шувууд маань дотроо маш олон өөр төрөл, зүйл байдгийг анх мэдээд маш их сонирхож эхэлсэн дээ.

Ингээд судалгааны ажилд нь идэвхтэй хамрагдаж явсаар 2013 онд “Зэрлэг амьтан судлах хамгаалах төв”-ийн үндсэн ажилтан болсон юм. Би мөнөөх “Хиймэл үүр төсөл”-ийн сургууль хоорондын харилцааны хөтөлбөрийн менежерээр ажилласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 5 аймгийн 20 суманд нийт 5,000 ширхэг шувууны хиймэл үүр байрлуулсан юм. Сум бүрд 250 ширхэг үүр ногдож байсан гэсэн үг л дээ. Гэвч удалгүй үүрнүүд маань алдагдаж эхлэв. Нэг суманд очиход нөгөө 250 үүрнээс маань ердөө ганц ширхэг үлдсэн харамсалтай дүр зураг угтав. Тандан судалтал орон нутгийн иргэд, малчид маань үүрний багануудаар нь өвөлжөө, хаваржааныхаа хашааг барьчихсан, поошигийг нь тэнийлгээд хашаагаа нөхчихсөн, сагсны шийд хийчихсэн байв. Бүр дээд талын торхийг нь аваад нохойны үүр, эсвэл хогийн сав болгочихсон тохиолдол ч байсан. Үүнээс бид маш том сургамж авсан юм. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд орон нутгийн иргэд, малчид, хүүхэд багачуудад хиймэл үүрний ач холбогдлыг таниулах ёстой юм байна гэдгийг ойлгосон.

Ингээд би шувуугаар дамжуулан байгаль орчин, экологийн боловсрол олгох, сурталчлан таниулах ажил дээр төвлөрөн ажиллаж эхэлсэн. Тэр үеэс л шувуу гэдэг амьтан маань экосистемд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг улам гүнзгий ухамсарласан. Тэр дундаа шувуугаар дамжуулж хүмүүст байгаль хамгааллын мэдлэг олгох бүрэн боломжтойг олж харсан даа. Тийм ч учраас шувуу хамгааллын чиглэлээр тууштай ажиллахаар шийдэж, “Зэрлэг амьтан судлах хамгаалах төв”-ийн дараахан “Шувуу хамгаалах төв”, Олон улсын шувуулахуй, махчин шувуу хамгаалах холбоо зэрэг дотоод, гадаадын төрийн бус байгууллагуудад бас ажилласан. Ингээд өөрийн хуримтлуулсан туршлагад үндэслэн “Сараана байгаль хамгаалах сан”-гаа үүсгэн байгуулж, өнөөдөр яг л энэ шувуу хамгааллын чиглэлээр төрөлжөөд үйл ажиллагаагаа явуулж байна даа. 

-Идлэг шонхор шувуунд зориулсан хиймэл үүрнүүдийг гаднаас авчирдаг уу, эсвэл дотооддоо хийдэг үү? Энэ төслийн гол ач холбогдол нь юу байв?

-Үүрнүүдийг мэдээж дотооддоо хийсэн. Энэхүү "Хиймэл үүр" төслийг анх "Зэрлэг амьтан судлах хамгаалах төв" олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, 2010 онд Монгол Улсын 5 аймгийн 20 суманд 5,000 ширхэг хиймэл үүрийг байршуулж байсан түүхтэй. Төслийн гол зорилго нь манай үндэсний бахархалт шувуу болох идлэг шонхор болон тал хээрийн бусад махчин шувуудын үржлийг дэмжих, улмаар бэлчээрийн экосистемийг хамгаалах, үлийн цагаан оготны тоо толгойг биологийн аргаар зохицуулахад оршиж байсан юм. Түүнээс өмнө бид Төв аймгийн Баян, Баянцагаан сумдад ногоон өнгийн болон бусад олон янзын хэлбэртэй поошгин үүрнүүдийг туршиж, шувууд алийг нь илүү сонгож байгааг танадалт судалсан. Гэтэл шувууд маань яг бидний сонгосон тэр загварын үүрэнд илүү дуртай үүрлэж, гэр бүл болон өндөглөж эхэлсэн нь төсөл маш амжилттай хэрэгжих үндэс болсон доо. Бас нэг сонирхолтой жишээ дурдахад, манай нэг судлаач охин хиймэл үүрэн дээр 24 цагийн камер байрлуулан идэш тэжээлийн судалгаа хийсэн юм. Гэтэл ганцхан хос шонхрын гэр бүл ердөө нэг хоногийн дотор 13 үлийн цагаан оготно барьж идэж байсан.

Орон нутгийнхан маань оготнотой тэмцэх гээд бэлчээрт хор цацах, нүх рүү нь ус цутгах зэрэг экосистемд маш халтай аргуудыг хэрэглэдэг. Хор цацахаар ургамал нь хордоно, түүнийг нь мал иднэ, малыг нь эргээд бид өөрсдөө хүнсэндээ хэрэглэдэг тул идэш тэжээлийн гинжин хэлхээгээр дамжин хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг. Харин хиймэл үүр байршуулснаар махчин шувуудын тусламжтайгаар байгальд ямар ч хор хөнөөлгүйгээр, биологийн аргаар мэрэгчдийн тоо толгойг хязгаарлах боломж бүрдэж байгаа юм. Манай “Сараана байгаль хамгаалах сан” энэхүү сайн жишгийг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлж байна.

Бид 2023 онд Гүн Галуутын бүс нутагт 80 ширхэг хиймэл үүр байрлуулсан. Ингэхдээ өмнөх алдаагаа давтахгүйн тулд малчид, орон нутгийн ЗДТГ-тайгаа нягт хамтран ажилласан. Үлийн цагаан оготно ихтэй бэлчээрийг сонгож, тэр бүсэд нутаглаж буй 10 малчин өрхийг сонгон, айл бүрийн хаваржаа, нутаг дэвсгэрийг тойруулан 8, 8 ширхэг үүр байршуулж өгсөн. Ингэснээр малчид өөрсдөө үүрнүүдээ хамгаалж, хяналт тавьдаг болсон. Үр дүн нь ч хурдан гарсан. 2023 онд анх ганц хос идлэг шонхор, нэг хос шилийн сар үүрлэж, 6 ангаахай бойжсон бол энэ жил үр дүн нь бүр гайхалтай байна. Одоогийн байдлаар 10 хос идлэг шонхор, 2 хос хэрээ үүрнүүдэд маань амжилттай үүрлээд байна. Жил ирэх тусам хиймэл үүрийг ашиглаж буй идлэг шонхрын тоо толгой тогтвортой өсөж байгааг харах үнэхээр урамтай байна. 

-Баяр хүргэе. Сонирхоод асуухад та байгууллагадаа яагаад “Сараана” гэж нэр өгсөн юм бэ?

-Оюутан байхдаа Богд хан уулын дархан цаазат газрын Шажин хурахын аманд дадлагаар гардаг байлаа. Тэнд ажиллаж байхдаа уулын хээр орчмоор ургадаг одой сараана бас улаан сараана ч гэдэг цэцгийг анх олж харсан юм. Хүмүүс “төмсний улаан” гэдгээр нь илүү сайн мэддэг, маш үзэсгэлэнтэй цэцэг. Анх тэр цэцгийг хараад надад үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн. Өнгө үзэмж нь дэндүү содон, дээрээс нь дохиур, үр боловсрох орон гээд бүх бүтэц нь нээлттэй. Тэр уулыг тэр чигт нь амь оруулж, өөрийнхөө гоо үзэсгэлэнг хүн бүрд зориулан дэлгэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн юм.

Тэр үед авсан гоё мэдрэмж сэтгэлд минь тод үлдсэн учраас байгууллагаа тэрхүү үзэсгэлэнт зэрлэг цэцгийн нэрээр “Сараана” гэж нэрлэсэн. Харин манай логог анзаарвал тэнгэрт дүүлэн нисэж буй шонхор шувууны дүрстэй байдаг. Миний хувьд байгаль хамгаалагч, судлаачийн карьер маань Идлэг шонхор шувууг хамгаалах төслөөс эхэлсэн учраас энэ шувуу манай сангийн хувьд маш том бэлгэдэл, үнэ цэнтэй зүйл юм. Тэр утгаараа логондоо идлэг шонхрын хэлбэр дүрсийг багтааж, дотор нь “Сараана” гэдэг нэрийг монгол бичгээрээ уусган зохиомжилж өгсөн.

-Энэ их ажлын хажуугаар ар гэрийн амьдралаа зохицуулна гэдэг том урлаг байх. Байгаль хамгааллын төлөө зүтгэж яваа завгүй бүсгүйн гэр бүлийн талаар сонирхож болох уу?

-Нөхөр маань бас шувуу судлаач хүн л дээ. Бид хоёр анх 2007 онд Идлэг шонхор шувууны “Хиймэл үүрний төсөл” дээр ажиллаж байхдаа танилцаж байлаа. Манайх өнөр гэр бүл. Бид хоёулаа судалгаа, байгаль хамгааллын салбарын хүмүүс болохоор хавар дулаармагц л хөдөө хээрийн ажилдаа гараад намар л нэг байран суурин болцгоодог амьдралын хэмнэлтэй.

Бид хүүхдүүдээ маш сайн бие даалгаж сургасан. Ер нь монголчууд бидний хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт ухаан гэж нандин зүйл байна шүү дээ. Манайхаас гадна олон ч гэр бүл энэ аргаар үр хүүхдээ хүмүүжүүлдэг байх. Мэдээжийн хэрэг ээжүүд маань маш их тусалж, арын албыг минь найдвартай даадаг. Хүүхдүүд маань ч бие биедээ хань болж, нэг нь нөгөөгөө халамжлаад, бөөндөө уламжлалт аргаараа өсөн торниж байна даа.  

- Та эх хүний хувьд, байгаль хамгааллын салбарт дотоод, гадаадын залуу үеийг бэлтгэлцэж буй чиглүүлэгчийн хувьд улс орныхоо ирээдүйг хэрхэн харж байна вэ? Бид ер нь хаашаа явж байна вэ?

 -Манайх шиг хөгжиж буй орны хувьд эдийн засгаа тэтгэхийн тулд байгалийн нөөц баялаг, тэр дундаа уул уурхайгаа голлон түшиглэж байна. Гэвч залуу хүнийхээ хувьд, байгаль орчны салбарт ажилладаг мэргэжилтний хувьд эмзэглэж явдаг зүйл бий. Төр засагт шийдвэр гаргахдаа нарийн судалгаа шинжилгээнд үндэслэж, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, зөвшилцдөг соёл дутагдаж байна. Алт, зэсээ ухаад авахад түүнийг эргээд хэзээ ч нөхөн сэргээж чаддаггүй. Ямар ч агуу технологи байгалийн унаган төрх, онгон дагшин байдлыг анхных шиг нь сэргээж чадахгүй шүү дээ. Гэтэл манай Монголд уул уурхайгаас хавьгүй илүү үнэ цэнтэй, шавхагдашгүй нөөц бий. Энэ бол манай тусгай хамгаалалттай газар нутгууд юм.

Дэлхийн хэмжээнд газар нутгийнхаа 30 хүртэлх хувийг хамгаалалтад авах бодлого хэрэгжиж байна. Манай улс нэгдэн орсон гэрээ конвенциудынхаа хүрээнд энэ бодлогоо улам чамбайруулж, унаган байгалиа, биологийн олон янз байдлаа яг энэ чигээр нь хадгалж үлдэх нь бидний үр хойчдоо үлдээх хамгийн том өв, хамгийн үнэтэй эдийн засаг юм. Хөгжсөн орнууд өдгөө уул уурхайн нөхөн сэргээлт хийсэн газар нутгаа ирээдүйд ямар үнэ цэнтэй болохыг тооцож, байгаль руугаа чиглэсэн эдийн засгийг хөгжүүлж байна.

Бид ч бас уул уурхайгаас илүү байгальдаа түшиглэсэн үндэсний бодлого хэрэгжүүлээсэй. Эх орондоо аз жаргалтай амьдрахыг хүн бүр хүсдэг. Би ирээдүйгээ маш гэрэлтэй, гэгээлгээр хардаг хүн учраас хүүхдүүддээ гадагшаа явж амьдар гэж хэзээ ч хэлэхгүй. Төрж өссөн газар нутаг маань ямар ч нийгэм, эдийн засгийн нөхцөлтэй байсан залуус бид өөрсдийн хувь нэмрийг шат шатандаа оруулж, дуу хоолойгоо хүргэж явах нь чухал. Ингэж чадвал манай Монгол шиг сайхан орон дэлхийн хаана ч байхгүй. Миний хамгаалж буй Гүн Галуут шиг байгалийн үзэсгэлэнт газрууд арав, хорин жилийн дараа экосистемийн тэнцвэрээ бүрэн олсон, зэрлэг амьтан, шувуу сонирхогчдын дэлхийн хэмжээний диваажин болсон байна гэдэгт би итгэдэг. Тэр цагт хүүхдүүд маань ч эх орныхоо байгалиар бахархан, эндээ сайхан амьдрах болно. Манай Монгол орон бол үнэхээрийн сайхан орон. Гагцхүү бид өөрсдөө энэ их баялагтаа эзэн нь байж чадахгүй л байна даа.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан та манай уншигчдад зориулж нэг сайхан уриалга хэлээч? 

-За бидний амралт, аялал зугаалгын улирал эхэлж байна. Үүнийг дагаад байгаль орчинд хог хаягдал тарих зэрэг хариуцлагагүй үйлдэл ихэсдэг. Тиймээс та бүхнийгээ “Хариуцлагатай аялцгаая” гэж уриалмаар байна. Байгалиас авсан сайхан мэдрэмж, амар амгаланг хог хаягдалгүйгээр бусдад дамжуулаарай. Хог хаяхгүй байх нь эх байгалиа хайрлах хамгийн эхний бөгөөд энгийн алхам. Тиймээс аялахдаа зөвхөн сайн сайхан дурсамж бүтээж, байгалийн тухай мэдлэг түгээж, эх дэлхийгээ хамтдаа хайрлан хамгаалцгаая.

-Ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Р. Болор

МУИС-ийг экологич мэргэжлээр төгссөн. Байгаль хамгааллын менежментийн чиглэлд 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай. Байгаль орчны сэтгүүл зүйн магистрант

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм хүмүүсийн ачаар байгаль маань хамгаалагдаж байна даа

Зочин
Зочин

Хүүхдүүдэд экологийн боловсрол олгож байгаа нь хамгийн зөв ажил байна

Зочин
Зочин

Гүн галуутыг ингэж судалж хамгаалж байгаад баярлалаа

Зочин
Зочин

Цэн тогоруугаа хамгаалж чадвал том амжилт шүү

Зочин
Зочин

Байгаль хамгаалах ажил үнэхээр тэвчээр шаарддаг юм байна

Зочин
Зочин

Хоггүй аялж сурах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна

Зочин
Зочин

Монголын байгаль бол бидний хамгийн том баялаг

Зочин
Зочин

Сайн дурын ажилтнуудын тухай хэсэг нь их таалагдлаа

Зочин
Зочин

Шувуу ажиглах сонирхолтой хүмүүс улам олширч байгаа нь сайхан

Зочин
Зочин

Iim humuus olon baival baigal hamgaalalt sain bolno doo

Зочин
Зочин

Tsen togoruugee hamgaalah ni bidnii niit hariutslaga

Зочин
Зочин

Gadaadiin sain duryn ajiltanuudad bayarlalaa

Зочин
Зочин

Hun bolgon hogoo avaad yavdag bolchihvol ih zuil oorchlogdono

Зочин
Зочин

Gun Galuut ruu neg ochij uzeh yumsan

Зочин
Зочин

Shuvuu sudlal sonirholtoi yum baina

Зочин
Зочин

Baigal hamgaalah ajil ur dungee ugch baigaa ni saihan medee

Холбоотой мэдээ

Back to top button