Нийгэм мэдээ

Улаанбаатар олон улсын кино наадмын "Үзэхийн хязгаар" хэсэгт “Нандин эрдэнэ”, “Гарын таван хуруу” бүтээлүүдийг толилуулна

18 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам 2026 оны аравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах аж.

Кино наадам нь Канн, Берлин, Торонто, Сандэнс зэрэг дэлхийн нэр хүндтэй наадамд шалгарсан, орчин үеийн кино урлагийн өнгө төрхийг тодорхойлж буй дэлхийн шилдэг бүтээлүүдээс сорчлон монгол үзэгчдэдээ хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой билээ. Энэ жил наадмын хүрээнд нийт 18 кино бүтээл Тэнгис кино театрт үзэгчдийн хүртээл болно.

Наадмын уран сайхны зөвлөлөөс нээлтийн киногоор сонгосон 2026 оны Каннын кино наадмын "Алтан далдуу мод" шагналт, найруулагч Кристиан Мунжиугийн "Фиорд" бүтээлийг Skywing болон Тэнгис кино театрт толилуулна.  

Монгол киноны уралдаант хэсэгт энэ жил нийт 16 бүтээл ирснээс таван киног "Монгол кино хөтөлбөрт" шалгаруулж, үзэгч олонд толилуулна. Түүнчлэн наадамд бүтээлээ ирүүлсэн нийт уран бүтээлчдээс зургаан төрлөөр шилдгийг тодруулж, 2026 оны 10-р сарын 22-нд Хангарди шагнал гардуулах ёслолын үеэр нийтэд зарлаа юм. 

Монголын сор, сонгодог уран бүтээлийг орчин үеийн үзэгч, залуучуудад дахин өргөн дэлгэцээр толилуулж, уран бүтээлчдийг алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх зорилготой "Үзэхийн хязгаар" хэсэгт энэ жил Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, театр, киноны найруулагч, зохиолч Ичинхорлоогийн Нямгавааг онцолж байна.

Зохиолч Дэмбээгийн Мягмарын “Нандин эрдэнэ” жүжгээс сэдэвлэн, И.Нямгаваа кино зохиолыг нь бичиж, найруулсан "Нандин эрдэнэ" (1986) УСК, мөн зохиолч Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн зохиолоос сэдэвлэн И.Нямгаваа кино зохиолыг нь бичиж, найруулагч Бэгзийн Балжиннямтай хамтран найруулсан "Гарын таван хуруу" (1983) УСК-г 2026 оны 10-р сарын 17-нд Тэнгис кино театрт ганц удаа толилуулна.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button