Сонгуулийн хууль сонгогчдын чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн, эсэхийг Цэц их суудлаараа эцэслэн шийднэ
Үндсэн хуулийн цэц 2026 оны энэ сарын 07-ны өдрийн 09.30 цагаас их суудлын хуралдаанаа нээлттэй хийхээр товложээ. Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72.1 дэх хэсгийн “…дутуу…” гэсэн үг Үндсэн хуулийн 21.2 дахь хэсгийг зөрчсөн, эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ.
Маргаж буй заалт. Одоогийн хуулиар сонгогч тойрогт ногдсон мандатын тооноос цөөн нэр дэвшигчийн төлөө санал өгвөл тэрхүү саналын хуудас бүхэлдээ хүчингүй болдог. Жишээ нь, 3 мандаттай тойрогт ганцхан нэр дэвшигчид санал өгөхөд л саналын хуудас нь хүчингүй болох зохицуулалттай.
Маргааны явц:
- 2019.12.20: УИХ сонгуулийн тухай хуулийг баталсан.
- 2025.03.28: Цэц дунд суудлын хуралдаанаараа 2025 оны IV дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтээр “дутуу” гэсэн үг сонгогчийн чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж, Үндсэн хуулийн 21.2-ыг зөрчсөн гэж үзэн, уг заалтын хэрэгжилтийг тэр өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн.
- 2025.04.30: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дүгнэлтийг хэлэлцэж, олонх нь дэмжээгүй. Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “чөлөөт сонголт” гэх нэрийн дор зарим тойрог төлөөлөлгүй үлдэх эрсдэлтэй гэж анхааруулсан. Харин С.Зулпхар гишүүн тухайн заалтыг хэлэлцэж байх үеийн протоколтой танилцаж, үндэслэлийг тодруулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж, улмаар асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлсэн юм.
- 2025.05.14: Чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Б.Найдалаа гишүүн “дүгнэлтийг хүлээж авахгүй байгаа гишүүд намын эрх ашиг, өөрийн сонгогдох эрхийг л бодож байна” гэж шүүмжилсэн удаатай.
- 2026.10.07: УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул их суудлын хуралдаанаараа дахин хянахаар тов зарлаад байна.
Шийдвэрийн ач холбогдол. Үндсэн хуулийн 66.2-т зааснаар УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Цэц их суудлаараа дахин хянаж, эцсийн шийдвэр гаргана. Энэ шийдвэрийг дахин хянах боломжгүй. Цэцийн их суудлын шийдвэр “эцсийнх” гэдгийг өмнө нь Ерөнхий сайдыг огцруулсан асуудалтай холбоотой маргааны үеэр бид харсан. Их суудал маргааныг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж эцэслэн дүгнэвэл сонгуулийн хууль дахь “дутуу” гэсэн үг хүчингүй болно. Ингэснээр дараагийн УИХ-ын сонгуульд сонгогч хүсээгүй, эсвэл огт мэдэхгүй хүнд саналаа өгөхгүй гэж үзэн мандатын тооноос цөөн нэр дэвшигчийг дугуйлсан ч саналын хуудас хүчинтэй байх юм.
Л.АРГАМЖИН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.